| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0227/Э |
| Дугаар | 242 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 242
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овгийн Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Бын Г нь Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 05-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг гэх, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл:
1. Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн (РД:...)
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн гадна 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн А.Эыг хүүхдийнх нь гарыг оролдлоо гэх шалтгаанаар маргаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгаас хүн тээвэрлэж ирээд “...” төв дээр хүмүүсээ буулгасан. Тэгээд зогсож байхад нэг хүүхэд тэвэрсэн хүүхэн явсан. Хүүхэд гар нь даарсан харагдахаар нь хүүхдийн гарыг барьж даарсан байна гэхэд тэр хүүхэн тиймээ гэсэн. Гэтэл саарал өнгөтэй машинаас нэг залуу бууж ирээд хэл амаар доромжилж, бид барьцалдаж авсан. Тэгээд нэг удаа түүнийг цохисон. Намайг тэр залуу мангасдаад цээж рүү түлхээд цохихоор нь түүнийг цохичихсон юм гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 02-нд өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед “...” дээр ээж, аав хоёрыг Увс аймаг руу явуулах гээд эхнэр хүүхдийн хамт “...” дээр очсон байсан. Тэр үед автобус явах арай болоогүй болохоор нь эхнэр хүүхдээ даарчихна гээд тэднийг дагуулаад би өөрөө түрүүлж машин руугаа алхаад машинаа онгойлгох гэж байхад манай эхнэр хүүхдээ хойш нь харуулаад тэвэрсэн алхаж байхад араас нь залуу мяраагаад араас нь алхаж байсан. Би ажиглаад харахад манай хүүхдийн гараас нь нэг үл таних залуу барьсан, эхнэрийн араас нь алхаж байгаа харагдсан. Тэр үед манай хүүхэд уйлахаар нь би явж очоод Г гэх залууд хандаж “чи нялх нойтон хүүхэд айлгачихлаа, хулгай хийх гээд байгаа юм уу” гэж хэлэхэд Г хариуд нь “чи яасан сүртэй юм бэ, би хүүхдийн чинь гар даарсан байхаар нь гараас нь барьж өхөөрдсөн юм” гэж хэлсэн. Би Гын хүрэмний захнаас нь заамдахад намайг зөрүүлээд барьж авсан. Г “чи яасан сүртэй юм бэ, би бас жоохон хүүхэдтэй хүн” гээд надтай зууралдаад бие биенээ заамдаад зогсож байхад хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгах үед баруун гараа атгаж байгаад миний дээд уруул руу нэг удаа цохисон. Би тухайн үед манараад газар унасан. Би унасан газраасаа босож ирэхэд миний дээд уруулнаас цус гоожоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Г надаас уучлалт гуйгаад хоёулаа тохиръё гээд байсан. Би чамтай тохирохгүй цагдаагаар шалгуулна гэж хэлэхэд Г намайг орхиод явсан. Би тухайн үед Г эхнэрийн араас гэтэж алхаад байхаар нь хулгай хийх гэж байна гэж андуурсан байна лээ. Г гэж залуу надаас уучлалт гуйгаад эм тариа авсан 15.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],
2. Гэрч Б.Лхамжавын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-нд өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “...” дээр очиж 15.00 цагийн автобусанд манай нөхрийн ээж, аав хоёрыг Увс аймаг руу явуулах гээд автобусанд нь ачааг нь аваачиж өгчихөөд хүүхэд даарлаа гээд баруунаас зүүн тийш би хүүхдээ тэврээд нөхрийн хамт машин руугаа алхсан. Нөхөр надаас түрүүлээд алхаад явсан. Би араас нь явж байхад нөхөр машин дээрээ очоод эргэж над руу алхаж ирээд миний ард зогсож байсан залууг “чи яагаад манай эхнэрийн араас гэтээд, хүүхдийн гар бариад байгаа юм бэ, гарыг нь мушгаад байгаа юм уу” гэж хэлсэн. Тэр залуу “танай хүүхдийн гар даарсан болохоор нь би өхөөрдөөд гарыг нь барьсан юм” гэж хэлээд манай хүүхдийн гарыг дахиж бариад “чи яасан сүртэй юм, би ч гэсэн хүүхэдтэй хүн” гэж байсан. Манай нөхөр тэр залуу руу дайраад “миний хүүхдийн гарнаас чи барих ёстой юм уу” гээд тэр хоёр хоорондоо их л ойрхон том дуугаар хэрэлдээд байсан. Би цааш алхаж машиныхаа хажууд очоод нөхрөө дуудахад манай нөхөр байж бай гээд тэр хоёр хойшоогоо алхаж байгаад зогсоод бие биенээ заамдахад хажууд нь байсан хүмүүс салгаж байхад тэр залуу баруун гараа атгаж байгаад манай нөхрийн нүүр лүү нь цохиход манай нөхөр хөл алдаад газар унасан. Манай нөхөр унасан газраасаа босож ирээд тэр залуу руу дайрахад хажууд нь байсан хүмүүс хориод ойртуулаагүй. Манай нөхөр цагдаад дуудлага өгөөд байж байхад тэр залуу манай нөхөртэй уулзаад уучлалт гуйгаад байсан. Манай нөхөр цагдаа дуудсан цагдаагаар асуудлаа шийдүүлнэ гэсэн. Би тэр хоёрыг үлдээгээд машиндаа орж суугаад аав, ээж рүү утсаар ярьчихаад байж байхад Э ирээд тэр залуу явчихлаа гэж ирээд машиндаа суугаад цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. Би хүүхдээ тэврээд алхаж байхад миний араас манай хүүхдийн гарыг барьсан байсан. Тэр залуу надад хандаж үг хэлээгүй. Надад хэлсэн бол би мэдээгүй сонсоогүй. Богино хүрэн өнгийн савхин хүрэмтэй дотуураа юүдэнтэй бараан өнгийн цамцтай, хар өнгийн саравчтай малгай өмссөн байсан. Бор царайтай 175 см орчим өндөр 30 гаран насны залуу байсан. Тэр залууд цохиулсны дараа Эын дээд уруулнаас нь цус гараад хавдсан байсан. Өмссөн хувцас нь шороо болсон байдалтай байсан....” гэх мэдүүлэг [2] ,
3. Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 11-нд яллагдагчаар өгсөн:
“...Би Дархан-Уул аймаг, УлаанБ хот хоёрын хооронд хувийн машинаараа хүн тээвэрлэдэг ажил хийдэг. Тэр өдөр Дархан-Уул аймгаас ирээд “...” дээр буцах гээд хүн хайгаад зогсоол дээр зогсож байхад 13 цагийн үед “...” авто зогсоол дээр зүүнээс баруун тийш бага насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй алхаж байсан. Би тэр эмэгтэйд хандаж “Дархан явах юм уу” гэж асуухад тэр эмэгтэй явахгүй гэж хэлсэн. Би түүний тэвэрсэн хүүхдийг харахад даарсан бололтой хоёр гар нь ил гарсан, малгайгүй байсан. Би тэр эмэгтэйд хандаж “хүүхдийн чинь гар даарсан байна” гэж хэлээд хүүхдийг өхөөрдөөд баруун гарнаас нь хоёр гараараа бариад араас нь 2-3 алхам газар алхсан. Тэр хүүхэн өнгөрч яваад удаагүй байхад нэг залуу саарал өнгийн суудлын машинаас бууж над дээр ирээд “хулгайч минь чи яагаад хүүхдийн гар мушгаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би “хүүхдийн чинь гар даарсан байна гэж эхнэрт чинь хэлсэн, хүүхдийн гар мушгаагүй” гэж тайлбарласан. Тэр залуу муу хулгайч, архичин гэж хэлээд цээжээрээ над руу түлхэж дайрсан. Эхнэр нь нөхөртөө хандаж “наад залууд чинь буруу байхгүй, хүүхэд өхөөрдсөн юм” гэж хэлээд нөхрөө явъя гээд чангаагаад татаад байсан. Тэр залуу баруун гараараа миний нүүрийг мангасдаад над руу дайраад намайг хойшоогоо зайнд гаръя гэж дагуулаад хойшоогоо алхсан. Эхнэр нь нөхрөө явъя гээд машиныхаа хажууд орилоод зогсоход нөхөр нь эхнэр лүүгээ алхаж байгаад буцаж ирээд намайг “архичин минь, чи согтуу байна” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Би өөрөөсөө холдуулж хоёр гараараа түлхээд баруун гараа атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэр үед тэнд байсан хүмүүс ирээд бид хоёрыг салгаад явуулсан. Намайг цохисны дараа тэр залуугийн амнаас нь цус гарч байсан. Би тэр залуугаас уучлалт гуйгаад “миний буруу чамайг цохчихлоо хоёулаа эр хүн шиг гар бариад салъя, би чамайг эмнэлэгт орж үзүүлье” гэж хэлэхэд тэр залуу чамайг уучлахгүй, цагдаагаар шалгуулна гэсэн. Тэр үед би тэр залууг орхиод явсан. Э гэж залуутай уулзаж уучлалт гуйсан. Надаас эм тариа авсан мөнгө гээд 14.700 төгрөг нэхэмжилсэн. Би тэр мөнгийг бэлэн өгсөн. Би хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. ...” гэх мэдүүлэг [3],
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1660 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын зүүн дотор салстад 2,0 см хэмжээтэй зах ирмэг тэгш бус язарч ангайсан шархтай, тэмтрэхэд эмзэглэлтэй, орчны эд овойж хавдсан, дээд үүдэн зүүн 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон, эмзэглэлтэй.
ДҮГНЭЛТ:
1. А.Эт дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч Ц.Г/ ...” гэсэн дүгнэлт [4],
5. Хохирогч А.Эын шүүгдэгчээс 15.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт [5],
6. Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа [6], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [7], Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн албан бичгийн хуулбар [8], Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар [9] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн гадна иргэн Б.Лхамжавын тэвэрч явсан бага насны хүүхдийн гарыг барьснаас болж А.Э нь миний хүүхдийн гарыг оролдлоо гэх шалтгаанаар түүнтэй маргахад Б.Г нүүрэн тус газарт нь цохиж, дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед “...” дээр ээж, аав хоёрыг Увс аймаг руу явуулах гээд эхнэр хүүхдийн хамт очсон байсан. ...эхнэр хүүхдээ даарчихна гээд дагуулаад би өөрөө түрүүлж машин руугаа алхаад машинаа онгойлгох гэж байхад манай эхнэр хүүхдээ хойш нь харуулаад тэвэрсэн алхаж байхад араас нь нэг залуу мяраагаад алхаж байсан. Би ажиглаад харахад манай хүүхдийн гараас нэг үл таних залуу барьсан, эхнэрийн араас нь алхаж байгаа харагдсан. Тэр үед манай хүүхэд уйлахаар нь би явж очоод Г гэх залууд хандаж “чи нялх нойтон хүүхэд айлгачихлаа, хулгай хийх гээд байгаа юм уу” гэж хэлэхэд Г “чи яасан сүртэй юм бэ, би хүүхдийн чинь гар даарсан байхаар нь гараас нь барьж өхөөрдсөн юм” гэж хэлсэн. Би Гын хүрэмний захнаас нь заамдахад намайг зөрүүлээд барьж авсан. Г “чи яасан сүртэй юм бэ, би бас жоохон хүүхэдтэй хүн” гээд надтай зууралдаад бие биенээ заамдаад зогсож байхад хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгах үед баруун гараа атгаж байгаад миний дээд уруул руу нэг удаа цохисон. Би тухайн үед манараад газар унасан. Би унасан газраасаа босож ирэхэд миний дээд уруулнаас цус гоожоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн.. ...” гэх мэдүүлэг [10],
- гэрч Б.Лхамжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “...” дээр ...би хүүхдээ тэврээд нөхрийн хамт машин руугаа алхсан. Нөхөр надаас түрүүлээд алхаад явсан. Би араас нь явж байхад нөхөр машин дээрээ очоод эргээд над руу алхаж ирээд миний ард зогсож байсан залууг “чи яагаад манай эхнэрийн араас гэтээд, хүүхдийн гар бариад байгаа юм бэ, гарыг нь мушгаад байгаа юм уу” гэхэд тэр залуу “танай хүүхдийн гар даарсан болохоор нь би өхөөрдөөд гарыг нь барьсан юм” гэж хэлээд манай хүүхдийн гарыг дахиж бариад “чи яасан сүртэй юм, би ч гэсэн хүүхэдтэй хүн” гэсэн. Манай нөхөр “миний хүүхдийн гарнаас чи барих ёстой юм уу” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. ...тэр хоёр ...бие биенээ заамдахад хажууд нь байсан хүмүүс салгаж байхад тэр залуу баруун гараа атгаж байгаад манай нөхрийн нүүр рүү нь цохиход манай нөхөр хөл алдаад газар унасан. ...Тэр залууд цохиулсны дараа Эын дээд уруулнаас нь цус гараад хавдсан. Өмссөн хувцас нь шороо болсон байдалтай байсан....” гэх мэдүүлэг [11],
- Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...13 цагийн үед ... авто зогсоол дээр зүүнээс баруун тийш бага насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй алхаж байсан. ...Би тэр эмэгтэйд хандаж “хүүхдийн чинь гар даарсан байна” гэж хэлээд хүүхдийг өхөөрдөөд баруун гарнаас нь хоёр гараараа бариад араас нь 2-3 алхам газар алхсан. ...удаагүй нэг залуу саарал өнгийн суудлын машинаас бууж ирээд “хулгайч минь чи яагаад хүүхдийн гар мушгаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би “хүүхдийн чинь гар даарсан байна гэж эхнэрт чинь хэлсэн, хүүхдийн гар мушгаагүй” гэж тайлбарласан. ...Тэр залуу баруун гараараа миний нүүрийг мангасдаад над руу дайраад намайг хойшоогоо зайнд гаръя гэж хэлээд дагуулаад хойшоогоо алхсан. ...намайг “архичин минь, чи согтуу байна” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Би өөрөөсөө холдуулж хоёр гараараа түлхээд баруун гараа атгаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. ...Намайг цохисны дараа тэр залуугийн амнаас цус гарч байсан....” гэх мэдүүлэг [12]
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1660 дугаартай дүгнэлт [13] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа боловч шууд санаатай үйлдлээр хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч А.Э нөхцөл байдлыг буруугаар ойлгож, бусадтай зүй бус харьцсан зэрэг байдал нь нөлөөлжээ.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Эын эрүүл мэндэд “дээд уруулд шарх гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Хохирогч А.Эын “...Гоос 15.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Эт төлөх төлбөргүй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2015, 2017 онд тус тус ял шийтгэгдэж байсан байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ял болгон солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан боловч шүүгдэгч Б.Г нь хувиараа ажил эрхэлдэг гэх боловч түүний цалин хөлс, орлого, бусад орлогыг илэрхийлсэн, тодорхойлсон санхүүгийн баримтгүй, түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г нь сар бүр зээл төлдөг талаар мэдүүлсэн, мөн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэв.
4. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Эт төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун цаг) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Эт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА