Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 324

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мийн Гт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Мийн Г нь Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 14-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Г нь БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохиомол байдлыг зориудаар бий болгон, удаа дараагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цын багын найз Б.Бтэй мессежээр холбогдон “Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа,...эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүлэн авч, нийтдээ 300.000 төгрөг залилсан,

-2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цын үеэл дүү Б.Мтэй фэйсбүүкээр харьцаж, “...надад мөнгө хэрэгтэй байна…” гэж мессеж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөгийг бэлнээр авсан, дахин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч, нийтдээ 220.000 төгрөг залилсан,

-2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цын хамаатны ах болох Ц.Нтай мессежээр холбогдон “...ах боломжтой бол надад мөнгө зээлээч” гэж мессеж бичин хуурч мэхлэн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 400.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: Би найз охиныхоо фэйсбүүк хаягийг ашиглаад 5 хүнээс мөнгө авсан. Тэгээд найз охиныгоо мэдэхээс өмнө 2 хүний мөнгийг нь буцаагаад өгчихсөн байсан. Ц.Н, Б.Б, Б.М гурвын мөнгийг өгөх гэтэл Б.Ц мэдчихсэн. Тэгээд надаас энэ талаар асуухаар нь би санаа зовоод юм хэлж чадаагүй. Б.Цын фэйсбүүк хаягаар ороод Б.Цын өмнөөс мөнгө зээлээч гэж бичээд мөнгө авсан байсан. Цын фейсбүүк хаягаар Ц болон мөнгө авсан нь үнэн. 2018 оны 11 дүгээр сараас энэ санаа төрсөн гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 18-нд өгсөн:

 “... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дүү Цын фэйсбүүк хаягаас миний хаяг руу “та боломжтой бол 100.000 төгрөг зээлээч” гэхээр нь би зөвшөөрч “Хаан” банкны ... дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 150.000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Цаас мөнгөө авах зорилгоор түүний ээж Дашсүрэнтэй очиж уулзахад манай охин хүнээс мөнгө зээлээгүй гэхээр нь Цтай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ярихад “би Хятад улсад сурч байгаа болохоор фэйсбүүк ашиглаж чадахгүй байгаа, би таниас мөнгө зээлээгүй” гэж хэлэхэд нь залилуулснаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг[1],

 

1.1 Ц.Нгийн “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулга /2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай гүйлгээ/ [2],

 

1.2 М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...фэйсбүүк хаягийг нь сайн санахгүй байна, 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр найз охин Б.Цын фэйсбүүкийг ашиглан Н гэх хүн рүү мөнгө зээлээч гэж чат бичээд 400.000 төгрөгийг Болормаа гэж хүний ... гэсэн данс руу шилжүүлсэн. Болормаа гэдэг хүн нь өөрөө БНХАУ-д байдаг учир Wechat ашиглан тухайн мөнгийг юань болгоод шилжүүлж авсан. Тэр мөнгөө авчихаад цахим сагсны тоглоомонд 400.000 төгрөгийг бүгдийг нь бооцоонд тавиад 1.100.000 төгрөг болгож өсгөж авсан. Тухайн бүх мөнгийг хэрэглээнд зарцуулаад дуусгасан. Би тэр хүнээс зээлсэн мөнгөө төлж барагдуулна. Болормаа гэдэг хүн энэ талаар мэдэхгүй. Би зүгээр л мөнгө шилжүүлчихлээ, наад мөнгөө Wechat ашиглан юань болгоод явуулчих гэж хэлсэн. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг [3],

 

2. Хохирогч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 15-нд өгсөн:

“...Миний багын найз Ц Хятад улсад сурч байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үед Цын фэйсбүүк хаягнаас “би урд явж байгаад мөнгө алдчихлаа, ядаж байхад аавын бие муу байгаа, эндээс эм авах ёстой, 350.000 төгрөг өгөөч” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн гудамжинд явж байхдаа гар утаснаасаа мөнгө шилжүүлсэн. Дансыг нь санахгүй байна. Ямар ч байсан “Хаан” банкны данс байсан. Түүнээс хэд хоногийн дараа дахин 150.000 төгрөг нэхсэн. Би 50.000 төгрөг байна гээд Хаан банкны ... дугаартай Болормаа гэх хүний данс руу шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр фэйсбүүк ороход Ц миний фэйсбүүк ашиглан хүмүүсээс мөнгө аваад байна гэж пост бичсэн байсан. Тэр үед би мэдээд Цтай холбогдоход би тэгээгүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг[4] ,

2.1 Б.Бий Хаан банкинд эзэмшдэг дансын хуулга /2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай лавлагаа/ [5],

 

2.2 М.Гын  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 01 дүгээр сарын 31-нд өгсөн:

Би 2018 оны 11 дүгээр сард Б гэх Цын найзаас 350.000 төгрөгийг Цын нэрийг барьж фэйсбүүкээр мөнгө авсан юм. Авахдаа Цын фэйсбүүкээр мөнгө зээлээч гэж хэлээд 350.000 төгрөгийг хэний дансаар авснаа санахгүй байна, дараа нь би 50.000 төгрөгийг Болормаа гэх Хятап улсад амьдран сурдаг эмэгтэйгийн ... дугаарын данс руу мөнгө хийлгэсэн юм. Өрөнд орсон учир мөнгөний хэрэг гараад гэмт хэрэг үйлдсэн ...” гэх мэдүүлэг [6] ,

 

2.3 М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 22-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...Би анх 2018 оны 11 дүгээр сард хуучин найз болох Цын фэйсбүүк хаягийг ашиглаад Б гэх залуугаас 400,000 төгрөг авсан ба тэр мөнгөө цахимаар тоглодог дота 2 тоглоомны эд зүйл авахад ашигласан юм. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур М гэх хүнээс хуучин найз охиныхоо фэйсбүүк хаягийг ашиглан 220,000 төгрөг авч, бас 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Н гэх хүнээс 400,000 төгрөг авсан ба тэр мөнгөө өмнөх хоёр үйлдэл шигээ дота 2 тоглоомын эд зүйл авахад ашигласан. Би Эх-Үйлс гэх хүүхдийн нэрийг барьж гудамжинд явж байсан хүүхдийг гуйгаад М гэх хүнээс мөнгө авахуулсан. Болормаа Зоригтбаатар хоёр бол манай их сургуулийн дээд үеийн хүмүүс байгаа юм. Би тэр хоёроос мөнгө авахдаа хүнээс худал хэлж мөнгө авснаа хэлээгүй. Тэр хоёр ямарч зүйл мэдэхгүй. Би Болормаа Зоригтбаатар хоёрт хандаж хүмүүс та хоёр руу мөнгө шилжүүлнэ, буцаагаад над руу шилжүүлээд өгөөрэй гэдэг байсан. Би тэр хоёроос шилжиж ирсэн мөнгийг тоглоомны Айтам буюу эд зүйл авдаг байсан. Би дээрх 3 хүнд хохирлын мөнгөнүүдийг нь буцаан өгч хохирлоо барагдуулсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..” гэх мэдүүлэг[7],

 

3. Хохирогч Б.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 09-нд өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 28 дугаар сургуулийн цайны газар үеэл дүү Цын фэйсбүүк хаягаас “мөнгө хэрэгтэй байна, та мөнгө байвал 150,000 төгрөг өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. ... дугаарын данс руу явуулчих гэхэд нь боломжгүй байна, ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 33 дугаар сургуульд сурдаг гээд 14-16 насны хүүхэд Зоригтбаатар гэх хүний дүү байна гэж хэлээд мөнгө авсан. Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр надаас мөнгө гуйж “Хаан” банкны Зоригтбаатар гэх хүний данс руу 70,000 төгрөг шилжүүл гэсэн. Би тухайн мөнгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр өөрийн садангийн гэрт байхад шилжүүлсэн. Түүнээс хойш холбоогүй болсон. Зоригтбаатарын дүү гэх хүүхдийг сайн мэдэхгүй, нэг удаа харсан болохоор царайг нь сайн санахгүй байна. Нүдний шилтэй бор хүүхэд байсан, өөрийгөө 33 дугаар сургуульд сурдаг гэж хэлсэн. Цаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөнгө авах зорилгоор фэйсбүүк рүү нь залгахад би хүнээс мөнгө аваагүй гэж хэлсэн. Яг Ц шиг бичээд байсан, манай дүү бас урд сурдаг, тэрийг ярьж байсан болохоор би шууд итгэсэн. ...” гэх мэдүүлэг [8],

3.1 Хохирогч Б.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 31-нд хохирогчоор дахин өгсөн:

“...Намайг ажил дээрээ фэйсбүүк ороод байж байхад манай хамаатны дүү болох Ц гэх манай ээжийн ахын бага охины фэйсбүүк хаягаас “Яаралтай мөнгө зээлээч, би хүнд мөнгө өгөх ёстой юм, тэр хүн маань надаас мөнгө нэхээд байна, Wechat ажиллахгүй байгаа, ээж аавд битгий хэлээрэй, санаа нь зовно” гэж хэлэхээр нь би Цыг юм байх гэж бодож байсан. Тухайн үед над руу ... Баатаржавын Зоригтбаатар гэсэн хүний дансыг өгсөн. Тэр үед нь би “надад бэлэн мөнгө байна, дансанд мөнгө байхгүй, ирээд аваарай” гэж хэлсэн. Намайг ажил дээрээ байж байхад надаас 9-11 дүгээр ангийн хоорондох эрэгтэй танихгүй хүүхэд манай ажил дээр ирээд “Жижэ эгчийн дүү байна. Таниас очоод мөнгө аваадах гэж хэлсэн” гэхэд нь би шалгаагаад “хэний дүү юм бэ чи” гээд дансны дугаар нэрийг нь асуусан чинь “Зоригтбаатарын дүү байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед нь би итгээд Цыг наашаа хүүхэд явуулсан юм байх гэж бодоод тэр хүүхдэд бэлэн 150,000 төгрөгийг тоолж өгөөд явуулсан юм. Тэр өдрөөс хойш нэлээн хэд хоногийн дараа Цын фэйсбүүк хаягаас дахиад 70,000 төгрөг зээлээч гэж чат бичихээр нь өнөөдөр мөнгөний боломж алга, маргааш чамд мөнгө шилжүүлье, өмнөх мөнгө болон энэ мөнгөтэйгөө хамт 25-наас өмнө над руу шилжүүлээрэй, би түрээсийн мөнгөө өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд би өмнөх данс болох ... гэсэн дугаарын данс руу маргааш өдөр нь 70,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш нэлээн хоног Цын фэйсбүүкээс чат бичихгүй, таг чиг болчихоор нь 2018 оны 12 дугаар сарын 3-нд Цыг фэйсбүүктээ байхаар нь эгчээсээ авсан мөнгөө буцааж өгөөрэй гэж чат бичихэд Ц би хэнээс ч мөнгө аваагүй шүү дээ, цагдаад өг бас миний фэйсбүүк хаягаар 2, 3 хүнээс мөнгө авсан асуудал байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. ... дугаарын дансанд нийт 220,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг [9],

 

3.2 Б.Мөнх-Эрдэнийн Хаан банкинд эзэмшдэг дансын хуулга /2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөг шилжүүлсэн тухай лавлагаа/ [10],

 

3.3 М.Гын  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 1 дүгээр сарын 29-нд өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сард Ц гэх хүний фэйсбүүк хаягийг ашиглан М гэх хүнээс 150,000 төгрөг бэлнээр, 70,000 төгрөгийг дансаар авсан юм. Тухайн үед би өөрийн таньдаг Эх-Үйлс гэх дүүгээ М гэх хүн рүү мөнгө авахуулахаар явуулсан. Тэгээд манай дүү Эх-Үйлс М гэх хүнээс 150,000 төгрөгийг надад авч ирсэн. Би Ц гэдэг хүний фэйсбүүк хаягаар М гэдэг хүний фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэж чат бичиж мөнгө авсан юм. Би Эх-Үйлс гэдэг хүүхдийг мөнгө авчруулах гэж явуулахдаа яг үнэн учраа хэлээгүй, “хүнээс мөнгө авах ёстой юм” гэж хэлээд явуулсан. Өөр зүйлийн талаар хэлж яриагүй. Эх-Үйлс намайг хүн залилсан талаар мэдээгүй. Би энэ гэмт хэргийг хүнтэй хамтарч үйлдээгүй ба Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа. Өөр цагдаагийн хэлтэс дээр шалгагдаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн. Би тухайн хүний хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг[11],

 

4. Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 08-нд өгсөн:

“...Би Гтай 2012 онд их сургуулийн нэг анги байсан. Тэр үеэс хойш Гтай үерхэж, бид хоёр Хятад улсад суралцсан. Намайг Хятад улсад байх хугацаанд манай аав, ээж над руу залгаад “чи хүнээс мөнгө төгрөг зээлж авсан юм уу?” гэж асуухаар нь “би хүнээс мөнгө төгрөг аваагүй” гэхэд аав ээж хоёр “чиний фэйсбүүкээс хүмүүс рүү чат бичээд мөнгө зээлж авсан байна” гэж хэлсэн. Тэр үед би “огт хүнээс мөнгө аваагүй, миний фэйсбүүк хаягийн кодыг ганцхан Г мэднэ. Би Гаас асууя” гэж хэлчихээд Гаас “чи миний фэйсбүүк хаягаар хүн рүү чат бичээд мөнгө авсан юм уу” гэсэн чинь “аваагүй, юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед “чи мөнгө аваагүй юм бол би тэр хүмүүсийг цагдаад өргөдлөө өг гэж хэллээ шүү” гэсэн. Тэгээд манай хүмүүс болон таньдаг хүн маань цагдаад өргөдөл өгсөн байсан. Миний фэйсбүүк хаягийн кодыг Гаас өөр хүн мэдэхгүй. Би Эх-Үйлсийг танина, Гын ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Харин Болормаа бол манай дээд оны эгч, Хятад улсад одоо сурч байгаа. Зоригтбаатар гэх хүнийг танихгүй. Цагдаад мэдэгдсэний дараа Г надад хүмүүсээс мөнгө авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[12],

 

5. Б.Цын фэйсбүүк чатын хуулбар[13],

 

6. Шүүгдэгч М.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа[14], М.Гын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гэх Автотээврийн үндэсний төвийн лавлагаа[15], М.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас[16], М.Гын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[17] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно. 

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Гт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч М.Г нь Хятад улсад сурч байгаа найз охин Б.Цын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан түүний фэйсбүүк хаягнаас Б.Цын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохиомол байдлыг зориудаар бий болгон, удаа дараагийн үйлдлээр буюу Б.Цын багын найз Б.Бээс 300.000 төгрөг, Б.Цын үеэл дүү Б.Мтэй фэйсбүүкээр харьцаж 220.000 төгрөг, Б.Цын хамаатны ах болох Ц.Нтай мессежээр холбогдон 400.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, хохирогч нарын дансны хуулга, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

 Шүүгдэгч М.Г нь БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохиомол байдлыг зориудаар бий болгон, удаа дараагийн үйлдлээр буюу:

1. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цын багын найз Б.Бтэй мессежээр холбогдон “Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа,...эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 төгрөг,

-2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан,

-мөн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч, нийтдээ 300.000 төгрөг залилсан;  

 

2. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цын үеэл дүү Б.Мтэй фэйсбүүкээр харьцаж, “...надад мөнгө хэрэгтэй байна…” гэж мессеж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөгийг бэлнээр авсан,

-2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч, нийтдээ 220.000 төгрөг залилсан;

 

3. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цын хамаатны ах болох Ц.Нтай мессежээр холбогдон “...ах боломжтой бол надад мөнгө зээлээч” гэж мессеж бичин хуурч мэхлэн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150.000 төгрөг,

-2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 400.000 төгрөгийг залилан авсан, бусдад нийт 920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дүү Цын фэйсбүүк хаягаас миний хаяг руу “та боломжтой бол 100.000 төгрөг зээлээч” гэхээр нь би зөвшөөрч Хаан банкны ... дугаарын данс руу 100.000 төгрөг, үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 150.000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. ...Цаас мөнгөө авах зорилгоор түүний ээж Дашсүрэнтэй очиж уулзахад манай охин хүнээс мөнгө зээлээгүй гэсэн. Цтай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ярихад ...би танаас мөнгө зээлээгүй” гэж хэлэхэд нь залилуулснаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг[18],

хохирогч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны үед Цын фэйсбүүк хаягнаас “би урд явж байгаад мөнгө алдчихлаа, ...350.000 төгрөг өгөөч” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн гудамжинд явж байхдаа гар утаснаасаа мөнгө шилжүүлсэн. ...хэд хоногийн дараа дахин 150.000 төгрөг нэхсэн, би 50.000 төгрөг байна гээд Хаан банкны ... дугаартай Болормаа гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг[19],

хохирогч Б.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цын фэйсбүүк хаягаас “мөнгө хэрэгтэй байна, та мөнгө байвал 150,000 төгрөг өгөөч” гээд ...14-16 насны хүүхэд Зоригтбаатар гэх хүний дүү байна гэж хэлээд мөнгө авсан. ...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр надаас мөнгө гуйж Хаан банкны Зоригтбаатар гэх хүний данс руу 70,000 төгрөг шилжүүл гэсэн. Би тухайн мөнгийг ...шилжүүлсэн. ...Цаас 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр мөнгө авах зорилгоор фэйсбүүк рүү нь залгахад би хүнээс мөнгө аваагүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг[20] болон дахин өгсөн мэдүүлэг[21],

-гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг Хятад улсад байх хугацаанд манай аав, ээж над руу залгаад “чи хүнээс мөнгө төгрөг зээлж авсан юм уу?” гэж асуухаар нь “би хүнээс мөнгө төгрөг аваагүй” гэхэд аав ээж хоёр “чиний фэйсбүүкээс хүмүүс рүү чат бичээд мөнгө зээлж авсан байна” гэж хэлсэн. ...миний фэйсбүүк хаягийн кодыг ганцхан Г мэднэ. Гаас “чи миний фэйсбүүк хаягаар хүн рүү чат бичээд мөнгө авсан юм уу?” гэсэн чинь “аваагүй, юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. ...Цагдаад мэдэгдсэний дараа Г надад хүмүүсээс мөнгө авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[22], М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 29 [23], 2019 оны 02 дугаар сарын 22 [24]-д тус тус өгсөн мэдүүлэг,  хохирогч Ц.Нгийн “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулга [25], Б.Бий Хаан банкинд эзэмшдэг дансын хуулга [26], Б.Мөнх-Эрдэнийн Хаан банкинд эзэмшдэг дансын хуулга [27], Б.Цын фэйсбүүк чатын хуулбар[28] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Г нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, цахим ашиглаж буюу өөрийн найз охин болох Б.Цын фэйсбүүк чатыг ашиглан, Б.Цын өмнөөс түүний багын найз Б.Бтэй “Хятад улсад явж байгаад мөнгөө алдчихлаа, ...эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” гэж, түүний үеэл дүү Б.Мтэй “...надад мөнгө хэрэгтэй байна...” гэж, түүний хамаатны ах Ц.Нтай “...ах боломжтой бол надад мөнгө зээлээч” гэж мессеж бичин хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, Б.Бээс 300.000 төгрөг, Б.Мэс 220.000 төгрөг, Ц.Нгаас 400.000 төгрөгийг тус тус шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч М.Гыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож хохирогч нарыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Бээс 300.000 төгрөг, хохирогч Б.Мэс 220.000 төгрөг, хохирогч Ц.Нгаас 400.000 төгрөгийг тус тус залилан авч хохирол учруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Мд 220.000 төгрөг, хохирогч Б.Бд 400.000 төгрөг, хохирогч Ц.Нд 400,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан[29] учир шүүхээс шүүгдэгч М.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. 

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ  шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч М.Г нь өөрийгөө өмгөөлөхдөө цаашид ажил хийж амьдарна, би Улаанбаатар хотод амьдардаггүй учраас 700 цагийн нийтэд тустай ажил хийхэд хүндрэлтэй байна гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч М.Г нь тодорхой эрхэлсэн ажилгүй талаар шүүх хуралдаанд өөрөө мэдүүлсэн, мөн түүний цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримт хэрэгт байхгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй юм.

 

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Мийн Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 700 (долоон зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Н, Б.Б, Б.М нарт төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА