| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0657/Э |
| Дугаар | 705 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | П.Мөнхтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 705
2020 04 17 2020/ШЦТ/705
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч П.Мөнхтуяа,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхтулга,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ход холбогдох 2003 00220 0671 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод хотод 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 696 тоотод түр оршин суух, ам бүл 3, эх, эгчийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дын Х /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.Мөнхтулгын авто засварын газарт засуулахаар үлдээсэн Prius-20 загварын 75-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яваад, замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж бусдад нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхтулгын өгсөн: “Би 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед энэ засварын газар очсон. Машиныхаа урд, хойд гуперыг засуулахаар засварчин залуутай 210.000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед урьдчилгаа 120.000 төгрөг төлсөн. “Хэзээ гарах вэ” гэсэн чинь “02 дугаар сарын 20-ны өдөр гарчихна. Гэхдээ будаг нь сайн хатаагүй байдаг юм” гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа авахаар болсон. Би урьд өдөр нь ажилтай байж байгаад тэр өдрөө машинаа авах гээд залгасан, утсаа аваагүй. Орой нь Замын цагдаагаас залгаад машиныг чинь унаж яваад ийм болгочихсон байна гэсэн. Би тэгж л мэдсэн. Шүүх, цагдаагаар яваад яахав хоорондоо тохиролцъё гэсэн. Би чамд ямар машин өглөө. Би чамд бүтэн машин өгсөн. Урд гупер, ард гупер 2 нь жоохон сэвтэй. Тэрийг янзлуулах гэж л өгсөн. Чи өөрөө ч гэсэн мэдэж байгаа байх. Чи хүний машиныг дур мэдэн унаж явсан. Нилээн хүчтэй мөргөсөн байсан. Урд талын лонжерон руугаа орчихсон, урд талын гэрэл нь байхгүй, хаалга нь гацчихсан, аваарын гэрэл нь задарчихсан байсан. Үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд зах зээлийн ханш нь 8.000.000 төгрөг, машины хохирол нь 3.800.000 төгрөг гарсан. Унасан, мөргөлдсөн машин авдаг газрууд байдаг юм байна лээ. Чи тэнд өгөөд үлдэгдэл мөнгийг нь надад өгчих гэж хэлсэн. Тэгсэн “ахаа би танд машиныг чинь 7 хоногийн дотор засуулаад өгье” гэсэн. Одоо тэрнээс хойш 2 сарын хугацаа өнгөрч байна. Сүүлдээ болохоо болиод “чи зүгээр наад машинаа надад сайхан янзлаад өгчих” гэсэн. Янзалсан юм ч байхгүй. Одоо ингээд байж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхтулгын өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засварт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 75-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард, урд гуприйн хагарсан хэсгийг засуулахаар засварчин Х хүлээлгэж өгсөн байсан. Миний машин 2 хоноод гарна гэж хэлсэн боловч машин засвараас гарах байсан өдрийн өглөө Х миний машиныг надад хэлэлгүйгээр унаж яваад зам тээврийн осол гаргасан байсныг тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх.27-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Мягмарсүрэнгийн өгсөн: “... Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны 380а тоот гэрээсээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг 05 минутын орчимд өөрийн эзэмшлийн Нөт маркын 46-28УНУ улсын дугаартай автомашинтайгаа нөхөр О.Дэлгэрдалайгийн хамт ажил болох Баянзүрх дүүргийн 137 дугаар сургууль луу явсан. Гэрээсээ гарч Хайлаастын бээлийний үйлдвэрээр уруудаад арван долоогоор чигээрээ Дарь эхийн уулзвар луу орж Монелийн зам руу ороод явж байтал эсрэг урсгалаас саарал өнгийн Приус маркийн автомашин ороод ирсэн, би баруун тийшээ буюу замын брожур давах гээд дарсан боловч давж чадалгүй мөргөсөн. Эсрэг урсгалаас ирсэн машинтай зүүн урд талаараа мөргөлдсөн. Мөргөлдсөн машиныг эрэгтэй хүн жолоодож явсан ба ослын дараа автомашинаас нь 2 зорчигч буусан...” гэх мэдүүлэг /хх.35/,
Хохирогч Н.Мөнхтулгын Приус маркийн 75-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг тооцсон 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Итгэлт Эстимэйт” ХХК-й автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх.50-56/,
Мөрдөн шалгах ажиллагаад Д.Хын яллагдагчаар өгсөн: “... Би хувиараа машины автозасвар дээр ажилладаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манайд Приус-20 маркийн 75-38 ОРО улсын дугаартай автомашины хойд, урд гуперийг хүн засуулахаар оруулж ирсэн бөгөөд манайх 2 хоногийн дотор засварлаад өгөх байсан. Засвараас гарсан өдөр нь би эзэмшигч Мөнхтулгад мэдэгдэлгүйгээр найз Сарангоотой ойрхон юманд явахаар унаад засвараас гарсан. Гарч явах хугацаандаа зам тээврийн осол гаргасан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх.86-87/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.Мөнхтулгын авто засварын газарт засуулахаар үлдээсэн Prius загварын 75-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гарган бусдад нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхтулгын өгсөн: “... Х миний машиныг надад хэлэлгүйгээр унаж яваад зам тээврийн осол гаргасан байсныг тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх.27-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Мягмарсүрэнгийн өгсөн: “... эсрэг урсгалаас саарал өнгийн Приус маркийн автомашин ороод ирсэн, би баруун тийшээ буюу замын брожур давах гээд дарсан боловч давж чадалгүй мөргөсөн. Эсрэг урсгалаас ирсэн машинтай зүүн урд талаараа мөргөлдсөн. Мөргөлдсөн машиныг эрэгтэй хүн жолоодож явсан ба ослын дараа автомашинаас нь 2 зорчигч буусан...” гэх мэдүүлэг /хх.35/,
Хохирогч Н.Мөнхтулгын Приус маркийн 75-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг тооцсон 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Итгэлт Эстимэйт” ХХК-й автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх.50-56/,
Мөрдөн шалгах ажиллагаад Д.Хын яллагдагчаар өгсөн: “... би эзэмшигч Мөнхтулгад мэдэгдэлгүйгээр найз Сарангоотой ойрхон юманд явахаар унаад засвараас гарсан. Гарч явах хугацаандаа зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.86-87/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхтулгын өгсөн: “Би 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед энэ засварын газар очсон. Машиныхаа урд, хойд гуперыг засуулахаар засварчин залуутай 210.000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед урьдчилгаа 120.000 төгрөг төлсөн. “Хэзээ гарах вэ” гэсэн чинь “02 дугаар сарын 20-ны өдөр гарчихна. Гэхдээ будаг нь сайн хатаагүй байдаг юм” гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа авахаар болсон. Би урьд өдөр нь ажилтай байж байгаад тэр өдрөө машинаа авах гээд залгасан утсаа аваагүй. Орой нь Замын цагдаагаас залгаад машиныг чинь унаж яваад ийм болгочихсон байна гэсэн. Би тэгж л мэдсэн... Нилээн хүчтэй мөргөсөн байсан. Урд талын лонжерон руугаа орчихсон, урд талын гэрэл нь байхгүй, хаалга нь гацчихсан, аваарын гэрэл нь задарчихсан байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Хын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Д.Хоос 3.500.000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхтулгад олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Ход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Хын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ход эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Д.Ход оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Дын Хыг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ход 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ход сануулсугай.
4. Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Хоос 3.500.000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхтулгад олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР