Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 656

 

 

 

 

 

   2020         04          10                                       2020/ШЦТ/656

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Ат холбогдох 2006 00313 0747 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, татварын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг, Мааньт гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 200-Б тоотод түр оршин суух, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Мын А /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.А нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4-200-А тоотод төрсөн эцэг Ж.Мтай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохин, түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талд 10 дугаар хавирганы сэтэрсэн хугарал, тархи доргилт, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алим, цээжинд цус хуралт, зүүн хацарт няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.4-5/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мын өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байхад 17 цагийн орчим хүү М.А нь надад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирж өгөхөөр нь бид 2 хувааж уусан. Тэгэхэд М.А нь их уухгүй, та уу гээд байсан. Тэгээд би дахин дэлгүүр орохоор гарч яваад гэрийнхээ ойролцоо гудамжинд үл таних 3 залууд дээрэмдүүлж хүрэн өнгийн бөгж 1 ширхэг, савхин бээлийгээ дээрэмдүүлсэн. Тэгэхээр нь би уурлаад буцаж гэр лүүгээ ороод хүү М.Ат “чи намайг харж хамгаалсангүй, чи өөрөө явж архи авч ирэхгүй яасан юм” гэж маргасан. Тэгэхэд намайг М.А түлхэж унагаад зүүн талын нүд рүү нэг удаа, хамар луу нэг удаа гараараа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Туяагийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 23-ны 20 цагийн орчим миний төрсөн ах Ж.Мын эхнэр П.Өнөрмөө над руу залгаад “Анхаа согтчихоод аавыгаа зодоод алах гээд байна” гэж хэлэхээр нь “та нар дандаа л зодолддог, битгий олон юм яриад бай” гэж хэлсэн... 22 цагийн орчим гэрт нь ороход Ж.М ахын нүүр нил цус болсон, цагдаа мэдүүлэг авч байсан. Ахын нүүрнээс цус гараад нил хавдсан байдалтай байсан, амьсгалж чадахгүй байна, хавирга өвдөөд байна гээд хажуу тийш хазайн сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ундармаагийн өгсөн: “... Ж.М нь манай хашаанд гуйж амьдардаг айл байгаа юм... тухайн орой гэртээ байхад гэрт нь орилох чимээ гараад байсан. Тэгэхээр нь би гэр лүү нь ороход Ж.М, М.А, П.Өнөрмаа нар согтуу байсан. Тэгэхэд Ж.Мын нүүр нь хавдсан, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би дүү н.Туяаг болон 103 дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 706 дугаартай:

          “... 1. Ж.Мын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талд 10 дугаар хавирганы сэтэрсэн хугарал, тархи доргилт, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алим, цээжинд цус хуралт, зүүн хацарт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.   Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24-25/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.А нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4-200-А тоотод төрсөн эцэг Ж.Мтай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохин, түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талд 10 дугаар хавирганы сэтэрсэн хугарал, тархи доргилт, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алим, цээжинд цус хуралт, зүүн хацарт няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.4-5/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мын өгсөн: “... Тэгэхэд намайг М.А түлхэж унагаад зүүн талын нүд рүү нэг удаа, хамарлруу нэг удаа гараараа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Туяагийн өгсөн: “... Ж.Мын эхнэр П.Өнөрмөө над руу залгаад “Анхаа согтчихоод аавыгаа зодоод алах гээд байна” гэж хэлэхээр нь “та нар дандаа л зодолддог, битгий олон юм яриад бай” гэж хэлсэн... 22 цагийн орчим гэрт нь ороход Ж.М ахын нүүр нил цус болсон, цагдаа мэдүүлэг авч байсан. Ахын нүүрнээс цус гараад нил хавдсан байдалтай байсан, амьсгалж чадахгүй байна, хавирга өвдөөд байна гээд хажуу тийш хазайн сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ундармаагийн өгсөн: “... тухайн орой гэртээ байхад гэрт нь орилох чимээ гараад байсан. Тэгэхээр нь би гэр лүү ороход Ж.М, М.А, П.Өнөрмаа нар согтуу байсан. Тэгэхэд Ж.Мын нүүр нь хавдсан, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 706 дугаартай:

          “... 1. Ж.Мын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талд 10 дугаар хавирганы сэтэрсэн хугарал, тархи доргилт, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алим, цээжинд цус хуралт, зүүн хацарт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.   Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24-25/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар М.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Ж.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд М.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Аын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ж.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Х овогт Мын Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Ат сануулсугай.

5. М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

    ДАРАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР