Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 8

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01361/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1471 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Нохойнхон овогтой Дандарын Б-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Сартуул овогтой Я-гийн Б-,

         Хариуцагч Хатигин овогтой Ц-гийн О- нарт холбогдох

          “Зээлийн гэрээний үүргийн төлбөр 14.100.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагч Я.Б-ийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Я.Б-, Ц.О-, хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-оос:

Би Я.Б-, түүний эхнэр Ц.О- нартай  2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 6.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Я.Б-, Ц.О- нар нь үндсэн зээлийн хүүгээ өгч чадахгүй байсан болохоор тэдний хүсэлтээр уг зээлийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгалт хийсэн. Я.Б-, Ц.О- нараас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Я.Б-, Ц.О- нараас үндсэн зээл 6.500.000 төгрөг, хүү 2.900.000 төгрөг, алданги 4.700.000 төгрөг нийт 14.100.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Хариуцагч Я.Б-, Ц.О- нараас:

Зээлийн хугацаанд Д.Б-ид 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжилж буй 6.500.000 төгрөг хүү 2.900.000 төгрөг, алданги гэх 4.700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Д.Б-оос 5.000.000 төгрөгийн зээл авч 10 удаагийн төлөлтөөр 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл нэхэмжлэлдээ бичихдээ 6.500.000 төгрөгийг гэрээ хийж зээл авсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Нотариатч өгсөн, авсан мөнгөө дэвсгэртээр нь бич гэхэд Д.Б- нь 20-тын дэвсгэрт 325 ширхэг өгсөн гэж худал бичсэн. 6.5.000.000 төгрөгийг би тухайн үед тоолж аваагүй. Иймд уг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 6.500.000 төгрөгнөөс хүү, алданги тооцох үндэслэлгүй юм. Зээлийн хугацаанд Д.Б-ид 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжилж буй 6.500.000 төгрөг хүү 2.900.000 төгрөг, алданги гэх 4.700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар шүүхэд гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1471 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Б-, Ц.О- нараас 10.005.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-ид олгож, 4.095.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 228.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 175.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Б-ийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Я.Б- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулах, хариуцагч Ц.О-ыг биечлэн оролцуулахаар шүүх харалдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Хариуцагч Ц.О-д хэргийн материалыг танилцуулалгүй шүүх хуралдааныг хийж эрхийг нь зөрчсөн. Нэхэмжлэгч Д.Б-ийн нотариатч Я.Золжаргалыг гэрчээр асуулгах хүсэлтийг оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан. Шүүх хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:         

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б-оос хариуцагч Я.Б-, Ц.О- нарт холбогдуулж  зээлийн гэрээний үүрэг 14.100.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар Д.Б-ид 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн мэтгэлзэх эрхийг зөрчжээ. Үүнд:

1. Анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож биеэр үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш  оролцох эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан түүний мэтгэлзэх, 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзнэ.

2. Хэргийн оролцогч  Ц.О- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй бөгөөд энэ эрхийг хангах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд байгаа нотлох баримтаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийн дагуу Я.Золжаргалыг гэрчээр асуух нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.500.000 төгрөгийг хариуцагч хүлээн авсныг нотлох чухал ач холбогдолтой гэж хүсэлт /хэргийн 32 дугаар хуудас/ гаргасныг шүүх түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэх шалтгаанаар хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т “зохигч, өмгөөлөгчийн шүүх хуралд оролцох эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн”, 168.1.3-т “хэргийн... оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1471 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ 

                                                     ШҮҮГЧИД                                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                           С.ОЮУНЦЭЦЭГ