Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 7

 

ХААН банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс135/2016/01418/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1461 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Н.О, Г.Б нарт холбогдох 

          “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2.056.708.35 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, хариуцагч Н.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгээс:

Иргэн Н.О-, Г.Б- нар нь тус банкны “Мөнххалдун” бизнес төвөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20141024 тоот зээлийн гэрээ байгуулж, 2.300.000 төгрөгийг  жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2015 оны 02 дугаар сарын 06-ны ЗГ/14 тоот зээлийн гэрээ байгуулж 699.990 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай, нийт 2.999.990 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь 20141024 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 883.330.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 535.495.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 374.22 төгрөг, нийт 1.419.200 төгрөг, ЗГ/14 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 561.961.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 104.756.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 631.81 төгрөг, нийт 667.350 төгрөгийг тус тус төлсөн байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээнүүдийн хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба бизнесийн үйл ажиллагаа нь зогссон, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20141024 тоот зээлийг гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/14 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, нийт 2.056.708.35 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч Г.Б-оос нэхэмжлэлийн шаардлага хангуулахаас татгалзаж, хариуцагч Г.О-аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.О-аас:

Миний бие хариуцагч Г.Б-той хамтран амьдарч байх хугацаандаа бид хоёр Хаан банкнаас зээл авсан. Гэтэл авсан зээлийг маань Г.Б- гэж хүн үрэн таран хийж дуусгаад ор сураггүй алга болсон. Сургийг нь гаргах гээд чадаагүй өдий хүрч байна. Би Олон Улсын худалдааны төв дээр лангуу түрээслэн ажиллуулж тус зээлийн эргэн төлөлтөнд нийт 2.086.550 төгрөгийг ганцаараа төлсөн. Эдийн засаг хямраснаас гүйлгээ орлого зогсож эргэлтийн хөрөнгөгүй болж лангууныхаа түрээсийг ч төлөх боломжгүй болсон тул лангуу түрээслэхээ зогсоосон. Мөн миний эрүүл мэндийн байдал муугаас ажил төрөл ч олдохгүй ямар ч орлоггүй байна. Би Хаан банкнаас нэхэмжилж байгаа 2.056.708 төгрөгийг төлж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хамтран зээлдэгч Г.Б- мөн адил зээлийн гэрээнд хариуцлага хүлээлгэж эргэн төлөлтийг төлөхөө зөвшөөрч гарын үсэг зурж зээл авсан тул хуулийн дагуу хамтран хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд үлдэгдэл төлөлтийг хариуцагч хамтран зээлдэгч Г.Б- хариуцаж төлнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1461 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О-аас 1.898.774,49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож, 370.433 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г.Б-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47.857,33 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41.930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн давж заалдсан гомдолдоо:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжлүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд нь уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зохицуулсан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг банк болон гэрээгээр хүлээсэн ямар нэг үүргээ зөрчөөгүй, анхан шатны шүүх хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын дунд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн  заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч ХААН банкны салбар нь зээлийн гэрээний үүргээ  биелүүлээгүй  зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал зэрэгт 2.056.708 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Б-ид холбогдох шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүргийг Н.О-аас гаргуулахыг шаардсан нэхэмжлэгчийн эрх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд нийцжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас  зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцохдоо Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн  223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсгүүдийг үндэслэсэн боловч  тухайн маргаанд дээрх хуулийн заалт нь нийцээгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн ерөнхий ангид заасан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа хэтрүүлнэ гэдэг нь үүргийн эрх зүйн харилцаанд орсон үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлэх,  үүнээс болж үүрэг гүйцэтгэгч хугацаанд нь үүргээ гүйцэтгээгүй  байх шалтгаан болох юм. Ийнхүү үүргээ гүйцэтгэхэд нь ямар нэгэн үйлдэл / гэрээгээр тохиролцсон / хийгээгүй байхыг бас хугацаа хэтрүүлсэнд тооцохоор зааж энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгчээс хүү анз авах эрхээ алдахыг зохицуулсан. Банкыг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүйг хуулийн дээрх заалтад хамруулан буруутгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Тухайлбал банкны зээлийн гэрээнд зээлдэгч зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөх үед мөнгийг шилжүүлж аваагүй байхыг тодорхойлсон зохицуулалт байж болох юм.

Харин тухайн маргаантай харилцаанд зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг  биелүүлж чадахгүй өөрөөр хэлбэл зээл төлөх боломжгүй болж байгаа талаар мэдэгдсэн байхад банк гэрээг цуцлаагүй  тул зээлийн хүү авах эрхээ алдана гэж үзэх боломжгүй байна. 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг судлавал гэрээний 7.1.1-д зээлдэг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн  гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй  бол гэрээг цуцлана гэж заажээ.

          Гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, цуцлах эрх нь нөгөө талд үүсдэг. Иймд тухайн гэрээний  заалтыг гэрээ цуцлах банкны эрх гэж тайлбарлах бөгөөд  харин гэрээ цуцлах үүрэг биш юм.

         Ийнхүү тайлбарлавал  банкыг  зээлдэгчийн мөнгөн төлбөрийн чадвар багассантай холбоотой гэрээг хугацаанаас өмнө цуцлах үүргээ биелүүлээгүйгээс болж   зээлдэгчээс хүү авах эрхээ алдана гэсэн хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

          Анхан шатны шүүхийг тухай маргаантай харилцаанд Иргэний хуулийн 223, 224, 453 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэж зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэл муутай хасаж шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

          Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1671.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны  өдрийн 1461 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О-аас 2.056.708,35 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарт олгож, хариуцагч Г.Б-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “41.930 төгрөг” гэснийг “47.857 төгрөг” гаргуулж гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.763 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргаж буцаан олгосугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ                             

                                     ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ                                               

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ