Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0378

 

Х.Пын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Х.П, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 323 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор Х.П-ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 323 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр сарын 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.П-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/91 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.П-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, 192 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.П-д ажилгүй байсан хугацааны 7 сар 5 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 7 475 139 төгрөгийн цалин, ээлжийн амралтын 1 299 245 төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 2 994 260 төгрөгийг олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2020 оны 4, 2021 оны 1 дүгээр улирлын урамшуулал 1 810 192 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “ ...Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 47 дугаар хавсралтаар баталсан Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага, нэхэмжлэгчийн Төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн эсэх, Төрийн албаны төв байгууллага, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгчийг хууль тогтоомж зөрчин албан тушаалд томилогдсон болохыг тогтоосон “Хариу хүргүүлэх тухай” 01/2218 дугаар албан бичиг болон хариуцагчийн хүргүүлсэн нотлох баримтыг бүрэн гүйцэд судалж шинжлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл тус яаманд ажилласан. Шинэчилсэн бүтэц батлагдаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд томилох боломжгүй байсан учир түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн, өөртэй нь зөвшилцсөний дагуу урьд ажиллаж байсан байгууллагад нь шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Х.П-ыг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч “...яамны зүгээс надтай ярилцаж тохирсон зүйл огт байгаагүйн дээр зөвхөн нэг талын саналыг тулгасан” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, саналыг нь авч зөвшөөрснийх нь дагуу холбогдох шийдвэрийг гаргасан ... нэхэмжлэгчийн мэргэжил албан тушаалд тавигдах шаардлагад нийцээгүй ... албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй” гэж тайлбарлан маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах”, 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ.

Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагчийг шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг заасан ба “ажлын зайлшгүй шаардлага байх”, “төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх” шаардлагыг нэгэн зэрэг хангасны эцэст хоёр байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр төрийн албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэх шийдвэр гаргахаар байна.

Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд захиргааны байгууллагаас дээрх урьдчилсан нөхцөлийн аль алиныг биелүүлээгүй болох нь тогтоогдсон, хууль зөрчсөн захиргааны акт гаргасан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “яамны бүтцийн нэгжийн өөрчлөлтийн дагуу нэхэмжлэгчийн мэргэжил, албан тушаалд тавигдах шаардлагад нийцээгүй, өөрөөр хэлбэл Газрын тосны бодлогын газарт Уул уурхайн эдийн засагч мэргэжил тохироогүй” учир шилжүүлэн ажиллуулах болсон гэх үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг хэрэглэх үндэслэл болохгүй.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэр гаргасан гэж тайлбарлах боловч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж заасны дагуу маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө нэхэмжлэгчтэй хэзээ, хэрхэн яаж тохиролцсон, энэ талаарх бичгээр үйлдсэн ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас ажлын зайлшгүй ямар шаардлага бий болсон, төрийн жинхэнэ албан хаагчтай хэрхэн, яаж тохиролцсоноо нотолж чадаагүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу тайлбар, санал боломж олгоогүй атлаа Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2218 дугаар албан бичгийг үндэслэн нөхөн “...төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, шаардлагыг хангаагүй, албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн мэргэжил албан тушаалд тавигдах шаардлагад нийцээгүй” гэх зэргээр тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамааралгүй.

Мөн дээр дурдсан хууль, журамд зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон шилжүүлэх тохиолдолд төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсон байхыг мөн шаарддаг.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03-2385 дугаар албан бичигт “...Х.Пыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс танай газарт шилжүүлж байна. ...ажлын байраар хангана уу”, Х.П-д мэдэгдэх тухай тэмдэглэлд“...Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэлд шилжүүлж, ажлын байраар хангаж ажиллах гэсний дагуу Төрийн захиргааны албан тушаалд томилох гэсэн боловч одоогоор сул орон тоо байхгүй ...” гэснээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэн ажиллуулахдаа тухайн байгууллагын удирдлагуудтай мөн тохиролцоогүй, шууд шилжүүлэн ажиллуулах тушаалыг хүргүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Нэгэнт шүүхээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91 дүгээр тушаал зөрчсөн талаар дүгнэж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэж буй энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг даган гарсан урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, ээлжийн амралт, жирэмсний болон амаржсаны тэтгэмж гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН