Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 254

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Мгийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ургийн овог тодорхойгүй, Мгийн Б, Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа, тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэл:

1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 321 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 13 жил 5 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

2. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;  

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн 64 дүгээр захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан регистрийн дугаар ....

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод байрлах иргэн С.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 43 инчийн Сони маркийн Лед зурагтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;

- 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 17-10 тоотод оршин суух иргэн Г.Энхболдын монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн шарп маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх тус тус гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгаас: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд. Үүнд:

 

2.1 Хохирогч С.Бийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

1. Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-нд өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө ажилдаа явахаар 06 цаг өнгөрч гэрээсээ гарсан. Гэрийнхээ хаалга цоожийг цоожлоод явсан. Ажлаа тараад гэртээ 21 цаг өнгөрч байхад ирэхэд гэрийн хаалга цоожтой, вакум цонх онгорхой байдалтай байхаар нь гайхаад гэртээ ороод хартал манай 43 инчийн “Сони” маркийн лед зурагт хулгайд алдагдсан байсан. 2018 оны 11 дүгээр сард BSB дэлгүүрээс 1.599.000 төгрөгөөр зээлээр худалдаж авч байсан. Би зурагтаа хүлээн авсан учраас надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [1] ,

 

2. Гэрч А.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 20-нд өгсөн:

“...Би Сэлэнгэ аймгаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Зээлийн 3-62 тоот гэртээ шөнө вагоноор явсаар байгаад л 03 цагийн үед ирсэн. Тэгээд энэ үед манай хадам аав Лхагвасүрэн нь тусдаа нэг монгол гэрт манай гэрийн ар талд амьдардаг. Тэгээд эхнэрээсээ сонсоход хадам аавын хуурай дүү гэх Б нэг залуу гэрт нь ирээд хэд хонож байгаа талаар сонссон юм. Маргааш өглөө нь бие засах газар руу явж байхад 25-30 орчим насны бор царайтай залуутай хашаандаа таарсан. Би дотроо бодохдоо нөгөө хадам аав Лхагвасүрэнгийн гэрт ирсэн амьдарч байгаа залуу гэж мэдсэн юм.

2018 оны 12 дугаар сарын 15-ны 18 цаг өнгөрч байхад уг Б гэгч залуу манай гэрт  орж ирээд тамхи байна уу гэж асуухаар нь би нэг тамхи өгсөн юм. Түүний дараа хадам аавын гэр рүү орж үзтэл Б гэгч залуу нь байгаагүй. Тэгэхээр нь би хадам ааваасаа энэ залуу юун хүн юм бэ, яагаад танай гэрт байгаад байгаан гэж асууж тодруулахад бага байхад нь би таньдаг байсан, саяхан тойргийн орчим тааралдсан, шоронгоос суллагдсан, очих газаргүй болсон гээд түр байгаа юм аа л гэж хэлж байсан. Энэ үеэс хойш 2018 оны 12 дугаар сарын 17-ны шөнө гэртээ унтаж байхад манай гэрийн хаалга нүдээд асуутал би байна гээд байхаар нь хаалгаа нээгээд хартал хадам аавын хуурай дүү гээд байсан Б гэгч залуу байсан. Тэгээд надад хэлэхдээ би 2 ширхэг зурагт оруулаад түр тавьчихъя, өглөө авъя гээд манай гэрт оруулж ирчихээд тавихаар нь би тухайн үедээ нойрмоглоод сонирхож асууж ярилцаагүй юм. Ар талд хадам аав Лхагвасүрэн гэртээ байгаагүй болохоор манай гэрт орж ирсэн байх. Маргааш өглөө нь сэрээд “энэ Б гэх нөхөр чинь шорон оронгоос гарсан удаагүй хүнд ийм хоёр ширхэг зурагт байх учиргүй” гээд 21 дүгээр хороололд АТМ орчихоод буцаж явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод манай гэрт 2 ширхэг зурагт байгаа хулгайн эд зүйл юм шиг байна, авсан хүн нь тодорхой Б гэгч залуу байна гэж мэдэгдсэн. Түүний дагуу цагдаа нар Б гэгч залууг манай хадам аавын гэрээч очиж хоёр ширхэг зурагтны хамт аваад явсан. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

3. Гэрч С.Энхцацралын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 25-нд өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг хүн нүдсэн. Энэ үед манай нөхөр Бат-Оргил хаалга онгойлгоход манай хойд аав Лхагвасүрэнгийн гэрт хэд хоног амьдраад байсан Б гэдэг залуу зогсож байсан. Б гэх залуу 2 ширхэг зурагт барьчихсан түр гэртээ энэ 2 зурагтыг тавьчихаач, маргааш өглөө авъя гэж хэлээд орхиод явсан. Маргааш өглөө нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр гараад ирье гэж хэлээд гэрээс гарсан, зөрөөд Б гэдэг хүн манай гэрт орж ирээд зурагтаа авах гээд байж байхад нь гаднаас манай нөхөр цагдаа дагуулаад ирсэн. Тухайн хоёр зурагтыг манай гэрт оруулж тавих үед хулгайн зурагт гэж бодоогүй. Б гэдэг хүн өглөө авъя түр танай гэрт оруулаад тавьчихъя л гэж хэлсэн. Б нь очих газар байхгүй гэж хэлээд хойд аавын гэрт нь миний мэдэхийн 7-10 хоног амьдарсан юм. ...” гэх мэдүүлэг [3],

 

4. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн “Сони” загварын 43 инчийн зурагтыг 750.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан [4],

 

5. М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-нд яллагдагчаар өгсөн:

“...прокурорын тогтоолтой танилцлаа, надад асууж тодруулах зүйл алга. Прокурорын гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгч Г.Энхболдтой өгөхөд надад татгалзах зүйл алга. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ... тоот хаягт байрлах тоосгон байшингийн вакум цонхыг түлхэж ороод 43 инчийн Сони маркийн зурагт хулгайлж авсан. Ойр зуур хэрэглэх мөнгө байгаагүй болохоор мөнгө олох санаа зорилготой хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Уг гэмт хэргийг үйлдэхдээ эрүүл байсан. Гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа л байсан. ...” гэх мэдүүлэг [5],  

 

6. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг болсон гэх газар нь ... тоот хаягт байрлах ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байрлалтай модон хашаатай саарал өнгийн төмөр хаалга байна. ...Үүдний амбаараар цааш дамжин гэр дотор ороход баруун талд зочны өрөө, өрөөний зүүн талд доороо 3 шургуулгатай шаргал өнгийн модон зурагтын тавиур, уг тавиур дээр 43 инчийн Сони маркийн зурагт байсан гэх тул 2 гэсэн дугаарыг байрлуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. ...өрөөний вакум цонх онгорхой, цоож нь хугарсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. ...Үзлэгийн явцад криминалистикийн шинжээч зочны өрөөнд байрлах зурагтын тавиурын хажуу талын шургуулган дээрээс 1 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авсан. ...” гэх тэмдэглэл, гэрэл зураг [6],

 

7. Хохирогч С.Бийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 20 минутад “Сони” брэнднийн хар өнгийн 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт нэг ширхэгийг залгуурын хамт хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг [7],  Түр хүлээн авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [8] ,

 

2.2 Хохирогч С.Энхболдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

8. Хохирогч Г.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 22-нд өгсөн:

“...би 2018 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймаг руу өвлийн идшээ бэлдэхээр явсан. ...2018 оны 12 дугаар сарын 18-нд өглөөний 10 цагийн орчимд Архангай аймгаас хотод гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь гайхаад гэртээ ороод үзтэл манай 32 инчийн “шарп” маркийн зурагт хулгайд алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгөөд эхнэр Нанжидмаад утсаар гэрт хулгай орсон байна гэдгийг хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр Нанжидмаа Дарь-Эхэд хүүхдийнхээ гэрт очиж хүүхэд харж тэнд байсан. Манай гэр 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 18-ны өдрийн хооронд эзгүй байсан. Одоогоос 3-4 жилийн өмнө манай хүүхдүүд 750.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан зурагт байгаа юм. ...Манай гэрээс ганцхан зурагт л хулгайд алдагдсан байсан. ...Би зурагтаа эргүүлэн буцааж авсан тул надад ...нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [9]  ,

 

9. Гэрч И.Нанжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 04-нд өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дарь-Эхэд хүүхдээ хараад байж байтал манай нөхөр Энхболд над руу 11 цагийн орчимд залгаад би хөдөөнөөс ирээд гэрт ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг эвдэлж хулгайч ороод зурагт хулгайд алдсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэд харж байгаад хүүхэд харах хүн ирэхээр нь 16 цагийн орчимд гэртээ ирэхэд манай “Шарп” маркийн 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Манай нөхөр 2018 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймаг руу өвлийн идшээ авахаар явсан байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Дарь-Эхэд хүүхдийнхээ хүүхдийг хараад тэнд байсан юм. Манай гэр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хугацаанд эзэнгүй байсан. Манай гэрээс зурагт л алга болсон. ...” гэх мэдүүлэг [10],

 

10. М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-нд яллагдагчаар өгсөн:

“...Прокурорын тогтоолтой танилцлаа, надад асууж тодруулах зүйл алга. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би 17 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 17-10 тоот хаягт байрлах монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр эвдэлж гэрт нь ороод гэрийнх нь хойморт байсан 32 инчийн Шарп маркийн зурагтыг нь хулгайлж авсан. Миний нойр булчирхай өвддөг юм. Тэгээд эм авах мөнгөгүй байсан болохоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа л байсан. Би зурагтнаас өөр зүйл аваагүй.  ...” гэх мэдүүлэг [11],

- 2019 оны 01 дүгээр сарын 16-нд дахин яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... тоот хаягт байрлах улаан өнгийн тоосгон байшингийн вакум цонхыг түлхэж ороод “Сони” маркийн 43 инчийн зурагт хулгайлж авсан. Үүний дараагаар мөн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 17-10 тоот хаягт байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж ороод “Шарп” маркийн 32 инчийн зурагт хулгайлж авсан. Амар хялбар аргаар мөнгө олж, ойр зуур хэрэглэх санаатай хулгай хийсэн. Тэр хоёр айл эзэнгүй юм шиг харагдахаар нь хашааны хаалгыг нь цохиж үзэхэд хүн гарч ирэхгүй байхаар нь эзэнгүй байгаа гэдгийг мэдсэн юм. Дээрх хоёр айл руу орж зурагт хулгайлдаг өдөр бол 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхлээд би улаан өнгийн тоосгон байшин руу орж зурагт хулгайлсан. Үүний дараа би монгол гэрт орж мөн зурагт авсан юм. ...” гэх мэдүүлэг [12],

11. Хохирогч Г.Энхболдын “шарп” загварын 2018 онд ашиглалтанд орсон 32 инчийн зурагтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Мастер үнэлгээ” ХХК-ийн 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан [13], “Шарп” брэндийн хар өнгийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт нэг ширхэгийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг [14], түр хүлээн авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [15]  ,

 

12. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн 17 тоотод оршин суух хаяг хашааны хаалга нь ертөнцийн зүгээр цэнхэр өнгийн төмөр байх ба тус хаалгаар дотогш оров. ... хоймор хэсэгт зурагтын тавиур байх ба түүн дээр байсан зурагт байхгүй гэсний дагуу гэрэл зургаар бэхжүүлэв. ...зурагтын хар төхөөрөмж байх ба түүн дээр гарын мөр үзэхэд нэг ширхэг гарын мөр илрэв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зураг [16],

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

 

13. Гэрч Д.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 31-нд өгсөн:

“...Би М.Бгийн ах нь байгаа юм. 2003 онд анх Бтай танилцаж байсан. Энэ үед Б нь орон гэргүй, тэнэмэл хүүхэд байсан. Би Бг өрөвдөөд 2003 оноос хойш өөрийнхөө гэрт хамтдаа амьдарсан. Гэтэл Б хэрэгт орооцолдоод шоронгоор явсан. Шоронгоос гарч ирснийх нь дараа би түүнд чи битгий хэрэгт орооцолдоод байгаач гэж хэлж байсан. Дахин уулзаагүй юм. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сард намайг хөдөө байхад Б залгаад та хаана байгаа юм бэ, би Лхагвасүрэн ахын гэрт байгаа гэж надад хэлж байсан. Лхагвасүрэн нь миний төрсөн ах байгаа юм. Б 2003 оноос хойш надтай хамт манай гэрт амьдарч байхад ах, дүү хамаатан садангуудыг таньж мэддэг болсон. Бгийн ар гэрийнхэн, хамаатан саданг хаана байдаг талаар мэдэхгүй. Энэ талаар надад огт ярьдаггүй юм. 2003 онд Б нь орон гэргүй, тэнэмэл амьдралтай жоохон хүүхэд байхад нь би өрөвдөж түүнийг өөрийнхөө гэрт авчирч хамтдаа амьдарч байсан юм. Гэтэл 2006 оноос санаж байна хэрэгт холбогдож шоронгоор явсан. ...” гэх мэдүүлэг [17]

 

14.  Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 02-нд өгсөн:

“...Б нь миний мэдэхийн одоо санаж байгаагаар 2005 оноос хойш миний төрсөн дүү Баасанжавын гэрт хамт амьдардаг байсан. Ингэж хамт амьдарч байгаад хэрэгт ороод шоронд орсон гэж би сонсож байсан. Ингээд шоронд сууж байгаад 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр М.Б нь манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 3-62 тоот хаягт байрлах гэрт ирээд Баасанжав ах гэртээ алга хайчсан юм бол гэж надаас асуухаар нь би Баасанжав хөдөө явсан гэж хэлсэн. Тэгтэл Б нь би Баасанжав ахыг хөдөөнөөс иртэл нь танай гэрт байж байя гэхээр нь би зөвшөөрөөд за тэг  гэж хэлсэн. Үүнээс хойш манай гэрт Б амьдарсан. Энэ хугацаанд гэртээ бараг байдаггүй, хааяа нэг ирж харчихаад буцаад явдаг байсан. Баасанжав Бг жоохон хүүхэд байхдаа тэнэмэл, гэр оронгүй хүүхэд байсан гээд гэртээ авч өөрийнхөө дүү шиг хайрлаж халамжилж ирсэн хүүхэд байгаа юм. Б нь яг төрсөн ах, дүүгийн хүүхэд бол биш юм. Баасанжавын дүү гээд л хамт амьдраад яваад байдаг болохоор л мэддэг. ...Б нь ааш зангийн хувьд их дөлгөөн, үгэнд сайн ордог, ажилсаг, хар ажилд их сайн, хүний арга эв олохдоо сайн залуу байгаа юм. Муу зуршил нь гэвэл хэрэгт орж шоронд сууж байгаад гарч ирсэн....” гэх мэдүүлэг [18]  

 

15. М.Бгийн төрсний бүртгэлийн лавлагаа [19], Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа [20], М.Бгийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [21], Арилжааны банкуудад М.Бданс эзэмшдэггүй тухай лавлагаа [22], М.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан  хуудас [23],

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [24], 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1234 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолын хуулбар [25],

-Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [26], суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [27], Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ны 64 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар [28],

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [29] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Дөрөв. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “... шүүгдэгч М.Б нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ, яллагдагчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул М.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогч нарт төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч нь М.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хэргийн зүйлчлэлд маргах зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч М.Б гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод байрлах иргэн С.Бийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 43 инчийн Сони маркийн Лед зурагтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь: 

- Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө ажилдаа явахаар 06 цаг өнгөрч гэрээсээ гарч, 21 цаг өнгөрч байхад ирэхэд вакум цонх онгорхой, 43 инчийн “Сони” маркийн лед зурагт хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг [30]

-гэрч А.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны шөнө гэртээ унтаж байхад манай гэрийн хаалга нүдээд асуутал би байна гээд байхаар нь хаалгаа нээгээд хартал хадам аавын хуурай дүү гээд байсан Б гэгч ...би 2 ширхэг зурагт оруулаад түр тавьчихъя өглөө авъя гээд манай гэрт оруулж ирчихээд таввсан. Маргааш өглөө нь... Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод манай гэрт 2 ширхэг зурагт байгаа хулгайн эд зүйл юм шиг байна, авсан хүн нь тодорхой Б гэгч залуу байна гэж мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг [31] ,

- гэрч С.Энхцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б гэх залуу 2 ширхэг зурагт барьчихсан түр гэртээ энэ 2 зурагтыг тавьчихаач маргааш өглөө авъя гэж хэлээд орхиод явсан. Маргааш өглөө нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр гараад ирье гэж хэлээд гэрээс гарсан, зөрөөд Б гэдэг манай гэрт орж ирээд зарагтаа авах гээд байж байхад нь гаднаас манай нөхөр цагдаа дагуулаад ирсэн....” гэх мэдүүлэг [32],

- М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ... тоот хаягт байрлах тоосгон байшингийн вакум цонхыг түлхэж ороод 43 инчийн “Сони” маркийн зурагт хулгайлж авсан....” гэх мэдүүлэг [33],  “Мастер Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан [34], Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [35], Хохирогч С.Бийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг [36]зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөн шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 17-10 тоотод оршин суух иргэн Г.Энхболдын монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн “шарп” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 10 цагийн орчимд Архангай аймгаас хотод гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь гайхаад гэртээ ороод үзтэл манай 32 инчийн шарп маркийн зурагт хулгайд алдагдсан байсан. ...Би зурагтаа эргүүлэн буцааж авсан. ...” гэх мэдүүлэг [37],  

- гэрч И.Нанжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дарь-Эхэд хүүхдээ хараад байж байтал манай нөхөр Энхболд над руу 11 цагийн орчимд залгаад би хөдөөнөөс ирээд гэрт ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг эвдэлж хулгайч ороод зурагт хулгайд алдсан байна гэж хэлсэн. ...гэртээ ирэхэд манай “шарп” маркийн 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. ... Манай гэр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хугацаанд эзэнгүй байсан. Манай гэрээс зурагт л алга болсон. ...” гэх мэдүүлэг [38],

- М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би 17 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 17-10 тоот хаягт байрлах монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр эвдэж гэрт нь ороод гэрийнх нь хойморт байсан 32 инчийн “шарп” маркийн зурагтыг нь хулгайлж авсан. ...” гэх мэдүүлэг [39],  2019 оны 01 дүгээр сарын 16-нд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг [40], “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан [41], “шарп” брэндийн хар өнгийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт нэг ширхэгийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг [42], түр хүлээн авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [43] , хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[44] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, далд аргаар явагддаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар М.Б нь мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Шүүгдэгч М.Б нь иргэн С.Бэ, Г.Энхболд нарын эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийг хугацаанд  тус тус хулгайлсан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус хэргийн хохирогч С.Бэ, Г.Энхболд нар нь хулгайд алдсан зурагтаа тус  буцаан авсан, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч М.Бг  энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Бд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч нарт төлөх төлбөргүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас шүүгдэгч М.Бгийн урьд ял шийтгэгдсэн байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар М.Б нь хохирогч нарт хохирлыг барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байх ба хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан хорих ялыг багасгаж, 2 жилийн хорих ял шүүгдэгчид оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 4 удаа ял шийтгэгдсэн байх ба, хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогч нарт учруулсан гэм хорыг арилгасан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлаар.

Тус хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч М.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй байх ба шүүгдэгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мгийн Бг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Бг 3 (гурав) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 (жаран зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Бэ, Г.Энхболд нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА