| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0228/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 243
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Гансүлд,
хохирогч А.Ж,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ч овогт Мийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч овогт Мийн М Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Галшар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ийн дэргэдэх “...” тавилгын үйлдвэрт угсралт, исгэлт, борлуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон. (РД: ...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч М.М нь 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокены гадна талд иргэн А.Жг “төлбөр тооцооны асуудлаас” болж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч А.Ж мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдвэр дээр шинэ жил тэмдэглээд дараа нь “...” бааранд орж тэмдэглэсэн юм. Тэгээд Мтай тооцооны хуудсанаас болж маргалдсан. Би өөрөө согтуу байсан болохорр бас зарим зүйлийг санахгүй байна. Би тооцоо хийж байтал М тооцооны хуудсыг авъя гээд ирсэн. Би тооцоо хийж байхад “чи яагаад миний ажлыг хийгээд байгаа юм” гэж түүнд хэлсэн юм. Намайг доошоо тонгойж байхад М 3-4 удаа цохиж байсан. М шүд хийлгэх зардалд 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн эмчилгээний зардалд 600.000-700.000 төгрөг авсан. Нийт 4.700.000 төгрөг авсан. Миний ч гэсэн буруу байгаа болохоор цаашид шүд хийлгэхэд гарах зардлыг би өөрөө хариуцна. Одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:
1. Хохирогч А.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 05-нд өгсөн:
“...Би хувиараа ахтайгаа “...” ХХК-ийг ажиллуулдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлын хамт олонтойгоо шинэ жил тэмдэглэсэн. Эхлээд үйлдвэр дээрээ хоол унд идээд, архи уусан. Үйлдвэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “...” караокед тавуулаа орсон. “...” караокед ороод нэг шил 0,75 литрийн архийг хүний нэг шил пиво аваад уусан. Нилээн сууж байгаад цаг дуусаад 01 орчим байх, караокены тооцоогоо хийх гэтэл М текэн дээр тооцооны баримт авна гээд зогсож байхаар нь “би тооцоог нь хийнэ, чи гараад байж бай, миний ажлыг чи мэддэг болсон юм уу” гэхэд М бас өөдөөс “чи юу гээд байгаа юм бэ, би тооцооны баримтыг авч маргааш захиралд өгөх гэж байна” гээд надтай хэрэлдсэн. Би “эндээс гар чи” гээд түүнийг хөөгөөд гаргасан. Намайг караокеноос гарахад М гадаа хүлээж байсан. Гараад би согтуу байсан учраас сайн санахгүй байна. Нэг мэдэхэд М намайг цохиод тонгойсон байхад өлгөж цохиод тэр цохилт нь шүдэнд таараад шүд унасан. Хажууд хэн, хэн байсан талаар сайн мэдэхгүй байна. Зодуулаад манараад арай гайгүй болоход М байхгүй, манай эхнэр Уянга ирсэн байсан. Тэгээд эхнэртэйгээ гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Зодуулж байхад М бид хоёр байх шиг байсан. М миний нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон байх, манараад тонгойход өлгөж цохисон. Тэр цохилт нь миний шүдэнд туссан. Шүүх эмнэлгийн 849 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг надад М учруулсан. Би унасан 4 шүдийг 7.000.000-8.000.000 төгрөгөөр “Хатагтай” гэх хувийн эмнэлэгт гэрээ хийгээд хийлгэхээр болсон. Маас уг мөнгөний талыг нь ч гэсэн гаргуулчихвал надад гомдол санал байхгүй. Одоо Мтай хамт ажиллаж байна. ...” гэх мэдүүлэг [1] ,
2. Гэрч М.Очирхангайн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-нд өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Манай “...” ХХК-ийн шинэ жил болоод манай ажлынхан ажлын байран дээрээ хоол идээд, архи уусан. Ажлаас 21 цагийн үед гараад Ж, М, Мөөгий ах, Жавхаа тавуулаа Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “...” караоке ороод таван пиво, нэг шил 0,75 литрийн архи, бас ундаа авч уусан. Би уухгүй байж байгаад сүүлд хоёр лааз пиво уусан. Ингэхдээ архи, пиво ууж дуусаад 01 цагийн орчим караокеноос гарсан. Гарахдаа захирал Мөөгий ах Мт хандаж тооцооны баримтыг аваад ир гэсэн. М караокеноос гараад текэн дээр очоод баримтаа авах гэхэд би араас нь очоод Мын хажууд зогсож байхад Ж ах ирээд та хоёр энд юу хийж байгаа юм бэ гэж асуухад М баримт авах гэж байна гэж хэлсэн. Би гараад явсан, араас М гарч ирсэн. Гадаа бид хоёрыг зогсож байхад Ж ах караокеноос гарч ирээд Мыг “чи яахаараа баримт авдаг юм бэ, миний ажлыг чи хариуцах уу” гэх мэтээр дайраад байсан. Ж ах Мт “зодолдох уу” гээд гадуур куртикээ тайлаад Мыг багалзуурдсан, тэгээд цохих гэж оролдсон. М зөрүүлээд нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Ж нүүрээ дараад цус гарсан. Тэгээд Мөөгий захирлыг гэрт нь хүргэж өгөх гээд би явсан. Ж, М болон Мын эхнэр, Ж ахын эхнэр Уянга нар үлдсэн. Би хоёр лааз пиво уусан. Үйл явдлыг сайн харсан. М нь Жгийн нүүрэн тус газарт гурван удаа цохисон. Амаа дарсан чинь ам нь цус болсон шүд нь унасан байсан. Тэр хоёр тооцооны баримт “би авна, чи авна” гээд маргалдаад байсан. Ж ах түрүүлж цохиод М зөрүүлээд цохисон. Ж, М нар нилээн согтуу байсан, согтолтын хувьд адилхан байсан. ...” гэх мэдүүлэг [2] ,
3. Гэрч А.Бугабаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 15-нд өгсөн:
“...Би “...” ХХК-нд угсрагчаар ажилд ороод 3 сар гаруй болж байна. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “...” ХХК-ийн хамт олонтойгоо шинэ жил тэмдэглэсэн. Уг өдөр нь ажлынхаа байранд хоол идээд, тавуулаа 0,75 литрийн архи болон нэг, нэг шил пиво уусан. Ажлаасаа гараад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “...н” караокед бас тавуулаа орж үйлчлүүлсэн. Караокед нэг шил архи хувааж уугаад хүн тус бүр хоёр хоёр шил пиво уусан. Уг караокеноос гарах гэж байхад Ж, М хоёр текэн дээр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй, би түрүүлж гараад зогсож байсан. Араас М, Ж хоёр хоорондоо хэрэлдээд гараад ирсэн. Ж ах төлбөрийн баримт нэхээд байсан байх. Ж эхлээд Мыг цохих гэж оролдсон гэхдээ оноогүй, зөрүүлээд М Жгийн нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Ж ах унаад амнаас нь цус гарсан. Тэгээд удалгүй Жавлангийн эхнэр ирээд Жавхаа ахыг аваад явсан. Би ганцаараа гэр рүүгээ харих гээд явсан. Маргааш нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой Ж ахад санаа зовоод гар утас руу нь залгаад таны бие гайгүй юу, зүгээр үү гэж асуухад дөрвөн шүд унасан, бие тааруу байна гэж хэлсэн. Ж Мыг сайн онож цохиогүй байх, Мын биед ил харагдах хөхөрсөн, няцарсан зүйл байгаагүй. М, Жг 3-4 удаа нүүрэн тус газарт нь цохисон. М, Ж хоёр караокед хоёулаа дунд зэргийн гайгүй согтолттой байсан. Ж ах салхинд гараад арай илүү согтсон байж магадгүй. ...” гэх мэдүүлэг [3]
4. Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 01-нд өгсөн:
“...Би Мтай хамт амьдраад нэг жил болж байна. Миний хамтран амьдрагч М “...” ХХК-нд ажилладаг. 2018 оны 12 дугаар сарын 30-нд М ажлын шинэ жил Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед болно гэж байсан. Би ажлаа тараад 21 цагийн үед шинэ жилд нь очсон. М намайг тосч аваад “...” караоке руу хамт орсон. Намайг очиход М согтууруулах ундаа уусан байсан. Намайг очсоноос хойш нэг шил пиво уусан. Би архи согтууруулах ундаа уугаагүй. 23 цагийн үед гарах гээд Мын захирал нь Ж гэдэг манай нөхрийн ажлын залууг тооцоо хийлгэхээр виза картаа өгч явуулсан. Ж ирсэнээ картнаас хоёр удаа уншуулаад мөнгө авчих шиг боллоо гэж хэлсэн. Захирал нь Мыг тооцооны баримтаа аваад ир гэсэн. Жгаас тооцооны баримт захирал аваад ир гэлээ гэсэн чинь Ж “чи миний ажлыг асуудаг болчихсон юм уу” гээд түрийвчээ өгөх гээд байсан. Тэр хоёр маргалдаад байсан. “...” караокены үүдэнд гарч ирээд хоёулаа үзэх үү гээд Ж гэдэг залуу гадуур хувцсаа тайлж шидээд Мтай заамдалцсан. Мын хамт ажилладаг хүмүүс намайг цохиулчихна гээд холдуулсан. Хамт ажилладаг хүмүүс нь тэр хоёрыг салгасан. Нэгнээ цохиж байхыг харж чадаагүй. Ж гэдэг залуугийн амнаас нь цус гарч цамцнаас энгэр хэсэг нь цус болчихсон байсан. Мын баруун гар нь шалбарчихсан цус гарч байсан. Тэгээд бид хэд гэр рүүгээ харьсан. Би М Жг ямар шалтгааны улмаас цохисныг мэдэхгүй. Тэр хоёр нилээн согтсон байсан. Тооцоо хийх үед үл ойлголцол үүсч, маргалдсаны улмаас цохисон байх гэж бодож байна. Жгийн амнаас нь цус гарч байсан, цамц нь цус болчихсон байсан. Маргааш нь Мын захирлын эхнэр утсаар Жгийн дөрвөн шүд унасныг хэлэхэд мэдсэн. ...” гэх мэдүүлэг [4] ,
5. М.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-нд яллагдагчаар өгсөн:
“...Би “...” ХХК-нд угсрагч ачигч, хүргэлтийн жолоочийн ажил хийдэг. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын шинэ жил болоод компани дээр хоол унд идээд архи уусан. Тэгээд зургуулаа ажлаас гараад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед орж үйлчлүүлсэн. Тэнд ороод 0,75 литрийн архи аваад уг архиа хувааж уусан. Би 4-5 лааз пиво уусан санагдаж байна. Анх үйлдвэрээс гарахдаа нилээн халамцуу гарсан юм. Ж гэх хүргэлт хариуцсан даргатайгаа муудалцсан. Мөнхтогтох гэх манай захирал надад тооцооны баримт аваад ир гэж хэлсэн. Баримтаа авах гээд текэн дээр зогсож байтал Ж ах над руу “чи миний ажлыг хийх юм уу” гээд түрийвчээ над руу шидсэн. Над руу агсрах шинжтэй болсон. Би түрүүлж гараад гадаа зогсож байхад Ж ах бас гарч ирээд “чи миний ажлыг хий” гэхээр нь “Мөнхтогтох захирал аваад ир гэсэн юм” гэж хэлэхэд гадуур хувцсаа тайлаад над руу дайрахаар нь хамт ажилладаг хүмүүс салгасан. Намайг Очирхангай барьсан байхад Ж намайг багалзуурдаад шанаа руу цохих шиг болсон. Тэгэхээр нь уур хүрээд түүний нүүрэн тус газарт гурван удаа цохисон. Нэг цохиход нэг цохилт нь шүдэнд нь таарсан байна. Маргааш өглөө нь манай ажлын Бямбасүрэн, Ж ахын үүдэн дөрвөн шүд нь хугарсан гэж надад утсаар хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архи уусны улмаас бие биетэйгээ буруу ойлголцоод би Жг зодсон. Би шүүх эмнэлгийн 849 дугаартай дүгнэлтийг ушиж танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг гараараа цохиж Жд учруулсан. Хохирлын талаар хоорондоо тохиролцоод би хиймэл шүд хийлгэж өгөхөөр болсон. ...” гэх мэдүүлэг [5] ,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 849 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд 1, баруун дээд 1, 2 дугаар шүднүүд булгарч унасан, буйл барзгар, цус хурсан. Баруун дээд 3 дугаар шүд гурван тийш ганхаж хөдөлсөн, доод уруулын гадна хэсэгт 0,5 см мэс заслын оёдол бүхий шархтай. Зүүн нүдний эргэн тойронд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Хамрын нуруу баруун тийш мурийсан, хамрын амьсгал зүүн талд саадтай. Эрүүний баруун булан орчим тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Дагзны зүүн дээд хэсэгт 3х2 см улаан хүрэн өнгийн цус хуралттай.
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн толгойн компьютер томографикт: зураг болон эрүүний дэлгэмэл зургуудыг давтан уншуулахад: Хамрын яс хуучин хугаралтай. Хамрын таславч мурий. Дээд, доод уруул орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан. 11, 21, 22 дугаар шүднүүд тодорхойлогдохгүй. 12, 13 дугаар шүднүүдийн ёзоор урагш мултарсан. 13, 12, 11, 21 дүгээр шүднүүд бэхлэгдэх хоншоор ясны түүшин хэсэг хугарсан. /Дүгнэлт бичсэн дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгалан/ гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. А.Жгийн биед хоншоор ясны түүшин хэсгийн хугарал, дөрвөн шүдний булгарал, доод уруулд шарх, дагз, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлий зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дөрвөн шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 15 хувиар алдагдуулна. /шинжээч эмч Ш.Цэцэгмаа/ ...“ гэсэн дүгнэлт [6] ,
7. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 01-нд өгсөн:
“...Хэрэг гарсан гэх цаг хугацаанд болсон үүссэн байж болох шинэ гэмтлүүд байсан. Олон удаа үйлчлэл гэдэг нь хоёроос дээш мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж гэмтсэн. Хоншоор ясны туушин хэсгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дөрвөн шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин хугарал болон туушин хоншоорын сэртэн яс нь өөр яснууд бөгөөд хоншоорын туушин хэсэг гэдэг нь хоншоор ясны шүд бэхэлдэг хэсгийг хэлнэ. Хуучин хамар ясны хугаралыг дүгнэлт хэсэгт оруулсан. Хоншоор туушин яс нь шинэ гэмтэлд орно. ...” гэх мэдүүлэг [7] ,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэгийн төлбөрт 8.000 төгрөг төлсөн баримт [8], хохирогч А.Жгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...одоо миний биед ямар нэгэн зовиур байхгүй, бид хоёр эвлэрсэн, гомдол санал байхгүй” гэх хүсэлт [9],
9. Шүүгдэгч М.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа [10], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас [11], Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар [12], М.Мын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [13], М.Мын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа [14], түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн улсын бүртгэлийн газрын лавлагаа [15], “...” ХХК-ийн “...М.М нь сар тутамд 900.000 төгрөгийн цалинг хөдөлмөрийн гэрээний дагуу авдаг болно” гэх тодорхойлолт [16], “...” ХХК-ийн “...М.М нь тус үйлдвэрт угсралт, исгэлт, хүргэлтийн бүхий л дамжлага дээр ажилладаг” гэх тодорхойлолт [17] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “... шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, хохирогчид 4.700.000 төгрөгийг нөхөн төлсөн, төлөх төлбөргүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.М өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч М.М, хохирогч А.Ж нар нь “...” тавилгын үйлдвэрт хамт ажилладаг байна.
Тэд 2018 оны 12 дугаар сарын 30-нд байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед орж үйлчлүүлсэн байх ба шүүгдэгч М.М төлбөрийн хуудсыг авахаар караокены текэн дээр очиход хохирогч А.Ж нь “би тооцоог нь хийнэ, чи гараад байж бай, миний ажлыг чи мэддэг болсон юм уу” гэж хэрүүл маргаан үүсгэжээ. Улмаар карокены гадна А.Ж нь зодолдох уу гээд куртикээ тайлж М.Мыг багалзуурдсан байна. Энэ үед шүүгдэгч М.М нь хохирогч А.Жгийн нүүрэнд нь 3-4 удаа гараараа цохиж түүний эрүүл мэндэд хоншоор ясны түүшин хэсгийн хугарал, дөрвөн шүдний булгарал, доод уруулд шарх, дагз, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч А.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 30-нд хамт олонтойгоо шинэ жил тэмдэглэсэн. ...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “...” караокед тавуулаа орсон. ...караокены тооцоогоо хийх гэтэл М текэн дээр тооцооны баримт авна гээд зогсож байхаар нь “би тооцоог нь хийнэ, чи гараад байж бай, миний ажлыг чи мэддэг болсон юм уу” гэхэд М бас өөдөөс “чи юу гээд байгаа юм бэ, би тооцооны баримтыг авч маргааш захиралд өгөх гэж байна” гээд надтай хэрэлдсэн. Би “эндээс гар чи” гээд хөөгөөд гаргасан. Намайг караокеноос гарахад М гадаа хүлээж байсан. ...Нэг мэдэхэд М намайг цохиод тонгойсон байхад өлгөж цохиод тэр цохилт нь шүдэнд таараад шүд унасан. ...М миний нүүрэн тус газар 4-5 удаа цохисон байх, манараад тонгойход өлгөж цохисон. Тэр цохилт нь миний шүдэнд туссан....” гэх мэдүүлэг [18] ,
- гэрч М.Очирхангайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “...” ХХК-ийн шинэ жил болоод ...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “...” караоке ороод пиво, 0,75 литрийн архи авч уусан. ...Гарахдаа захирал Мөөгий ах Мт хандаж тооцооны баримтыг аваад ир гэсэн. М караокеноос гараад текэн дээр очоод баримтаа авах гэхэд би араас нь очоод Мын хажууд зогсож байхад Ж ах ирээд та хоёр энд юу хийж байгаа юм бэ гэж асуухад М баримт авах гэж байна гэж хэлсэн. ...Ж ах караокеноос гарч ирээд Мыг “чи яахаараа баримт авдаг юм бэ, миний ажлыг чи хариуцах уу” гэж мэтээр дайраад байсан. Ж ах Мт зодолдох уу гээд гадуур куртикээ тайлаад Мыг багалзуурдсан, тэгээд цохих гэж оролдсон. ...М зөрүүлээд нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохисон. Ж нүүрээ дараад цус гарсан. Амаа дарсан чинь ам нь цус болсон шүд нь унасан байсан. ...” гэх мэдүүлэг [19] ,
- гэрч А.Бугабаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “...” ХХК-ийн хамт олонтойгоо шинэ жил тэмдэглэсэн. ...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “...” караокед орж үйлчлүүлсэн. ...Ж, М хоёр текэн дээр хоорондоо муудалцаад байх шиг байсан. ...Ж эхлээд Мыг цохих гэж оролдсон, зөрүүлээд М Жавхлагийн нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Ж ах унаад амнаас нь цус гарсан. Маргааш нь ....таны бие гайгүй юу, зүгээр үү гэж асуухад 4 шүд унасан бие тааруу байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [20],
- Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хамтран амьдрагч М “...” ХХК-нд ажилладаг. 2018 оны 12 дугаар сарын 30-нд М ажлын шинэ жил Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... караокед болно гэж байсан. Би ажлаа тараад 21 цагийн үед шинэ жилд нь очсон. ...23 цагийн үед ...захирал нь Мыг тооцооны баримтаа аваад ир гэсэн. Жгаас тооцооны баримт захирал аваад ир гэлээ гэсэн чинь Ж чи миний ажлыг асуудаг болчихсон юм уу гээд түрийвчээ өгөх гээд байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад байсан. “...” караокены үүдэнд гарч ирээд хоёулаа үзэх үү гээд Ж гэдэг залуу гадуур хувцсаа тайлж шидээд Мтай заамдалцсан. ...Жгийн амнаас нь цус гарч байсан, цамц нь цус болчихсон байсан. Маргааш нь Мын захирлын эхнэр утсаар Жгийн дөрвөн шүд унасныг хэлэхэд мэдсэн. ...” гэх мэдүүлэг [21] ,
- М.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокед орж үйлчлүүлсэн. ...Баримтаа авах гээд текэн дээр зогсож байтал Ж ах над руу “чи миний ажлыг хийх юм уу” гээд түрийвчээ над руу шидсэн. ...Би түрүүлээд гараад гадаа зогсож байхад Ж ах бас гарч ирээд “чи миний ажлыг хий” гэхээр нь “Мөнхтогтох захирал аваад ир гэсэн юм” гэж хэлэхэд гадуур хувцсаа тайлаад над руу дайрсан. ...Ж намайг багалзуурдаад шанаа руу цохих шиг болсон. Тэгэхээр нь уур хүрээд түүний нүүрэн тус газар руу нь гурван удаа цохисон. Нэг цохиход нэг цохилт нь шүдэнд нь таарсан байна. ...” гэх мэдүүлэг [22] ,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 849 дугаартай дүгнэлт [23], шинжээчийн мэдүүлэг [24] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч М.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М.М, хохирогч А.Ж нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, бие биенээ үл хүндлэн маргалдсан байдал, үл ойлголцол, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан байна.
Шүүгдэгч М.Мын хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, М.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Мын эрүүл мэндэд хоншоор ясны түүшин хэсгийн хугарал, дөрвөн шүдний булгарал, доод уруулд шарх, дагз, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан байх ба хохирогч А.Ж хэрэгт ирүүлсэн нотлох баримтгүй байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.М хохирогч А.Жд эмчилгээний зардалд 700.000 төгрөг, дараа нь шүд хийлгэхээр нэхэмжилсэн 4.000.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөгийг нөхөн төлсөн байх ба, шүүх хуралдаанд хохирогч А.Ж нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Иймд шүүгдэгч М.Мыг хохирогчид төлөх төлбөргүйг тогтоолд дурдав.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хувийн байдлын хувьд урьд нэг удаа ял шийтгэгдэж байсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч М.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд нэг удаа ял шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл харгалзан үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхэс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу тогтмол ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
4. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Мийн Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногт биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Жд төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА