Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ц.Алтаншагайд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор А.Амгалан /Ханбогд сумаас цахим сүлжээгээр оролцсон/

         Шүүгдэгч Ц.Алтаншагай

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.Алтаншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Алтаншагайд холбогдох 201716010066 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Гөрөөчин овгийн Цогтбаатарын Алтаншагай, Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр баг, Жаргалант хорооллын 2-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх регистрийн дугаар: КД88080512.

 

          Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Ц.Алтаншагайг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төв, Далай багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 

C:\Users\dulguun\Documents\Received Files\Ц.Алтаншагай [1].docx

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх хэргийг хэлэлцэж Ц.Алтаншагайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон өөрчилж, Ц.Алтаншагайг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.7 дугаар зүйлийн 1.3, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Алтаншагайг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Алтаншагайд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Алтаншагай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Батнямд 7,000,000 /долоон сая/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжпэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Алтаншагайн эдлэх ялыг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Алтаншагайн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг мод, 1 ширхэг бейсболын цохиур, хохирогч Г.Батнямын өмсөж явсан гэх майкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, КТГ-ын 6 ширхэг зураг, 1 ширхэг CD-r хохирогч Г.Батнямд буцаан олгохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Алтаншагайд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Алтаншагай давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс надад 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулинд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоох, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж болохоор хуульчилж өгсөн байгаа тул эрх бүхий шүүгч та бүхэн миний үйлдсэн гэмт хэрэг болоод хохирогчид учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор заасан заалтаар надад хорих ял оногдуулсаныг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгнө үү. Би торгох ял оногдуулсан тохиолдолд шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулна. Цаашид дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүйгээр алдсан алдаагаа засаж, зөв хүн болж чадна гэдгээ та бүхэнд амлаж байна” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хэргийн үйлдэл, зүйлчлэлийн талаар мэтгэлцэх зүйлгүй, ялтны хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал, өндөр настай эх, хадам эцэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж хохирол төлбөр төлсөн байдал, ялтны хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгөхийг хүсье” гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.2-д  зөвлөлдөх тасалгаанд “...тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх..” асуудлыг хэлэлцээд гэм буруутай гэж үзвэл мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд эрүүгийн хариуцлага хүлэээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шүүх хуралдааны явц, дэс дарааллыг тогтоосон байна.

Анхан шатны шүүх Ц.Алтаншагайд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс шүүх хуралдааныг шүүгдэгч гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр түр завсарласан, дахин үргэлжлүүлэхдээ гэм буруутай эсэхийг тогтоосон шийдвэрээ танилцуулж тэмдэглэлд тусгаагүй харин шууд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн явц, дэс дараалал тогтоогдож байна. / хэргийн 168 дугаар хуудасны ар тал/

Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлээгүй атлаа хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэсэн журам зөрчсөнийг мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн ямар хэрэгт гэм буруутайд тооцогдох гэж байгаагаа мэдэх эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Алтаншагайд холбогдох 201716010066 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр хэргийг мөн шүүхэд нь буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын ялыг хөнгөрүүлэх тогтоох тухай давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Алтаншагайд холбогдох 201716010066 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Алтаншагайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

 

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                

                                                        Х.ГЭРЭЛМАА