| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0193/Э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 200
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч Б.Т,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Амар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Бын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Бын М Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа галч хийдэг, ам бүл 1, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 212.500 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Шороотын амны зусланд оршин суух иргэн Б.Тийн эзэмшлийн хувийн байшинд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
-мөн иргэн Б.Т нарын өмчлөлийн куртикнууд, зурагт, хөшиг тогтоогч, сервантын шил, даралтын аппарат, монгол дээл, цүнх, хөнжил, таваг зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, устгасны улмаас 1.260.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүтэн өдөржингөө архидсан юм. Тэгээд согтуу байхдаа эхнэртэйгээ яриад гэрт нь очоод байшингийн нь цонхыг хагалж ороод эд хөрөнгийг нь сүйтгэсэн байсан. Зурагтыг нь зураад хаясан байна лээ. Хорлох гэж эд хөрөнгийг нь гэмтээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Т мэдүүлэхдээ: Би Мтэй гэр бүл болон амьдарч байгаад бид дундаасаа гурван хүүхэдтэй болсон. Гэвч энэ хүн архи уугаад 2008 оноос салж би гурван хүүхдийн хамт тусдаа амьдрах болсон. М архи уусан үедээ удаа дараа эд зүйл устгаж гэмтээж байсан. Энэ шүүх хуралдаан болохыг өмнө хүртэл архи уусан согтуу над руу ярьсан. Тэр хэрэг болсон өдөр бол би охин Навчаагийн түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг дэлгүүр дээр нь очиход охин аав над руу яриад чамайг одоо очиж ална гэж яриад байна гэхээр нь намайг гэж андуураад чам руу ярьж дээ гээд бид хоёр ярьж байсан. Орой нь том хүү гэртээ намайг гэртээ ирээд дусал хийгээд өгөөч гэхээр нь хүүгийнхээ гэрээр очиж тариа хийж өгсөн. Тэгэхэд хүү та хоноод яваач гэж байсан. Би гэртээ харимаар санагдаад гэр рүүгээ явсан. Тэгээд 23 цаг болж байх үед гэртээ очиход хашааны хаалга онгойсон байхаар нь хулгайч орсон юм байх даа гэж бодтол хулгайч орсон шинжгүй байсан. Тэгээд цагдаад хулгай орсон байна гэсэн дуудлага өгөхөд цагдаагаас та гэртээ оролгүй байж байгаарай гэсэн. Манай байшингийн цонхны шил хагараад цус болсон байсан. Тэгээд хүү, охин хоёрыгоо гэрээс нь дуудаж ирүүлсэн. Охиноо ирэхээр нь охиндоо аав чинь ирсэн юм биш үү гэхэд охин аав Амгалангаас ирж чадахгүй байлгүй дээ гэсэн. Гэтэл манай хуучин нөхөр энэ М манай гэрт ирээд эд хөрөнгийг нь устгаж, гэмтээсэн байсан. Би энэ хүнээс салаад гурван хүүхдээ өөрөө авч яваад өөрөө гэр оронтой болох гэж зүтгэж, гурван хүүхдээ ганцаараа өсгөх гэж амьдралын төлөө зүтгэсэн. Хүүхдүүд том болж тусдаа гарсан. М хүүхдүүддээ туслаагүй ч, хүүхдүүд нь Мд тусалж, дугуй засварын газар хүртэл түрээсэлж өгсөн. Хүүхдүүд энэ хүнд чадах ядахаараа тусалдаг. Гэтэл хүүхдүүдийнхээ хувцасыг хүртэл зүсээд, зүсээд гэмтээсэн байсан. Би бүх урсан хувцасыг хаясан, хэрэглэх ямар ч боломжгүй болсон байсан. Энэ хэргийн улмаас би сэтгэл санаагаар их хохирч байна. М миний данс руу 1.200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөн охинд надад өгөөрэй гээд 100.000 төгрөг өгсөн байсан. Нийт 1.300.000 төгрөг надад төлөгдсөн. Энэ хүнд маш их гомдолтой байна гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө 07 цагийн орчим гэрээсээ гарсан. Орой 22 цагийн орчим гэртээ ирсэн. Гэтэл манай байшингийн цонх хагарчихсан хулгай орсон байдалтай байсан. Шууд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар гэр рүү явж ороход дотор байсан эд зүйлийг хагалаад хаясан, хувцаснуудыг урсан байдалтай байсан. Манай гэрээс эд зүйл алдагдаагүй байсан. М миний салсан нөхөр байгаа юм. Бид хоёр 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа юм. 32 инчийн зурагтын нүүр хагарсан байсан. 2012 онд Номин их дэлгүүрээс авч байсан. Мөн гэрийн хойморт байсан серивантны шилийг хагалсан байсан. Миний өмсөж байсан цэнхэр өнгийн өвлийн куртикийг хутгаар сийчээд хаясан, манай бага хүүхдийн саарал өнгийн куртикийг хутгаар сийчээд хаясан, бас хар өнгийн куртикийг ураад хаясан байсан. Миний богино цэнхэр өнгийн савхин куртикийг бас хутгаар сийчээд урсан байсан. Хагарсан цонх 1х30 см хэмжээтэй байсан. Бор өнгийн дээл, 2 ширхэг гар цүнх, орны даавуу болон хөнжлийг хутгаар сийчээд ураад хаясан, аяга таваг хагалаад хаясан байсан. Манай гэрт байгаа зүйл бүгд миний эзэмшлийн эд зүйлс юм. Мийн эзэмшлийн эд зүйлс байхгүй. Бид хоёрын дундын эд хөрөнгө гэж байхгүй. Мд захиран зарцуулах эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
2. Гэрч М.Навчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “... 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр аав М өглөө 08 цагийн орчим согтуу над руу залгаад чамайг очиж ална гээд яриад байсан. Тухайн үед юу яриад байгааг сайн ойлгоогүй. Тухайн үед ээжтэй намайг андуураад яриад байсан юм шиг байна. 2018 оны 9 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчим ээж над руу яриад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би шууд гэр рүү нь явж очсон. Удалгүй цагдаа нар ирж үзлэг хийж байгаад хулгай биш байна гэж хэлсэн. Гэрээс ямар нэгэн эд зүйл алдагдаагүй, бүх юмыг эвдээд хутгаар бүх эд зүйлсийг сийчээд хаясан байсан. Ээж Т аав чинь согтуу ирээд ингэсэн байж магадгүй гээд бид нар аавыг хайж Амгаланд байрлах дугуй засвар руу очиход байхгүй байсан. Тэндээс Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны баянцагааны 3-22б тоотод гэрт нь очиход аав согтуу, гарнаас нь цус гарсан унтаж байсан. Тэндээс цагдаа нар шууд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
3. Гэрч М.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “... Манай гэрт очиж эд зүйлс, хувцаснуудыг устгаж гэмтээсэн гэж сонссон. Саарал болон хар өнгийн сөдөн куртикнууд нь миний куртик байгаа юм. Саарал өнгийн куртикийг хаясан. Хар өнгийн куртикийг оёулаад өмсөж байгаа. Т бол миний төрсөн ээж байгаа юм._ Бид нар нэг гэрийн хүмүүс учраас ээжийг миний өмнөөс хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
4. Яллагдагч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “...он сарыг санахгүй байна. Ажил дээрээ ганцаараа архи ууж согтчихоод өглөө эрт дахиж дэлгүүрээс архи авч ганцаараа уугаад согтуудаа хуучин цуг амьдарч байсан эхнэр Тийн гэр рүү явсан вм. Би нилээн архи уучихсан ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдэхэд Т гэрт оччихсон, байшингийнх нь цонхыг хагалж, гэр рүү нь ороод юмыг нь эвдэж сүйтгээд хаяаад байсан. Тэгээд тэндий гэрээс гарч явж байгаад гудамжинд тасраад унтсан байсан. ...Ттай уулзъя гэж гэрт нь очсон. Тэгээд гэртээ байхгүй болохоор нь хоролчихъё гэж бодоод ийм зүйл хийсэн юм. Т манай салсан эхнэр байгаа юм. Надад Тийн эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,
5. 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 3-15 дугаар тал/, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 32 инчийн зурагт, мөн даралт хэмждэг аппарат зэргийн эвдрэл гэмтэлд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ ,
6. Хохирогч Б.Таас хэрэгт ирүүлсэн Б.Мийн устгаж гэмтээсэн гэх хувцас, бусад эд зүйлийн урагдлыг харуулсан 11 ширхэг гэрэл зураг, уг гэрэл зурганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-17 дугаар тал/ ,
7. “Арвижих эстимэйт” ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 19, 10 дугаар сарын 09-ний өдөр эд хөрөнгийн үнийг тогтоосон үнэлгээ /хавтаст хэргийн 36-40 дүгээр тал/,
8.Шүүгдэгч Б.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дугаар тал, түүний урьд ял шийтгэгдэсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 65 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67 дугаар тал/, Б.Мийн Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт /хавтаст хэргийн 112 дугаар тал, мөн шүүх хуралдаанд гаргасан хугацааг сунгасан баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Б.Мийн 2007-2015 оны хооронд ажилласан байгууллагын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 70 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Тийн орон байранд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоос хэрэгт ирүүлсэн гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.М нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэсэн болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Б.М, хохирогч Б.Т нар нь 1992 онд гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ батлуулж хамтран амьдарч байсан байх ба, 2008 оноос хойш хугацаанд тэд тус тусдаа амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Шороотын амны зусланд оршин суух иргэн Б.Тийн эзэмшлийн хувийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, улмаар иргэн Б.Т нарын өмчлөлийн куртикнууд, зурагт, хөшиг тогтоогч, сервантын шил, даралтын аппарат, монгол дээл, цүнх, хөнжил, таваг зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, устгасны улмаас 1.260.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
-хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчим гэртээ ирэхэд ...манай байшингийн цонх хагарсан ...байсан. Шууд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар гэр рүү явж ороход дотор байсан эд зүйлийг хагалаад хаясан, хувцаснуудыг урсан байдалтай байсан. ...Мөн гэрийн хойморт байсан серивантны шилийг хагалсан, миний өмсөж байсан цэнхэр өнгийн өвлийн куртик, ... манай бага хүүхдийн саарал өнгийн куртикийг, ...хар өнгийн куртикийг хутгаар сийчээд ураад хаясан байсан. Миний богино цэнхэр өнгийн савхин куртикийг бас хутгаар сийчээд урсан байсан. ...Бор өнгийн дээл, 2 ширхэг гар цүнх, орны даавуу болон хөнжлийг хутгаар сийчээд урсан, аяга таваг хагалсан байсан. Манай гэрт байгаа зүйл бүгд миний эзэмшлийн эд зүйлс юм. Мийн эзэмшлийн эд зүйлс байхгүй. Мд захиран зарцуулах эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-гэрч М.Навчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчим ээж над руу яриад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ...би шууд гэр рүү нь явж очсон. Удалгүй цагдаа нар ирж үзлэг хийж байгаад хулгай биш байна гэж хэлсэн. Гэрээс ямар нэгэн эд зүйл алдагдаагүй, бүх юмыг эвдээд хутгаар бүх эд зүйлсийг сийчээд хаясан байсан. ..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, -гэрч М.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Саарал болон хар өнгийн сөдөн куртикнууд нь миний куртик байгаа юм. Саарал өнгийн куртикийг хаясан. Хар өнгийн куртикийг оёулаад өмсөж байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
-яллагдагч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...он сарыг санахгүй байна. ...ганцаараа уугаад согтуудаа хуучин цуг амьдарч байсан эхнэр Тийн гэр рүү явсан юм. ...Нэг мэдэхэд Т гэрт оччихсон, байшингийнх нь цонхыг хагалж, гэр рүү нь ороод юмыг нь эвдэж сүйтгээд хаяаад байсан. ...Ттай уулзъя гэж гэрт нь очсон. Тэгээд гэртээ байхгүй болохоор нь хоролчихъё гэж бодоод ийм зүйл хийсэн юм. ...Надад Тийн эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,
-2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 3-15 дугаар тал/, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 32 инчийн зурагт, мөн даралт хэмждэг аппарат зэргийн эвдрэл гэмтэлд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ , хохирогч Б.Тын хэрэгт ирүүлсэн устгаж гэмтээсэн гэх хувцас, бусад эд зүйлийн урагдлыг харуулсан 11 ширхэг гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-17 дугаар тал/ , Арвижих эстимэйт ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 19, 10 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгийн үнийг тогтоосон үнэлгээ /хавтаст хэргийн 36-40 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх” эрхтэй гэж заасан. Мөн орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заажээ.
Хүний халдашгүй эрхэд чөлөөтэй байх эрх, бие эрхтэний халдашгүй эрх, орон байрны халдашгүй эрх, өмчийн халдашгүй эрхийг ойлгоно.
Орон байр гэдэг нь хүн байнга болон түр хугацаагаар амьдрахад зориулагдсан гэр, байшин, өрөө, тасалгаа зэргийг ойлгох бөгөөд орон байрны халдашгүй эрх нь орон сууц эзэмшигч этгээдийн халдашгүй эрхтэй хоорондоо шууд хамааралтай бөгөөд тус эзэмшигч этгээдийн орон сууцыг эвдэж орох, нэвтрэх, нэгжих зэрэг үйлдлийг орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн гэж үзнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хэдийгээр Б.М нь Б.Ттай гэр бүлийн харилцаатай байсан ч, тэд 2008 оноос хойш тусдаа амьдарч байсан байх тул шүүгдэгч Б.М нь иргэн Б.Тийн орон байранд зөвшөөрөлгүй орох, эд хөрөнгийг нь зарцуулах эрхгүй атлаа дураараа авирлаж хохирогчийн байшингийн цонхыг хагалж, гэрт нь орсон үйлдэл нь дээр дурдсанчлан орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хохирогчийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж улмаар хохирогч Б.Т болон өөрийн хүүхдийн хувцсыг хутгаар сийчиж урсан, зурагтыг нь хутгаар зүссэн зэргээр бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээж, 1.260.000 төгрөгийн хохирол учруулсныг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ хуучин эхнэр Б.Тийг хорлох санаатай байсан гэж мэдүүлснээс үзвэл гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр үйлдсэн байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Мийг холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт, хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус хэргийн улмаас хохирогч Б.Тийн устсан, эвдэрсэн эд хөрөнгийг үнийг хөрөнгийн үнэлгээний Арвижих эстимэйт ХХК нь 1.260.000 төгрөгөөр тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мөөс хохирогч Б.Тт 1.300.000 төгрөг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд харилцан мэдүүлсэн, мөн энэ талаар банкны гүйлгээний баримтыг хэрэгт ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Мийг хохирогч Б.Тт төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байгаа нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгийн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.400.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялыг 3.900.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, уг ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгч Б.Мд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр буюу химийн бодис, хий, утаа, уур амьсгалснаас үүсэх амьсгалын замын J68 гэсэн оношоор 2019 оны 2 дугаар сарын 05-наас 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 55 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлгийн байгууллагын акт гарсан байдаг тул түүнд хуульд заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй юм. Иймд торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, мөн согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байх талаар түүнд албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2005 онд ял шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 17 дугаар бүлэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд үүнийг нэг бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй тул түүнд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Иймд шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан дээрх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Мөн хуульд зааснаар Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ял болгон солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:
1.1-д үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ гэж заажээ.
Иймээс шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд авч шийдвэрлэв.
Харин шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд оногдуулахгүй гэж заасан.
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан этгээд гэдгийг уг этгээдийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиас дээш бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзнэ.
Хэрэгт шүүгдэгч Б.Мөөс ирүүлсэн түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт нь J68 гэсэн оношоор 2019 оны 2 дугаар сарын 05-наас 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 55 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон байна. Иймд шүүгдэгч Б.Мийг хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн алдсан гэж үзэхээргүй байна.
Нөгөө талаас шүүгдэгч Б.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, групп тогтоолгосон актыг үндэслэн халамжаас сард 300.000 төгрөгийг авдаг талаараа мэдүүлэх боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлбөр, өмгөөлөгчийн хөлс зэргийг төлөхөөр 2019 оны 2 дугаар сард 6 сарын хугацаатай зээл авсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөн хувиараа галч хийж сард 250.000 төгрөгийн цалин авдаг гэх боловч энэ талаар баримтгүй, түүний цалин хөлс, орлого, бусад орлогыг тодорхойлсон нотлох баримтгүй зэргээр түүнд торгох ял оногдуулах боломжгүй байгаа тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
4. Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Бын Мийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон; мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял; 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Мийн биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял болгон солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд авсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Тт төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Т.АЛТАНТУЯА