| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00540/И |
| Дугаар | 540 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 540
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр баг, Аргуйт 9-01 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Жо Сүнжиг овгийн Самданцоодолын Цэвэлсүрэнгийн хүсэлттэй
“1984 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Цэвэлсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Холбооны газарт операторчин, салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт Сандавцоодол овогтой Цэвэлсүрэн гэж буруу бичигдсэн байсан. Иймд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Самданцооцол овогтой Цэвэлсүрэн намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Цэвэлсүрэн “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт эзэмшгчийн нэр Сандавцоодолын Цэвэлсүрэн гэж буруу бичигдсэн хэдий ч дээрх дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Самданцоодолын Цэвэлсүрэн болох нь иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 24/003075 дугаартай регистрийн дугаарын лавлагаа, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын холбооны салбарын эрхлэгч С.Цэвэлсүрэнгийн 1989-1994 оны цалингийн түүврийн жагсаалт, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдөр олгосон сайшаалын үнэмлэхний хуулбар, 1996 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дурсгалын бичгийн хуулбар,1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичгийн хуулбар, Монголын харилцаа холбоо компанийн хүндэт үнэмлэх, гэрч С.Зина, Д.Батмөнх, Т.Пионер нарын мэдүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Цэвэлсүрэн “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Холбооны сургалтын төвийн захиралын 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Жо Сүнжиг овгийн Самданцоодолын Цэвэлсүрэн мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА