| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0656/Э |
| Дугаар | 706 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 706
2020 04 17 2020/ШЦТ/706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Од холбогдох 1906 06592 0666 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 2001 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхааны 2 дугаар гудамжны 169 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 79 дүгээр байрны 61 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1664 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Я овогт Сн О /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.О нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Агар-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Агар-Эрдэнийн өгсөн: “... Очироо ах руугаа залгаад “хүмүүс машинаа холдуул гээд байна” гэж хэлсэн. Би эргээд доошоо машины зогсоол руу буусан. Орцноос гарч ирэхэд Очироогийн ах болох залуу манай ээж Одгэрэлтэй хэрэлдээд зогсож байсан. Тэгээд ээжийг “машинаа холдуулаач” гэхэд “чиний зогсоол юм уу, чиний газар юм уу, эргүү балай хүүхэн минь” гээд байсан. Ах нь гэх залуу Очироог “буугаад ир” гэж залгасан. Очироо гарч ирээд миний нүүрэн тус газар 1 удаа хүчтэй цохисон. Би нагац ах Наранболдыг дуудсан. Очироогийн ах уурлаад бид нартай маргалдаад байсан. Очироо тэгэхэд “энэ бүхэн чамаас болж байгаа, чамайг ална аа” гэж хэлээд над руу зодох гээд дайрсан. Би Очироогийн 2 гарыг бариад бид заамдалцсан... Наранболд ирээд бид хоёрыг салгасан. Ээжийг гэр лүүгээ оруулах гээд ах Наранболдын хамт гэр лүүгээ орсон. Тэгээд ээжийг гэрт үлдээгээд машинаа зогсоолд тавих гээд гарсан. Лифтнээс буух гэж байхад Очироотой тааралдсан. Наранболд “чи яагаад манай дүүг дээрэлхээд байдаг юм” гэж асуусан. Очироо “зодуулж байвал танай дүүгийн хохь нь” гэж хэлсэн... Очироо миний толгой руу гараараа цохиж, доошоо суусан чинь толгой руу өшиглөсөн... Наранболд ах, Очироогийн ахтай цаана маргалдаж байсан. Ээж Одгэрэл лифтнээс гарч ирээд Очироог түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх.14-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Одгэрэлийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 11-нийн өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 779 дүгээр байранд хүү Агар-Эрдэнийн хамт ирсэн. Зогсоол дээр машин байрлуулах гэхэд Очироогийн ахын машин зогсоол хаагаад тавьсан байсан. Агар-Эрдэнэ Очироогийн гэр лүү орсон. Энэ үед Очироогийн ах нь болох залуу хүрээд ирсэн. Би уурлаад “та машин тэргээ зөв тавьж чадахгүй, дүү чинь хүртэл хүн зоддог ямар сонин хүмүүс вэ” гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдсан. Удахгүй Агар-Эрдэнэ гарч ирээд Очироо араас нь гарч ирсэн. Тэгтэл Очироо “энэ бүхэн чамаас болж байгаа юм” гээд Агар-Эрдэнийн нүүрэнд 1 удаа цохисон. Би “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм” гээд Очироо луу орилж маргалдсан. Энэ үед Агар-Эрдэнэ, Наранболдыг дуудсан байсан. Наранболд ирээд бид нарыг салгасан. Наранболдыг ирэхэд Агар-Эрдэнэ, Очироо нар барилцаж авсан байсан. Агар-Эрдэнийн хамт намайг гэр лүү оруулсан. Гэрт орчихоод Агар-Эрдэнэ, Наранболд нар машинаа байрлуулах гээд гарсан... орцонд бөөн шуугиан болж байхаар нь лифтнээс буугаад очсон. Агар-Эрдэнийг буланд шахаад унагаачихсан, Очироо өшиглөөд, Дөлгөөн гэх найз нь толгой дээрээс нь дарж байсан. Наранболд ирээд салгасан. Очироогийн ахтай ярилцаж эхэлсэн. Ярилцаад салах хооронд Очироо “чамайг таарсан газраа ална аа” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Наранболдын өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай дүү Агар-Эрдэнэ над руу яриад “О намайг дээрэлхээд зодоод байна” гэсэн. Тэгээд би ойрхон болохоор байрных нь гадна очиход 3 эрэгтэй, 1 эмэгтэй, Агар-Эрдэнэ, манай эгч Одгэрэл нар байсан. Маргалдаад зогсож байсан. Би очоод “юу болоод байгаа юм” гээд асуухад баахан хэрүүл маргаан болоод байсан. Од хандаж “чи яахаараа дандаа хүүхэд дээрэлхээд байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд байрны гадна О, Агар-Эрдэнийг барьж газар унагаагаад цохиж, зодоод байсан. Ах нь намайг барьчихаад байсан. Тэгээд салцгаагаад лифт рүү орсон. Лифтний гадна О дахин Агар-Эрдэнийг барьж аваад газар унаган дээрээс нь өшиглөөд байсан. Ах нь намайг барьж аваад хөдөлгөхгүй байсан. Би түлхээд салгасан. О “Агараа чамайг ална” гэж заналхийлээд байсан...” гэх мэдүүлэг /хх.32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12397 дугаартай:
“1. Э.Агар-Эрдэнийн биед тархи доргилт, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.О нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Агар-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Агар-Эрдэнийн өгсөн: “... Очироо гарч ирээд миний нүүрэн тус газар 1 удаа хүчтэй цохисон... Очироо миний толгой руу гараараа цохиж, доошоо суусан чинь толгой руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.14-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Одгэрэлийн өгсөн: “... Очироо “энэ бүхэн чамаас болж байгаа юм” гээд Агар-Эрдэнийн нүүрэнд 1 удаа цохисон... Агар-Эрдэнийг буланд шахаад унагаачихсан Очироо өшиглөөд Дөлгөөн гэх найз нь толгой дээрээс нь дарж байсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Наранболдын өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай дүү Агар-Эрдэнэ над руу яриад О намайг дээрлэхээд зодоод байна гэсэн... Тэгээд байрны гадна О Агар-Эрдэнийг барьж газар унагаагаад цохиж, зодоод байсан... Лифтний гадна О дахин Агар-Эрдэнийг барьж аваад газар унаган дээрээс нь өшиглөөд байсан. Ах нь намайг барьж аваад хөдөлгөхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12397 дугаартай:
“1. Э.Агар-Эрдэнийн биед тархи доргилт, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт С.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
С.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Насанд хүрээгүй хохирогч Э.Агар-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Ү.Одгэрэл нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгүүлж байсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
С.Од оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Я овогт Сн Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Од сануулсугай.
4. С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Э.Агар-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Ү.Одгэрэл нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР