Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00229

 

В.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 471 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 39 дүгээр магадлалтай,

В.Б-ын нэхэмжлэлтэй,

Ц.Б, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт холбогдох,

“Бугант гол” ХХК-ийн тамга тэмдэг, гэрчилгээ гаргуулах, тамга тэмдэг ашиглан хууль бусаар явуулж байгаа үйл ажиллагааг зогсоолгох, компанийн хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг зөвтгөж бүртгэхийг даалгах, хувьцааны 50 хувийг эзэмшдэг болохыг тогтоолгох тухай үндсэн,

“Бугант гол” ХХК-ийн 51 хувийн өмчлөгч нь Ч.Шаравжамц болохыг тогтоолгох, хүү Ш.Батдэлгэр өв залгамжлахад шаардлагатай тодорхойлолт гаргуулах, өвлөгч мөн болох, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Ш.Батдэлгэрийн “Бугант гол” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, компанийн тамга, тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах тухай” бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч В.Б-, М.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч В.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Бугант гол” нэртэй 2 гишүүнтэй ХХК-ийн 1 гишүүн болох Д.Даваасамбуугаас өөрийнх нь эзэмшдэг 50 хувийн хөрөнгө, хувьцааг нь худалдан авч нөгөө гишүүн болох З.Цэндтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн оны 08 дугаар сард З.Цэнд нь Улаанбаатар хотод бизнес явуулах болж, өөрийн  50 хувийн хувьцааг  худалдах болсон тул би найз Ч.Шаравжамцад тодорхой хэмжээний мөнгө зээлж уг хөрөнгийг худалдан авахуулж түүнийг компаний 50 хувийн хөрөнгө оруулагч болгосон, ингэснээр компани  2 гишүүнтэй,  50:50 хувийн хөрөнгө оруулалттайгаар мод тарих, ойжуулах, худалдаа, зүсмэл модон материал бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Ч.Шаравжамц маань 2014 оны 03 дугаар сард өвчний улмаас нас барсан. Түүнийг өнгөрснөөс хойш 4 сарын дараа гэр бүлийн хүн болох Ц.Бтай компаний бичиг баримтаа янзалж үйл ажиллагаагаа хэвийн явуулах талаар уулзахад асуудлыг шийдвэрлэхгүй удаашруулж хүндрэл учруулсан. Манай компаний гэрчилгээ, бичиг баримт, тамга, тэмдэг талийгаачид байсан. Түүний эхнэр Ц.Б талийгаачийг өнгөрснөөс хойш тухайн компаний үйл ажиллагаанд оролцох эрхгүй атлаа бусдад компаний нэр, тамга, тэмдэг ашиглан бүтээгдэхүүн борлуулж, худалдан авч банкинд гүйлгээ хийх, бусдаар тайлан баланс гаргуулан гарын үсэг зурж хууль зөрчиж байна. Иймд “Бугант гол” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг Ц.Бгийн хууль бус эзэмшлээс гаргуулж, компаний тамга, тэмдэг, бичиг баримтыг ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ч.Шаравжамцад өөрийн эзэмшлийн 50 хувиас 1 хувийг шилжүүлэн өгсөн асуудал байхгүй. Улсын бүртгэлийн хэлтсээс асуухад программын алдаа болж буруу бүртгэгдсэн байна гэсэн. Иймд “Бугант гол” ХХК-ийн хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгаж, мөн хувьцааны 50 хувийг В.Б- эзэмшдэг болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Бугант гол” ХХК-ийг Д.Даваасамбуу, З.Цэнд нар нь 2000 онд үүсгэн байгуулж, захирлаар нь Ч.Шаравжамцыг томилсон ба Ч.Шаравжамц компаний бүтэц, зохион байгуулалтыг эхнээс нь эмхэлж, үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад өөрийн хөрөнгө, хүчийг зориулан, тасралтгүй 14 жил удирдан зохион байгуулан ажиллуулж байгаад өвчний учир 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Үүсгэн байгуулагч З.Цэнд тус компанид оруулсан өөрийн хөрөнгө, хувийг Ч.Шаравжамцад 2003 оны 10 дугаар сард худалдсан ба уг хувийг худалдаж авахад мөнгө хүрэлцэхгүй байсан тул В.Б-оос тодорхой хэмжээний мөнгө зээлж авсан нь үнэн. Бид зээлсэн мөнгөө В.Б-од 2 нугалж төлсөн. Ийнхүү тус компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн 51.0 хувийг Ч.Шаравжамц, 49.0 хувийг В.Б- эзэмших болсон ба энэ нь Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс дэх Татвар төлөгчийн картаар тогтоогдоно. Ч.Шаравжамцын эзэмшлийн хөрөнгийг төрсөн хүү Ш.Батдэлгэрт эрх залгамжлуулах, өвлөх эрхийн гэрчилгээ авахаар холбогдох материалыг бүрдүүлэн 2014 оны 09 дүгээр сард нотариатчид хүсэлт гаргасан боловч тус компаний 49 хувийг эзэмшигч В.Б-ын тодорхойлолт шаардлагатай гэж хүсэлтийг хүлээн аваагүй.

Компаний гэрчилгээ, бичиг баримт, тамга, тэмдэг компаний захиралд хадгалагдан, компаний үйл ажиллагаанд ашиглагдаж байх нь хууль ёсны бөгөөд Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компаний эрх бүхий албан тушаалтны хувьд дэд захиралд шилжин, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасан үүргийг гүйцэтгэж байгаа юм. 2012 оны 3-р сарын 20-ны өдрийн тушаалаар намайг үйлдвэр хариуцсан дэд захирлаар томилсан ба энэ тушаал одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул би компаний үйлдвэрлэл үйл ажиллагааг удирдан явуулж байгаа. Иймд компаний дэд захирал болох надаас  тамга, тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг хураан авч, В.Б-од шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: “Бугантгол” оноосон нэртэй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бүх гишүүдийн 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар үүсгэн байгуулагч Д.Даваасамбүу нь гишүүнээс чөлөөлөгдөж, В.Б-ыг тус компанид оруулсан хөрөнгө оруулалт болох 12.718.180 төгрөгтэй тэнцэх 50 хувь эзэмшигчээр батлах, мөн оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар үүсгэн байгуулагч З.Цэнд нь гишүүнээс чөлөөлөгдөж, Ч.Шаравжамцыг тус компанид оруулсан хөрөнгө оруулалт болох 12.718.180 төгрөгтэй тэнцэх 50 хувийг эзэмшигчээр батлахаар тус тус шийдвэрлэсний дагуу 2005 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ч.Шаравжамцаас аймгийн Татварын хэлтэст хандаж гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн үүсгэсэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан байна. “Бугантгол” ХХК-ийн бүртгэлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим үүсгэн байгуулагч В.Б-ын оруулсан хөрөнгийн хэмжээг 12500, эзэмшлийн хувийг 49.14, Ч.Шаравжамцын оруулсан хөрөнгийн хэмжээг 12936, эзэмшлийн хувийг 50.86 гэж мэдээллийг оруулсан боловч, хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувийг өөрчилсөн тухай бүртгэл архивын хувийн хэрэгт бүртгэгдээгүй. “Бугантгол” ХХК-ны үүсгэн байгуулагчдын эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд буруу бүртгэсэн болох нь тогтоогдсон. Иймд “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно гэсэн заалтыг баримтлан “Бугантгол” оноосон нэртэй, 2602172 регистрийн болон улсын бүртгэлийн 1311002056 дугаар бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Ванганжилийн Буянтогтохын эзэмшлийн хувьцааны хэмжээг 50, үүсгэн байгуулагч Ч.Шаравжамцын эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд залруулга хийсэн гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Ч.Шаравжамцтай 1994 онд гэр бүл болсон, бидний дундаас 3 хүү төрсөн. “Бугант гол” ХХК-д оруулсан хөрөнгийн 51.0 хувийг хүү Ш.Батдэлгэрт өмчлүүлж, эрх залгамжлуулах, өвлөх эрхийн гэрчилгээ авахаар нотариатчид хүсэлт гаргасан боловч тус компаний 49.0 хувийг эзэмшигч В.Б-ын тодорхойлолт шаардлагатай гэж хүсэлтийг хүлээн аваагүй. В.Б- тодорхойлолт гаргаж өгөхөөс удаа дараа татгалзсан. Иймд Ч.Шаравжамц нь “Бугант гол” ХХК-ийн хөрөнгийн 51.0 хувийг эзэмшигч болохыг тогтоолгох, хүү Ш.Батдэлгэрийг өв залгамжлахад шаардлагатай тодорхойлолтыг В.Б-оос гаргуулах, Ч.Шаравжамцаас “Бугант гол” ХХК-д оруулсан хөрөнгийн 51 хувийн өмчлөгч, эрх залгамжлагч нь төрсөн хүү Ш.Батдэлгэр болохыг тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч В.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Энэ асуудлын талаар хариуцагч надтай нэг удаа ч уулзаагүй. Өвлөх эрх авахад  миний зүгээс ямар нэгэн бичиг өгөх шаардлагагүй гэж бодож байна гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Батдэлгэр шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:  Миний эцэг Ч.Шаравжамц нь “Бугант гол” ХХК-ийн компаний хөрөнгө болон хувьцааны 50 хувийг эзэмшигч. Эцгийг маань нас барснаас хойш тус компаний орлогч захирлаар ажиллаж байсан ээж Ц.Б нь тус компаний тамга тэмдгийг хадгалж, үйл ажиллагааг нь чадан ядан явуулж байсан болно. В.Б- компаний өдөр тутмын үйл ажиллагаанд огт оролцдоггүй. “Бугант гол” ХХК-ийн  51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Ч.Шаравжамц нас барснаар түүний эзэмшиж байсан хувьцаа болон оногдох хөрөнгө нь хууль ёсны өв залгамжлагч болох надад өвийн журмаар шилжиж миний бие  “Бугант гол” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болсон. Иймд “Бугант гол” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож,  компанийн тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах шаардлага гаргаж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 471 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 8, 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.2, Компаний тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д зааснаар Бугант гол ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах, тамга тэмдгийг Ц.Бгаас гаргуулан, В.Б-од шилжүүлж, компаний тамга тэмдэг ашиглан санхүү, бараа материал худалдан авалт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаа явуулахыг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоохыг Ц.Бд даалгаж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Компаний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар В.Б-ыг Бугант гол ХХК- ий 50 хувийн эзэмшигч мөн болохыг тогтоож, Бугант гол ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр, бие даасан шаардлага гаргасан Ш.Батдэлгэрийн В.Б-од холбогдуулан гаргасан Бугантгол ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т Ц.Бгийн В.Б-од холбогдуулан гаргасан Ч.Шаравжамц нь Бугант гол ХХК-ний хөрөнгийн 51.0 хувийг эзэмшигч болохыг тогтоолгох, Ч.Шаравжамцын төрсөн хүү Ш.Батдэлгэр эрх залгамжлахад шаардлагатай тодорхойлолтыг В.Б-оос гаргуулах, Ч.Шаравжамцаас Бугант гол ХХК-д оруулсан хөрөнгийн 51.0 хувийн өмчлөгч, эрх залгамжлагч Ч.Шаравжамцын төрсөн хүү, Шаравжамцын Батдэлгэр болохыг тогтоолгон,өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах... гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Ц.Бгаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Бгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Батдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 39 дүгээр магадлалаар: .Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 471 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн: 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.2, Компаний тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д зааснаар нэхэмжлэгч В.Б-ын хариуцагч Ц.Бд холбогдуулан гаргасан Бугант гол ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах, тамга тэмдгийг Ц.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн шаардлагаас Ц.Бгийн компаний тамга тэмдэг ашиглан хууль бусаар явуулж буй үйл ажиллагааг таслан зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Компаний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар В.Б-ыг “Бугант гол” ХХК-ний 50 хувийн эзэмшигч мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хамтран хариуцагч Улсын бүртгэл, статистикийн газар нь нэхэмжлэгчийн “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах тухай шаардлагыг биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан Ш.Батдэлгэрийн В.Б-од холбогдуулан гаргасан Бугант гол ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 471 тоот шийдвэр, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 39 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Бугант гол” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшиж байсан талийгаач Ч.Шаравжамцын эзэмшиж байсан хувьцаа өв залгамжлалын журмаар түүний төрсөн хүү Ш.Батдэлгэрт шилжсэн болох нь “өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр нотлогдож, шүүх хурал дээр тус компаний тамга, тэмдэг бичиг баримт өв залгамжлалын журмаар Ш.Батдэлгэрт шилжсэн гэж тайлбарласаар байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй, тамга тэмдэг, бичиг баримт гуравдагч этгээд Ш.Батдэлгэрт шилжсэн байхад Ц.Бгаас гаргуулж шийдвэрлэсэн нь хариуцагчийг буруу сонгосон  гэж үзэхээр байна. Шүүх гуравдагч этгээд Ш.Батдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тодорхой заагаагүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байгаагаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад В.Б- нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрыг хамтран хариуцагчаар татаж “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж зөвтгөн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч В.Б-ыг “Бугант гол” ХХК-ний 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байхад анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг тус компанийн хувьцаа эзэмшигч биш этгээд болох Ц.Бд холбогдуулан гаргасан нэгэнт Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газар В.Б-ыг 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэсэн байдлыг үл харгалзан энэ нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.  Анхан шатны шүүх “Бугант гол" ХХК-ний хувьцааг өвийн журмаар эзэмших эрхтэй болсон Ш.Батдэлгэрийн эрхийг ноцтой зөрчиж түүний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг засаагүй нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Эдгээр үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч В.Б- нь хариуцагч Ц.Б болон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт холбогдуулан “Бугант гол” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээ гаргуулах, тамга тэмдэг ашиглан хууль бусаар явуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоолгох, тус компанийн хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах, хувьцааны 50 хувийг эзэмшдэг болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар “...Ч.Шаравжамц компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болох, хүү Ш.Батдэлгэр 51 хувийн хувьцааны өмчлөгч, эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох, өв залгамжлахад шаардлагатай тодорхойлолт гаргуулах, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах” тухай сөрөг нэхэмжлэл,  гуравдагч этгээд Ш.Батдэлгэр “Бугант гол” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах” тухай бие даасан  шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, З.Цэнд, Д.Даваасамбуу нар нь 2000 онд тус бүр 12.718.180 төгрөгийн хөрөнгө оруулж, нийт 25436.3 мянган төгрөгийн дүрмийн сантай ”Бугант гол” ХХК-ийг  үүсгэн байгуулсан ба 2004 онд  бүх гишүүдийн хурлын  шийдвэрээр компанийн гишүүнээс чөлөөлөгдсөн, тэдний оронд В.Б-, Ч.Шаравжамц нар тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгджээ.

”Бугант гол” ХХК-ийг 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинэчилсэн бүртгэлд хамруулахдаа цахим санд В.Б- 49.14 хувь, Ч.Шаравжамц 50.86 хувь эзэмшдэг гэж бүртгэжээ /хэргийн 2 дугаар хавтас 16-46 дугаар тал/.

Хувьцаа эзэмшигч Ч.Шаравжамц 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байх ба түүний эхнэр Ц.Б компаний тамга тэмдгийг эзэмшиж байгаа талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1.-т зааснаар нас барагчийн төрүүлсэн хүүхэд хууль ёсны өвлөгч бөгөөд Ч.Шаравжамцын хүү Ш.Батдэлгэрт  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

Бүртгэлийн байгууллагын буруугаас компанийн цахим бүртгэлд хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээг буруу бүртгэсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар өөрт холбогдох шаардлагыг биелүүлж, В.Б-ыг 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Бгаас “Бугант гол” ХХК-ийн  тамга тэмдэг, гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна шийдвэрт зохигчдыг “сөрөг нэхэмжлэлийн хариуцагч”, “сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч” гэж нэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Хариуцагч Ц.Б  “Бугант гол” компаний нэрээр хууль бус ямар үйл ажиллагаа явуулсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй боловч магадлалын тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилдэг бөгөөд энэхүү зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.  

Дээрх үндэслэлээр давж заалдах  шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн "...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 39 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Бгаас  “Бугант гол ХХК-ийн тамга тэмдэг, гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч В.Б-од олгож, нэхэмжлэлээс “...компаний тамга тэмдэг ашиглан хууль бусаар явуулж буй үйл ажиллагааг таслан зогсоох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...12 дугаар зүйлийн 12.8” гэснийг “...32 дугаар зүйлийн 32.1” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ