Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 33

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Гомдол гаргагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газар

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны улсын байцаагчид холбогдох 

“Сайхан сумын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнхийн 0081053 дугаартай шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Энхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.

 

Тодорхойлох нь :

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газар шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хяналт шалгалт хийж иргэн Д.Эрдэнэбаатар Сайхан сум 3 дугаар багийн нутаг Баянгийн тохойд зөвшөөрөлгүй 3.5 га атар газар хагалсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчсөн үйлдлийг илрүүлж 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 18-04-333 дугаартай шийтгэврийн хуудсаар Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 2.400.000 төгрөгний торгууль ногдуулсанг нь зөрчилд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд томилогдон ажиллаж байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн захиргааны зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 18-04-333 дугаартай шийтгэвэрийн хуудасыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.

           Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас дүгнэлт бичиж ирүүлсэн. Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд томилогдон ажиллаж байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн захиргааны зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнхийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 18-04-333 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах санал гаргаж байна гэв.

            Харицагч Сайхан сумын байгаль орчны улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сайхан сумын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнхийн 20174.05.09-ний өдрийн 18.04.333- 01,02 дугаартай шалгалт хийсэн тухай тэмдэглэл захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл хариу мэдэгдэх хуудас 0081053, 0081054 тоот шийтгэвэрээр ногдуулсан торгуулийг урьд өмнө нь харж байгаагүй анх өнөөдөр буюу 2017.11.22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр үзсэн. Намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хуралдаан явуулахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

            Хариуцагч Сайхан сумын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2005 оны 03-р сарын 17-ны өдрөөс Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 04-р сарын 14-ний өдөр  байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Мөн 2017 оны 04-р сарын 12-ны өдрөөс эхлэн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас чөлөөлөгдсөн боловч улсын байцаагчийн эрх, тамга тэмдэг байгаа учраас одоо эрхэлж байгаа ажил албан тушаалтай хамт дараагийн  байгаль орчны хяналтын улсын байцаагчыг томилогдох хүртэл хугацаанд хавсран гүйцэтгэж байгаач гэх саналыг сумын Засаг дарга О.Буянаа тавьсан. Засаг дарга О.Буянаагаас учрыг тодруулан асуутал удахгүй төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшин үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийнэ энэ шалгалтын бүрэлдэхүүнд орж ажиллах шаардлагатай байна гэсэн. Би урд өмнө эрхэлж байсан ажил албан тушаал тул зөвшөөрсөн. Ажил хавсран гүйцэтгэсэн тушаалыг Тамгын газрын дарга Б.Мөнхцэцэгээс аваарай гэж хэлсэн. Үүний дараа сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/50 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэгт орж ажилласан.

           Сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/50 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй Газрын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын ажлыг хийсэн. Шалгалтаар Сайхан сумын 3-р багийн нутаг Баянгын тохой гэх газарт зөвшөөрөлгүй атар газар хагалсан зөрчлийг илрүүлэн 2017 оны 05-р сарын 09-ний өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын иргэн Д.Эрдэнэбаатарт байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0081054 тоот шийтгэврээр Газрын тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.7-д заасны дагуу 2.400.000 төгрөгийн торгууль ногдуулсан.

            Хяналт шалгалтын ажил хийгдэж байх үед буюу 2 иргэнд торгууль ногдуулсны дараа Тамгын газрын дарга Б.Мөнхцэцэгээс ажил хавсран гүйцэтгэсэн тушаалаа авъя гэхэд хавсран гүйцэтгэсэн тушаал гаргахгүй чамаар ажил хавсран гүйцэтгүүлэхгүй гэсэн учрыг лавлан асуутал хууль зөрчиж байгаа гэсэн.

           2017 оны 11-р сарын 21-ний өдөр Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхцэцэгт Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дуудаж байна байгаль орчны хяналтын улсын байцаагчийг хавсран гүйцэтгүүлээгүй тайлбараа бичгээр өгөөч шүүхэд өгье гэхэд тайлбар бичиг өгөхгүй шүүх дуудвал өөрийн биеэр очиж тайлбараа өгнө гэж хэлсэн.

2017 оны 06-р сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчын шийтгэвэрийн хуудас хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан гэжээ.  

Үндэслэх  нь :

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх нь Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг 5-8-1 тоотод оршин суух хаягтай Х.Амарбаясгаланд зөвшөөрөлгүй атар газар хагалсан гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.7 дахь хэсэгт зааснаар 2.400.000 төгрөгөөр торгосон 2017.05.09-ний өдрийн 0081053 дугаартай шийтгэвэрийн хуудсыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд томилогдон ажиллаж байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн захиргааны зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байх тул тус шийтгэвэрийн хуудсыг  хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон дүгнэлт бичиж тус шүүхэд ирүүлжээ.  

            Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тушаалаар өөр ажилд шилжин ажиллах болсон тул 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож  байна.

            Үүнээс дүгнэхэд прокурорын дүгнэлт түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримт зэргээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Э.Батмөнх нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр ажилд томилогдон ажиллаж байх хугацаандаа захиргааны зөрчилд торгуулийн арга хэмжээ ногдуулсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”-ыг зөрчсөн байх тул  Сэлэнгэ аймаг дахь Сайхан сумын Прокурорын газрын 02 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0081053 дугаартай шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын байгаль орчны улсын байцаагчийн 2017.05.09-ний өдрийн 0081053 дугаартай захиргааны зөрчилд ногдуулсан шийтгэвэрийн хуудсыг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгосугай.          

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР