| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00544/И |
| Дугаар | 544 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 544
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 9-113 тоотод оршин суух Боржигон овогт Ганхуягийн Баатархуягийн Ж.Ганхуягийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Г.Баатархуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Баатархуяг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Ж.Ганхуяг нь Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан. Аав маань 2003 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан бөгөөд бага дүү Г.Отгонсүрэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд Ж.Ганхуягийг ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овогт Жавзаагийн Ганхуяг нь Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 515дугаартай архивын лавлагаа, БНМАУ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 124, 1984 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 132, 1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дугаартай тушаалууд, Ж.Ганхуягийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Цэнгэл, Д.Цэрэннадмид, Н.Рэгзэдмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Жавзаагийн Ганхуягийг Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагчГ.Баатархуяг нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгнөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА