| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00541/И |
| Дугаар | 541 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 541
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 02-12 тоотод оршин суух, Боржигон овгийн Зундуйн Даариймаа,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 02-12 тоотод оршин суух, Боржигон овгийн Сүхбаатарын Ням-Осор,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 02-12 тоотод оршин суух, Боржигон овгийн Сүхбаатарын Төмөрсүх нарт холбогдох
“14925238,6 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Даариймаа нь тус банкнаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1620002318 дугаар зээлийн гэрээгээр 8000000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1620003188 дугаар зээлийн гэрээгээр 7000000 төгрөгийн зээлийг жилийн 25.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин сар бүр хэтрүүлж байсан бөгөөд 111004224 тоот зээлийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 490 хоногийн хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгч нарт зээлийн төлбөрөө төлж, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд З.Даариймаа болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ням-Осор, С.Төмөрсүх нараас нийт 14925238,6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Даариймаа шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие Хас банкны нэхэмжилж буй 14925238,6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа нь З.Даариймаа, С.Ням-Осор, С.Төмөрсүх нарт холбогдуулан 14925238,6 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Даариймаа, С.Ням-Осор, С.Төмөрсүх нараас “14925238,6 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй З.Даариймаа, С.Ням-Осор, С.Төмөрсүх нарт холбогдох “14925238,6 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Даариймаа хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З.Даариймаа, С.Ням-Осор, С.Төмөрсүх нараас 116288,1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232576,2 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА