Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0379

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 353 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор Э.Э-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 353 дугаар шийдвэрээр: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Э.Э-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Э-ийг урьд эрхэлж байсан Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12 310 017.12 төгрөгийг Э.Эт олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ...Хяналтын улсын байцаагч Э.Э нь “төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн” болох нь даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь заалтуудыг үндэслэн байгууллагын даргын тушаалаар “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан юм.

Мөн хяналтын улсын байцаагч Э.Э нь тухайн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь түүний бичгээр гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн өргөдөлд тодорхой бичигдсэн байдаг.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг ноцтой зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн “Даргын дэргэдэх зөвлөл”-ийн 13 дугаартай хурлын тэмдэглэл, мөн тус газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай” 01-09/104 дугаартай илтгэх хуудас, хяналтын улсын байцаагч Э.Эийн албан тушаалын тодорхойлолт болон түүний Гадаадын иргэн, харьяатын газрын даргад гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн өргөдөл, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдоно.

Гэтэл шүүх эдгээр баримтуудыг үнэлж, түүнд дүгнэлт бүрэн хийхгүйгээр зөвхөн албан тушаалын тодорхойлолт заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаад гомдолтой байна.

Хяналтын улсын байцаагч Э.Э нь гадаадын иргэний бичиг баримтыг хураан авч болно. Гэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу тухайн гадаадын иргэний паспортыг хураан авахдаа тэмдэглэл үйлдэж, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсаргах ёстой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй.

Эрх хязгаарлах арга хэмжээ авсан талаар прокурор, шүүх болон байгууллагын удирдлагад мэдэгдээгүй. Хяналтын улсын байцаагч шүүх болон прокурорын байгууллага, Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг удирдах албан тушаалтныг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлж ажиллаж чадаагүй.

Түүнчлэн тухайн гадаадын иргэнийг эрүүл мэндийн шалтгаанаар баривчлах байрнаас гаргахдаа түүний бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүйгээс болж тухайн гадаадын иргэнийг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх, тусламж авах боломжийг хязгаарласан байгаа. Энэ нь гомдол гаргагч Л.Баярмаагийн гаргасан гомдолд тусгагдсан асуудал.

Өөрөөр хэлбэл, тухайн гадаадын иргэнийг баривчлах байрнаас гаргахдаа хуульд заасан журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн бол өнөөдөр тухайн гадаадын иргэний амь насанд хохирол учрах нөхцөл байдал бүрдэхгүй байсныг үгүйсгэхгүй. Гэтэл шүүх сөрөг үр дагавар үүссэн гэж үзэхээргүй байна гэх дүгнэлтийг хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, мөн шүүгчийн дотоод итгэл үнэмшил шударга үнэнд нийцэхгүй байна.

Орчуулагчаар томилогдсон хяналтын улсын байцаагч Р.З баривчлах байранд очиж хяналтын улсын байцаагч Э.Эийн хийж гүйцэтгэх ёстой байсан ажил үүргийг хийж гүйцэтгэсэн. Орчуулагчаар томилогдсон хяналтын улсын байцаагч Р.З тухайн гадаадын иргэнээс тайлбар, хүсэлт бичүүлж авсан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцуулсан, хэргийн материалтай танилцуулсан, шийтгэлийн хуудас танилцуулж, торгуулийн 2 сая төгрөгийн төлбөрийг төлөхийг шаардсан зэрэг ажиллагааг бие даан хийж гүйцэтгэсэн болох нь шалгалтаар тогтоогдсон. Энэ нь хяналтын улсын байцаагч Р.З, Э.Э нарын гаргасан тайлбар, мэдүүлэг нь тус газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай” 01- 09/104 дугаартай илтгэх хуудсаар баталгаажсан бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Даргын дэргэдэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж, тэмдэглэлээр баталгаажсан асуудал юм.

Тухайн зөрчлийн хэргийн оролцогч буюу орчуулагчаар хяналтын улсын байцаагчийн хийх ёстой байсан ажил үүргийг гүйцэтгүүлж болохгүй гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05а дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь хэсэгт ... саатуулсан, ... саатуулсан хугацааг сунгасан талаар Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт тус тус даалгасан байдаг.

Хяналт улсын байцаагч Э.Э дээрх шүүгчийн захирамжид заасан хугацаанд Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад энэхүү үйл баримтыг мэдэгдэх үүрэгтэй.

Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас үзвэл энэхүү ажил үүрэг нь Хяналт шалгалтын газрын дарга болон хяналтын улсын ахлах байцаагчид биш, харин тухайн зөрчлийн хэрэгт хяналт шалгалт хийж, бие даан ажиллагаа явуулж байгаа хяналтын улсын байцаагч дээрх шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор хүргүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн хяналтын улсын байцаагч Э.Эийн албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээний 2-т “Гадаадын иргэнийг шүүгчийн захирамжаар саатуулах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх, саатуулагдсан этгээдийн хувийн хэргийн бүрдлийг хангах” гэж, мөн албан тушаалын тодорхойлолтын бусад үйл ажиллагааны 2-т “Эрхэлсэн ажлын чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хариуцаж, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх” гэж тус тус зааснаас үзвэл түүний оролцооны хэлбэр хариуцан гүйцэтгэх ажлын чиг үүрэгт хамаарч байна.

Гэтэл хяналтын улсын байцаагч Э.Э нь би энэ ажлыг хийх ёсгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх энэ үйл ажиллагаа нь Э.Эийн хариуцах ажлын чиг үүрэгт шууд хамааралтай гэж үзэхээргүй байна гэж дүгнэлт хийж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй үндэслэлгүй байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар тухайн гадаадын иргэнд Монгол улсаас сайн дураараа гарахыг сануулаагүй байхад, албан гаргах ямар ажиллагаанд саад учруулж болзошгүй гэдэг нь тогтоогдохгүй байхад, түүнчлэн тухайн гадаадын иргэний гадаад паспортыг хураан авч, хэн болох нь мэдэгдсээр байхад зөвхөн 2 сая төгрөгийн торгууль төлүүлэх зорилгоор “албадан гаргах ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр шүүхэд худал тайлбар, мэдээлэл, хүсэлт өгсөн байдаг.

Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг ноцтой зөрчсөн болох нь дээр дурдсан хуулийн зүйл, заалт болон дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон. Гэтэл шүүх энэхүү тушаалын хууль зүйн үндэслэлийг бүрэн хянаж, үнэн зөв үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 дугаар тушаалаар “хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” хэмээн Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Эийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Уг тушаалыг Э.Эоос эс зөвшөөрч “хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй ... миний хийсэн ажлыг шалгаад яг ямар зөрчил гаргасанд төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулсныг тушаал дээр тодорхой заагаагүй” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн ... Э.Э нь зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн болох нь шалгалтын явцад илэрсэн” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх “...хяналтын улсын байцаагч нь эрхийн хүрээнд зөрчилд холбогдогч гадаадын иргэний паспортыг хадгалахаар авсан нь түүний албаны чиг үүрэгт нийцсэн, ийнхүү авахдаа тэмдэглэл үйлдээгүйн улмаас сөрөг үр дагавар үүссэн гэж үзэхээргүй ... албадан саатуулсан шүүгчийн захирамж “бичиг баримтжуулах үндэслэл”-ээр гаргаагүй болох нь тогтоогдож байна” гэх зэргээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан үйл баримтад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Л.Баярмаагаас гаргасан гомдлыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гадаадын иргэн, харьяатын газрын даргад шилжүүлсний дагуу нэхэмжлэгчийн хянан шалгах ажиллагаа явуулсан зөрчлийн материалд дотоод хяналт шалгалт хийж, Даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэсний дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын Даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар хуралдаанаар “иргэн Л.Баярмаагийн гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт явуулсан талаар” хэлэлцэж, хяналтын улсын байцаагч Э.Эт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг дотоод хяналт шалгалтын илтгэх хуудас болон Гадаадын иргэн, харьяатын газрын Даргын дэргэдэх зөвлөлийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Э.Э нь гадаад иргэний паспортыг хураан авахдаа тэмдэглэл үйлдэж, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсаргаагүй, эрх хязгаарлах арга хэмжээ авсан талаар Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдээгүй, байгууллагын удирдлага болон шүүхийг үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, орчуулагчаар томилогдсон хяналтын улсын байцаагчаар зөрчлийн хэргийн ажиллагааг гүйцэтгүүлсэн, баривчлах байрнаас гаргаж байгаа гадаадын иргэний бичиг баримтыг нь өгөөгүй зэрэг хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалгүй биелүүлсэн, алдаа дутагдал гаргасан болох нь тогтоогдсон байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, албан тушаалтын тодорхойлолтын[1] II Албан тушаалын зорилго “...гадаадын иргэн, харьяалалгүй хүн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, хяналт тавих, хариуцсан чиг үүргийн хүрээнд удирдлагыг бодит мэдээ, мэдээллээр хангах”, 2 дугаар зорилтын хүрээнд “Гадаадын иргэнийг шүүгчийн захирамжаар саатуулах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх, саатуулагдсан этгээдийн хувийн хэргийн бүрдлийг хангах”, Бусад үйл ажиллагааны 1-д “...бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх”, 2-т “Эрхэлсэн ажлын чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хариуцаж, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх” хэмээн зааснаар Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хангаж ажиллах үүрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна”, 1.4-д “гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар”, 2-т “Эрүүгийн хэргийн шүүх гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно”, 3-д “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр саатуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаар гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн хүсэлтээр эрүүгийн хэргийн шүүх саатуулах бөгөөд саатуулсан тохиолдолд гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг үүрэг болгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн “...би албадан саатуулсан талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдэх үүргийг хүлээдэггүй, ажлын байрын тодорхойлолтод ийм чиг үүрэг заагаагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод “саатуулсан талаар Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэх” талаар тусгайлан заагаагүй боловч зөрчлийн хэрэг бүртгэлтийг хөтлөн явуулж байгаа этгээд нь нэхэмжлэгч Э.Э өөрөө байхын зэрэгцээ албан тушаалтын тодорхойлолтын II Албан тушаалын зорилго “...хариуцсан чиг үүргийн хүрээнд удирдлагыг бодит мэдээ, мэдээллээр хангах”, бусад үйл ажиллагаанд заасан “...бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх” хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэх учиртай.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 41.7.2-т “гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж зааснаар гадаадын иргэний паспорт, баримт бичгийг зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах бүрэн эрхтэй байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Баримт бичгийг эхээр нь шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу баримт бичгийн хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгаагүйн улмаас “...тухайн иргэнийг бичиг баримтжуулах” шаардлагатай гэж үзэн гадаадын иргэнийг саатуулсан хугацааг сунгах шүүгчийн захирамж гарах нэг үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Оросын Холбооны улсын иргэн Т Д Н баримт бичгийг хураан авч хадгалахдаа түүнийг хуулбарлан зөрчлийн материалд хавсаргаагүйгээс шүүх үнэн зөв мэдээллээр хангагдаагүй гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “нэхэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад орчуулагчаар Р.З-г томилсон атлаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түүгээр гүйцэтгүүлсэн, гадаадын иргэнийг баривчлах байрнаас өөрийн биеэр гаргаж, бичиг баримтыг нь хүлээлгэн өгөөгүй зэрэг алдаа дутагдал гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй” болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, дотоод хяналт шалгалтын илтгэх хуудас болон Гадаадын иргэн, харьяатын газрын Даргын дэргэдэх зөвлөлийн тэмдэглэлээр тогтоогдсон байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нэгэнт нэхэмжлэгч нь холбогдох хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүргээ бүрэн биелүүлээгүй нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 353 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Эийн “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Э.Эт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар талд,