Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 682

 

 

 

 

 

 

 

 

 2020        04         14                                   2020/ШЦТ/682

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Уянга,

Хохирогч Б.Үүрцайх,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мид холбогдох эрүүгийн 1906 03621 0436 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.М,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Солонгос улсын виз гаргаж" өгнө гэж хохирогч Б.Үүрцайхыг хуурч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1 700 000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг Р.Одонжилийн ХААН банк дахь 5026753573 дугаартай дансаар авч залилах гэмт хэрэгт холбогджээ.                                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/     

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03621 0436 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Б.М нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Үүрцайхын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр ирэхэд ажлын эгчид үсээ засуулж байсан ах Солонгосоос саяхан ирсэн гээд байсан. Тэр Б.М гэдэг хүнтэй танилцаад уулзахад намайг бичиг баримтаа бүрдүүлээд байж бай гэсэн.  Маргааш өглөө нь ажил дээр ирээд бичиг баримт аваад явсан. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлчих, ах нь нөгөө элчинд ажилладаг найзтайгаа уулзаж байна гэхээр нь би 5026753573 тоот дансруу 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаар ярихаар асуудал чинь удахгүй шийдэгдэнэ гэж өдөр бүр худлаа яриад байхаар нь цагдаад хандаж байна. 1.700.000 төгрөг, гадаад паспортоо авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 9-11/,

-Р.Одонжилийн 5026753573 тоот дансны хуулга /хх-ийн 37-38/,

 

Шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр кино үйлдвэрт байдаг үсчин дээр очиж үсээ засуулсан. Тэнд Үүрцайх гэх залуутай танилцсан ба Солонгос улсын виз гаргах талаар ярилцсан. Үүрцайх Солонгос явах хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Тэгээд би виз гаргаж өгнө гэж 1.700.000 төгрөгийг Одонжил гэх хүний дансыг ашиглаад авсан. Уг мөнгийг нь би өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан. Үүрцайхаас бас гадаад паспортыг нь авсан ч одоо олохгүй байна. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байн. Хохиролоо нөхөн төлнө. Би хэн нэгэнд аль нэг улсад зорчих виз гаргаж өгдөг хүн биш гэх мэдүүлэг /хх-ийн 16, 48/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51-52/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 450 дугаар магадлалын хуулбар /хх-ийн 58-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх тооцсон.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хохирогч, шүүгдэгчийг асууж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Шүүгдэгч Б.Мийн хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Б.Мид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Б.М нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Иймд шүүгдэгч Б.Мийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мид ял оногдуулахад тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Үүрцайхад 1.700.000 төгрөгийн хохирол, гадаад паспорт байхгүй болсон хохирол учирсан байна. Уг хохиролыг шүүгдэгч Б.М төлж барагдуулаагүй болох нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс дээрх хохиролыг гаргуулж олгож шийдвэрлэлээ.

Мөн хохирогчийн гадаад паспортыг шүүгдэгч аваад алга болгосон байх тул гадаад паспортыг дахин шинээр авахад гарах зардал болох 32.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирогчид хор уршиг учираад өнгөрсөн хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.М, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолыг хэлэлцээд 450 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд “-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.Мид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх  дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй гэсэн, -Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай гэсэн, -Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл ийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Б.Мид мэдэгдсүгэй гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 14-нийөдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй үргэлжлэх байсан. Шүүгдэгч Б.М нь уг хугацааны дотор буюу 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин залилах гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдож байх тул тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.М нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 450 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн” гэх агуулга бүхий заалтыг хүчингүй болгож, эрүүгийн хариуцлага оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Мийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мид нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт ялыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон дөчин дөрөв хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Моос 1.732.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Үүрцайхд олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ