| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
| Хэргийн индекс | 159/2017/0029/З |
| Дугаар | 159/ШШ2017/0032 |
| Огноо | 2017-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 159/ШШ2017/0032
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Батзул
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх
Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-333 дугаартай шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бүхий гомдлыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
Тодорхойлох нь :
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газар шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хяналт шалгалт хийж иргэн ******* Сайхан сум 3 дугаар багийн нутаг ******* тохойд зөвшөөрөлгүй 3.5 га атар газар хагалсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчсөн үйлдлийг илрүүлж 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 18-04-333 дугаартай шийтгэврийн хуудсаар Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 2.400.000 төгрөгний торгууль ногдуулсанг нь зөрчилд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд томилогдон ажиллаж байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн захиргааны зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 18-04-333 дугаартай шийтгэвэрийн хуудасыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас дүгнэлт бичиж ирүүлсэн. Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд томилогдон ажиллаж байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн захиргааны зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнхийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 18-04-333 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах санал гаргаж байна гэв.
Хариуцагч Э.Батмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2005 оны 03-р сарын 17-ны өдрөөс Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 04-р сарын 14-ний өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Мөн 2017 оны 04-р сарын 12-ны өдрөөс эхлэн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.
Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас чөлөөлөгдсөн боловч улсын байцаагчийн эрх, тамга тэмдэг байгаа учраас одоо эрхэлж байгаа ажил албан тушаалтай хамт дараагийн байгаль орчны хяналтын улсын байцаагчыг томилогдох хүртэл хугацаанд хавсран гүйцэтгэж байгаач гэх саналыг сумын Засаг дарга О.Буянаа тавьсан. Засаг дарга ******* учрыг тодруулан асуутал удахгүй төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшин үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийнэ энэ шалгалтын бүрэлдэхүүнд орж ажиллах шаардлагатай байна гэсэн. Би урд өмнө эрхэлж байсан ажил албан тушаал тул зөвшөөрсөн. Ажил хавсран гүйцэтгэсэн тушаалыг Тамгын газрын дарга Б.Мөнхцэцэгээс аваарай гэж хэлсэн. Үүний дараа сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/50 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэгт орж ажилласан.
Сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/50 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй Газрын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын ажлыг хийсэн. Шалгалтаар Сайхан сумын 3-р багийн нутаг Баянгын тохой гэх газарт зөвшөөрөлгүй атар газар хагалсан зөрчлийг илрүүлэн 2017 оны 05-р сарын 09-ний өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын иргэн *******т байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0081054 тоот шийтгэврээр Газрын тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.7-д заасны дагуу 2.400.000 төгрөгийн торгууль ногдуулсан.
Хяналт шалгалтын ажил хийгдэж байх үед буюу 2 иргэнд торгууль ногдуулсны дараа Тамгын газрын дарга Б.Мөнхцэцэгээс ажил хавсран гүйцэтгэсэн тушаалаа авъя гэхэд хавсран гүйцэтгэсэн тушаал гаргахгүй чамаар ажил хавсран гүйцэтгүүлэхгүй гэсэн учрыг лавлан асуутал хууль зөрчиж байгаа гэсэн.
2017 оны 11-р сарын 21-ний өдөр Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхцэцэгт Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дуудаж байна байгаль орчны хяналтын улсын байцаагчийг хавсран гүйцэтгүүлээгүй тайлбараа бичгээр өгөөч шүүхэд өгье гэхэд тайлбар бичиг өгөхгүй шүүх дуудвал өөрийн биеэр очиж тайлбараа өгнө гэж хэлсэн.
2017 оны 06-р сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчын шийтгэвэрийн хуудас хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан гэжээ.
Үндэслэх нь :
Сэлэнгэ аймгийн Сайхан сум 3 дугаар баг ******* тохойд зөвшөөрөлгүй 3.5 га атар газар хагалсан гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнхөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0081054 дугаартай Захиргааны зөрчилд ногдуулах шийтгэвэрийн хуудсаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 21-р хороолол 9-25 тоотод оршин суух *******ыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн 2.400.000 төгрөгөөр торгосныг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд томилогдон ажиллаж байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн захиргааны зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байх тул хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж тус шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гомдол гаргагч болон хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Батзулын дүгнэлт бүхий гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай тушаалаар өөр ажилд шилжин ажиллах болсон тул хувийн өргөдөл хүсэлтийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Батмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь улсын байцаагчийн эрх, тамга тэмдэг байгаа учраас одоо эрхэлж байгаа ажил албан тушаалтай хамт дараагийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийг томилогдох хүртэл хугацаанд хавсран гүйцэтгэж байгаач гэх саналыг сумын Засаг дарга О.Буянаа тавьсан тул Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/50 дугаартай “Газрын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх тухай” захирамжаар томилогдсон ажлын хэсэгт орж ажилласан гэх боловч ажил хавсран гүйцэтгэсэн ямар нэгэн тушаал гараагүй болох нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд томилогдон ажиллаж байх үедээ захиргааны зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан нь үндэслэлгүй байх тул 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-333 байцаагчийн дугаартай, 0081054 дугаартай шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6 Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор С.Батзулын дүгнэлт бүхий гомдлыг бүхэлд нь хангаж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-333 байгцаагчийн дугаартай, 0081054 дугаартай шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БУРМАА