| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0023/Э |
| Дугаар | 032 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 032
Баян-Ө аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч К,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр БӨ аймгийн Улаанхус суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-нд ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б , регистрийн дугаар БК86******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр А ХХК-ны хашаанд Е ийг шинэ жилийн үеэр бүжиглэж байсан зургийг бусдад үзүүлсэн гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
2. Гэрч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
3. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
4. Шүүгдэгч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр А ХХК-ны хашаанд иргэн Е ийг “шинэ жилийн үеэр бүжиглэж байсан зургийг бусдад үзүүлсэн” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: - Хохирогч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...А ХХК-ны байгууллагын шинж жил 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон ба уг арга хэмжээний үеэр Б ий бүжиглэж байсан бичлэгийг ажилчдын фэйсбүүк хаягт нийтэлсэн байсныг миний утаснаас бичлэгийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үзсэн вм. Тэгээд өдөр 14 цагийн үед намайг 00 орчхоод гараад явж байтал Б ирж намайг шалтгаангүйгээр шууд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон, тэгээд доош тонгойх үед миний толгой руу 2 удаа өвдөглөсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
- Гэрч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед 00 орчхоод буцаад явж байтал Б нь Е ийг зодсон юм, тэгээд тэр хоёр зууралдаад байхаар нь би очиж салгах гэхэд миний үгэнд орохгүй бие бие рүүгээ дайраад байхаар нь би тэр хоёрыг орхиод ажил руугаа яваад өгсөн. Эхлээд Берген Е ийн баруун нүд рүү гараа атгаж байгаад 1 хүчтэй цохисон, тэгээд би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход миний үгэнд орохгүй болохоор тэднийг үлдээгээд явсан, тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 31 дугаартай ”1.Иргэн Е ийн баруун зүүн талын нүдний дээд доод зовхи, духны хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би “А ” ХХК-д ажилладаг манай байгууллагын “Шинэ жилийн арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ө сумын 5 дугаар “Ж ” нэртэй бааранд болсон юм. Тэр үеэр манай ажлынхан халамцуу болсон байсан ба намайг бүжгийн талбайд бүжиглэж байхад манай ажлын нэг залуу бичлэг хийсэн байсан ба уг бичлэгийг манай ажилчдын “Аzat” гэдэг нэртэй цахим хуудсанд нийтэлсэн юм. Тэр бичлэгийг надад 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Е надад үзүүлсэн тэгээд ажил дээр байгаа хүмүүст бас үзүүлж инээлдээд байхаар нь өдөр 13 цагийн үед Е 00 руу явах үед араас нь дагаж очоод “чи намайг доромжиллоо” гээд түүний нүүрэн хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиход хамраас нь цус гарсан тэгэхээр нь би түүнийг орхиод ажил руугаа орчихсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б нь иргэн Х ыг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б гийн хохирогч Е ийн эрүүл мэндэд “баруун зүүн талын нүдний дээд доод зовхи, духны хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн зүй бус харилцаа нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Е нь шүүгдэгч Б ээс 300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б ээс нотлох баримтаар гаргаж өгсөн хохирогч Е ээс бичигдсэн баримтад “2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 80.000 төгрөг авсан. Гомдол санал байхгүй, уучлалт өгсөн” хэмээн гарын үсгээ зурсан тул шүүгдэгч Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б нь хохирогч Е тэй сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Ө аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 5/07 дугаартай саналд яллагдагч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Б д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т