Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 171

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д овогт Дгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Дгийн Б Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 12-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 05-13 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч А.Золзаяаг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлаа тарж ирээд “чи яагаад утсаа авахгүй байгаа юм, өнөөдөр чи гэртээ байсан юм уу” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүдэнд нь гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө зүүн гуянд нь нэг удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бөөс: Мөрдөн байцаалтад болсон асуудлыг мэдүүлсэн тул дахин нэмж гаргах мэдүүлэг байхгүй, мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч А.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 14-нд өгсөн:

“...би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овоо 25-13 тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Би нөхөр болох Бтэй гэр бүл болоод 7 жил болж байна. Би хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зодсон. ...Б гараараа нуруу, бөөр рүү цохиж зодож, өшиглөж зоддог. Намайг их хардаж хэл амаар доромжилж, тэгээд цохиж зодож эхэлдэг. Гэртээ байхад гаднаас орж ирээд нүүрээ будсан байвал “чи хаагуур явсан юм” гэх мэтээр хэл амаар доромжилж эхлээд цохиж зоддог. Намайг дандаа эрүүл байхдаа цохиж зоддог. ...Сүүлд намайг зодоход манай хоёр хүүхэд байсан. Манай том хүүхэд Есөн-Эрдэнэ 5 настай, Энх-Эрдэнэ 3  настай хүүхдүүд маань байсан. ...Гэрт зүгээр хэвтэж байгаад энийг ингэж хий, тэгж хий гэх мэтээр уурлаж аашилдаг. Тэрнээс болж хэрүүл маргаан гардаг. Их хэцүү ааштай ойлгоход хэцүү хүн байгаа юм. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дээрх гэмтлийг нөхөр Б учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],

- 2019 оны 01 дүгээр сарын 14-нд дахин хохирогчоор өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэртээ хоёр багын найзын хамт байж байтал нөхөр Б ажлаа тарж ирээд “чи яагаад утсаа авахгүй байгаа юм, чи өнөөдөр гэртээ байсан юм уу” гэхээр нь би өөдөөс нь “би хаачих юм бэ, гэртээ л байж байсан шүү дээ” гээд хэлтэл чанга дуугаар хашгичиж байгаад хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар Б миний зүүн гуянд гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөж, нүдэнд гараараа цохиж зодсон. Тухайн өдөр нөхөр бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн өдөр хүүхдүүдээс өөр хүн байгаагүй, хашаа эзгүй байсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн гомдол, санал байхгүй хамтдаа амьдарч байгаа. Цаашдаа ч хамтдаа амьдарна, бид дундаасаа бага насны 5-7 насны 2 хүүхэдтэй хүмүүс байгаа юм. Шүүх хуралд оролцохгүй. . ...” гэх мэдүүлэг [2]  ,

 

2. Гэрч А.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны  4 дүгээр сарын 03-нд өгсөн:

“...Манай дүү Золзаяа нь Бтэй хамтран амьдраад 7 жил болж байгаа юм. Б Золзаяа нь дундаас хүү, охин хоёр хүүхэдтэй. Манай дүү Золзаяа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “намайг Б цохиж, зодлоо” гээд утсаар ярихаар нь би гэрт нь очиж Золзаяаг авч гэртээ харьж байсан. Тэр үед Золзаяагийн хүзүү нь улаан эрээн болчихсон, зүүн хөл нь хөх эрээн болчихсон байсан. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “намайг зодчихлоо” гээд дан өмд цамцтай гадуураа хувцасгүй зугтаагаад ирлээ гэж ирсэн. Би дүү Золзаяаг дагуулаад гэрт нь очиж Бтэй уулзахад “би зодоогүй” гэж хэлээд сууж байсан. Манай дүү уйлчихсан, хөл гар нь хөхөрч няцарсан байдалтай айчихсан орж ирж байсан. ...Өргөдлөөр хандахыг зөвлөхөд Золзаяа өргөдөл өгүүлээгүй юм. Тэрнээс биш өөрөөр цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Б нь их хартай, тэгээд гэр бүлийн жоохон асуудлаас болж хэрүүл маргаан хийгээд тэрнээсээ болоод цохиж, зоддог юм байна лээ. ...” гэх мэдүүлэг [3],

- 2018 оны 12 дугаар сарын 17-нд дахин гэрчээр өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн орой гэртээ ирэхэд дүү Золзаяа зодуулчихсан зүүн гуя болон баруун нүд хөхөрсөн байдалтай орж ирсэн. Тухайн үед нагац эгч Туул хөдөөнөөс ирж таараад цагдаад өргөдөл бичиж өгөөд явсан. Миний мэдэж байгаагаар хоёр удаа хэрүүл хийж зодлоо гэхээр нь очиход гэмтэл бэртэл учиртал зодсон зүйл ажиглагдаагүй. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 29-нд зодуулаад ирсэн. Өөр урьд өмнө нь цохиж зодсныг мэдэхгүй байна. Хэрүүл маргаантай л амьдраад байдаг байсан. ...” гэх мэдүүлэг [4] ,

 

3. Гэрч Л.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 03-нд өгсөн:

“...Манай дүү Золзаяа нь Бтэй хамтран амьдраад 7 жил болж байгаа юм. Б Золзаяа  нар нь дундаас хүү, охин хоёр хүүхэдтэй. 2018 оны 3 дугаар сарын 29-нд зодуулаад Аззаяагийн гэрт ирчихсэн байхад нь би очиж уулзаад хөл нь хөх эрээн болчихсон байсан. 2018 оны 02 дугаар сард бас зодоод Золзаяа нь гэрээсээ зугтаагаад Хэнтий аймагт ажил хийж байсан. Б ер нь их дарамталдаг. Айлган сүрдүүлдэг хогийн машинаараа дайрч гэрийг чинь тэгшилнэ гэж хэлж дарамталдаг. ...” гэх мэдүүлэг [5]

 

4. Гэрч Д.Лхамаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 20-нд өгсөн:

“...2013 оноос 2018 оны 8 дугаар сар хүртэл төрсөн ах Батболдын хашаанд Б ахтай айл саахальт амьдарч ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байх манай бэр Золзаяа нь тухайн үед хүүхдийнхээ мөнгийг аваад архи уусан байх, согтуу байхад ах Б ирээд хэрүүл маргаан хийж зодоон болж байна гээд хүүхэд нь орж ирэхээр нь манай нөхөр орж салгасан. Тэрнээс өмнө тэр хоёр эрүүл саруул үедээ хэрүүл маргаан огт хийдэггүй юм. Манайх 2018 оны 8 дугаар сард нүүгээд явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Манай ах Б архи дарс уугаад байдаггүй юм. Муу зан гэвэл түргэн ууртай хүн байгаа юм. Золзаяа нь архи уучих гээд байдаг, хүүхдийн мөнгө авангуутаа уучихдаг эсхүл мөнгө байхгүй үед мөнгөн аяга, хөөргийг ломбарданд тавиад уучихдаг байсан. Золзаяагийн муу зуршил гэвэл архи л уучих гээд байдаг, ажил хийдэггүй гэртээ байдаг хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

5. Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлаа тараад 16 цагийн үед гэртээ  Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 25-13 тоотод иртэл манай бага хоёр хүүхэд байхаар нь “ээж нь яасан юм” гэтэл “дэлгүүр орсон” гэж хэлсэн. Би хэсэг хүлээгээд сууж байтал гаднаас эхнэр Золзаяа согтуу байдалтай орж ирэхээр нь “ чи ямар мөнгөөрөө архи уучихсан юм бэ” гээд асуутал “чиний мөнгөн аягыг дэлгүүрт тавиад архи уучихсан” гэхээр нь би “эр нөхрийнхөө аягыг дэлгүүрт тавьж уугаад байхдаа яадаг юм” гээд хэлтэл өөдөөс хэрэлдэж эхлэхээр нь зүүн гуянд нь нэг удаа өшиглөж, баруун нүдэнд нэг удаа цохисон. Золзаяагийн эгч Анхзаяа хоёр удаа манайд ирээд дүүгээ авч явж байсан. ...Золзаяад гар хүрч зодоогүй, хэрүүл хийхээр эгч рүүгээ залгаад байдаг юм. Шинжээчийн 4493 дугаартай дүгнэлт дэх гэмтлийг би гараараа нүүрэнд нь нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөж байхдаа учруулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг [7],

- 2019 оны 01 дүгээр сарын 14-нд дахин яллагдагчаар өгсөн:

“...Би эхнэр Золзаяаг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зодож цохиогүй, манай хашаанд дүү Лхамаа нөхөр Сайнзаяагийн хамт амьдарч байсан мэдэж байгаа байх. 2017 оны зун би түүнийг бакалан гутлаар өшиглөж цохиж зодсон асуудал байхгүй. Худал мэдүүлэг өгсөн байна. 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мөн л эхнэр Золзаяа хэрүүл маргаан хийтэл эгч рүүгээ залгаад эгч Аззаяа нь ирээд дүүгээ хоёр хүүхэдтэй нь авч явна гээд байхаар нь хүүхдүүдээ өгч явуулахгүй гэтэл Аззаяа цагдаад дуудлага өгч байсан. Тэр өдөр би эхнэр Золзаяад гар хүрч зодож цохисон асуудал байхгүй. Эхнэр эгчтэйгээ яваагүй удалгүй буцаад ороод ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн үед ажил дээрээ байж байтал эхнэр Золзаяа халамцуу залгаад “хоёр хүүхдийг чинь аваад явлаа, үгүй бол гэрт нь цоожилж үлдээгээд явлаа шүү” гээд байхаар нь би ажлаа орхиод 17 цагийн үед гэртээ иртэл эхнэр байхгүй 4-6 насны хоёр хүүхэд маань гэртээ байсан. 20-30 минутын дараа эхнэр согтуу байдалтай ороод ирэхээр нь “ямар мөнгөөр архи уусан юм” гээд асуутал “чиний мөнгөн аягыг дэлгүүрт тавиад пиво авч уусан” гэхээр нь нь би “нөхрийнхөө ууж иддэг аягыг архинаас тавиад уухаад яадаг юм” гэж хэлээд зүүн гуянд нь хөлөөрөө өшиглөж, нүүрэнд гараараа цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг [8],

- 2019 оны 01 дүгээр сарын 18-нд дахин яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хийгээд байж байтал эхнэр Золзаяа халамцуу байдалтай утсаар залгаад “хүрч ирээд хоёр хүүхдээ ав, үгүй бол цоожлоод явлаа” гээд байхаар нь би 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоо 25-13 тоотод байрлах гэртээ иртэл манай хоёр бага хүүхэд байхаар нь “ээж нь яасан юм” гээд асуутал “дэлгүүр орчихсон” гэж хэлсэн. Би хэсэг хүлээгээд сууж байтал гаднаас эхнэр Золзаяа согтуу байдалтай орж ирэхээр нь “чи ямар мөнгөөрөө хаанаас архи уучихсан юм бэ” гээд асуутал “чиний мөнгөн аягыг дэлгүүрт тавиад архи уучихсан” гэхээр нь би “эр нөхрийнхөө аягыг дэлгүүрт тавьж уугаад байхдаа яадаг юм” гээд хэлтэл эхнэр Золзаяа өөдөөс үг сөрж бид хоёр маргалдаж байх үед би түүний  нүүрэнд нэг удаа алгадаж, зүүн гуянд нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөр нэмж цохиж зодоогүй.  ...” гэх мэдүүлэг [9]  ,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед   хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4493 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны гадна дээд хэсэгт 18х12 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, баруун нүдний дээд зовхины дотор булан хэсгээр 1,5х1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

1.А.Золзаяагийн биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2, 3, 4, 5 дахь асуултын хариултад: Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт [10],

7. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл [11], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [12],

8. Хохирогч А.Золзаяагийн хөлөнд цус хурсан гэх талаар харуулсан гэрэл зураг [13],

9. Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа [14], түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /шүүхэд шинэ нотлох баримтаар гаргасан/, 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[15], Д.Б гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа [16], Д.Бийн өмчлөлд Nissan pulsar маркийн 90-75 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа [17], оршин суугаа хаягийн тодорхойлолт [18], Д.Бийн эзэмшлийн Хас банкны дансны хуулга [19], ... ХХК-ийн тодорхойлолт [20], яллагдагч Д.Бөд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол[21] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бөд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч А.Золзаяагийн зүүн гуя руу өшиглөж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Хэргийн үйл баримтыг үзвэл шүүгдэгч Д.Б, хохирогч А.Золзаяа нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2011 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байх бөгөөд ... тоотод амьдардаг байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан байна.

Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Д.Б, хохирогч А.Золзаяа нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ... тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч А.Золзаяатай “гэртээ байсангүй, гар утсаа авсангүй, нөхрийнхөө мөнгөн аягыг дэлгүүрт тавьж архи уулаа” гэх зэрэг шалтгаанаар маргалдан, А.Золзаяагийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, зүүн гуянд нь өшиглөх зэргээр зодож, түүний бие махбодид зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-хохирогч А.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 14-нд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зодсон. ... Намайг их хардаж хэл амаар доромжилж, тэгээд цохиж зодож эхэлдэг....Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дээрх гэмтлийг нөхөр Б учруулсан.. ...” гэх мэдүүлэг [22], мөн 2019 оны 01 дүгээр сарын 14-нд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэртээ хоёр багын найзын хамт байж байтал нөхөр Б ажлаа тарж ирээд “чи яагаад утсаа авахгүй байгаа юм, чи өнөөдөр гэртээ байсан юм уу” гэхээр нь өөдөөс нь “би хаачих юм бэ, гэртээ л байж байсан шүү дээ” гээд хэлтэл чанга дуугаар хашгичиж байгаад хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар Б миний зүүн гуянд гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөж, нүдэнд гараараа цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг [23]  ,

-гэрч А.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн орой гэртээ ирэхэд дүү Золзаяа зодуулчихсан зүүн гуя болон баруун нүд хөхөрсөн байдалтай орж ирсэн. Тухайн үед нагац эгч Туул хөдөөнөөс ирж таараад цагдаад өргөдөл бичиж өгөөд явсан....” гэх мэдүүлэг [24] ,

-гэрч Л.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Золзаяа 2018 оны 3 дугаар сарын 29-нд зодуулаад Аззаяагийн гэрт ирчихсэн байхад нь би очиж уулзахад хөл нь хөх эрээн болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг [25] ,

-гэрч Д.Лхамаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байх, манай бэр Золзаяа нь тухайн үед хүүхдийнхээ мөнгийг аваад архи уусан байх, согтуу байхад ах Б ирээд хэрүүл маргаан хийж зодоон болж байна гээд хүүхэд нь орж ирэхээр нь манай нөхөр орж салгасан. ...” гэх мэдүүлэг [26] ,

Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлаа тараад 16 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 25-13 тоотод иртэл манай бага хоёр хүүхэд байхаар нь “ээж нь яасан юм” гэтэл “дэлгүүр орсон” гэж хэлсэн. Би хэсэг хүлээгээд сууж байтал гаднаас эхнэр Золзаяа согтуу байдалтай орж ирэхээр нь “ чи ямар мөнгөөрөө архи уучихсан юм бэ” гээд асуутал “чиний мөнгөн аягыг дэлгүүрт тавиад архи уучихсан” гэхээр нь би “эр нөхрийнхөө аягыг дэлгүүрт тавьж уугаад байхдаа яадаг юм” гээд хэлтэл өөдөөс хэрэлдэж эхлэхээр нь зүүн гуянд нь нэг удаа өшиглөж, баруун нүдэнд нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [27],  мөн түүний 2019 оны 01 дүгээр сарын 14, 18-нд дахин яллагдагчаар өгсөн мэдүүлэг [28], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг  хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4493 тоот дүгнэлт[29], Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [30], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [31], хохирогчийн гэмтлийг харуулсан гэрэл зураг [32]зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь эр эмийн хардалт, гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэргээс болсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч А.Золзаяагийн бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Золзаяагаас нөхөр Д.Б нь удаа дараа зодож байсан талаар мэдүүлж, шүүгдэгч Д.Бийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан байх боловч хохирогч А.Золзаяаг байнга зодсон гэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй үндэслэлээр шүүгдэгч Д.Бөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоол[33]-оор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Бөд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Золзаяагийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг нь тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Д.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б нь хуульд заасан эрхийн хүрээнд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу тогтмол ажил эрхэлдэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг түүний цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүний 2018 оны нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаа баримтад үндэслэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

4. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Дгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Золзаяа нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА