Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
Хэргийн индекс | 159/2017/0031/З |
Дугаар | 159/ШШ2017/0031 |
Огноо | 2017-12-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 159/ШШ2017/0031
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн ******* гомдолтой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны ахлах, ахлах дэслэгч ******* холбогдох “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0004011 дугаартай 2.000.000 төгрөг ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргагчийн хүсэлтийг хүлээн авч хянаад,
Тодорхойлох нь:
Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн ******* шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Алтанбулаг сумын Засаг дарга болох П.Батсайханыг албан үүргээ гүйцэтгэж явахад нь боловсролгүй гэж гүтгэж доромжлоогүй, Алтанбулаг сумын хүмүүсийн ярьсан дам ярианаас болж энэ хүний сонорт хүрсэн. Иймд энэ Ш.Энхбаатар нь П.Батсайханы талд үйлчилж иргэн надад 2 сая төгрөгийн шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхийн шатанд гомдол гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие цагдаагийн албан тушаалтан *******шийтгэвэрт гомдол гаргасан. Уг гомдлоосоо миний бие татгалзаж байна. Учир нь зөрчилд холбогдуулан гаргасан гомдлоо Прокурорын байгууллагад гомдлоо гаргаж хянуулахаар болсон. Миний гаргасан гомдлыг Прокурор хянаад Эрүүгийн хэргийн шүүхээр хянуулахыг ойлгоод Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэх асуудлаасаа татгалзаж байна. Зөрчилд холбогдуулан гаргасан гомдлоосоо татгалзаж байна гэжээ.
Үндэслэх нь:
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны ахлах, ахлах дэслэгч ******* холбогдуулан “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0004011 дугаартай 2.000.000 төгрөг ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч ******* нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны ахлах, ахлах дэслэгч ******* холбогдуулан “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0004011 дугаартай 2.000.000 төгрөг ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлоосоо татгалзсан нь үндэслэлтэй байна.
Учир нь: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1-ийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтад заасан цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр заажээ.
Иймд ******* Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчид холбогдуулан гаргасан гомдлыг харьяаллын дагуу Эрүүгийн хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бус байна.
Мөн цагдаагийн эрх бүхий албан хаагчийн гаргасан шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх зааснаар захиргааны акт биш байх тул иргэн ******* гаргасан Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны ахлах, ахлах дэслэгч ******* холбогдуулан гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлээр хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гомдол гаргагч ******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу гомдлоосоо татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн, хууль зөрчөөгүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны ахлах, ахлах дэслэгч ******* холбогдох “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0004011 дугаартай 2.000.000 төгрөгийг ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай гомдлын шаардлаагаасаа гомдол гаргагч бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар гомдол гаргагч, холбогдогч нар шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА