| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00509/И |
| Дугаар | 582 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 582
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Ж.Очирбатад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1.750.720 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн үндэслэл: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 144 тоотод оршин суугч Жанчив овогтой Очирбат нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Гахайн аж ахуй” төсөл хэрэгжүүлэхээр 15.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан.
Иргэн Ж.Очирбатын зээлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.
Иймд иргэн Ж.Очирбатын үндсэн зээл болох 1.708.020 төгрөг, алданги 42.700 төгрөг, нийт 1.750.720 төгрөгийг Ж.Очирбатаас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Ж.Очирбат 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Ж.Очирбат надад холбогдуулан 1.750.720 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж нэхэмжлэгчийн хохиролгүй болгоно. Улсын тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь иргэн Ж.Очирбатад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1.750.720 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч 1.750.720 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 42.961 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 1750.720 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 42.961 төгрөгний 50 хувь болох 21.480 төгрөгийг хариуцагч Ж.Очирбатаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Ж.Очирбатад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1.750.720 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 42.961 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 42.961 төгрөгний 50 хувь болох 21.480 төгрөгийг хариуцагч Ж.Очирбатаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ