Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 546

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт оршин суух Зэсэл овогт Цэрэндашийн Бямбажавын Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлттэйиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Бямбажав шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчноор, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Сант сумын 10-н жилийн сургуульд дотуур байрны багшаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахуйн үйлчилгээний цэгт оёдолчноор тус тус ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч миний эцгийн нэрийг мөн миний төрсөн оныг ташаарч бичиж засвар оруулснаас болж ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр надад олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсаруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ц.Бямбажав нь1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчноор, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Сант сумын 10-н жилийн сургуульд дотуур байрны багшаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахуйн үйлчилгээний цэгт оёдолчноор тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ээжийн эцгийн нэрийг, мөн төрсөн оныг нь ташаарч бичиж засвар оруулснаас болж ажилласан жил нь дутуу тооцогдож байгаа тул 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ц.Бямбажав мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Бямбажав нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Сант сумын 8-н жилийн сургуулийн захирлын 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай тушаалууд, Монгол улсын батлан хамгаалахын төв архивын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3554 дугаартай лавлагаа, хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчП.Думаа, Н.Дулам, Ц.Долгор нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Зэсэл овогт Цэрэндашийн Бямбажавыг 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА