| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00515/И |
| Дугаар | 586 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 586
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Г.Үрчгэрийн нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өндөрсант суманд 1956 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, төмрийн дархан мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, Ногоондов гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй,
Боржигон овгийн Гэндэнгийн Үрчгэр
регистрийн дугаар: МЕ-56070917
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Г.Үрчгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие 1956 онд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэтэл 1982 онд Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д ажиллаж байх үед надад нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрт 1956 онд төрснийг минь “1953” он гэж буруу бичсэнээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд уг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Г.Үрчгэр мөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Г.Үрчгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэтэл миний Ерөө сумын “Сангийн аж ахуй”-д ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр намайг 1953 онд төрсөн гэж буруу бичсэнээс болоод нийгмийн даатгалын байгууллага энэ зөрчлөө шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Иймд намайг уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү! гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.Үрчгэр нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н захиргаанаас 1982 оны 01 дүгээр сарын 21-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүний төрсөн оныг “1953 он” гэж буруу бичсэн байх тул дээрх бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Г.Үрчгэр нь Архангай аймгийн Өндөрсант суманд 1956 оны 07 дугаар сарын 09-нд төрсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын архивын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №15078 ддугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, хамт ажиллаж байсан гэх Н.Пүрвээ, А.Ганболд, Д.Бавуудорж нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Г.Үрчгэрт 1982 оны 01 дүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н захиргаанаас “1953 онд төрсөн” гэх бичилтэйгээр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “1956 онд төрсөн Гэндэнгийн Үрчгэр” мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н захиргаанаас 1982 оны 01 дүгээр сарын 21-нд “1953 онд төрсөн” гэх бичилтэйгээр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “1956 онд төрсөн” Гэндэнгийн Үрчгэр мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Үрчгэрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ