| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0278/Э |
| Дугаар | 286 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 286
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Б овгийн Аы Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Аы Д Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 20-нд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эх, хүүхдийн хамт амьдардаг гэх, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
1. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж, биечлэн эдлэх ялыг шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Д нь 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “...” зочид буудалд иргэн Б.Бгийн “Хаан” банкны ... дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1,718,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: Би мөнгөний асуудалд ороод найз Б.Бгаас мөнгө зээлэх гэсэн чинь уугаад тасарчихсан байсан. Тэгээд “...” гэдэг зочид буудалд ороод өмдний халаасанд нь байсан “Хаан” банкны картыг нь авсан. Дараа нь картнаас нь 1.700.000 төгрөг авч, хүүхэддээ эм тариа ойр зуурын юм, өөртөө хувцас авсан гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:
1.Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 12-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирээд эхнэр Оюунсувдтай уулзах гээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ...од байх “...” нэртэй зочид буудалд эхнэр Оюунсувдыг дуудаад 21 цагийн үед уулзсан. Тэгээд эхнэртэйгээ уулзаж байгаад Зайсан руу явахаар болоод тухайн үед би жоохон уусан байсан тул автомашинаа барьж болохгүй байсан. Найз Дашкаагаар автомашинаа бариулах гээд гэр рүү нь очиж авчирсан. Тэгээд Дашкаагийнд 00 цагийн үед очиход Дашкаа гэртээ байсан. Миний автомашиныг бариад гадуур яваад ирье гээд би автомашинаа Дашкаагаар бариулаад Зайсан орсон. Тэгээд тэндээ манай эхнэр, Дашкаа бид гурав хамт байж байгаад 02 цагийн үед буцаад буудалдаа ирсэн. Тэгээд бид гурав буудлын өрөөнд орсон. Тэнд Дашкаа манай өрөөнд байж байгаад жоохон юм идэж байгаад яваарай гэсэн. Тэгсэн удалгүй Дашкаа гарч яваад би эхнэртэйгээ үлдсэн. Унтаж амраад маргааш өглөө нь сэрээд гарахдаа буудлын тооцоо хийх гээд куртикныхээ халаасандаа хийсэн байсан Хаан банкны виза картаа үзэхэд байгаагүй. Тэгэхээр нь би гайхаад Хаан банк руу залгахад миний данснаас гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд би картаа хаалгасан. Миний дансанд 1.825.000 төгрөг байсан. Үүнээс би 100.000 төгрөгийг авч хэрэглэсэн байсан. Түүнээс хойш 80.000, 600.000, 800.000, 200.000 төгрөгөөр гүйлгээ хийсэн байсан. Надад хэдэн төгрөг үлдсэн байсан. Миний гадуур куртикний халаасанд өлгүүрт өлгөсөн байсан. Би эхнэр Оюунсувд, Дашка нарын хамт гурвуулаа байсан. Дашкаг авсан гэж бодож байна. Би хэн нэгэнд картаа өгөөгүй. Миний карт нууц кодтой. Надаас өөр мэдэх хүн байхгүй. Дашкатай хамт дэлгүүр ороод юм авахад Дашка миний кодыг хараад байсан. Би маргааш өглөө нь босоод картаа үзэхэд байгаагүй. Би эхнэрээсээ асуухад байхгүй гэхээр нь “Хаан” банкны лавлах руу асуухад гүйлгээ гарсан талаар хэлсэн. Тэгээд картаа хаалгасан. Би Дид картнаас мөнгө авах, хэрэглэх зөвшөөрөл өгөөгүй. Миний картыг авсан талаар надад хэлээгүй. Манай эхнэр бид хоёр 4 шил пиво, 1 дарс уусан байсан. Дашка өрөөнд орж ирээд 30-40 минут орчим болоод гараад явсан. Тэгээд би эхнэрийнхээ хамт унтаж амарсан. Унтахдаа хаалгаа түгжээд унтсан. Бид хоёрыг унтаж байхад гаднаас хэн нэгэн орж ирээгүй. Тухайн үед миний цалин буусан байсан. Би Дашкаг бага байхаасаа мэднэ. Надтай хамт кондуктор хийгээд явдаг байсан. Би алдсан мөнгөө эргүүлж авмаар байна. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [1],
- 2019 оны 01 дүгээр сарын 29-нд хохирогчоор дахин өгсөн:
“...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал байхгүй. Би 1.600.000 төгрөгийн хохирол барагдуулж авсан. Надад 1.7.00.000 төгрөгийн хохирол учраад байсан.. Үлдсэн 100.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг [2],
2. Гэрч О.Оюунсувдын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 25-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай Б Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирээд бид хоёр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...од байх “...” нэртэй зочид буудалд уулзсан. Тэгээд нөхөртэйгээ уулзаад хамт байж байгаад Зайсан руу явахаар болоод тухайн үед манай нөхөр жоохон уусан байсан тул автомашинаа барьж болохгүй байсан тул найз Дашка гэх залуугаар автомашинаа бариулах гээд гэрт нь очиход Дашка гэртээ байсан. Манай нөхрийн автомашиныг бариад хамт Зайсан явсан. Тэндээ манай нөхөр, Дашка бид гурав хамт байж байгаад 00 цагийн үед буцаад буудалдаа ирсэн. Тэгээд бид хоёртой хамт Дашка буудлын өрөө рүү орсон. Тэнд Дашка манай өрөөнд ороод нэг шил пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэр үед унтаад өгсөн. Унтаж амраад маргааш өглөө нь сэрээд гарахдаа буудлын тооцоо хийх гээд манай нөхөр куртикныхээ халаасанд хийсэн байсан Хаан банкны виза картаа үзэхэд байгаагүй. Тэгэхээр нь Хаан банк руу залгахад манай нөхрийн данснаас гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Би нөхөртөө карт байсныг харсан. Өдөр нь манай нөхөрт байсан. ...Дашка гэх хүнийг ганц хоёр удаа харж байсан. Нөхрийн найз гэдэг байсан. Тухайн үед манай нөхөр, Дашка бид гурав байсан. Тэр өдөр надтай 12 цагийн үед уулзаад дарга 1.800.000 төгрөг цалин гэж явуулсан гэж байсан. Нөхөр бид хоёр 4 шил пиво, 1 шил вино уусан. Дашка сүүлд нэг пиво ууж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг [3] ,
3. Гэрч Р.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 28-нд өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байх “...” нэртэй зочид буудалд ресепшний ажил эрхэлдэг. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Б гэх хүн үйлчлүүлсэн эсэхийг би сайн санахгүй байна. Гэхдээ бүртгэлийн дэвтэр дээрээс харахад 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед манай буудалд Б.Б гэж хүн нэг хоногоор өрөө авч үйлчлүүлсэн байна. Манай зочид буудал хяналтын камерын бичлэг хийдэг. Гэхдээ манай бичлэг 14 хоноод устчихдаг. Одоо камерын бичлэгийг үзэх боломжгүй. ...” гэх мэдүүлэг [4] ,
4. Гэрч Ч.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 17-нд өгсөн:
“...Манай дунд хүү Д нь 1993 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. 10 жилийн сургуулийг Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд суралцан 4 дүгээр анги төгсөөд сургуулиасаа гарч мал маллахаар хөдөө яваад тэндээ байж байгаад 2001 онд Улаанбаатар хотод суурьшсан. ...Бусдад жоохон уруу татагдах гээд байдаг зантай. Улаанбаатарт байснаасаа хойш гадуур ойр зуурын ажил хийдэг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэчихдэг. 2016 онд гэр бүлтэй болж одоо нэг хүүхэдтэй, эхнэрийн хамт байдаг. Урьд нь 2012 онд хулгайн хэргээр 2 жилийн хорих ял эдэлж байгаад 2014 онд суллагдсан. Суллагдаж гарч ирснээсээ хойш хэрэг төвөгт холбогдоогүй. Түүнээс хойш эхнэр, хүүхэдтэй болоод ажил төрөл хийгээд гэртээ байдаг байсан. ...Дийг гэмт хэрэгт холбогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас ирж уулзаад мэдсэн. Д нь эхнэрээсээ өнгөрсөн жил салаад хүүхдээ авч үлдсэн. Одоо надтай хүүгийнхээ хамт амьдарч байгаа. Хүүхэд нь нэг нас, 4 сартай. ...” гэх мэдүүлэг [5],
- 2019 оны 2 дугаар сарын 18-нд гэрчээр дахин өгсөн:
“...Д нь 2018 оны 7 дугаар сард эхнэрээсээ салаад, өөр хүнтэй суугаад тэгээд манай хүүхэд хүүхдээ өөр дээрээ аваад амьдарч байна. Албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй. Хүүхэдтэйгээ ээж нь уулздаггүй. Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад 25-237 тоот бага хүү Сугарын гэрт амьдардаг. Хааяадаа Дийн гэр рүү үе үе очиж эргэж тойрдог. Одоо Д ажилгүй, гэртээ хүүхдээ хараад байж байгаа. ...” гэх мэдүүлэг [6] ,
5. А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 2 дугаар сарын 15-нд яллагдагчаар өгсөн:
“... Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байхад гэрийн хаалга нүдээд байхаар нь би гарч уулзахад Б гадаа ирсэн байсан. Тэгээд надад “Өмнөговь аймгаас өнөөдөр ирээд эхнэртэйгээ уулзаад уучлалт гуйх гээд явж байна, жоохон уусан байгаа тул жолоо бариад Зайсан оруулаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Бгийн автомашиныг бариад эхнэрийнх нь хамт Зайсан хүргэж өгөөд 20 гаруй минут болоод бид нар буцахаар болсон. Б надад би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...ын эцэс дээр “...” захын хажууд байх “... зах” буудалд 1 өрөө авсан байгаа, тийшээ хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би Бг, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...ын тойрог дээрх байх “... зах” гэх буудалд хүргэж өгсөн. Тэгээд бид гурав хамтдаа тэр хоёрын байсан буудлын өрөөнд орсон. Тэгээд тэнд ороод Б бид хоёр 2 шил пиво уугаад, би 1 шил “Хар Чингис” архины талыг уусан. Тэр үед Бгийн эхнэр уугаагүй, унтаад өгсөн байсан. Тэгсэн удалгүй Б унтлаа гээд унтаад өгсөн. Тэгээд би ганцаараа ширээн дээр нь сууж байтал Бгийн өмдний халааснаас “Хаан” банкны карт харагдахаар нь аваад гараад явсан. Тэндээсээ би замаас такси бариад Драгон дээр байх “Хаан”банкны АТМ ороод Бгийн картыг уншуулаад кодыг нь хийгээд данснаас нь 80.000 төгрөг аваад тэгээд Саппоро орж буудал авч, ганцаараа нэг шил архи аваад ууж байгаад өглөө “Хархорин” зах орж өөртөө хувцас хунар аваад ойр зууртаа хэрэглэж байгаад хэрэгтэй үедээ тухайн картнаас мөнгө авч хэрэглээд дансанд байсан бүх мөнгийг үрээд дуусгасан. Б, түүний эхнэр Оюунсувд бид гурав хамт байсан. Миний авсан карт Бгийн эзэмшлийн карт байсан. Б надад мөнгөтэй байгаа талаараа хэлж байсан. Тэгээд унтсан хойно нь карт нь харагдахаар би мөнгө олох зорилгоор түүнийг картыг авсан. Б урьд бид хоёр хамт ажилладаг байсан. Тухайн үед би Бгийн картнаас мөнгө төгрөг авч хэрэглэдэг байсан тул картны нууц дугаарыг мэддэг байсан. Би нийт 1.718.000 төгрөг авсан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор мөнгийг хэдэн төгрөгөөр хэдэн удаа авсан талаар сайн мэдэхгүй байна, ямар ч байсан хэрэгтэй үедээ картнаас нь мөнгө гаргаж авч хэрэглэсээр байтал мөнгө дууссан. Би Бг унтаж байхаар нь нууцаар өмдний халааснаас нь авсан. Би Бг 2005 оноос хойш танина. Манайх Толгойтод байдаг. Би хохирлоо төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг [7] ,
6. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн гаргасан “Хаан банкны карт 1 ширхэгийг 5000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан [8],
7. Б.Бгийн Хаан банкинд эзэмшдэг дансны хуулгад 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04:07 цагт 80.000 төгрөг, 04:35 цагт 600.000 төгрөг, 04:41 цагт 800.000 төгрөг, 07:29 цагт 200.000 төгрөг тус тус зарлага бэлэн мөнгөний машинаас гарсан тухай лавлагаа [9] ,
8. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А.Доос 1.120.000 төгрөг, 280.000 төгрөг” нийт 1.400.000 төгрөг хураан авсан тухай тэмдэглэл [10], хураан авсан мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 30-нд хохирогч Б.Бд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [11], Б.Бгийн “хохирол мөнгө бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт [12] ,
9. Шүүгдэгч А.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа [13], урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас [14], Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтооолын хуулбар[15], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [16] , Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын “...А.Д нь тус хорооны Толгойтын 93-6 тоотод ам бүл 4 амьдардаг” тухай” тодорхойлолт [17], А.Дийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [18], Дийн Түвшинбаярын төрсний гэрчилгээний хуулбар [19] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Дийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч А.Д нь 2018 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ... зочид буудалд Б.Бгийн хаан банкны 5166362614 дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.718.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хохирогч Б.Бгийн мэдүүлэг, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, гэрч О.Оюунсувдын мэдүүлэг, шүүгдэгч А.Дийн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч А.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хэргийн үйл баримтыг үзвэл хохирогч Б.Б, шүүгдэгч А.Д нар нь найз нөхдийн харилцаатай байх ба, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Б.Б нь А.Доор өөрийн машиныг жолоодуулахаар түүнтэй уулзаж, А.Д нь түүний машиныг жолоодож “...” зочид буудалд Б.Бг эхнэр О.Оюунсувдын хамт хүргэж өгсөн байна. Улмаар хохирогч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байх үед нь шүүгдэгч А.Д нь 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “...” зочид буудалд Б.Бгийн өмдний халаасанд байсан “Хаан” банкны ... дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1,718,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний ....00 цагийн үед Даашкагийнд очиход Дашкаа гэртээ байсан. Миний автомашиныг бариад гадуур яваад ирье гээд би автомашинаа Дашкаагаар бариулаад Зайсан орсон. Тэгээд тэндээ манай эхнэр, Дашкаа бид гурав хамт байж байгаад 02 цагийн үед буцаад буудалдаа ирсэн. ...удалгүй Дашкаа гарч яваад би эхнэртэйгээ үлдсэн. Унтаж амраад маргааш өглөө нь сэрээд гарахдаа буудлын тооцоо хийх гээд куртикныхээ халаасандаа хийсэн байсан Хаан банкны виза картаа үзэхэд байгаагүй. ...Хаан банк руу залгахад миний данснаас гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. ...Миний дансанд 1.825.000 төгрөг байсан, үүнээс 80.000, 600.000, 800.000, 200.000 төгрөгөөр гүйлгээ хийсэн байсан. ...Би хэн нэгэнд картаа өгөөгүй, миний карт нууц кодтой. Надаас өөр мэдэх хүн байхгүй. Дашкатай хамт дэлгүүр ороод юм авахад Дашка миний кодыг хараад байсан. ...Би Дид картнаас мөнгө авах, хэрэглэх зөвшөөрөл өгөөгүй. Миний картыг авсан талаар надад хэлээгүй. ...” гэх мэдүүлэг [20],
- гэрч О.Оюунсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай Б бид хоёр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...од байх “...” нэртэй зочид буудалд уулзсан. Тэгээд ...манай нөхөр жоохон уусан байсан тул автомашинаа барьж болохгүй байсан тул найз Дашка гэх залуугаар автомашинаа бариулах гээд гэрт нь очиход Дашка гэртээ байсан, манай нөхрийн автомашиныг бариад хамт Зайсан явсан. 00 цагийн үед буцаад буудалдаа ирсэн. Тэгээд бид хоёртой хамт Дашка буудлын өрөө рүү орсон. Дашка манай өрөөнд ороод нэг шил пиво уугаад сууж байсан. ...Унтаж амраад маргааш өглөө нь сэрээд гарахдаа буудлын тооцоо хийх гээд манай нөхөр куртикныхээ халаасанд хийсэн байсан “Хаан” банкны виза картаа үзэхэд байгаагүй. Хаан банк руу залгахад манай нөхрийн данснаас гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [21],
- Гэрч Р.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байх “...” нэртэй зочид буудалд ресепшн ажил эрхэлдэг. ...бүртгэлийн дэвтэр дээрээс харахад 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед манай буудалд Б.Б гэж хүн нэг хоногоор өрөө авч үйлчлүүлсэн байна. ...” гэх мэдүүлэг [22],
- А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байхад гэрийн хаалга нүдээд байхаар нь би гарч уулзахад Б гадаа ирсэн байсан. ...жоохон уусан байгаа тул жолоо бариад Зайсан оруулаад өгөөч гэсэн, би зөвшөөрөөд Бгийн автомашиныг бариад эхнэрийнх нь хамт Зайсан хүргэж өгөөд 20 гаруй минут болоод бид нар буцахаар болоход Б надад би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...ын эцэс дээр “...” захын хажууд байх “... зах” буудалд 1 өрөө авсан байгаа тийшээ хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би Бг, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...ын тойрог дээрх байх “... зах” гэх буудалд хүргэж өгсөн. ...бид гурав хамтдаа тэр хоёрын байсан буудлын өрөөнд орсон. ...Б бид хоёр 2 шил пиво уугаад, би 1 шил “Хар Чингис” архины талыг уусан. ...удалгүй Б унтлаа гээд унтаад өгсөн. Тэгээд би ганцаараа ширээн дээр нь сууж байтал Бгийн өмдний халааснаас Хаан банкны карт харагдахаар нь аваад гараад явсан. ...Хаан банкны АТМ ороод Бгийн картыг уншуулаад кодыг нь хийгээд данснаас нь 80.000 төгрөг аваад ...буудал авч, ганцаараа нэг шил архи аваад ууж байгаад өглөө “Хархорин” зах орж өөртөө хувцас хунар аваад ойр зууртаа хэрэглэж байгаад хэрэгтэй үедээ тухайн картнаас мөнгө авч хэрэглээд дансанд байсан бүх мөнгийг үрээд дуусгасан. ...Би нийт 1.718.000 төгрөг авсан. ...Би Бг унтаж байхаар нь нууцаар өмдний халааснаас нь авсан. ...” гэх мэдүүлэг [23], хохирогч Б.Бгийн Хаан банкинд эзэмшдэг дансны хуулгын лавлагаа [24] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч А.Д нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар халааснаас нь хулгайлж, 1.718.600 төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.Бд 1.718.000 төгрөгийн хохирол учирснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Д нь иргэн Б.Бд 1.600.000 төгрөгийг буцаан өгч, хохирогч үлдэх мөнгийг нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Дийг хохирогч Б.Бд төлөх төлбөргүй гэж дүгнэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч А.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, уг хорих ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзсан ба шүүгдэгч А.Д нь 2012, 2013 онд тус тус ял шийтгэгдэж байсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх боломжгүй. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас А.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзнэ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар өмнө нь ялтай байсан гэдэг нөхцөл байдал дурдагдахгүй байгаа. Мөн шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй байна. Түүнчлэн А.Дид ял шийтгэлийг оногдуулахдаа бага насны хүүхэдтэй гэдгийг харгалзан үзнэ үү. Учир нь түүнийг бага насны хүүхэдтэй гэдгийг хорооны тодорхойлолт болон хорооны Засаг даргын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Иймд хохирол төлбөрөө нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэсэн заалтыг баримтлан А.Дийн биечлэн эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч А.Д нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар урьд хоёр удаа ял шийтгэгдэж байсан байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Дийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах тухай саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэдийгээр хэрэгт шүүгдэгч А.Дийн хүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн Д.Түвшинбаярын төрсний гэрчилгээг баримтаар ирүүлсэн байх боловч хорооны тодорхойлолтоор ам бүл 4 оршин суудаг байна. А.Д нь эхнэрээсээ салсан, ганц бие эцэг болох талаар шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байх боловч гэрлэлт цуцалсан шийдвэргүй, гэрч Ч.Оюунбилэгийн мэдүүлгээр А.Дийг ганц бие эцэг гэж үзэж, дүгнэлт хийх боломжгүй. Нөгөө талаас шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээ бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тус заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.
Мөн шүүгдэгч А.Д нь ганц бие эцэг мөн эсэх нь тогтоогдоогүй тул түүний хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
4.Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Дийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аы Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Дийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Б.Бд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА