Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2016/00308

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, 1 дүгээр баг “Улаан ам” гэх газар оршин суух, Түмэнжаргал овгийн Лувсандашийн Даваадашийн  хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Даваадаш, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Даваадаш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие 1980 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс НЭХЯ-ны ЗХБУГ-ын харъяа Хархорин дахь ЗХХ-ийн колонид жолоочоор орж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Гэтэл ажилд орсон тушаал олдохгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсныг жилийг тогтоож өгнө үү. Мөн 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭ:Х нь

Хүсэлт гаргагч Л.Даваадаш нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.Даваадаш нь

- 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн туслах үйлдвэрт,

- 1980 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд НЭХЯ-ны ЗХБУГ-ын харъяа Хархорин дахь ЗХХ-ийн колонид жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, НАХЯ-ны ЗХУГ-ын харьяа Хархорин дахь Засан хүмүүжүүлэх колоний даргын 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 189 тоот  “Шагнах тухай” тушаал,  Даваадашид 1980 оны 08 дугаар сард урьдчилгаа тавьж цалин олгосон хүснэгт, Хархорин дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/1175 тоот Лувсандаш овогтой Даваадаш нь тус албанд жолоочоор ажиллаж байсан үеийн 1992-1997 оны цалингийн лавлагаа, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар хорих 423-р ангийн даргын 1997 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 8/23 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, №023405 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1975 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №11 тоот “Ажилд томилох тухай” тушаал, гэрч С.Ганболд, Д.Буд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Даваадаш нь 1976 оны 07 дугаар сарын 22-ноос 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 164-р ангид цэргийн алба хааж байсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Түмэнжаргал овгийн  Лувсандашийн Даваадашийг  

- 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт,

- 1980 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд НЭХЯ-ны ЗХБУГ-ын харъяа Хархорин дахь ЗХХ-ийн колонид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

         

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН