Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 167

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Б,

шүүгдэгч О.У,

иргэний хариуцагч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Оын Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Оын У нь Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, нөхөр, 03 насны хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:МЗ95060105).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.У нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны оройн 18 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар дунд сургуулийн баруун урд замд А.Бийн эзэмшлийн “...” маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Л.Бын жолоодон явсан “...” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэн Д.Дгийн жолоодож явсан “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж, “...” маркийн ... УБВ тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч 6 настай эрэгтэй Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, уг автомашины эзэмшигч Л.Бад нийт 3.785.000 төгрөгийн хохирол, “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Дд нийт 873.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан мэдүүлэг:

 Шүүгдэгч О.У мэдүүлэхдээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар сургуулийн урд ... УБҮ улсын дугаартай “...” маркийн автомашиныг жолоодоод 2018 оны 10 дугаар сарын 17-нд 18 цагийн үед 65 дугаар сургуулийн урд замд явж байсан. Тухайн үед гадаа гэгээтэй, зам хуурай байсан. Би зүүн гар тийшээ эргэх гээд 3 дугаар эгнээнд явж байсан. 65 дугаар сургууль руу эргэхэд эсрэг урсгалтай 2 дугаар эгнээнд явж байсан машин надад зам тавьж өгтөл Л.Бын машин маш хурдтайгаар ирээд миний машин болон иргэн Д.Дгийн машиныг мөргөсөн. Иргэний нэхэмжлэгч Л.Бад 2.000.000 төгрөг нөхөн төлсөн. Тэгээд машиныг нь хүнээр янзлуулж өгнө гэж тохирсон байгаа. Надаас хүүхдийн эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Иргэний нэхэмжлэгч Л.Быг энэ хэрэгт бас буруутай гэж үзэж байна. Л.Б нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж маш хурдтай ирж миний машиныг мөргөсөн” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Л.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би ажлаа тараад хүүхдээ аваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Арвайн үндэс” ХХК дээр хүн буулгачихаад гэр рүүгээ явж байхдаа “Тоёота Аксио” маркийн ... УБВ улсын дугаартай машиныг жолоодон явсан. Тэгээд 65 дугаар сургуулийн урд замд ... УБҮ улсын дугаартай “...” маркийн машиныг зүүн эргэх гэж байгааг тулж ирээд харсан.  Машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч тулж ирээд мөргөсөн, давхар ... УБО улсын дугаартай “...” маркийн автомашиныг мөргөсөн. Би төв замаар шулуун явсан учраас надад зам тавьж өгөх байсан гэж ойлгож байгаа. Тухайн үед миний машинд миний 6 настай хүү Б.Б сууж явсан. Миний хүүгийн биед баруун гарны шуу ясны цууралт гэмтэл тогтоогдсон. Эмчилгээний болон эм тарианы баримт байхгүй. Хүүхдийн гар эдгэрсэн. Эмчилгээнд нь 155.000 төгрөгийн эм тариа авсан, тухайн үед нь баримтаа цуглуулахаа мэдээгүй. 150.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Машины гэмтлийг хөрөнгийн үнэлгээний байгууллага 3.725.080 төгрөгөөр тогтоосон. У надад 2.000.000 төгрөг өгөөд машиныг завсарлуулж өгнө гэсэн боловч тухайн засварын газрын хүн нь утсаа авахгүй байна. Машинаа янзлуулж чадаагүй. Өөр газарт хандаад машинаа завсарлуулъя гэхээр 2.000.000 төгрөгөөр хаана ч засахгүй юм байна лээ. Одоо яахаа сайн мэдэхгүй болчихоод байна. Машины үнэлгээний зөрүү 1.785.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэв.

Иргэний хариуцагч А.Б мэдүүлэхдээ: “...” маркийн ... УБҮ  дугаартай машин бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. 2018 оны 7 дугаар сард авсан. Би хөдөө ажилд орсон учраас хүүхдээ зөөлгөх гээд охин Ут машинаа бэлэглэсэн. Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэж өгнө гэж явсаар байгаад хийлгэж амжаагүй байсан юм. О.У, нөхөртэйгээ хамт явж байгаад Л.Бын машиныг 2.000.000 төгрөгөнд тааруулаад машин засварын газарт засуулаад өгье гэж тохирсон гэсэн. Би эд зүйлээ ломбарданд тавьж байж иргэний нэхэмжлэгч Д.Дгийн машинд учирсан хохирол 900.000 төгрөг төлсөн. Өөр төлбөрийг би төлж чадахгүй” гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бын мөрдөн байцаалтад 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 00 минутын орчимд өөрийн эзэмшлийн “Тоёота Аксио” маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүү Б.Бгийн хамт гэртээ харих зорилготой 65 дугаар дунд сургуулийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 50-60 орчим км/цагийн хурдтай явж байтал 2 дугаар эгнээнд явж байсан автомашин зогсох үйлдэл хийсэн. Тэр автомашины урдуур эсрэг урсгалд явж байсан “...” маркийн ... УБҮ улсын дугаартай автомашин 65 дугаар дунд сургуулийн уулзвар руу огцом эргэснийг нь би тулж хараад тоормос гишгэсэн боловч зогсоож амжилгүй “...” маркийн ... УБҮ болон уулзвар дээр зогсож байсан “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж ертөнцийн зүгээр баруун хойш харан зогссон. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, авто зам эвдрэл гэмтэлгүй, бороо цас ороогүй байсан. Миний явж байсан урсгалд нэг их машин байгаагүй, миний автомашины урд автомашин байгаагүй, 2 дугаар эгнээнд миний автомашинаас ойролцоогоор 3-5 метрийн зайтай нэг автомашин явж байгаад тоормос гишгэж байгаа харагдсан. Тэгээд тэр автомашины ойролцоо очих үед “...” маркийн ... УБҮ улсын дугаартай автомашин урдуур ороод ороод ирсэн. Би “...” маркийн ... УБҮ улсын дугаартай автомашин эргэж байгааг хараагүй, шулуун явж байсан юм. Би автомашиндаа 6 настай хүү Б.Бгийн хамт явж байсан. Миний хүү жолоочийн эсрэг талын сандалд сууж явсан. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй, хүү Б.Бгийн баруун гарын шууны савхан яс нь хугарсан. “Тоёото Аксио” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Ашид билгүүн” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд 3.785.000 төгрөгөөр үнэлсэн. Учирсан хохирлоо нэхэмжилмээр байна. ...” гэх мэдүүлэг [1],  

2. Иргэний нэхэмжлэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 05-нд өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 00 минутад цэцэрлэгээс бага хүү Б.Отгонбилэгийг 65 дугаар дунд сургуулийн арын 80 дугаар цэцэрлэгээс, бага охин Б.Цэрэнлхамыг өвөөгийнхөөс нь аваад “Хас” банкны эзэмшлийн ... УБО улсын дугаартай автомашиныг жолоодон 65 дугаар дунд сургуулийн урд талын төв зам руу зүүн эргэх гээд уулзвар руу орж ирж байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсэг дээр цайвар өнгийн автомашин зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд эргэж байсан. Тэгтэл зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгээр цагаан өнгийн автомашин хурдтай орж ирээд уг эргэж байсан автомашиныг мөргөөд автомашинаа зогсоолгүй миний жолоодож явсан автомашины зүүн урд талаас нь  ирж мөргөөд зогссон. Тухайн үед зорчих хэсэг дээр автомашины хөдөлгөөн сийрэг байсан. “...” маркийн ... УБҮ улсын дугаартай автомашин дохио өгөөд зөөлөн эргэж байсан. Би тэр автомашиныг оруулчихаад эргэнэ дээ гэж бодоод уулзвар руу зөөлөн явж байтал ийм байдал болсон. Би автомашиндаа гурвуулаа буюу 2 хүүхэдтэйгээ явж байсан. Би суудлын бүсээ зүүчихсэн, манай хоёр хүүхэд зүүгээгүй зорчиж байсан. Ослын улмаас миний болон манай хоёр хүүхдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлсэн. “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Хас” банкны эзэмшилд байдаг миний автомашин юм. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Тэнцвэр Эстимэйт” үнэлгээний ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. 873.000 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэсний хөлс 45.000 төгрөг, нийт 918.000 төгрөгийн хохирол учирсан. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг зам тээврийн ослын гарсан. Одоо болтол хохирол мөнгө гэж өгөөгүй байгаа, яаралтай хохирлоо гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг [2],

3. Иргэний хариуцагч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-нд өгсөн:

“...”...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. О.У нь миний охин байгаа юм. О.У 2018 оны 8 дугаар сард жолооны курс төгсөж жолооч болсон. Тэгээд би “...” маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 9 дүгээр сард өөрт нь бэлэглэчихсэн юм. Тэрнээс хойш О.У уг тээврийн хэрэгслийг жолоодож байгаа. Тухайн осол болдог өдөр би тээврийн хэрэгслийн нэрийг О.Ут шилжүүлж өгөх гэж байгаад хоёулаа бичиг баримтаа орхичхоод хойшлуулчихсан юм. Миний автомашин “Номин” даатгалд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар даатгуулсан байдаг. Даатгал дээр О.Уийн нэр байхгүй. Ослын улмаас жолооч талын урд хэсэг болон арын хаалга гэх мэт нилээд их эвдрэл гэмтэл учирсан. Эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэхгүй. Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах талаар би мэдэхгүй байна. Хэний буруутай нь тогтоогдоно тухайн жолооч нь төлж барагдуулах байх. ...” гэх мэдүүлэг [3],

4. О.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-нд гэрчээр өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд ээж Бийн эзэмшлийн “...” ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүү Б.Тэмүүлэнгийн хамт 65 дугаар дунд сургууль руу өөрийн дүүг авахаар 65 дугаар дунд сургуулийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зогсож байгаад 65 дугаар дунд сургууль руу эргэдэг уулзвараар зүүн гар тийш дохио өгөөд чигээрээ ирж байгаа автомашинуудын хөдөлгөөн сийрэхийг хүлээгээд 5-7 секунд зогсож байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан хар өнгийн автомашин хурдаа хасаж зам тавьж өгөхөөр нь би зүүн гар тал руу эргэх үйлдэл хийгээд 1 дүгээр эгнээнд миний жолоодож явсан автомашин орж ирэхэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр цайвар өнгийн автомашин хурдтай орж ирэн баруун гар талын урд дугуй руу мөргөж би 90 градус эргэж зорчих хэсгийн хойд талын хашлагын шороон хэсэг дээр гарч зогссон. Миний жолоодож явсан автомашиныг мөргөсөн “Тоёота Аксио” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй уулзвар дээр зогсож байсан “...” маркийн автомашиныг мөргөж зогссон. Тухайн үед гадаа гэгээтэй, бороо ороогүй, зам дээр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, замын зорчих хэсэгт автомашины хөдөлгөөн сийрэг, сургууль тарж байсан болохоор явган зорчигч нар ихтэй байсан. Би автомашиндаа 3 настай хүү Б.Тэмүүлэнгийн хамт явж байсан. Миний хүү арын суудал дээр зорчиж явсан. Би суудлын бүстэй явж байсан. Харин хүү маань суудлын бүсгүй явж байсан. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй, хүүгээ шүүх эмнэлэгт үзүүлсэн гэмтлийн зэрэг гараагүй. Би 1 дүгээр эгнээгээр автомашин орж ирж байгааг хараагүй. 1 дүгээр эгнээнд ус зөөдөг том оврын автомашин явж байсан. Арын автомашин нь харагдаагүй. 65 дугаар дунд сургуулийн сурагч нарын 80 орчим хувь нь тэр замаар нааш цааш зам хөндлөн гардаг. Тийм байхад “Тоёота Аксио” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухайн замаар хурдтай явж байсан нь зөв үү, буруу юу гэж бодож байна. Тухайн үед “Тоёота Аксио” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр зам дээр гараагүй байсан нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг [4],  

5. О.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-нд яллагдагчаар өгсөн:

“...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Яллагдагчийн эрх үүрэгтэй танилцсан. Эрх, үүрэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад учруулсан хохирлоосоо төлж барагдуулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [5],

6. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг 18 минутад дуудлага авч, 18 цаг 27 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу 65 дунд сургуулийн баруун урд гарцанд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт [6],

7. О.У, Л.Б, Д.Д нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан ажиллагааг харуулсан гэрэл зураг [7],

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12590 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулийн баруун урд замд зам тээврийн осолд орсон гэх.

“...хэсэг газрын үзлэгт: Баруун шууны дээд 1/3-с хурууны уг хүртэл үргэлжилсэн аравч гөлтгөгөн боолттой. 

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Баруун шууны 2 байрлалын рентген зурагт: Шуу яс доод 1/3 хэсгээр хөндлөн хугаралттай харагдана.

ДҮГНЭЛТ:

1. Б.Бгийн биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч Н.Энхцолмон/ ...” гэсэн дүгнэлт [8],

9. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 800 дугаартай дүгнэлтэд:

Хэрэгт авагдсан баримтаар: хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг, камерийн бичлэг зэрэг нотлох баримтууд дээр үндэслэн асуултын хүрээнд дараах дүгнэлтийг гаргаж байна.

“1. “...” маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. “Тоёота Аксио” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б, “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Зам  тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтаар үзэхэд зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /цагдаагийн ахмад Л.Гансүх/ ...” гэсэн дүгнэлт [9],

10. “Ундрах арвижих” хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерийн бичлэг бүхий хөх өнгийн СД-нд хуулбарласан бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоол [10],  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...бичлэгийг нээж үзэхэд 2018.10.17, 17 цаг 37 минут гэж хаягласан “Ундрах арвижих” хүнсний дэлгүүрийн гадна талын болон зүүн урд талын уулзвар хэсгийг харуулсан бичлэг харагдаж байх ба бичлэгийн 25 секундэд цайвар өнгийн автомашин баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ирж зогсон зүүн гар тийш эргэх дохио өгч, бичлэгийн 33 секундэд зүүн гар тийш эргэж ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд орох үед уг эгнээгээр явж байсан хар өнгийн автомашины хурд саарч буй, уг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан цагаан өнгийн жижиг суудлын автомашин эргэх үйлдэл хийж буй автомашины баруун гар талын урд дугуй руу мөргөн цааш зогсоох үйлдэл хийлгүй уулзвар дээр зогсож байсан автомашиныг мөргөөд зогсож буй дүрс бичигдсэн 42 секундийн бичлэг байв...” гэх тэмдэглэл [11],

11. Насанд хүрээгүй хохирогч Бын Бгийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар [12], хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа [13], түүний жолоочийн лавлагаа [14], “Ашид билгүүн” ХХК-ийн 155.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт [15], “...” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар [16], Л.Бын “Тоёота Аксио” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 3.785.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт [17],

12. Иргэний нэхэмжлэгч Д.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа[18], жолоочийн лавлагаа [19], ... УБО “...” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар [20], “Хас банк”-ны Таван шар тооцооны төвийн “...Д.Д нь уг тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг бусдаас шаардахтай холбоотой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн нэрийн өмнөөс оролцох бөгөөд Хас банкийг аливаа байдлаар төлөөлөхгүй” гэсэн тодорхойлолт [21], Д.Дгийн Хас банктай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээний баталгаажуулсан хуулбар[22], “...“ ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 873.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан [23] ,

13. ...” маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр А.Б бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [24], иргэний хариуцагч А.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа [25], А.Бийн “жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт” [26],

14. Шүүгдэгч О.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа [27], түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас [28], О.Ууганэцэгийн жолоочийн лавлагаа [29], О.Уийн өмчлөлд тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [30], Оршин суугаа хаягийн тодорхойлолт [31], О.Уийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа[32], О.Уийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар буюу 2017 онд сайн дурын даатгал төлсөн тухай тодорхойлолт[33]  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гурав. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч О.У нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар дунд сургуулийн баруун урд замд иргэн А.Бийн эзэмшлийн “...” маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Л.Бын жолоодож явсан “...” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Д.Дгийн жолоодож явсан “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж, “...” маркийн ... УБВ тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч 6 настай эрэгтэй Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, уг автомашины эзэмшигч Л.Бад нийт 3.785.000 төгрөгийн хохирол, “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Дд нийт 873.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэргийн бүдүүвч зураг, камерийн бичлэг, тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Өөрөөр хэлбэл жолооч О.У нь төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд замд тавьж өгөөгүйгээс уг гэмт хэрэг гарсан байна. Хэрэгт авагдсан дүрс бичлэгээс үзэхэд О.У нь замын хөдөлгөөнд оролцож явсан усны тэрэг замаар өнгөрөн явахад түүний ард байсан тээврийн хэрэгслийг харах боломжтой нөхцөл байдал харагдаж байсан ба, шүүгдэгч О.У нь төв замаар явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч О.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч О.У шүүх хуралдаанд хуульд заасан эрхээ эдэлж, өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “...Энэ хэрэг гарахад иргэний нэхэмжлэгч Л.Бын буруутай үйл ажиллагаа байсан гэж бодож байна. Маш хурдтай явж байсан, миний машиныг ирж мөргөсөн. Хурдаа тохируулж яваагүй гэж үзэж байгаа. Хохирлын хувьд Л.Бын автомашиныг засварлуулж өгье гэж тохиролцсон учраас машинаа авч ирээд засуулчих гэж би хэлсэн. Харин хүүхдийн эрүүл мэндэд учирсан гэх эмчилгээний зардлыг нь төлье. Харин бусад төлбөрийг төлөх төлбөрийн боломж надад байхгүй”  гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүх хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтыг судлан үзэхэд:

Шүүгдэгч О.У нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны оройн 18 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар дунд сургуулийн баруун урд замд иргэн А.Бийн эзэмшлийн “...” маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас:

-иргэн Л.Бын жолоодож явсан “...” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Д.Дгийн жолоодож явсан “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж,

-“...” маркийн ... УБВ дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч буюу бага насны 6 настай Б.Бгийн эрүүл мэндэд баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулж, улмаар уг автомашины эзэмшигч Л.Бын  тээврийн хэрэгсэлд 3.225.000 төгрөгийн шууд, 560.000 төгрөгийн шууд бус, нийт 3.785.000 төгрөгийн хохирол,

-иргэн Д.Дгийн жолоодон явсан “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 720.000 төгрөгийн, шууд бус 153.000 төгрөгийн, нийт 873.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 00 минутад “Тоёота Аксио” маркийн ... УБД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүү Б.Бгийн хамт 65 дугаар дунд сургуулийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 50-60 орчим км/цагийн хурдтай явж байтал 2 дугаар эгнээнд явж байсан автомашин зогсох үйлдэл хийсэн. Тэр автомашины урдуур эсрэг урсгалд явж байсан “...” маркийн ... УБҮ улсын дугаартай автомашин 65 дугаар дунд сургуулийн уулзвар руу огцом эргэснийг нь тулж хараад тоормос гишгэсэн боловч зогсоож амжилгүй “...” маркийн ... УБҮ болон уулзвар дээр зогсож байсан “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж ертөнцийн зүгээр баруун хойш харан зогссон. ...”...” маркийн ... УБҮ улсын дугаартай автомашин урдуур ороод ирсэн. Би ...шулуун явж байсан юм. ...хүү Б.Бгийн баруун гарын шууны савхан яс нь хугарсан. ...” гэх мэдүүлэг [34]

- Иргэний нэхэмжлэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 00 минутад ...... УБО улсын дугаартай автомашиныг жолоодон 65 дугаар дунд сургуулийн урд талын төв зам руу зүүн эргэх гээд уулзвар руу орж ирж байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсэг дээр цайвар өнгийн автомашин зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд эргэж байсан. Тэгтэл ертөнцийн зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгээр цагаан өнгийн автомашин хурдтай орж ирээд уг эргэж байсан автомашиныг мөргөөд, ...миний жолоодож явсан автомашины зүүн урд талаас нь  ирж мөргөөд зогссон. ...” гэх мэдүүлэг [35],

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт [36],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12590 дугаартай дүгнэлт [37],

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 800 дугаартай дүгнэлт [38],

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “Ундрах аривжих” хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерийн бичлэг,  тус бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[39],

- “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт [40], “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан [41] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, яллагдагч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.У нь иргэний нэхэмжлэгч Л.Б нь машин хурдтай явж ирж миний машиныг мөргөсөн, хурд хэтрүүлж явсан нь нөлөөлсөн гэж гэм буруугийн талаар маргасан боловч хэргийн үйл баримт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргээр тогтоосон хэмжилтийн  бүдүүвч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.У нь замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэй оролцож зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс тус гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон, энэ талаар тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерийн бичлэг, бусад баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Уийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Улсын яллагчаас хохирлын талаар гаргасан дүгнэлтдээ иргэний нэхэмжлэгч Л.Бын үлдэх төлбөр 1.785.000 төгрөгийг  шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, мөн хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал 155.000 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгчид олгох гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгч О.Уээс хүүхдийн  эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг төлье, харин иргэний нэхэмжлэгч Л.Бын автомашинд учирсан хохирлын үлдэх 1.785.000 төгрөгийг би төлж чадахгүй, эрхэлсэн ажилгүй, төлөх боломжгүй байна гэсэн тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Шүүгдэгч О.У нь иргэн А.Бийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй  “...” маркийн ... УБҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол үйлдсэн ба, иргэн А.Б нь О.Ут өөрийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн талаар мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэсэн заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Бийг тус хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулсан ба, өөрийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Ут шилжүүлсэн байх тул эд хөрөнгийг хохирлыг хариуцвал зохих этгээд байна.

Шүүгдэгч О.Уийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдад эд хөрөнгийн хохирол учирсан ба иргэний хариуцагч А.Бийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээс зарим хохирлыг нөхөн төлсөн, цаашид хохирол төлбөрийг төлж чадахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн эмчилгээний зардалд 155.000 төгрөгийн нэхэмжилж байх боловч энэ талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч А.Б, шүүгдэгч О.У нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд заах нь зүйтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжтой бол нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон баримтын байдлыг харгалзан шүүх шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд тус хэрэгт иргэний нэхэмжлэгч Л.Бын “...” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.225.000 төгрөгийн шууд, 560.000 төгрөгийн шууд бус, нийт 3.785.000 төгрөгийн хохирол,

-иргэн Д.Дгийн жолоодон явсан “...” маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 720.000 төгрөгийн, шууд бус 153.000 төгрөгийн, нийт 873.000 төгрөгийн хохирол учирсан талаар “Ашид билгүүн” ХХК, “Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ний тус тус үнэлгээ тогтоосон тайлан хэрэгт авагдсан, мөн Л.Б нь үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсөнд 155.000 төгрөгийг төлсөн тухай баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Л.Бын автомашинд учирсан 3.785.000 төгрөгийн хохирлоос 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар Л.Б, О.У нар мэдүүлсэн, мөн Л.Б нь “...О.У нь “...” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завсарлуулж өгнө” гэж надад хэлсэн, бид тохиролцсон тул үлдэх 1.785.000 төгрөг, үнэлгээний хөлс зэргийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул энэ талаар тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Д.Дгийн жолоодон явсан “...” маркийн ... УБО дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “Хас” банк бүртгэгдсэн байх бөгөөд тус банкнаас дээрх автомашины хохирлыг нэхэмжлэх ажиллагаанд оролцохгүй, Д.Д нь өөрөө төлөөлөн оролцох талаар мэдэгдэж, энэ талаар хэрэгт албан бичгийг ирүүлсэн, Д.Д нь иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ “автомашины эвдрэл хохирлын төлбөр 813.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 45.000 төгрөг, нийт 918.000 төгрөг нэхэмжилсэн [42], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Дд иргэний хариуцагч А.Бээс 900.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Д.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсгийн үнэн зөвийг баталгаажуулсан баримтаар 900.000 төгрөгийг автомашины хохиролд хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн тул иргэний хариуцагч А.Б, шүүгдэгч О.У нар нь иргэний нэхэмжлэгч Д.Дд төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Мөн “...” маркийн ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Б нь уг автомашинд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг хийлгэхгүй, нэхэмжлэхгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ  “...шүүгдэгч О.У нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй буюу гэм хорыг арилгаагүй, мөн тодорхой эрхэлсэн ажилгүй байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч О.У өөрийгөө өмгөөлөн оролцож гаргасан дүгнэлтдээ “торгох ял оногдуулж өгнө үү“ гэж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч О.У нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгүүлээгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч О.У нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч О.Уийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.У нь шүүх хуралдаанд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн  саналыг гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь:

Шүүх хуралдаанд иргэний хариуцагч А.Б нь О.Уийн бусдад учруулсан хохирлын төлбөрт иргэний нэхэмжлэгч Д.Дгийн төлбөрийг нөхөн төлсөн, иргэний хариуцагч нь өөрийн үнэт эдлэлийг барьцаалан зээлдүүлэх газар  барьцаалж О.Уийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгч О.У нь тодорхой эрхэлсэн ажилгүй, төлбөр төлөх чадваргүй гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн бөгөөд торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж, хөрөнгийг харгалзан оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх ба, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Уийн нэр дээр хөрөнгө бүртгэлгүй, мөн нийгмийн даатгал төлдөг баримтаар сайн дурын даатгалд хамрагддаг байх ба түүний орлогын талаар өөр баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.У цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, хэрэгт хураагдан ирүүлсэн  шүүгдэгч О.Уугацэцэгийн В ангиллын 1239658 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Ундрах арвижих” дэлгүүрийн гадна талын хяналтын камерийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн замын хөдөлгөөнийг харуулсан бичлэгийг буулгасан дүрс бичлэг бүхий Си Ди-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 4,  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Оын Уийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 (дөрөв) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Ут цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Ундрах арвижих” дэлгүүрийн гадна талын камерийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн замын хөдөлгөөний харуулсан бичлэгийг буулгасан дүрс бичлэг бүхий нэг ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч О.Уийн В ангиллын 1239658 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

8. Иргэний хариуцагч А.Б, шүүгдэгч О.У нар нь энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгч Д.Дд төлөх төлбөргүй болохыг, иргэний нэхэмжлэгч Л.Б нь автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохирлын үлдэх төлбөр 1.785.000 (нэг сая долоон зуун наян таван мянга) төгрөг, хөрөнгийн үнэлгээний хөлс 155.000 төгрөг зэргийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч Л.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал 155.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ут авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА