| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0594/Э |
| Дугаар | 641 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 641
2020 04 08 2020/ШЦТ/641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч Б.Энхтайван,
Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ст холбогдох 2006 00628 0361 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Түдэвтэй суманд 1998 оны 08 дугаар сарын 18-ны төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Түдэвтэй сумын 3 дугаар баг, Цорго гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 8 дугаар гудамжны 539 тоотод түр оршин суух, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Б овогт Лгийн С /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Л.С нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 3-839 тоотод иргэн Б.Энхтайванд “Хил Хамгаалах Ерөнхий Газарт ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Сын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтайваны өгсөн: “01 дүгээр сарын 14-ний өдөр манай хуурай ах Энхээ рүү утсаар яриад над руу залгасан. “Хилийн цэрэгт ажилд орох уу” гэхээр нь “оръё” гэсэн чинь “бичиг баримтаа бэлдээд байж байгаарай” гэсэн. Энхээ гэдэг хүнтэй энэ залуу орж ирээд барьцаа болох 200.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би дүүгээсээ хүүтэй мөнгө зээлсэн. Манай эхнэр савны хавдартай эмчилгээгүй гээд би гэртээ хардаг. Өглөө ажил дээр ирээрэй гэсэн. Өглөө нь залгасан чинь хуралд орж байна гэсэн. 12 цаг гээд залгасан арай дуусаагүй байна гэсэн. Тэгээд утас нь холбогдохоо больчихсон. Хилийн цэрэгт ажилладаг хүнээс асуусан чинь тийм хүн байхгүй гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Би энэ хүнд өгсөн 200.000 төгрөгөө авмаар байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтайваны өгсөн: “... 2020 оны 01 сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд манай гэрт хуурай ах Энхмандах нь Хил Хамгаалах Ерөнхий Газрын 0253 дугаар ангийн хүний нөөцийн албаны дарга гэх С гэх хүнийг танилцуулж манайд орж ирсэн. Орж ирээд “манай хилийн цэргийн дефендр гэх шинэ машинууд ирсэн байгаа, Энхмандах гээд хүнийг оруулах гэсэн боловч ах нь даахгүй нь байнгын дууддаг ажил” гэж хэлсэн. Тэгээд итгэлтэй хүн олоод өг гэхээр нь тань дээр дагуулж ирж байна гэж хэлсэн. Тэгээд бүрдүүлэх бичиг баримт гээд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагаа, 3 хувь цээж зураг гэж хэлсэн. Тэгэхээр нь бүгдийг нь бүрдүүлж өгөөд 200.000 төгрөг Энхмандах гэх хүний данс руу дүү болох Нарангэрэлийн данснаас шилжүүлсэн. Тэгээд гэрээс гараад Сансарын Петровисын колонкоос Энхмандах, С 2 мөнгөө авсан. Би банк руу явсан боловч хаалттай байсан. Тэгээд тэндээсээ Лицензийн төв ороод би лавлагаа авсан. Намайг лавлагаа авч байхад С нэг хүнтэй яриад байсан, тэгээд мөнгийг нь АТМ-ээр шилжүүлчихлээ гээд орж ирсэн. Тэндээсээ гараад С Хил Хамгаалах Ерөнхий Газрын ард буусан. Тэндээсээ хөдлөөд цэргийн музейн ард байрлах зогсоолд зогсож байхад С 10 минутын дараа за болчихлоо гээд хүрч ирсэн...”
“... тухайн өдрийн маргааш нь утсаа авахгүй болсон ба би хил хамгаалахад ажилладаг ахдаа хэлэхэд манай ах таньдаг хүнээсээ асуусан. Гэтэл С гэдэг хүн ажилладаггүй гэж хэлсэн. Тэгээд би худлаа хэлсэн гэдгийг нь мэдээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.5-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхсайханы өгсөн: “... ах С нь миний 95421488 дугаар луу танихгүй дугаараас залгаад “утас авна гээд Завханаас ээж мөнгө явуулж байгаа. Миний данс картгүй болохоор чиний данс руу шилжүүлээд авъя” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн ба өөрийнхөө 5758303732 дугаарын дансыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.12/,
Б.Тунгалагийн “ХААН” банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Сын яллагдагчаар өгсөн: “... Би тухай мөнгийг “Хил Хамгаалах Ерөнхий газарт ажилд оруулж өгнө. Тэгэхийн тулд барьцаа гэж 200.000 төгрөг авна” гэж хэлээд хүргэн дүү Энхсайханы данс руу шилжүүлж авсан. Би өмнө нь Хилийн цэргийн 303 дугаар царгийн ангид ажилладаг байсан, тэр үед Хил хамгаалахын дүрэмт хувцастай явсан болохоор тэгээд хэлчихсэн. Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байсан. Би тухайн мөнгийг хувьдаа зарцуулсан ба Хил Хамгаалах Ерөнхий газарт ажилд оруулж өгөх боломж надад байхгүй. Тэр асуудалд би зарцуулаагүй... Би хохирлоо барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.49-50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Л.С нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 3-839 тоотод иргэн Б.Энхтайванд “Хил Хамгаалах Ерөнхий Газарт ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, дансаар 200.000 төгрөг шилжүүлөн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтайваны өгсөн: “... 2020 оны 01 сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд манай гэрт хуурай ах Энхмандах нь Хил хамгаалах ерөнхий газрын 0253 дугаар ангийн хүний нөөцийн албаны дарга гэх С гэх хүнийг танилцуулж манайд орж ирсэн. Орж ирээд манай хилийн цэргийн дефендир гэх шинэ машинууд ирсэн байгаа Энхмандах гээд хүнийг оруулах гэсэн боловч ах нь даахгүү нь байнгын дууддаг ажил гэж хэлсэн. Тэгээд итгэлтэй хүн олоод өг гэхээр нь тань дээр дагуулж ирж байна гэж хэлсэн. Тэгээд бүрдүүлэх бичиг баримт гээд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагаа, 3 хувь цээж зураг гэж хэлсэн. Тэгэхээр нь бүгдийг нь бүрдүүлж өгөөд 200.000 төгрөг Энхмандах гэх хүний дансруу дүү болох Нарангэрэлийн данснаас шилжүүлсэн. Тэгээд гэрээс гараад Сансарын колонкийн Петровисын колонкоос Энхмандах, С 2 мөнгөө авсан. Би банкруу явсан боловч хаалттай байсан. Тэгээд тэндээсээ лицензийн төв ороод би лавлагаа авсан. Намайг лавлагаа авч байхад С нэг хүнтэй яриад байсан тэгээд мөнгийг нь АТМ-ээр шилжүүлчлээ гээд ороод ирсэн. Тэндээсээ гараад С Хил хамгаалах ерөнхий газрын ард буусан. Тэндээсээ хөдлөөд цэргийн музейн ард байрлах зогсоолд зогсож байхад С 10 минутын дараа за болчлоо гээд хүрээд ирсэн...”
“...тухайн өдрийн маргааш нь утсаа авахгүй болсон ба би хил хамгаалахад ажилладаг ахдаа хэлэхэд манай ах таньдаг хүнээсээ асуусан. Гэтэл С гэдэг хүн ажилладаггүй гэж хэлсэн. Тэгээд би худлаа хэлсэн гэдгийг нь мэдээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.5-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхсайханы өгсөн: “...ах С нь миний 95421488 дугаар руу танихгүй дугаараас залгаад утас авна гээд Завханаас ээж мөнгө явуулж байгаа. Миний данс картгүй болохоор чиний дансруу шилжүүлээд авъя гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн ба өөрийнхөө 5758303732 дугаарын дансыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.12/,
Б.Тунгалагийн “ХААН” банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Сын яллагдагчаар өгсөн: “...Би тухай мөнгийг Хил Хамгаалах Ерөнхий газарт ажилд оруулж өгнө. Тэгэхийн тулд барьцаа гэж 200.000 төгрөг авна гэж хэлээд хүргэн дүү Энхсайханы данс руу шилжүүлэн авсан. Би өмнө нь хилийн цэргийн 303 дугаар царгийн ангид ажилладаг байсан тэр үед Хил хамгаалахын дүрэмт хувцастай явсан болохоор тэгээд хэлчихсэн Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байсан. Би тухайн мөнгийг хувьдаа зарцуулсан ба Хил Хамгаалах Ерөнхий газарт ажил оруулж өгөх боломж надад байхгүй. Тэр асуудалд би зарцуулаагүй. ...Би хохирлоо барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.49-50/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтайваны өгсөн: “01 дүгээр сарын 14-ний өдөр манай хуурай ах Энхээ рүү утсаар яриад над руу залгасан. “Хилийн цэрэгт ажилд орох уу” гэхээр нь “оръё” гэсэн чинь “бичиг баримтаа бэлдээд байж байгаарай” гэсэн. Энхээ гэдэг хүнтэй энэ залуу орж ирээд барьцаа болох 200.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би дүүгээсээ хүүтэй мөнгө зээлсэн... Өглөө ажил дээр ирээрэй гэсэн. Өглөө нь залгасан чинь хуралд орж байна гэсэн. 12 цаг гээд залгасан арай дуусаагүй байна гэсэн. Тэгээд утас нь холбогдохоо больчихсон. Хилийн цэрэгт ажилладаг хүнээс асуусан чинь тийм хүн байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Л.Саас 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтайванд олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Л.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Лгийн Сыг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Л.Ст оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Л.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Л.С урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Саас 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтайванд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР