Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 282

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Ё.Ю, түүний өмгөөлөгч С.Намжилмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0176/

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ц.Амар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Бгийн Х Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 27-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, 13 настай хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... тоотод Ё.Юг нөхөртэйгээ хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: Би нөхрөө хардсан зүйл байхгүй. Хохирогч бид хоёр аль аль нь үсдэлцэж зодолдсон. Югийн нүүрийг хэн маажсаныг Ю өөрөө мэдэж байгаа. Яагаад ийм их хэмжээний хохирол нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэв.

 

Хохирогч Ё.Ю мэдүүлэхдээ: Хажидсүрэн гэдэг найзтайгаа хамт байр түрээсэлдэг байсан. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр найз охиндоо шөл хийж байтал гаднаас Ганхуяг, Х, Хажидсүрэн, Тэмүүлэн нар нэг шил архи авч орж ирсэн. Намайг дуудаад би хамт уусан. Хажидсүрэн, Батсүх хоёр унтсан. Ингээд Ганхуяг, Х, Тэмүүлэн бид дөрөв сууж байтал Ганхуяг архины шилээ хураачих гэж Тэмүүлэнд хэлэхээр нь би Хуягаа ч цэвэрч шүү гэсэн чинь Ганхуяг, Х хоёр маргалдаад Х гэнэт босч ирээд миний нүүр рүү дайрсан. Адилхан эмэгтэй хүн байж нүүр муухай болгосон. Нуруунаас хазсан. Тэгээд би хувцсаа авч зугтааж гарсан. Маргааш нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний нүүр урьд нь сорвигүй байсан, тэрэн шигээ болмоор байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлсэн. Энэрэл заяа гэсэн эмийн сангаас эм авсан. Эмчилгээний зардал 1.117.850 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, унааны зардал 200.000 төгрөг, нийт 2.609.850 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

                     

1. Хохирогч Ё.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 21-нд өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 39-550 тоот найз Хажидсүрэнгийн гэрт ганцаараа хоол хийгээд байж байтал гаднаас Хажидсүрэн, Батсүх, Тэмүүлэн, Ганхуяг, Хаа нар 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи 2 шил, 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй нэг шил, 2 том ундаатай орж ирсэн. Тэгсэн Хаа надаас уучлалт гуйгаад байсан. Тэгээд суугаад цай ууцгаачихаад намайг наашаа суугаад архинаас уу гээд би очоод хамт суусан. 0.75 литрийн 1 хараа архи, 0.5 литрийн хэмжээтэй хараа архи нь дуусаад Хажидсүрэн, Батсүх хоёр нилээн муудаад орон дээр гараад унтаад өгөхөөр нь би хөнжлөөр хучиж өгсөн. Хаа, Тэмүүлэн, Ганхуяг бид дөрөв үргэлжлүүлж уугаад юм яриад сууж байгаад Ганхуяг “энэ архины шилийг хураачих” гэж Тэмүүлэнд хэлэхээр нь би “Хуягаа ч цэвэрч шүү” гэсэн чинь Хуягаагийн эхнэр Хаа над руу “чи яахаараа Ганхуягийг мэддэг юм” гээд хардсан чинь Ганхуяг “тийм юм байхгүй” гэснээ над руу дайрч хэл амаар доромжилсон. Хаа, Ганхуяг нар хоорондоо муудалцаад нэгнийгээ цохиод байсан. Тэгснээ Хаа босч ирээд миний үснээс зулгаагаад намайг зодсон. Тэгэхээр нь би утсаа аваад ахдаа хэлнэ гэтэл Хажидсүрэн босч ирээд болиочээ гээд гүйгээд байснаа чи яахаараа жирэмсэн хүн зоддог юм гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь би ах рууга залгаж хэлнэ гэтэл Хаа миний утсыг булааж аваад миний үснээс зулгаагаад өшиглөж нүүр маажсан. Би арай гэж цүнх куртикээ аваад гарч зугтаасан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дээрх гэмтлүүдийг Хаа үснээс зулгаан, урж маажсан, нуруунаас маажиж хазсан, хэд хэдэн удаа цохиж учруулсан. Намайг Хаа зодож дээрх гэмтлүүдийг учруулсан. Хаа нөхөр Ганхуягтайгаа намайг хардаж зодсон. Хаа, Хажидсүрэн, Ганхуяг 3 нилээн халамцуу гэрт орж ирсэн. Тэмүүлэн эрүүл ирсэн. Гэрт ирээд бага зэрэг согтсон байсан. Би бараг эрүүл байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон соривоо арилгуулмаар байна. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч Ч.Хажидсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 15-нд өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 10-ны 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаа, Ганхуяг хоёрын гэрт очиход Хаа, Ганхуяг, Цогооноо, Батсүх нар байж байсан. Удалгүй Цогооноо яваад өгсөн. Тэгээд бид хоол идээд нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгсэн Ю над руу залгаад би гэртээ ирчихлээ гэж 21 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь бид хэд манайд 0,75 литрийн архи болон ундаа аваад замаараа Тэмүүлэнг аваад очсон. Гэртээ очиход Ю шөл чанаад зогсож байхаар нь би “чи уучихсан юм уу” гэтэл “хороололд найзтайгаа ганц хоёр пиво уусан” гэхээр нь “за за наашаа суучихаа, хүмүүс ирчихсэн байхад” гээд бид хоёр зэрэгцэж суугаад архи уусан. Архи ууж байгаад Б.Батсүх бид хоёр том өрөөний диван дээр зэрэгцэж хэвтээд унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Х Югийн үснээс нь зулгаачихсан орилж байхаар нь сэрээд хартал Ю том өрөөний толинд нүүрээ хараад “чи нүүр маажаад хаячихсан байна шүү дээ” гэж хэлээд эргээд Х дээр очоод үснээс нь зулгаасан. Ингээд том өрөөний ханан пийшингийн хажууд газар үсдэлцэж байхаар нь би очиж салгаад Юг гал тогооны өрөөнд оруулаад “чи жирэмсэн хүн зодоод байхдаа яадаг юм, чи манай найз нараас уучлалт гуй” гэж хэлсэн чинь хувцсаа сольж өмсөж гараад гүйчихсэн. Юг Хаа үснээс нь зулгааж нүүрийг нь маажсан. Өөр хүн гар хүрч цохиж зодоогүй. Өөрийнхөө санаж байгаа зүйлийн талаар ярьж байна. Хаа нөхрөө өмөөрөөд, хардаад Юг зодсон гэж бодож байна. Би Хаатай 2 дахь удаагаа л уулзаж байна. Ю гар утсаа гаргаж ирээд ахыгаа дуудна гэсэн зүйл болоогүй. Уг нь Ю ягаан өнгийн гар утастай байсан. Гэхдээ би тэр орой түүний гар утсыг нь анзаарч хараагүй юм байна. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

3. Гэрч Н.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 14-нд өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчимд Хажидсүрэн манай гэрт ирсэн. Ирээд манай эхнэр Хаатай танилцаад бид нар нэг шил архи уухаар болоод би дэлгүүр гарч 0,75 литрийн Хараа архи авч уусан. Ууж дуусчихаад Хажидсүрэн манайд очиж үргэлжлүүлье гээд Хажидсүрэн, Батсүх, Хаа бид дөрөв гараад замаараа Тэмүүлэнг аваад Хажидсүрэнгийн гэрт очсон. Ороход Ю жоохон халамцуу байж байсан. Бид дэлгүүрээс авсан 0,75 литрийн “Хараа” архиа ууж дуусаад байж байтал Ю миний хөл рүү жийгээд байсан. Тэгсэн манай эхнэр уурлаад “чи муу яагаад байгаа юм бэ” гээд гараараа Югийн гар руу нь нэг удаа цохисон. Тэгсэн Ю эргэж хараад Хааг үснээс нь зулгаатал Хаа зөрж үсдээд газар ноцолдоод байхаар нь бид нар салгатал Хажидсүрэн Юг “чи яахаараа жирэмсэн хүн зоддог юм” гээд хоорондоо маргалдаж хэрэлдэхээр нь би очоод “больцгоо” гэж хэлтэл Ю гараад гүйсэн. Ю миний чихийг маажсан. Гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Харин манай эхнэрийг мөн адилхан зодсон шүү дээ. Тухайн хэрүүл маргаан болж байх үед Ю гар утсаа гаргаж ирээд ахыгаа дуудна гээд тэр үед Х гар утсыг нь булааж авсан асуудал ерөөсөө болоогүй. Ю худлаа ярьж байна. Юг гар утастай байсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

4. Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-нд өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Хаагийн нөхөр Хуягаагийн гэрт очиход тэнд Хуягаа, Х хоёр архи уучихсан байж байсан. Тэгтэл миний араас Хажидсүрэн ганцаараа ирсэн. Ингээд Хажидсүрэн дэлгүүрээс 0,75 литрийн архи авч өгөөд бүгдээрээ уусан. Бид бүгдээрээ Хажидсүрэнгийн гэрт очихоор болоод замаараа хуурай дүү Тэмүүлэнг аваад 21 цагийн үед Хажидсүрэнгийн гэрт очсон. Тэдний гэрт очиход Хажидсүрэнгийн найз Ю байсан. Хажидсүрэнгийн гэрт орохын өмнө Х Хажидсүрэн хоёр дэлгүүр ороод 0,75 литрийн “Хараа” гэдэг шошготой архи 2 шил ундаатай авч орсон. Ингээд Югийн хамт бүгдээрээ гаднаас авч орсон архийг уусан. Ингээд би архиндаа согтоод унтсан байсан чинь пижигнээд эхлэхээр нь сэрээд хартал Х Ю хоёр хоёр биенийхээ үсийг зулгаачихсан байсныг Тэмүүлэн болон бусад хүмүүс салгаж байсан. Ингээд Х Югийн үсийг нь тавьтал хувцас хунараа аваад Хажидсүрэнгийн гэрээс Ю гараад явсны дараа би эргээд унтаад өгсөн. ...” гэх мэдүүлэг [4]

 

5. Гэрч А.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-нд өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед гэртээ байж байтал манай хуурай ах Б.Батсүх болон багын найз Хажидсүрэн, Хуягаа, түүний эхнэр Х нар ирээд намайг Хажидсүрэнгийн гэр рүү аваад явсан. Манайд ирэхдээ бүгдээрээ нилээн согтуу байсан. Ингээд Хажидсүрэнгийн гэрт ороход Ю гэрт нь байсан. Хажидсүрэн Х хоёр дэлгүүрээс худалдаж авч орсон 2 шил 0,75 литрийн “Ерөөл” шошготой цагаан архийг бүгдээрээ уусан. Архиа ууж байхад Хуягаа ах ширээн дээр байгаа архины шилийг хаячих гэхээр нь за гээд уут аваад хоосон архины шилийг хаясан юм. Ю хажуунаас “Хуягаа миний найз цэвэрч шүү” гээд хэлчихсэн чинь Х түүнийг Хуягаа ахтай хардаад эхэлсэн. Ингээд Ганхуяг ах эхнэр Хтайгаа хоорондоо маргалдаад, Хаа Ганхуяг ахыг цохиж аваад нүүрийг нь маажих гээд дайраад байсан. Тэгснээ шууд л Ю руу Х дайраад хоорондоо хэрэлдээд харилцан бие биенийхээ үсийг зулгаагаад тэр үед нь би голоор нь орж салгасан. Тэгтэл Ю эгч уйлаад өмсөж байсан хувцсаа сольж өмсөж гараад явсан. Тэр үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. Ю хэзээ ч гар утас гаргаж ирж ахтайгаа утсаар ярина гэсэн үг яриаг би сонсоогүй. Ямар ч байсан эхлээд Х Юг үсдэж дарсан. Босч ирээд Ю толинд нүүрээ харснаа “чи нүүр ийм болгоод байхдаа яадаг юм” гээд дахин Ю Хы үснээс нь зулгаасан. Ю Хажидсүрэнгийн гэрээс гарахад үс нь сэгсийсэн, нүүр нь маажуулаад улайчихсан байсан. ... гэх мэдүүлэг [5] ,

 

6. Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 28-нд яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн орчимд Хажидсүрэн, Цогооноо, Батсүх, Ганхуяг бид нар манай гэрт 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад байх байтал манай ээж ирлээ гэхээр нь айгаад бүгдээрээ манай гэрээс гараад такси бариад Хажидсүрэнгийн гэр рүү очсон. Гэрт нь яваад ортол Ю гэрт нь байсан. Тэгээд бид  нэг шил 0,75 литрийн хэмжээтэй Хараа архи уусан. Сууж байтал Ю Ганхуяг руу алцганаад хандраад байхаар нь миний хар хөдлөөд хардаад мөр рүү нь гараараа нэг удаа цохитол Ю эргэж хараад миний үснээс зулгаагаад би зөрүүлж үсдээд зууралцаж байгаад салсан. Ю гал тогооны өрөө рүү ортол Хажидсүрэн, Ю хоёр маргалдаж байснаа гараад зугтаачихсан. ...Би Югийн мөр рүү гараараа нэг удаа цохисон. Үснээс нь зулгаасан, өшиглөсөн. Югийн биед учирсан гэмтлүүдийг би үснээс нь зулгааж, гараараа цохиж учруулсан. Миний хувьд бүх юмыг санаж байна. Гэхдээ согтуу байсан. Би Юг Ганхуягтай хардсанаас болж маргалдаж зодсон. Ю миний нүдний доод талыг хумсаараа маажсан, үснээс зулгаасан, өшиглөсөн. Би хоёр сартай жирэмсэн хүн. Хажидсүрэнгийн гэрт орох үедээ 2 жил архи авч ороод нэг шилийг нь ууж байхад Ю согтчихоод айлгүйтээд манай нөхрийн хөл рүү өшиглөж аваад л маяглаад байсан. Тэрнээс болоод хэрүүл болсон. Архи ууж байхад Ю гар утас гаргаж ирж хажууд яриагүй ямар утастай байсныг би мэдэхгүй. Ю ахыгаа дуудна гэж ямар нэгэн гар утас гаргаж ирээгүй, худлаа ярьж байна. Ю бид хоёр адилхан л үсдэлцэж газар унасан. Надад ч гэсэн гэмтэл учруулсан. Гэхдээ энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гээд гэмтэл тогтоогдоогүй байсан. Энэ миний хоёр дахь хүүхэд байгаа юм. Одоо гурван сартай, зодоон болох үед 1 сар гарантай байсан. Тухайн үед бусад хүмүүст жирэмсэн гэж мэдэгдэхгүй байсан. Би жирэмсэн гэдгээ Хажидсүрэнд тэр өдөр л хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1274 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээд хэсэгт 2,5х0,2 см, эрүүний баруун хэсэгт 2,8х0,5см, баруун доод зовхи хацарт 2,5х0,1 см хүртэл хэмжээтэй хэд хэдэн тооны, эрүүний баруун дээд хэсэгт 1,2х0,2 см, баруун тавхайд 3,0х,0,1 см хүрэн улаан өнгийн тав тогтсон зулгаралттай, бүсэлхийн баруун ар дээд хэсэгт 5х4,5 см талбайд хагас дугуй хэлбэрийн шар ногоон туяа бүхий цус хуралттай, зүүн бугалганы гадна доод хэсэгт 9,5х2,5см, зүүн далны орчимд 7х3 см шар ногоон туяа бүхий шимэгдэж буй цус хуралттай. Дагзны дээд хэсгийн хуйх шингэрч цайсан, тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй.

ДҮГНЭЛТ:

1. Ё.Югийн биед дух, эрүү, баруун доод зовхи, хацар, баруун тавхайд зулгаралт, бүсэлхий, зүүн бугалганд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /шинжээч  Г.Ханхүү/ ...” гэсэн дүгнэлт ” [7],

 

8. Хохирогч Ё.Югийн хэрэгт өгсөн гэрэл зураг [8], Их Баян бүрд эмийн сангийн баримт [9], хохирол нэхэмжилсэн баримтууд [10],

 

9. Шүүгдэгч Б.Хы иргэний үнэмлэхийн хуулбар [11], түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас [12], Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт [13] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Хд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ улсын яллагчаас  Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... тоотод Ё.Юг нөхөртэйгээ хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ё.Югийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Ч.Хажидсүрэн, гэрч А.Тэмүүлэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч мөрдөн байцаалтад өмгөөлөгчийн хөлсөд 1.500.000 төгрөг, эмчилгээни зардалд 1.117.850 төгрөг нэхэмжилсэн. Мөн унааны зардал нэхэмжилсэн баримтад үйлчилсэн гэх хүнийх нь иргэний үнэмлэх, тодорхойлолтууд тусгагдсан байсан. Уг гэмт хэргийн хор уршиг нь Б.Хы үйлдлийн улмаас Ё.Юд хохирол учирсан. Түүний нүүрэнд учирсан хор уршиг арилаагүй. Өнөөдөр шүүхэд шинээр хохирлын баримт гаргаж өгсөн. Иймд нийт 1.207.850 төгрөг болон өмгөөлөгчийн зардал болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгч С.Намжилмаагаас “Гэмт хэрэг гарсан шалтгаан нь шүүгдэгч Б.Х нь архи ууж, согтуурсан үедээ хохирогч Ё.Юг “цэвэрч шүү” гэж хэлснийх нь төлөө нөхөртэйгээ хардан түүнийг зодож хөнгөн гэмтэл учруулсан. Нотлох баримтуудаар 2.699.850 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд удаа дараа захиргааны зөрчилд холбогдож, архи уусан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан нь харагдаж байна. Энэ нь даамжраад гэмт хэргийн шинжтэй болсон. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үздэг. Хохирогчийн зүгээс эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, хохирлын мөнгөө авах талаар удаа дараа шүүгдэгчид хэлсэн. Шүүгдэгч Б.Х хохирлын мөнгийг төлж чадахгүй гэдгээ байцаагчийн дэргэд хэлсэн. Хохирогчийн хувьд Налайх дүүрэгт амьдардаг. 1 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад ирэх болгонд хохирогчоос зардал гардаг. Ирсэн, очсон зардал болгоныхоо баримтыг авч чаддаггүй. Улаанбаатар, Налайх дүүрэг хоёрын хооронд такси явдаг боловч таксины жолооч баримт өгдөггүй. Үүнээс харахад тооцогдоогүй хохирол маш их байгаа. Авсан баримт гэвэл эмнэлгээс авсан бичиг л байна. Өөрөөр хэлбэл хэрэг үйлдэгдснээс хойш 4 сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Уг 4 сарын хугацаанд баримт байхгүй болохоос биш маш их хэмжээний зардал гарсан” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргахгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд ахуйн архидалтаас болсноос биш агсам тавьснаас болоогүй. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр Засгийн газрын тогтоолд “насанд хүрээгүй хүн болон хөдөлмөрийн чадваргүй хүнд” өмгөөлөгчийн хөлсийг гаргаж өгөхөөр заасан байдаг. Хохирогч Ё.Ю энэ шаардлагад хамаарахгүй байна. Мөн хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтуудын хувьд гэмт хэргийн улмаас нэг өдрийн дотор их хэмжээний эм авсан эсэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн эмнэлэгт эмчлүүлсэн эмнэлгийн карт байхгүй байна.  Монгол Улсад такси үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллагууд баримт өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Иймд өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгож, бусад эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өгнө үү. Мөн Б.Хы биед хэдийгээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч адилхан хохирсон. Гэтэл нэг нь эрүүгийн хариуцлага хүлээгээд, нөгөөх нь зөрчлийн хариуцлагаар шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.  

Хэргийн үйл баримтыг үзвэл хохирогч Ё.Ю нь гэрч Ч.Хажидсүрэнгийн гэр болох ... тоотод амьдарч байсан байх ба 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Х, түүний нөхөр Н.Ганхуяг, хохирогч Ё.Ю, гэрч Ч.Хажидсүрэн, А.Тэмүүлэн, Б.Батсүх нар нь дээрх тоотод архидан согтуурсан, тэр үед гэрч Н.Ганхуяг архины шилээ хураачих гэхэд хохирогч Ё.Ю “Хуягаа ч цэвэрч шүү” гэж хэлсэний улмаас шүүгдэгч Б.Х нь хохирогч Ё.Юг нөхөр Н.Ганхуягтай хардаж, улмаар Ё.Югийн үснээс зулгаах, нурууг нь хазах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь биед дух, эрүү, баруун доод зовхи, хацар, баруун тавхайд зулгаралт, бүсэлхий, зүүн бугалганд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

- хохирогч Ё.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчимд ... тоот найз Хажидсүрэнгийн гэрт хоол хийгээд байж байхад гаднаас Хажидсүрэн, Батсүх, Тэмүүлэн, Ганхуяг, Хаа нар 0,75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи 2 шил, 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй Нэг шил, 2 том ундаатай орж ирсэн. ...би очоод хамт суусан. ...юм яриад сууж байгаад Ганхуяг энэ архины шилийг хураачих гэж Тэмүүлэнд хэлэхээр нь би “Хуягаа ч цэвэрч шүү” гэсэн чинь Хуягаагийн эхнэр Хаа над руу “чи яахаараа Ганхуягийг мэддэг юм” гээд хардсан.  ...Тэгснээ Хаа босч ирээд миний үснээс зулгаагаад намайг зодсон. ...өшиглөж нүүр маажсан. ...гэмтлүүдийг Х үснээс зулгаан, урж маажсан, нуруунаас маажиж хазсан, хэд хэдэн удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг [14],

- гэрч Ч.Хажидсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-нд ...бид хэд манайд 0,75 литрийн архи болон ундаа аваад замаараа Тэмүүлэнг аваад очсон. Гэртээ очиход Ю шөл чанаад зогсож байхаар нь би “чи уучихсан юм уу” гэтэл “хороололд найзтайгаа ганц хоёр пиво уусан” гэхээр нь “за за наашаа суучихаа, хүмүүс ирчихсэн байхад” гээд бид хоёр зэрэгцээд суугаад архи уусан. ...диван дээр ...унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Х Югийн үснээс нь зулгаачихсан орилж байхаар нь сэрээд хартал Ю том өрөөний толинд нүүрээ хараад “чи нүүр маажаад хаячихсан байна шүү дээ” гэж хэлээд эргээд Х дээр очоод үснээс нь зулгаасан. Ингээд том өрөөний ханан пийшингийн хажууд газар үсдэлцэж байхаар нь би очиж салгасан. ...Юг Х үснээс нь зулгааж нүүрийг нь маажсан. ...” гэх мэдүүлэг [15]

- Гэрч Н.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчимд Хажидсүрэн манай гэрт ирж  ...хараа архи авч ирэн уусан. Ууж дуусаад Хажидсүрэн манайд очиж үргэлжлүүлье гээд Хажидсүрэн, Батсүх, Хаа бид дөрөв гараад замаараа Тэмүүлэнг аваад Хажидсүрэнгийн гэрт очсон. Ороход Ю жоохон халамцуу байсан. ...0,75 литрийн Хараа архиа ууж дуусаад байж байтал Ю миний хөл рүү жийгээд байсан. Тэгсэн манай эхнэр уурлаад “чи муу яагаад байгаа юм бэ” гээд гараараа Югийн гар руу нь нэг удаа цохисон. Тэгсэн Ю эргэж хараад Хааг үснээс нь зулгаатал Хаа зөрж үсдээд газар ноцолдоод байхаар нь бид нар салгасан....” гэх мэдүүлэг [16],  

- гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...Хажидсүрэнгийн гэрт очихоор болоод замаараа хуурай дүү Тэмүүлэнг ...аваад 21 цагийн үед Хажидсүрэнгийн гэрт очсон. ...Хажидсүрэнгийн найз Ю гэрт нь байсан. ...Югийн хамт бүгдээрээ гаднаас авч орсон архийг уусан. ...пижигнээд эхлэхээр нь сэрээд хартал Х Ю хоёр хоёр биенийхээ үсийг зулгаачихсан байсан. ...” гэх мэдүүлэг [17],

- гэрч А.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хажидсүрэнгийн гэрт ороход Ю гэрт нь байсан. ...2 шил 0,75 литрийн Ерөөл шошготой цагаан архийг бүгдээрээ уусан. Архи ууж байхад Хуягаа ах Юг ширээн дээр байгаа архины шилийг хаячих гэхээр нь за гээд уут аваад хоосон архины шилийг хаясан юм. Ю хажуунаас “Хуягаа миний найз цэвэрч шүү” гээд хэлчихсэн чинь Х түүнийг Хуягаа ахтай хардаад эхэлсэн. ...Тэгснээ шууд л Ю руу Х дайраад хоорондоо хэрэлдээд харилцан бие биенийхээ үсийг зулгаасан.  ...Ямар ч байсан эхлээд Х Юг үсдэж дарсан. Босч ирээд Ю толинд нүүрээ харснаа “чи нүүр ийм болгоод байхдаа яадаг юм” гээд дахин Ю Хы үснээс нь зулгаасан. Ю Хажидсүрэнгийн гэрээс гарахад үс нь сэгсийсэн, нүүр нь маажуулаад улайчихсан байсан. ... гэх мэдүүлэг [18],

- Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн орчимд Хажидсүрэн, Цогооноо, Батсүх, Ганхуяг бид нар манай гэрт 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. ...Бүгдээрээ манай гэрээс гараад ...Хажидсүрэнгийн гэр рүү очсон. Гэрт нь яваад ортол Ю гэрт нь байсан. ...бид 0,75 литрийн хэмжээтэй Хараа архи уусан сууж байтал Ю Ганхуяг руу алцганаад хандраад байхаар нь миний хар хөдлөөд хардаад мөр рүү нь гараараа нэг удаа цохитол Ю эргэж хараад миний үснээс зулгаагаад би зөрүүлж үсдээд зууралцаж байгаад салсан. ...Үснээс нь зулгаасан, өшиглөсөн. ...Югийн биед учирсан гэмтлүүдийг би үснээс нь зулгааж, гараараа цохиж учруулсан.. ...” гэх мэдүүлэг [19] ,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1274 дугаартай дүгнэлт” [20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар харилцан архидан согтуурсан, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, тэдний ёс суртахуун, бие биенээ үл хүндэлсэн байдал, эр эмийн хардалт зэрэг байдал нөлөөлжээ.

Шүүгдэгч Б.Х нь тус гэмт хэргийг шууд санаатай үйлдлээр үйлдсэн байх ба, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокуророос шүүгдэгч Б.Хы гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гарсан байх тул шүүхээс дээрх хугацааг зөвтгөн шийдвэрлэсэн ба, энэ нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Югийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байх ба хохирогч Ё.Ю эмчилгээний зардалд 1.117.850 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, унааны зардал 200.000 төгрөг, нийт 2.609.850 төгрөг нэхэмжилж хэрэгт баримтыг ирүүлжээ.

Шүүх хохирогч Ё.Югийн ирүүлсэн баримтыг хянан үзвэл Энэрэх заяа ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 308.500 төгрөгийн, 339.700 төгрөгийн зарлагын баримт, БББББ ХХК-ний 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 184.650 зарлагын баримт, шатахууны зардал, тооцоо гаргасан Ю гэсэн баримт, С.Отгонцэцэг гэсэн нэртэй баримт зэргийг нотлох баримтаар үнэлээгүй.

Учир нь хохирогч Ё.Югийн 2019 оны 1 дүгээр сарын 12, 23-ны өдөр авсан 308.500, 339.700, 184.650 төгрөгийн нийт 832.850 төгрөгийн эм тариаг ямар эмчийн заавраар авсан эсэх нь ойлгомжгүй, мөн Баянзүрх дүүрэгт үзүүлсэн, эмч бичиж өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч энэ талаар эмчид үзүүлсэн, эмчийн үзлэг хийсэн, эмчилгээ бичсэн, зааварчилсан талаар эмчлүүлэгсэдийн эмнэлгийн карт байхгүй, мөн шинжээчийн 1274 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд зайлшгүй дээрх баримтуудад дурдсан эм тариаг хэрэглэх шаардлага бий болсон гэх эмчийн үзлэг, тэмдэглэгээ, жор байхгүй, ямар эмчийн заавраар дээрх баримтуудад дурдсан эм тариаг авсан эх сурвалж, үндэслэл тогтоогдохгүй байгаа тул тус тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн шатахуун, унааны зардал гэж гараар бичсэн баримт нь шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл С.Отгонцэцэг гэх хүний гараар бичсэн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шаардлагыг хангаагүй, шатахууны газраар үйлчлүүлж шатахуун авсан анхан шатны баримт байхгүй зэргээр эргэлзээ бүхий байна.

Иймд хохирогчийн нэхэмжлэлээс дээрх 1.032.850 төгрөгийг бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэж заасан.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.

Хохирогч Ё.Ю нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүх хохирогч Ё.Югийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 175.000 төгрөгийг хангаж, шүүгдэгч Б.Хаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

            3.Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байна. Улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан торгох 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу урьд ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийн шинж чанарыг харгалзан 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бгийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 175.000 (нэг зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.Юд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ё.Югийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ё.Ю нь 1.032.850 төгрөгийг болон цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.АЛТАНТУЯА