| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 152/2016/00672/И |
| Дугаар | 04 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 04
Д.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 775 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 48 дугаар гудамжны 0772 тоотод оршин суух Далхаа овогт Далхаагийн Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Д.Бунжаа хариуцагч Т.Төртогтох, түүний өмгөөлөгч Ч.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 15.000.000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Бөхмөрөн сумын 90 жилийн ойгоор Бөхмөрөн сумын Засаг дарга асан Д.Ядамжавтай ярьж тохирон тус сумын ойн баримтат кино хийхээр болсон. Ингээд ойн өмнө 7 дугаар сард аймгийн төв дээр сумын Иргэдийн Хурлын дарга Б.Алдаржавхлантай хамт уулзахдаа Улаанбаатар хот руу хандивын ажлаар явж байна, сумын байгаль орчны чиглэлээр тусгаж өг, дээр нь аймгаас дэмжсэн албан бичиг ирүүл, тэгвэл мөнгийг нь байгаль орчны сангаас шийдэж өгье гэхээр тэрхүү саналыг нь тусгахаар болж тэр өдөр нь аймгийн Засаг дарга байгаагүй тул орлож байсан аймгийн орлогч дарга Б.Цэцээгийн гарын үсэгтэй албан бичгийг аймгийн Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Байгаль орчин, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд нараар хянуулж өөрт нь гардуулсан юм. Бүхэлдээ сумын 90 жилийн ойн тухай бус, сум орны хөгжил, байгаль орчин, ан амьтдыг харуулсан “Өөдлөн дэвжсэн хязгаар нутаг” нэртэй телевизийн бүрэн хэмжээний 30 минутын баримтат кино бүтээсэн юм. Засаг дарга асан Д.Ядамжав ойн дараа ажлаа өгч, шинээр сонгогдсон дарга П.Гансүх Энэхүү баримтат киноны мөнгийг гаргаж өгч чадахгүй, мөнгө байхгүй, байгуулсан гэрээ байхгүй, ярих зүйлгүй хэмээн ухрах болсон. Ингээд өнгөрсөн зун аймгийн ойгоор аймгийн төв дээр байсан тус сумын удирдлагууд болох П.Гансүх, Засаг даргын орлогч Х.Болдбаатар, Иргэдийн хурлын дарга Б.Алдаржавхлан нартай уулзахад Энэ намар 8 сард 2 аргалын төлбөр мөнгө орж ирэх ёстой, тэр үед таны мөнгийг шийдэж өгье гэсэн. 2016 онд 3 аргалын зөвшөөрөл хүсэхэд 1 аргалын зөвшөөрөл ирсэн тул таны мөнгийг өгч чадахгүй хэмээн хариу өгөх болсон тул баримтат киноны төлбөр болох 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “Иргэн Д.Батцэнгэл нь Бөхмөрөн сумын 90-н жилийн ойг тохиолдуулан баримтат кино хийсэн зардлын төлбөр 15.000.000 төгрөг тус сумын Засаг даргын Тамгын газар /Засаг дарга П.Гансүх/ -ээс нэхэмжилсэн бөгөөд тухайн үед иргэн Д.Батцэнгэлтэй кино хийлгэх албан ёсны гэрээг сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Ядамжавтай үйлдээгүй болно. Мөн Засаг даргын Тамгын газар /Засаг дарга П.Гансүх/-тай гэрээ байгуулаагүй, кино хийлгэх хүсэлт гаргаагүй тул дээрх төлбөрийг хариуцан төлөх үндэслэл байхгүй. Увс аймгийн Улаангом дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Амараа “Сама” телевизээр манай сумын 90-н жилийн ой, сумын талаар баримтат киног 3.000.000 төгрөгөөр хийж холбогдох телевизээр мэдээллэж, CD бичлэг хийж өгсөн тул дахин кино хийлгэх шаардлага байгаагүй болно.” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 775 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэнгэлд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэнгэлд олгосугай.” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүх иргэн Б.Батцэнгэлийн нэхэмжлэлийг хүлээн аваад 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй байхад буюу (улс терийн томилгоо явагдаж дуусаагүй цаг үетэй зэрэгцэн) хариуцагчид нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олголгүй, нэг сарын дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан байна. Улмаар хурлын тов мэдэгдэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талыг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан эрхийг эдэлж, оролцох боломжоор хангаагүй.
Аливаа гэрээ байгуулахад нэг тал нь нөгөө талдаа гэрээ байгуулах саналыг бодитойгоор, хангалттай, тодорхой илэрхийлсэн байхыг шаарддаг ба үүнийг гэрээ байгуулсан гэж үзэхгүй юм. Харин дээрх гэрээний саналыг нөгөө тал нь бодитойгоор, хангалттай, тодорхой илэрхийлж, гэрээний гол нөхцөл (гэрээний зорилго, зүйл, төлбөр, хугацаа гэх мэт) буюу түүнийг тодорхойлох журмыг зааж, саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн гарын үсэг бүхий захидал, албан бичиг бүхий хариу санал гаргасан байхыг шаарддаг.
Гэтэл Хэргийн материалд нэхэмжлэгчийн гэрээ байгуулах санал гаргасан, нөгөө тал нь саналыг хүлээн авч, зөвшөөрсөн тухай Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт нэг ч байхгүй, хангалттай тогтоогдоогүй байхад шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Аливаа төрийн байгууллага нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг тендер шалгаруулах журмаар явуулахыг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг ба энэхүү журмыг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байдаг. (Сумын Засаг даргын хувьд 10 сая төгрөгөөс дээш) Гэтэл нэхэмжлэгч нь Засаг даргын эрх мэдлээс хэтэрсэн, хууль зөрчсөн шаардлага гаргасан байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна.
Шүүх хуралдаанд гэрчээр иргэн Б.Алдаржавхлан, Д.Ядамжав, Х.Болдбаатар болон Ц.Лхагва нарыг оролцуулсан байдаг. Дээрх гэрчүүдийн мэдүүлэгт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний саналыг хариуцагч хүлээн авсан гэх баримт огт дурдагдаагүй, тогтоогдоогүй байхад шүүх гэрчийн мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Шүүх төлбөрийг иргэний хуулийн 344.2-т заасныг үндэслэл болгон 15.000.000 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.
Шүүх тухайн зах зээлийн дундаж үнэлгээг тоггоохдоо зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Түргэн сумын 90 жилийн ойд зориулан баримтат кино 15.000.000 төгрөгөөр хийлгэсэн гэх (гэрээ байхгүй) түргэн сумын засаг дарга болон нутгийн зөвлөлийн даргын тодорхойлолтоор зэх зээлийн дундаж үнэлгээ тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн, зөвхөн нэхэмжпэгч талын байр сууриас үнэлсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.
Шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагч Увс Аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга П.Гансүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч /хэргийн 51 дүгээр тал/ “За ойлголоо. Би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа өгөх гэж байгаа тул дараагийн томилогдох Засаг даргад танилцуулна.” мөн мэдэгдэх хуудсыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч “Би ажлаа өгсөн шинэ Засаг даргадаа хэлж явуулна.” /хэргийн 60 дугаар тал/ гэсэн хариу тус тус өгсөн байна.
Хариуцагч нь өөрийн эрх, үүргээ бусдад шилжүүлсэн байх ба эрх залгамжлагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны аль ч үе шатанд шүүхээс сольж болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т заасан ажиллагаа хийгдээгүйгээс хариуцагчийн төлөөлөгчийн мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан эрх зөрчигджээ.
Өөрөөр хэлбэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаар анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө томилогдсон Т.Төртогтоход нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх, эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүний нотлох баримттай танилцаж тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд заасан эрх эдлүүлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам ноцтой зөрчигдсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэж үзлээ.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 775 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах гомдолд тусгагдсан “ хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны хуулиар тогтоосон журам зөрчигдсөн” гэсэн хэсгийг хангаж, “ нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй,ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, зах зээлийн дундаж үнэлгээ тогтоон хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлуудыг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах шүүхээс хууль хэрэглээ болон хэргийн үйл баримтанд үнэлэлт,дүгнэлт хийх боломжгүй болно.
Хариуцагчийн төлөөлөгч нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 775 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.ЖАМБАЛСҮРЭН