| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0153/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 168
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Р.М, түүний өмгөөлөгч Ц.Амар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Рын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Рын М Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд хамгаалалтын аюулгүйн албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, дагавар 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Р.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болор хамтран амьдрагч Ш.Цыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.М: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ш.Цын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 02-нд өгсөн:
“...Би нөхөр Мтай ханилаад 7 жил болж байгаа, гэрлэлтээ батлуулаагүй. Нөхөртэйгээ суухдаа 2 дагавар хүүхэдтэй байсан.
2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед нөхөр бид хоёр ажлаасаа бууж ирээд гэртээ 2,5 литрийн 1 шил пиво хувааж ууж байгаад зурагтны суваг булаацалдаж хэрэлдэхэд намайг хэл амаар доромжилж алгадаж, жийсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь цохиж зодолдсон. Энэ үед бага хүү Амарбаясгалан салгаж дундуур нь ороход аав нь санамсаргүй өгзөг дээрээс нь жийсэн байсан. Хүүхдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Ингээд хэрэлдэж маргалдаж байхад нөхөр миний духан дээр гараараа цохиж, хацраас хазаж хөхрүүлсэн. Тэгээд би хүүхдүүдээ аваад такси бариад дүү Мөнхцацралынд очиж хоноод маргааш өдөр нь цагдаад өргөдөл өгсөн. ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1] ,
2. Гэрч Н.Мөнхсаруулын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 28-нд өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эгч Ц “нөхөртөө зодуулчихлаа сална, сарнина” гэж ирэхээр нь тэр өдрийнхөө орой намайг цагдаа дээр очоод өргөдөл бичээд өгчих гэхээр нь өөрийнх нь хэлснээр бичиж өгсөн. ...Нөхөртөө зодуулчихлаа гээд нүүр ам нь хавдсан ирсэн. ...Тэр өдөр анх удаа нөхөртөө зодуулсан байдалтай уулзсан. ...Манай эгч Р.Мтай 2012 оноос хойш хамт амьдарч байна. ...” гэх мэдүүлэг [2],
3. Насанд хүрээгүй гэрч Ц.Анударийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 31-нд өгсөн:
“...Тэр өдөр ээж, аав хоёр пиво ууж байгаад зурагтын сувагнаас болж хоорондоо хэрэлдэж, зодолдсон. Аав ээжийг боож унагаасан, ээжийн толгой руу цохисон, хацрыг нь хазаж зодсон. Энэ үед дүү Анхбаясгалан салгахаар дундуур нь орсон чинь аав жийгээд унагаах шиг болсон. Тэгээд ээж бид нар эгчийнд очиход ээжийн нүүр нь аавд зодуулаад хөхөрсөн байсан. Дүүгийн бие зүгээр ямар нэгэн хөхөрч хавдсан гэмтэл байгаагүй. Одоо гэр бүлээрээ аав, ээжийн хамт амьдарч байна. ...” гэх мэдүүлэг [3]
4. Насанд хүрээгүй гэрч Ж.Анхбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 31-нд өгсөн:
“...Тэр өдөр аав, ээж хоёр пиво ууж байгаад зурагтын сувагнаас болж хэрэлдэж зодолдсон. Аав ээжийг боож унагаахаар нь би салгахаар дундуур нь орсон чинь аав, ээжийг өшиглөсөнд хөлөнд нь санамсаргүй дайрагдаад унасан. Тэгээд ээж бид нар эгчийнд очиход ээжийн нүүр нь аавд зодуулаад хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг [4],
5. Гэрч Т.Наранцэцэгийн /хорооны хэсгийн ахлагч/ мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 31-нд өгсөн:
“...Миний хариуцсан хэсэгт оршин суудаг Р.М болон түүний эхнэр Ц нарын асуудлаар хорооны хамтарсан багийн хуралд гишүүнээр оролцож санал хүсэлтээ хэлсэн. Уг айлаар сард хоёроос доошгүй удаа орж гардаг, гэр бүлийн хүчирхийллийн асуудал ажиглагддаггүй. Р.М эхнэртэйгээ 2007 оноос хойш буюу хүүхдүүд нь жоохон байхад суусан. ...Намайг гэрээр нь орж гарахад хэрүүл маргаангүй, тайван асуудалгүй байдаг. Урьд нь ямар нэгэн хэрүүл маргаан, зодооны асуудлаар хороон дээр ирж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [5],
6. Гэрч Д.Сэргэлэнгийн /65-р сургуулийн нийгмийн ажилтан/ мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-нд өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хорооны хамтарсан багийн хуралд Ц, М нарын асуудлыг хэлэлцэхэд тэр хоёрын хүү, охин манай сургуульд суралцдаг учраас оролцож санал бодлоо хэлсэн. Охин Ц.Анударь нь манай сургуулийн 7 дугаар ангид сурдаг, хичээлдээ хэвийн явдаг, ар гэрээс байнга холбогддог, хичээлдээ гайгүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг байдаггүй, Энэ хоёр хүүхдийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаарх шинж тэмдэг мэдээлэл байхгүй. ...” гэх мэдүүлэг [6] ,
7. Р.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-нд яллагдагчаар өгсөн:
“...Би эхнэр Цтай 2009 оноос хойш гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Надтай суухдаа 2 хүүхэдтэй суусан. ...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эхнэр бид хоёр ажлаа тараад гэртээ нэг том пиво хувааж уусан. Тэгээд зурагтын сувагнаас болж хэрэлдэж, зодолдож эхнэрийн хацраас нь хазаж, дух орчимд нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Бид хоёрыг зодолдож байхад бага хүү Анхбаясгалан дундуур орж ирээд салгах үед нь санамсаргүй жийгээд холдуулсан. ...Хоёр хүүхдээ гадуурхаж, зодож, хөөж туусан, дарамталсан, агсам согтуу тавьсан асуудал гаргаж байгаагүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг [7] ,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 316 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 4,5х3х5 см, духны баруун хэсэгт 2,5х3,5 см, зүүн хацарт 2,5х3,0 см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. Зүүн хацрын хэсгээр нилэнхүйдээ овойж хавдсан.
ДҮГНЭЛТ:
1. Ш.Цын биед дух, зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч М.Золжаргал/ ...” гэсэн дүгнэлт [8] ,
9. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [9], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [10],
10. Шүүгдэгч Р.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа [11], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас [12], түүний оршин суугаа хаягийн тодорхойлолт [13], Р.Мын өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 38 дугаар гудамжны 16 тоот газар болон хувийн сууц үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй талаарх лавлагаа [14], “...” ХХК-ийн тодорхойлолт [15], Худалдаа хөгжлийн банк дахь Р.Мын эзэмшлийн дансны хуулга [16], хохирогч Ш.Ц, шүүгдэгч Р.М нарын хүсэлт[17], тэдний эвлэрлийн баталгаа[18], хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол [19], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт оногдуулах тухай прокурорын саналыг яллагдагчид танилцуулсан баримт [20] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Р.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас “...шүүгдэгч Р.М нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ш.Цын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлтэй маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Р.М, хохирогч Ш.Ц нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2009 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байх ба тэд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 38 дугаар гудамжны 16 тоотод амьдардаг байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Р.М, хохирогч Ш.Ц нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Р.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Ш.Цын хамт согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байх ба, улмаар согтуурсан үедээ хамтран амьдрагч Ш.Цтай зурагтын суваг булаацалдан маргалдаж, Ш.Цын хацрыг хазаж, дух руу нь цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь дух, зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- Хохирогч Ш.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед нөхөр бид хоёр ажлаасаа бууж ирээд гэртээ 2,5 литрийн 1 шил пиво хувааж ууж байгаад зурагтны суваг булаацалдаж хэрэлдэхэд намайг хэл амаар доромжилж алгадаж, жийсэн. ...Ингээд хэрэлдэж маргалдаж байхад нөхөр миний духан дээр гараараа цохиж, хацраас хазаж хөхрүүлсэн. Тэгээд би хүүхдүүдээ аваад такси бариад дүү Мөнхцацралынд очиж хоносон. ...” гэх мэдүүлэг [21],
- гэрч Н.Мөнхсаруулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эгч Ц “нөхөртөө зодуулчихлаа сална, сарнина” гэж ирсэн. ...нөхөртөө зодуулчихлаа гээд нүүр ам нь хавдсан ирсэн. ...” гэх мэдүүлэг [22],
- насанд хүрээгүй гэрч Ц.Анударийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр ээж, аав хоёр пиво ууж байгаад зурагтын сувагнаас болж хоорондоо хэрэлдэж, зодолдсон. Аав ээжийг боож унагаасан, ээжийн толгой руу цохисон, хацрыг нь хазаж зодсон. ...ээжийн нүүр нь аавд зодуулаад хөхөрсөн байсан....” гэх мэдүүлэг [23],
-насанд хүрээгүй гэрч Ж.Анхбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр аав, ээж хоёр пиво ууж байгаад зурагтын сувагнаас болж хэрэлдэж зодолдсон. Аав ээжийг боож унагаахаар нь би салгахаар дундуур нь орсон чинь аав, ээжийг өшиглөсөн. ...Тэгээд ээж бид нар эгчийнд очиход ээжийн нүүр нь аавд зодуулаад хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг [24],
-Р.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эхнэр бид хоёр ажлаа тараад гэртээ нэг том пиво хувааж уусан. Тэгээд зурагтын сувагнаас болж хэрэлдэж, зодолдож эхнэрийн хацраас нь хазаж, дух орчимд нь гараараа цохиж гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг [25],
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 316 дугаартай дүгнэлт [26], Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [27], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ[28] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Ш.Ц, шүүгдэгч Р.М нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан байх бөгөөд тэдний гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас гэмт хэрэг гарсан байна.
Шүүгдэгч Р.М нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ш.Цыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тус хэргийн улмаас хохирогч Ш.Цын бие махбодид хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч Ш.Ц нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч Р.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч Р.М нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн эхнэр Ш.Цаас уучлалт гуйж, тэд одоо хамтдаа амьдарч байгаа, хохирогчтой эвлэрсэн талаар хүсэлтээ талууд гаргасан, мөн шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай буюу “...” ХХК-нд хамгаалагчаар ажилладаг, тогтмол цалин хөлс орлоготой зэргийг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Р.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй болон шүүгдэгчийн тогтмол ажил эрхэлдэг байдал, цалин хөлс, бусад орлого, хөрөнгө зэргийг харгалзан шүүгдэгч Р.Мыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
4.Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Рын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мыг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ш.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Р.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА