Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 004

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

Улсын яллагч Т ,

Шүүгдэгч Х  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т ээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х т холбогдох 1913*********** дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 17-ны өдөр УБхотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Газрын Од ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 2 дугаар баг, Цагаан эрэг, 18 гудамж, урьд ял шийтгэлгүй, Х , регистрийн дугаар ЧА85*******

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Х  нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 22 минутанд БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн А ын 5194******** дугаартай данснаас 328000 төгрөг Ө экспресс АТМ-ээс гарсан байсныг авч явж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Х ийг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 22 минутанд БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн А ын 5194******** дугаартай данснаас 328000 төгрөг Ө экспресс АТМ-ээс гарсан алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:

1. Х банкны БӨ аймаг дахь салбарын 5194******** тоот данснаас АТМ- ийн хяналтын камерын дүрс бичлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дугаар хуудас/,

3. Шүүгдэгч Х ийн *******тоот дансны хуулга /хх-ийн 21 дүгээр хуудас/,

4. Шүүгдэгч Х аас гаргаж өгсөн 328000 төгрөгийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

5. Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Х банкны бэлэн мөнгөний машин дээр очиж мөнгө авах гэхэд миний дансанд 19000 төгрөг байсан тэгээд би цагдаагийн газарт очиж гомдол гаргасан" гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

6. Гэрч А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Х ах гарч ирээд надад хандаж би дөнгөж сая АТМ ороод картаа хийх гэж байтал мөнгө гарч ирсэн, тэгээд аваад ирлээ гэж хэлээд гартаа барьж байсан мөнгийг үзүүлээд тухайн мөнгийг тоолж үзэхэд 328000 төгрөг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

7. Насанд хүрээгүй гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед манай ээж болох А  нь надад өөрийн виза картаа бэлэн 20000 төгрөгийн хамт өгөөд чи энэ мөнгийг АТМ буюу бэлэн мөнгөний машинд хийгээд ир гэхэд би за гэж тухайн мөнгө виза картыг аваад Ө сумын 5 дугаар багт байрлах гэрээс гараад Голомт банк, Монгол банкны дунд байрлах Х банкны АТМ бэлэн мөнгөний машин дээр очиж виза картаа хийгээд ээжийн хэлсэн нууц үгийг хийгээд бэлэн 20000 төгрөгийг хийх гэхэд чадаагүй, тэгээд виза картаа гаргаж аваад Тирлик зах руу очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

8. Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Виза картаа хийж мөнгө авах үйлдлүүдээ хийсний дараа 30 секунд хүлээх ёстой. Хэрвээ гарч ирээгүй тохиолдолд зохих байгууллагад хандаж, мөнгөө гаргаж авах боломжтой. 30 секунд хүлээгүйгээс болоод дараагийн үйлчлэгч, өмнө үйлчлүүлсэн хүний мөнгийг авах тохиолдол гардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

9. Шүүгдэгч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед хуучин Х банкны АТМ-ээс мөнгө авахаар ороход, хамгийн цаад талын захын бэлэн мөнгөний машин үйлчлүүлэгчгүй байсан. Тэгээд би уг машины хажууд очиж, өөрийн Х банкны виза картыг хийх гэхэд нөгөө АТМ-ээс мөнгө гараад ирсэн. Тэгээд би уг гарч ирсэн мөнгийг зүүн гараараа авч, тоолоход 328000 төгрөг байсан /хэдийн дэвсгэрт байсныг одоо санахгүй байна/ ба зогсож байгаад, өөрийнхөө виза карнтаас 50.000 төгрөг гаргаж аваад гарч машиндаа суугаад Тирлик зах орж сэлбэгийн дэлгүүрээс 32.000 төгрөгөөр машины наклад худалдаж аваад гэртээ очиж өөрийн автобусанд орой 21 цаг хүртэл засвар хийсэн. Дараа нь эмээ У , өвөө Н  нагац ах Болат нарын хамт өөрийн машинаар Бугын голд оршин суудаг өвөө Н ы гэрт очиж байж байгаад 03-наас 04-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ ирж амарсан. Мөнгийг би ямар нэгэн зүйлд зарцуулаагүй. Надад бэлэн байсан. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөгч Т -т нөгөө мөнгийг гаргаж өгсөн. Энэ хугацаанд уг мөнгийг надаас ямар нэгэн хүн асууж ирээгүй. Би өөртөө хадгалж байсан. Надад 328000 төгрөгийг холбогдох байгууллагад буцааж өгөх боломж байсан. Тухайн үед зав муутай явж байсан болохоор холбогдох хүмүүст аваачиж өгч чадаагүй. Хяналтын камертай болохоор Х банкнаас хүмүүс ирж надаас авна гэж бодоод, мөнгийг хадгалж байсан. Би уг мөнгийг өөр зүйлд зарцуулахаар аваагүй. Тийм бодол ч байгаагүй. Би тухайн үед өөртөө хэрэгтэй байсан 50.000 төгрөгийг өөрийн виза картнаас гаргаж авсан шүү дээ” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 328000 /гурван зуун хорин найман мянга/ төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч А д 328000 /гурван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х  нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч хохирогч этгээдтэй хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/99 дугаартай саналд яллагдагч Х т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ. /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал эрүүгийн 1913*********** дугаартай хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул Х т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х  нь учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 57 дугаар хуудас/ тогтоогдож байна.  

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй байна.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болох СD дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас хийгдсэн 328000 /гурван зуун хорин найман мянга/ төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан СD дискийг хэргийн хамт хадгалсугай.

6. Шүүгдэгч Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д