| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0676/Э |
| Дугаар | 710 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 710
2020 04 17 2020/ШЦТ/710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Хохирогч Ч.Санчир, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг /ҮД:0026/,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /ҮД:2173/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нод холбогдох 1906 03995 1717 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд 1994 оны 03 дугаар сарын 04-ний төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жиндинсан” ХХК-д хүнд машин механизмын засварчин ажилтай, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хөдөө хэсэг гэх газар оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бийн Н /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Н нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Санчирын эрүүн тус газар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Санчирын өгсөн: “2019 оны 7 сард хэсэг найзуудтайгаа бааранд орсон. Хэрэг болох үед манай 2 найз ширээн дээр сууж байсан. Төрсөн өдрийн эзэн бүжгийн талбайд байсан. Үүдэнд хүмүүс муудалцаад байхаар нь өмнө нь ажиллаж байсан болохоор ажлынхандаа тусалъя гэж бодоод “ахаа та энд муудалцаж болохгүй” гээд гаргах гэсэн чинь намайг хамгаалагч нарын хажууд цохисон. Хамгаалагч нар наад хүн чинь биш гэж хэлсэн байсан. Яг тэр үед намайг дахиад цохисон гэж хэлсэн. Би сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн гадаа гаран шүлсээ хаяад зогсож байсан, тэгээд би шууд эмнэлэг рүү явсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлсэн чинь үүдэн 3 шүд хугарсан байх магадлалтай, 1 дэх өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд үзүүл гэсэн. Хохирол төлбөрийг бүрэн авсан. Доод гурван шүдний мэдрэл алдагдсан болохоор цаашид үхжилд явагдаж унах магадлал их тиймээс янзлуулах шаардлагатай болсон. Тэр эмчилгээний зардал нь 4.500.000 төгрөг болно...” гэх мэдүүлэг,
Иргэн Ч.Санчирын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Санчирын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед өөрийн найз Отгонбаатар, Сүхбат, Батка нартай уулзаж Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Моника нэртэй бааранд ороод 1 шил 0.75 граммын архи авч уугаад сууж байтал бааранд үл таних хүмүүс зодолдоод байсан юм. Тэгэхээр нь би юу ч мэдэхгүй, тэр зодоон хийж байгаа хүмүүс дээр очоод нэг хүнийг нь “өө ахаа болиочээ, зодолдоод яахав дээ, адилхан Монголчууд байж” гэж хэлээд салган, тэр хүнийг тэврээд баарнаас гарсан юм. Гэтэл тэр ах “энэ муу далдгар бацаан” гээд баруун гараараа намайг нэг удаа алгадсан ба зүүн хөлөөрөө давхар хавирч газар унагаасан юм. Тэгээд би тэр хүнд алгадуулж газар унаад босч ирээд байж байтал миний эрүү нэг сонин болчихсон юм...” гэх мэдүүлэг /хх.5/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8442 дугаартай:
“1. Ч.Санчирын биед эрүү ясны хугарал, оочны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.51-53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нын яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна... ямар нэгэн зүйл хэлэлгүй би тэр залууг шууд баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөөд шууд найзындаа очих гэж явсан... Би Ч.Санчир гэх залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Мөн газар унасны дараа би тэр залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.138/,
“Басхүү” клиникийн эмнэлгийн тодорхойлолт /хх.129/,
Ажил байдлын тодорхойлолт, хохирол нөхөн төлсөн баримт /шинээр гаргасан 4 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Н нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Санчирын эрүүн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Иргэн Ч.Санчирын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Санчирын өгсөн: “... Гэтэл тэр ах “энэ муу далдгар бацаан” гээд баруун гараараа намайг нэг удаа алгадсан ба зүүн хөлөөрөө давхар хавирч газар унагаасан юм. Тэгээд би тэр хүнд алгадуулж газар унаад босч ирээд байж байтал миний эрүү нэг сонин болчихсон юм...” гэх мэдүүлэг /хх.5/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8442 дугаартай:
“1. Ч.Санчирын биед эрүү ясны хугарал, оочны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх.51-53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нын яллагдагчаар өгсөн: “... Би Ч.Санчир гэх залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Мөн газар унасны дараа би тэр залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.138/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Санчирын өгсөн: “... Үүдэнд хүмүүс муудалцаад байхаар нь өмнө нь ажиллаж байсан болохоор ажлынхандаа тусалъя гэж бодоод “ахаа та энд муудалцаж болохгүй” гээд гаргах гэсэн чинь намайг хамгаалагч нарын хажууд цохисон. Хамгаалагч нар наад хүн чинь биш гэж хэлсэн байсан. Яг тэр үед намайг дахиад цохисон гэж хэлсэн... Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлсэн чинь үүдэн 3 шүд хугарсан байх магадлалтай, 1 дэх өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд үзүүл гэсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Б.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ч.Санчирын баримтаар нэхэмжилсэн 826.090 төгрөгийг шүүгдэгч Б.Н нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Ноос жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Нод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ныг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 43 хоногийг 645.000 төгрөгөөр торгох ялд тооцон эдлэх ялаас хасч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Б.Нод оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Бийн Ныг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нод 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Б.Нод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Б.Нын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хорьсон 43 хоногийг 645.000 төгрөгөөр торгох ялд тооцон эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Нод оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Нод сануулсугай.
7. Б.Н нь хохиролд 826.090 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч Ч.Санчир нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Ноос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР