Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 34

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Иргэн Х.Өлзийсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох   

           “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд:

             Нэхэмжлэгч:                                 Х.Өлзийсайхан

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:         Р.Атарцэцэг                                                   

             Хариуцагчийн төлөөлөгч:            Д.Ёндонжамц

             Хариуцагчийн өмгөөлөгч:            Г.Амартүвшин

             Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа  нар оролцов.

 

 

                                                       ТОДОРХОЙЛОХ  нь :

Нэхэмжлэгч иргэн Х.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2011 оноос эхлэн ажилласан. Тухайн үед намайг цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах, цэцэрлэгийн стандартыг мөрдөж, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх, сахилга зохион байгуулалтыг сайжруулах үүрэг өгч томилж байсан. Эрхлэгчийн ажлыг хүлээн авсан өдрөөс эхлэн тухайн цэцэрлэгийг цэцэрлэгийн дайтай болгох үүднээс холбогдох байгууллагуудад хүсэлт илгээж өөрийн биеэр Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж хандив тусламжийн шугамаар засвар үйлчилгээ бүрэн хийлгэж гадна, дотно тохижилт хийлгэж, мэргэжлийн багшаар эгнээгээ тэлж сумын тэргүүний цэцэрлэгээр 3 удаа шалгарч, Улсын тэргүүний цэцэрлэг болох болзлыг бүрэн хангаж цол хэргэмээ хүлээж байна. Мөн цэцэрлэгтээ 24 цагийн бүлэг нээн ажиллуулсан төдийгүй төмөр замын ажилчдын хүсэлтээр төвөөс 3 км алслагдсан газарт салбар бүлгийг тус тус нээн ажиллуулж олны талархлыг хүлээж чадсан...

            2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гарсан Засаг даргын Б/30 тоот ажлаас халах тухай захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

            1.Х.Өлзийсайхан миний биеийг албан тушаалтай нь холбогдуулан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл баримтлах заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

            2.Засаг даргын захирамжид ажлаас халж байгаа тохиолдолд зөвхөн ажил олгогчийн эрхэнд тухайн хүний ажлыг хэдий хугацаанд ямар бүрэлдэхүүнтэй хүлээж авах талаар огт заагаагүй байгаа.

            3.Захирамжийн 3 дахь хэсэгт Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэсэн боловч тус зөвлөлд гомдол гаргахад төрийн үйчилгээний албан тушаалтны гомдлыг манайх шийдвэрлэдэггүй гэж бичсэн байх зэргээс харахад захирамж ямар байдалтай гаргасан нь тодорхой байна.

4.Уг захирамжид заагдсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гэдэг нь үндэслэлгүй байна. Надад захирамж гардуулж, гарын үсэг зуруулсан бүртгэлийн дэвтэрт бичилт хийгдсэн байдалд нөхөж бичсэн гэдэг нь бичгийн хэвээр ялгагдана. Тэгээд сануулах арга хэмжээг өөрчлөхөөр авч явсан хугацаа 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байсан болно... гэжээ.

            Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Өлзийсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/30 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсан. Энэ захирамжинд заасан хуулийн зүйл заалтуудыг бүгдийг нь уншиж судалж үзээд энэ захирамж гаргах үндэслэл нь юу байв гээд өөрийн хувийн дүгнэлтийг хийлээ. Үүнд: Нэгдүгээрт, улс төрийн шинжтэй, хоёрдугаарт, хувь хүний өс хонзон нөлөөлсөн, гуравдугаарт, албан тушаалд санаархсан ийм агуулгатай захирамж болсон гэж дүгнэж байна. 2017 оны 06 сарын 21-ний өдөр гарсан захирамжийг 2017 оны 07 сарын 19-ний өдөр буюу 29 хоногийн дараа Аймгийн Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Баярсүрэн гэдэг хүн надад хүргэж ирсэн. Би ажлаас халах захирамж гарч байгааг огт мэдээгүй байсан. Захирамж гарч байгаа талаар би анх Боловсролын газрын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Оюун 2017 оны 07 сарын 18-ны өглөө над руу утсаар залгаж “Чиний ажлаас халагдах захирамж гарсан. Энэ захирамж Д.Баттүвшингийн өрөөнд байгаа. Засаг дарга байхгүй болохоор гарын үсэг зурагдаагүй” гэсэн мэдээллийг өгсөн.  Иргэний хэргийн шүүх хуралдаанаар энэ захирамжийн талаар Оюун багшаас мэдсэн талаар хариу тайлбар өгсөний төлөө хариуцагч тал Оюун багшийг нилээн шүүмжилсэн талаар ярьж байсан. Хугацааны хувьд энэ захирамж 6 сарын 21-ний өдөр гараагүй. Энэ бол 7 сарын 18-нд юм уу 19-ний өдөр гарчихаад надад 19-ний өдрөө өгсөн. Захирамж гардуулсан бүртгэлийн дэвтэр дээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад “нэг хүний бичсэн бичилт биш, нэг өдөр бичсэн гэдгийг тодорхойлох боломжгүй” гэсэн хариу гардаг. Энэ захирамжийг бүртгэлийн дэвтэр дээр 6 сарын 21-ний өдөр гээд баллаж байгаад бичээд хаана хэнд гэдэг дээр Баатар, Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит газарт гээд тэгээд зөвхөн энэ захирамж дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж гээд  завсраар нь шургуулж бичсэн байсан. Ард нь Л.Баярсүрэн гээд гарын үсэг зурсан, намайг бас гарын үсэг зур гэсэн. 6 сарын 21-ний өдөр энэ захирамжийг Л.Баярсүрэн гэдэг хүн хүлээж авсан бол яагаад 07 сарын 19-ний өдөр хүртэл хадгалсан юм бол энэ тал дээр эргэлзээ төрдөг. Тэгэхээр энэ захирамж 6 сарын 21-ний өдөр гараагүй. 6 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч н.Нарантуяа, УИХ-ын гишүүн н.Оюундарь нар Дулаанхаан тосгонд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаар ирж, манай намаас нэр дэвшигчийг дэмжээрэй гэж байсан. Тэр сурталчилгаанд төрийн албан хаагч нарыг бүгдийг оролц гэсэн учраас туслах багш нараа дагуулан хурал руу орох гээд явах гэтэл н.Нарантуяа даргын машинаас н.Элбэгжаргал, н.Чулуунцэцэг хоёр бууж байсан. Хуралд ороод ямар учраас аймгийн Засаг даргын орлогч н.Нарантуяа өөрийн хувийн дүгнэлт хийгээд Дулаанхааны цэцэрлэгийн эрхлэгчийн ажил байдлын хувьд дүгнэлт хийж ажиллан Х.Өлзийсайханыг ажлаас халах шийдвэрт хүрч байгаа гэсэн асуудлыг ярьсан. Ингэж ярьхад нь би 06 сарын 19-ний өдөр Оюун багштай энэ талаар ярьж “...ажлын хэсгийн дүгнэлт гарсан уу...” гэж асуухад “...дүгнэлт гараагүй, Дулаанхаан тосгонд очсоноос хойш сонгууль гэсээр байгаад ажлын хэсгийнхэн цуглараагүй...” гэсэн. Боловсролын газрын Золжаргалтай “цэцэрлэгийн төсвийн тодотголоо хэзээ яаж өгөх” талаар утсаар лавлахад “би амарч байна, гэхдээ төсвийн тодотголыг чинь авна” гэсэн. Тэгэхэд нь би “та ажлын хэсэг дээр байсан дүгнэлт юу болсон бэ?” гэхэд “ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа” гэж 07 сарын 08-нд хэлж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Золжаргал мэргэжилтэнг гэрчээр асуухад би цуг байсан. “Ажлын хэсгийн дүгнэлт яг хэзээ гарсан бэ?” гэхэд “Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь сонгуулийн дараа дүгнэлтийг авсан санагдаж байна” гэдэг. Ерөнхийлөгчийн сонгууль 07 сарын 07-ны өдөр болсон. Сонгуулийн дараа авсан гэхээр ажлын хэсгийн дүгнэлтээ 07 сард авсан хэрнээ захирамж нь 6 сарын 21-ний өдөр гардаг юм уу?

Улс төрийн агуулгын хувьд сумын Засаг дарга н.Баярбаатар 6 сарын 21-ний өдөр утсаар яриад “манай намын хүнийг ажиллуулахгүй гэсэн юм уу” гэхэд “би аль ч намын гишүүн бус, төрийн албан хаагч учир намын гишүүн байж болохгүй” гэж хэлтэл “Чи Амартуяаг няраваар авч ажиллуул” гэсэн. Би “чадахгүй, Амартуяа ажлын хариуцлагагүй” гэдгийг нь хэлтэл Засаг дарга Баярбаатар “би чиний хандлагыг мэдлээ” гээд утсаа тасалсан. Оюун багш над руу залгаад” сумын Засаг дарга Баярбаатартай хамтарч ажиллахгүй яасан юм бэ?, гол нөлөөлсөн хүн нь сумын Засаг дарга Баярбаатар шүү” гэж хэлсэн.

Хувь хүний өс хонзогийн агуулга гэдэг нь 2015 оны 09 сарын 13-наас 14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд сургуулийн өмнөх насны боловсролын  туслах багш нар 5 өдрийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.  Манай цэцэрлэгийн 9 багш явснаас 7 багш нь архидаад, зодолдоод, эрүүлжүүлэгдээд, торгуулаад арга хэмжээ авагдаад ирсэн. Тэр хүмүүсийг хариуцаад авч явсан Намираа багш надтай уулзаад “танай цэцэрлэгийн багш нар арай дэндүү байна. Боловсролын газраас явуулсан сургагч багш нар, яамнаас ирсэн мэргэжилтэнгүүд, хотоос цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч багш нар ирээд сургалт зохион байгуулж  байхад танай хүмүүс ирж архидаад зодолдсон. Наад хүмүүсээ ажлаас нь хал, манай боловсролын байгууллагад тэнцэхгүй хүмүүс байна” гэсэн. Ингээд би “архи уусан 7 хүний дунд 2 хүн нь жирэмсэн байсан учир ажлаас халалгүй, үлдсэн 5 хүнийг нь  ажлаас нь чөлөөлсөн”. Шаамар сумын Засаг дарга, Дулаанхаан тосгоны захирагч Ганболд нар “өрх толгойлсон эмэгтэй Элбэгжаргалыг буцаагаад ажилд нь авчих, Чулуунцэцэгийн нөхөр хүн амины хэрэгт ороод хоригдчихсон, 4 хүүхэдтэй хэцүү байна. Эхлээд Элбэгжаргалыг ажилд эргүүлээд ав” гэсээр байгаад Элбэгжаргалыг эгүүлэн ажилд нь авсан. Араас нь Чулуунцэцэгийг ч мөн адил ажилд авсан. Энэ хүмүүс “хүнийг архидсан гэж хэлээд ажлаас нь халж болдог юм байна. Х.Өлзийсайханыг ажлаас халж өс хонзонгоо авъя” гэсэн бодолтойгоор хандсан.

Хүүхдийн тоо хийсвэрээр нэмэгдүүлдэг гэдэг. Золжаргал мэргэжилтэнгээс “Дулаанхаан тосгон дээр ажлын хэсэг ирсний дараа тэр дөрвөлжин цаасны талаар яригддаг. Та тэр цаасыг хаанаас авсан бэ?” гэхэд “Өргөдөл гомдолтой цуг ирсэн. Танай тогоочоор ажиллаж байсан Пүрэвсүрэн өгсөн” гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Пүрэвсүрэнг гэрчээр асуухад “би тэр цаасыг өгөөгүй” гэсэн мэдүүлэг өгдөг.

Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулдаг гэдэг. Хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэсэн талаар ажлын хэсгийн дүгнэлтэнд “Х.Өлзийсайхан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэсэн байдаг. Би ажлын хэсгийнхэнд “хүүхдүүдэд гэрээсээ авч ирсэн буузаа жигнээд идүүлсэн. Түүнээс биш байгууллагын хоол хүнснээс авсан, төрсөн өдрийг хавтгайруулаад архидуулсан зүйл байхгүй. Нэг хоёр цагийн явдал болоод өнгөрсөн” гэдгийг тайлбарласан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг Х.Өлзийсайхан зөрчсөн гэдэг. Захирамж дээр хувийн ашиг сонирхолын мэдүүлэг 23 дугаар зүйлийн 23.5, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг зөрчсөн гэж бичсэн байдаг. Шаамар сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга Ганболд нар тайлбар өгөхдөө “Х.Өлзийсайхан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөггүй, өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй” гэж ярьсан байдаг. Би хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд 2 сарын 15-ны өдрийн дотор байнга гаргаж өгдөг, хоцроож өгч байсан удаа нэг ч байхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхдөө Аймгийн Тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Баярсүрэнд өгдөг. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэст гээд Шаамар сумын Тамгын газраас “Х.Өлзийсайхан өнөөдрийг хүртэл хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөөгүй байна” гэсэн албан тоот өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баталгааны маягтаар хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн эсэх нь батлагдана.

Хариуцагч тал хариу тайлбартаа “үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзнэ” гэсэн байдаг. Анх 2011 оны 09 сарын 01-ний өдөр Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ирсэн. Намайг ирэхэд энэ цэцэрлэг дотроо бие засах боломжгүй, гаднаа байх нойлд багш хүүхэд бүгд ордог. Цэцэрлэгийн мандал, цэцэрлэг гэж хэлэх зүйл огт байхгүй, зөвхөн дөрвөлжин байшин тал талаасаа ирсэн жим гарчихсан зэрлэгтээ баригдчихсан байгууллагыг хүлээж авч байсан. 2011 онд цэцэрлэгийн хаалга нь хадаасаар түгждэг түгжээтэй байсан. 2007 онд өргөтгөл хийсэн ийм цэцэрлэгийг хүлээж авсан. Хүүхдүүд гар хөлөө угаах боломжгүй. 3 ангид усаа цохиж гаргадаг ганц ганц гоожууртай байсан. Анх надтай 14 багш нийлж нэг баг болж ажиллаж байсан. Төсвийн тодотгол гаргаж 2013, 2014 онуудад бүлэг нэмэгдэж нийт 7 бүлэгтэй болсон. Төмөр замын ажилчдын хүүхдүүдийг авах салбар бүлэг нээж ажиллуулсан. Ажиллахад үнэхээр хүндрэлтэй байсан. Чулуунцэцэг 16 настайгаасаа ажилласан гэдэг. Д.Энхмаа сургууль төгсөж ирээд ажилласан гээд байж байсан. Багш нар мэргэжил дээшлүүлээгүй, дунд боловсролтой байсан. Энэ багш нарыг бүгдийг мэргэжил дээшлүүлж боловсролтой болгосон. Ингээд 7 бүлэг, 36 багштай, 180-аад хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. 2012 онд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. 2011 оны 10 сард С.Баярцогт гишүүнтэй танилын журмаар ажлаа авангуутаа очиж уулзаад “цэцэрлэг баригдсан цагаасаа хойш огт засвар хийгдээгүй, хүүхдийн эрүүл аюулгүй орчин байхгүй байна” гэж хандахад С.Баярцогт гишүүн “яамны сайдтай уулзаад үз” гэсэн. Тэгээд яамны сайдтай уулзъя гэхэд сайдтай уулзах боломжгүй учраас туслахтай нь уулзаж С.Баярцогт гишүүний өгсөн албан бичгийг өгсөн. Удалгүй над руу холбоо барьж “С.Баярцогт гишүүний хүсэлтээр 4 бүлгийн тоног төхөөрөмж тавигдсан шүү” гэж хэлсэн. Тэгж л намайг ардчилсан намын хүн гэж боддог юм шиг байна. 2011 онд цэцэрлэгийг хүлээж аваад 2012 онд Дулаанхаан тосгоны шилдэг байгууллага, 2013 онд шилдэг байгууллага хамт олон болсон. 2014 онд ажлаас халагдсан учир болоогүй. 2015 оны 5 сард ажилдаа ороод Дулаанхаан тосгоны аварга байгууллага хамт олон, 2016 онд Шаамар сумын хэмжээнд Боловсролын салбарын тэргүүлэгч байгууллага болсон. Миний үр дүнгийн гэрээг хангалтгүй гэж дүгнэсэнд үнэхээр гайхаж байна. Энэ албан тушаал дээр Монгол ардын намын хүнийг тавих ёстой. 2012 оны УИХ-ын сонгуульд сайн оролцсон Лхагважав дотроос нь хагаралдуулж, 2014 онд Х.Өлзийсайханыг ажлаас халж оронд нь Лхагважавыг тавьсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхмаа сайн оролцсон. Д.Энхмаад албан тушаал амалж, миний оронд эрхлэгч болгосон. Манай цэцэрлэг дээр 5 сарын 27-нд ирж ажилласан. 6 сарын 21-ний өдөр захирамж гарсан байтал яагаад 7 сарын 19-ний өдөр өгдөг юм бэ? Д.Энхмааг 2 дугаар цэцэрлэгийн үүрэг гүйцэтгэгчээр томилох гээд үзэхэд болоогүй. Яагаад гэвэл Лхагважав тавигдчихсан байсан. Сонгон шалгаруулалт болоод Д.Энхмаа, Лхагважав 2 хоёулаа унасан. 2 дугаар цэцэрлэгийн үүрэг гүйцэтгэгч Лхагважав сонгон шалгаруулалтанд 4 орж, 4 унасан байдаг. Ийм хүн яагаад ажлаа хийгээд байгаа юм бэ? Заавал хэн нэгэн даргын гар хөл байх ёстой юм уу?.

Мэргэжлийн хяналтын газрын баг бүрэлдэхүүн манай цэцэрлэг болон бусад аж ахуй нэгж байгууллагад ирж ажилласан. Манай цэцэрлэгт барилга хариуцсан мэргэжилтэн улсын ахлах байцаагч Гэрэлмаа, боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Цогт-Эрдэнэ, эрүүл ахуйн улсын байцаагч Сэлэнгэмөрөн нар ажилласан. Эдгээр хүмүүс ажиллаад 6.1-р хуудсаар Цогтэрдэнэ мэргэжилтэн манай байгууллагыг бага эрсдэлтэй, Сэлэнгэмөрөн байцаагч 3.6-р дунд эрсдэлтэй, барилгын мэргэжилтэн Гэрэлмаа зориулалтын барилга биш, барилга муу гэж акт тавьсан байдаг. Энэ 2 дүгнэлт Дулаанхааны цэцэрлэгт байдаг. Үүнийг хуулбарлаж   авах гээд үнэхээр чадсангүй. Шүүхээр нотлох баримт гаргуулж автал эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 3.6, 6.1-р дүгнэсэн дүгнэлтийг гаргуулъя гэхэд ганцхан эрүүл мэндийн байцаагчийн шаардлагыг өгсөн байдаг. Хувиараа уг дүгнэлтийг гаргуулж авъя гээд утсаар холбогдоход “шүүх яриагүй байхад бид нар өгөхгүй” гэсэн хариу өгдөг. Шүүхэд ирүүлсэн шаардлага нь 3 сарын 13-ны өдөр гарсан албан шаардлага байдаг. 03 сарын 13-нд хийсэн дүн шинжилгээний хариу бичихдээ Сэлэнгэмөрөн байцаагч таагүй үзүүлэлт бичсэн байдаг. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж дээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9, 11.2.11 гэсэн заалтуудыг барьсан байдаг. Бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй гэж дүгнэгдсэн материалаа авах гээд чадсангүй. 03 сарын 13-ны өдөр хийсэн үзлэгийнхээ хариу шаардлагыг 09 сарын арван хэднээр явуулсан байдаг. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Уг хариу шаардлагыг миний нэр дээр ирүүлдэг ч хэн гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй миний гарын үсгийг зурсан байдаг.

2015 онд үр дүнгийн гэрээгээ 98,2 хувьтай, 2016 онд нэгдсэн дүнгээр 97,3 хувьтай дүгнэгдсэн. Улсын тэргүүний цэцэрлэгийн эрхлэгчийн үнэлгээтэй ижил байдаг. Улсын тэргүүний цэцэрлэгийн эрхлэгч нарт ур чадварын үнэлгээ 30 хувь авсан байдаг. Би 29,9 хувийн үнэлгээ авдаг. Тэргүүлэх зэргийн багш нартай эн зэрэгцэж яваа. 2016 оны үр дүнгийн гэрээний дүгнэлтээр би хамгийн эхэнд байсан.  Ажлаа хийж байхад нь онц сайнаар үнэлчихээд ажлаас халах болохоороо үр дүн муу байсан гэж байгаад харамсаж байна.

Хариуцагч тал буюу Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Тамгын газар, Боловсрол соёл урлагын газрын удирдлага, мэргэжилтэнгүүд ямар хүний саналыг хүлээж авдаг, ямар хүнийхийг хүлээж авдаггүй юм бэ? 5 сарын 27, 28-ны өдрүүдэд манай цэцэрлэгт ажлын хэсэг ажилласан. Өргөдөл гомдлын тухай хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт хариу тайлбар явуулсан. Гэтэл ямар ч хариу ирдэггүй. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан  Х.Өлзийсайхан нь албан үүргээ гүйцэтгэхдээ дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн тул ажлаас халсан. Үүнд :

         1.Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайхан нь удирдах албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /7.1.3/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /11.1/ 29 дүгээр зүйлийн 29.2.4, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль /11 дүгээр зүйлийн 11.2.9, 11.2.10, 11.2.11/-ийн  холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн.

          2.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн /7 дугаар зүйлийн 7.1.3/ холбогдох заалтыг зөрчиж хүүхдийн цэцэрлэгийн байр буюу ажлын байрандаа болон албан томилолтоор ажиллахдаа согтууруулах ундаа хэрэглэх ажлыг зохион байгуулан хэрэглэсэн.

          3.Х.Өлзийсайхан нь албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн /11 дүгээр зүйлийн 11.1/ холбогдох заалтыг зөрчин өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Эрхэмбаатар, төрсөн охин Ууганцэцэг нарыг ажилд авч хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргаж хууль зөрчсөн тул 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан арга хэмжээ авах үндэслэлтэй байна. Шаамар сумын Засаг даргын 2015 оны “Ажил хүлээлцэх ажлын хэсгийг томилох тухай” Б/04 тоот захирамжаар хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар сануулж байсан.

          4.Х.Өлзийсайхан нь ажлын байрандаа болон томилолтоор ажиллахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, цэцэрлэгийн байранд хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн, ажилтандаа олгох тусламжийг үзүүлээгүй хувьдаа завшсан зэргээр сахилгын болон хууль зөрчсөн үйлдэл гаргаж, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан байгууллагын удирдлагын хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан нь ажилтнуудын гаргасан өргөдөл гомдол болон өвчтэй байсан туслах тогооч Оюун-Эрдэнэд тусламж болгон өгөхөөр ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлээс цугларсан 640.000 төгрөгнөөс “Хаан банк”-ны гүйлгээ хийсэн баримтаас үзэхэд зарлага гаргахдаа Оюун-Эрдэнэд тусламж гэж гаргасан боловч 400.000 төгрөгийг өөрийн дансаар авч 240.000 төгрөгийг өвчтэй байсан ажилтандаа өгсөн нь нотлох баримтаар тус тус тогтоогдсон тул Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаар 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

           5.Х.Өлзийсайхан нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан хүүхэд багш ажилтаны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангалгүй алдагдуулж, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах үүргүүдээ тус тус биелүүлэлгүй зөрчиж ццэцэрлэгийн байранд өөрийн хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн, ажлын байранд болон 2017.05.18-ны өдөр Ерөө суманд томилолтоор ажиллахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ багш ажилтануудтай уулзах уулзалтын үеэр өөрөө хүлээн зөвшөөрсөн мөн 24-ийн бүлгийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй байх нөхцөлийг алдагдуулж, багш ажилтануудаа дарамталсан нь багш Чулуунцэцэг, Энхцэцэг нарын аймгийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Цагдаагийн газрын дарга нарт гаргасан өргөдөл гомдол, тайлбараар тогтоогдож үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, Архидан согтуурахтай тэмцэх болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг тус тус зөрчсөн.

           6.Х.Өлзийсайхан нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан хүүхэд багш ажилтаны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангалгүй алдагдуулж, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

           7.Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу цэцэрлэгийн багш нараас аймгийн Засаг дарга болон БСУГ-ын дарга нарт ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгасны үндсэн дээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулсан. Ингэхдээ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгч болон багш ажилтнуудтай биечлэн уулзсан.

            8.Ийнхүү ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгахад өөрийн эрхэлж буй албан тушаал, эрх хэмжээгээрээ ажилтнуудаа айлгаж, хувийн байдлаар нь хэл амаар доромжлох, ажлын цагаар ахлах бүлгийн хүүхдүүдийг ангиас нь гаргаж цэцэрлэгийн байранд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид буюу өөрийн хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн, ажлын байранд болон томилолтоор ажиллахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн  ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж өөрийн нөхөр Эрхэмбаатар, охин Ууганцэцэг нарыг хуульд заасан мэдэгдэл тайлбарыг гаргалгүйгээр хууль бусаар авч ажиллуулсан, өвчтэй байсан туслах тогооч Оюун-Эрдэнэд тусламж болгон өгөхөөр ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос цугларсан 640.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг өөрийн дансандаа авч 240.000 төгрөгийг өвчтэй байсан ажилтандаа өгсөн зэргээр ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан нь холбогдох нотлох баримтуудаар болон ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож, тус цэцэрлэгийн ажилтнуудтай хийсэн уулзалтан дээр үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн тул дээрх үйлдлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэн Х.Өлийсайханг Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас халсан.

           Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Ёндонжамц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн улс төр, хувийн өш хонзон, албан тушаалд санаархсан байдлаар ажлаас халсан гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал бол улс төрийн албан тушаал биш, төрийн албан хаагч бөгөөд хуулийн дагуу хийсэн ажлаа баримтаар үнэлүүлээд явдаг. Мөн түрүүн хэлэхдээ Оюун багш “захирамж гараагүй байсан гэж хэлсэн” гэж байна. Оюун гэдэг хүн ажлын хэсэгт байгаагүй, шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. “Урьд нь Мандал суманд архи уусан” гэж ярьж байна. Энэ зөрчил өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Сая өнгөрсөн 4 сард Ерөө суманд ажиллахад энэ байдал дахин давтагдсан. Энэ талаар ажлын хэсэг очиж ажиллахад Х.Өлзийсайхан эрхлэгч “Би Ерөө сумаас ирэхдээ архи үнэртүүлж ирсэн нь үнэн. Энхцэцэгийн хүүхэд 24-н бүлгийн цагаан хэрэглэл дээгүүр гүйгээд байхаар нь загнасан нь үнэн. Эрхэмбаатар, Элбэгжаргалыг цохьсон нь үнэн” гээд архи ууснаа хүлээн зөвшөөрдөг. Нөхөр нь мөн адил хүн цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ цэцэрлэгийн хамт олон зөрчлөө арилгаагүй, өнөөдрийг хүртэл байгууллагын соёлыг төлөвшүүлээгүй, зөрчлөө арилгаагүй байна. Энэ талаар өөрсдийн дотоод журмандаа заасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 7.7-д дор дурьдсан зөрчлийг ноцтой зөрчил гэж үзнэ гээд “ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явах, албан томилолт, сургалт семинарт байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ирсэн тохиолдолд”, хүүхдийн байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөн зөрчсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлд “эд хөрөнгө шамшигдуулах, эрх албан тушаалаа урвуулан ашиглах, хүүхдийн эрх ашигт харш үйлдэл хийх зэрэг ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэдэг”. Хүүхдийн эрх ашигт харш үйлдэл хийсэн гэдэг нь цэцэрлэгийн байранд архидан согтуурсан, томилолтоор явж байхдаа архи согтууруулах ундааг байгууллагаараа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

 Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар ярьж байна. Үүнийг жил болгон хуулийн дагуу авдаг. 2015 онд Х.Өлзийсайхан буцаад ажилдаа орсон. Ажилд ороход нь сумын Засаг даргын  2015 оны 05 сарын 15-ны өдрийн Б/04 тоот захирамжийн 2 заалт дээр хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлж ажиллах талаар захирамжаар үүрэг хүлээлгэсэн. Үүний дараа 2015 оны 10 сарын 01-ний өдөр өөрийн нөхрийг ажилд эгүүлэн авсан байдаг. Эндээс ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг нь харагддаг. Энэ хүн өөрийн нөхөр охиныг ажилд авахдаа Хөрөнгө орлогын мэдүүлэг биш мэдэгдэл тайлбар бичиж өгөх ёстой байсан. Энэ нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр заалтаар “мэдэгдэл тайлбар бичиж өгөх ёстой” гэсэн байдаг. Хэрэв энэ хүн өөрийн хамаарал бүхий ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах гэж байгаа бол мэдэгдэл тайлбар гаргах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” гээд тусгай зарчмыг хуульчилсан. Х.Өлзийсайхан мэдэгдэл тайлбар гаргаж өгөлгүй өөрийн нөхөр охиныг ажилд томилсон байдаг. Хуулинд заасан тусгай журам зөрсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 11 дүгээр зүйлийн 11.1 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн эдгээр зүйлийг зөрчсөн нь ажлаас чөлөөлөх үндэслэл нь болсон.

Үр дүнгийн гэрээгээ онц сайн үнэлүүлсэн, урамшуулал авч байсан гэж байна. Үр дүнгийн гэрээг жил болгон байгуулдаг. Анх цэцэрлэгийг хүлээж авахад тийм тийм байсан гэж байна. Энэ бол тухайн үед ажил үйчилгээ явагдаад үр дүнг дүгнээд өнгөрсөн зүйл. Бид нар 2017 оны үр дүнгийн гэрээний хувьд ярьж байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Цэцэрлэгийн эрхлэгч гээд гурвалсан үр дүнгийн гэрээний зорилго нь “үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албан хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж сонирхлын зөрчилгүй ажиллах, хүлээх хариуцлагыг тодорхойлох” зэргээр маш тодорхой заасан.  Уг гэрээний маналайлалын зорилт дээр “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах, Авилгын эсрэг хуулийг чанд мөрдөж ажиллах” гэсэн байдаг. Мэдлэг чадварийн 2 дугаар заалт дээр “хууль дүрмийг биелүүлэхэд манлайлан оролцоно” гэсэн байдаг. Гэрээний хариуцлага дээр “төсвийн шууд захирагч гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн бол түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжинд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гээд талууд харилцан зөвшөөрч үр дүнгийн  гэрээг байгуулдаг.

2015 онд шүүхийн шийдвэрээр сумын Засаг дарга захирамж гаргаад буцаагаад ажилд нь томилж байсан. Гэтэл одоо ажлаас буцаагаад чөлөөлөх болохоор сумын Засаг даргын шийдвэр нь шийдвэр биш гэж байгаа нь зохимжгүй байна. Х.Өлзийсайхан эрхлэгчийн талаар Цагдаагийн газар, Аймгийн Боловсрол соёл урлагийн газарт гээд маш олон өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу бид нар ажиллаж дүгнэлтээ гаргасан. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гээд үүнд нь хүүхдийн цэцэрлэг орсон байдаг.  
Дулаанхаан тосгоны цэцэрлэгт 24 цагийн бүлгийн үйл ажиллагаа явагдаж байхад 18 цаг өнгөрсөн гэж хэлж байгаа нь зохимжгүй бөгөөд 24 цагийн ангийн үйл ажиллагаа явагдаж байгаа учир цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байна гэж үзнэ. Архи уусан талаар гэрч, хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг байдаг.

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос туслах тогооч Оюун-Эрдэнэ гэдэг хүнд өвчтэй зовлонтой байхад нь 400.000 төгрөгийн тусламж үзүүлэхээр мөнгө олгосон байдаг. Тэр мөнгийг Оюун-Эрдэнэ тусламж гэж зарлага гаргаад буцааж өөрийн дансанд орлого болгож оруулсан байдаг нь ёс зүйгүй асуудал юм. Мөн ажилтнуудаа дарамталдаг, дарамталж байгаад зээл авахуулсан талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн талаар өөрөө ярьж байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа хүүхдүүд сурч боловсрох ёстой байтал цэцэрлэгийн нэг ангид өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэсэн байгаа нь зүй зохисгүй юм. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9-т “хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан байдаг. Энэ орчныг би бүрдүүлсэн гэж ярьж байгаа ч эргээд үүнийгээ зөрчсөн байдаг. Мөн хуулийн 11.2.10-т “цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах” гэж заасан байдаг. Энэ бол шууд зөрчигдсөн. Түүнийг хүлээн зөвшөөрч уучлалт гуйж мессэж бичсэн байдаг. Мөн 11.2.11-т “сургалтын орчин, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах” үүнийг бас хангалтгүй хийсэн. 

            Байгууллагын удирдага бол цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, тамга тэмдэг дарж хоолны  зохих тооцоог хийсэн байх ёстой. Цэцэрлэгээс ирсэн баримт дээр хэн засвар хийснийг мэдэхгүй гэж байгаа нь ажилдаа хэр хариуцлагагүй хандаж байсан нь харагдаж байна.

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг дээр  нилээн олон гэрч мэдүүлэг өгсөн байдаг. Үр дүнгийн гэрээн дээр асуудлууд маш тодорхой байгаа бөгөөд гурван тал үр дүнгийн гэрээгээр хүлээх хариуцлагыг тодорхой заасан түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байгуулсан ба холбогдох хууль тогтоомжийн дагуу Х.Өлзийсайханыг ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.    

 

ҮНДЭСЛЭХ  нь :

            Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй байна гэж үзлээ.

           Иргэн Х.Өлзийсайхан нь “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ. 

           Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/170 дугаар захирамж /1-р хавтаст хэргийн 217-р хуудас/-аар нэхэмжлэгч Х.Өлзийсайхан нь Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/42 дугаартай захирамжаар  үүрэгт ажлаасаа халагджээ. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Сэлэнгэ  аймаг дахь сум дундын 20 дугаар шүүхэд хандсанаар шүүхээс Х.Өлзийсайханг буцааж ажилд нь томилжээ. Аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай захирамж /1-р хавтаст хэргийн  22 -р хуудас/-аар үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон байна.

           Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь тус аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайханд холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр цэцэрдлэгийн багш Энхцэцэг, П.Элбэгжаргал нараас ирүүлсэн гомдол /1-р хавтаст хэргийн 39-47-р хуудас/ мөн Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаартай албан тоотын дагуу / 1-р хавтаст хэргийн 48-53 хуудас / 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/242 дугаартай захирамж /1-р хавтаст хэргийн  56-р хуудас/-аар тус тосгоны хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг дээр хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулжээ.

            Ажлын хэсэг нь өргөдөл гомдолын дагуу тус цэцэрлэгт хяналт шалгалтаар ажиллаж ажилтнуудтай уулзалт хийн тэмдэглэл хөтлөн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 57-63 -р хуудас/ гаргасан байна.

            Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь маргаан бүхий 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн Б/30 дугаартай захирамж /1-р хавтаст хэргийн 4/-д нэхэмжлэгч Х.Өлзийсайханг “ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлийн талаар ажилтан албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгахад ажлын байранд болон томилолтоор ажиллахдаа архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, ажлын албан хаагчдаа хувийн байдлаар нь байнга хэл амаар доромжилдог зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан нь холбогдох нотлох баримтууд болон ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож, хууль зөрчсөн үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сургийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,  40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9, 11.2.10, 11.2.11, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2.5, 105 дугаар зүйлийн 105.4, 106 дугаар зүйлийн 106.1, 2017 оны аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Өлзийсайханг уг ажил, албан тушаалаас халж шийдвэрлэжээ.

          Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр байна.  

         Хариуцагчийн зүгээс Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  226 дугаартай албан тоотын дагуу Ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шийдвэр гаргасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

          Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын намайг ажлаас халсан захирамж нь улс төрийн шинжтэй, хувь хүний өс хонзон нөлөөлсөн, албан тушаалд санаархсан шинжийг агуулсан.

         Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулсан гэдэг. Би хүүхдүүдэд гэрээсээ авч ирсэн буузаа жигнээд идүүлсэн тэрнээс биш байгууллагын хоол хүнснээс авсан, төрсөн өдрийг хавтгайруулан архидуулаад байсан зүйл байхгүй 1-2 цагийн явдал болоод өнгөрсөн.

        Захиргааны шийдвэр гаргасан гэж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан тушаал нь захиргааны акт биш. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5-р тогтоолын 4-р хавсралтаар мэдэгдэл тайлбар гаргах ёстой гэж байна. Тэгвэл Дулаанхаан тосгоныхон бүгд тайлбар мэдүүлэг гаргасан юм уу. Бүгд л аав, ээж, хүүхдүүдээ ажиллуулж байгаа шүү дээ.

         2016 оны 12 дугаар сар бил үү, 2017 оны 1-р сард манай цэцэрлэгийн багш ажилчид ҮЭХ-гоо татан буулгана гэж хуралдсаар байгаад татан буулгасан. Тосгоны ҮЭХ Оюун-Эрдэнэд тусламж гэж 400.000 төгрөг өгөөгүй.

          Мөн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй гэж байна. 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй байгаа гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүүхдийн сурч боловсрох цагаар өөрийн хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа нь ноцтой зөрчил. Хүүхдүүд цэцэрлэгт очоод сурч боловсрох ёстой байтал ангиасаа хөөгдөөд гарчихсан ангид нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд төрсөн өдөр тэмдэглэдэг.

          Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар хүнийг ажилд аваад, чөлөөлөөд эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа тул энэ нь захиргааны шийдвэр юм.

          2017 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй гэж байна. Үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэдэг. Бүтэн жилийг дүгнээгүй гээд энэ хүнийг зөрчил гаргахыг нь хараад явах ёстой юм уу.

          Архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг дээр нилээн олон хүний гэрчийн мэдүүлгүүд байгаа. Мөн ҮЭХ-оос туслах тогооч Оюун-Эрдэнэд тусламж болгон өгсөн 400.000 төгрөгийг өгөөгүй гэж тус тус тайлбарлажээ.

         1.Тус аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга, сумын төсвийн ерөнхийлөн захирагч Шаамар сумын Засаг дарга төсвийн шууд захирагч  Шаамар сумын Дулаанхаан тосгоны хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайхан, нарын хооронд 2017 оны үр дүнгийн гурвалсан гэрээ / 1-р хавтаст хэргийн 23-27-р хуудас / байгуулжээ.

            Уг гэрээний  Нэг: Талуудын хүлээх үүрэг:

           Төсвийн шууд захирагч буюу цэцэрлэгийн эрхлэгчийн хүлээх үүрэг 1.1-ээс 1.5-д тусгажээ. Үр дүнгийн гэрээний 4.1 Гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ныг дуусах хүртэлх хугацаагаар байгуулж Төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор сумын Засаг даргад тайлагнаж сумын Засаг даргын Тамгын газар нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор биелэлтийг дүгнэхээр 5-ын 2-д Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлэхээр тусгасан байна.

          Хариуцагч нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнээгүй, энэ талаар шалгаж тогтоогоогүй байна.         

          2.Х.Өлзийсайхан нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн хувиар 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Б/32 дугаартай тушаал /2-р хавтаст хэргийн 248-р хуудас/-аар өөрийн нөхөр Н.Эрхэмбаатарыг жижүүрийн ажилд мөн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай тушаал /2-р хавтаст хэргийн 249 -р хуудас/-аар өөрийн төрсөн охин Б.Ууганцэцэгийг багшийн ажилд тус тус томилсон байна.

           Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, ... хориглоно” энэхүү заалтыг зөрчвөл мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанаас халах шийтгэл ногдуулахаар, 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

           Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах явдал байна.  

           Тиймээс энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.Өлзийсайхан нь өөрийн нөхөр Н.Эрхэмбаатарыг жижүүрээр, төрсөн охин Б.Ууганцэцэгийг багшаар ажилд авсан нь өөрт хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасанд хамаарч байгаагаас гадна хувийн ашиг сонирхол үүссэн буюу байгууллагын эрхлэгчийн хувьд шинээр үүссэн сул орон тоон дээр өөрийн нөхөр, охиныг томилох болсон талаар эрх бүхий дээд шатны байгууллагад бичгээр мэдэгдээгүй болох нь тогтоогдож байна.        

           3.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” 7.1.3-д “хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар” гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгч Х.Өлзийсайханы удирдлага дор ажиллаж байсан Б.Сувданчимэг иргэний хэргийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “эрхлэгч ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэдэг, ажил дээр согтуу ирээд хүн дарамтлаад явж байдаг, 2 жилийн өмнө цэцэрлэг дээр нөхөртэйгээ согтуу ирчихээд нөхөртэйгээ муудалцаад нөхөр нь эрхлэгчийн толгойг хагалаад би гэрт нь хүргэж өгч байсан” /2-р хавтаст хэргийн 168-170 -р хуудас/, гэрч Д.Энхмаа “2017 оны 05 дугаар сарын 18-нд Ерөө суманд Ногоон гэрэл, цагаан шугам бүсийн тэмцээн болсон. Тэр тэмцээнд цөөн тооны багш, ажиллагсад, эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт явсан... Замдаа бууж эцэг эхчүүдийн өгсөн архийг уусан. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А.Ганцэцэг багшийн төрсөн өдөр байсан юм. Дарга надад уламжлалынхаа дагуу бэлгийг авч өгөхгүй юм уу? гэсэн замдаа Дөлгөөн болор сан гэж дэлгүүр лүү эрхлэгч бид 2 ороод тэндээс нэг үнэртэй ус, набор, нэг шил архи авсан. Тэрийг аваад цэцэрлэг дээр очоод А.Ганцэцэг багшид өгсөн. Тэр дор нь эрхлэгчийн өрөөнд 1 шил архиа хувааж уугаад би шууд гэртээ харьсан” /2-р хавтаст хэргийн 174-176-р хуудас/ гэрч багш А.Ганцэцэг захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “манай эрхлэгч, арга зүйч Д.Энхмаа нар дэлгүүрээс 1 шил Болор архи, үнэртэй ус, набор, 2 литрийн жүүс зэргийг авч ирээд төрсөн өдрийн бэлэг гээд надад өгсөн. 1 шил Болор архиа эрхлэгч Х.Өлзийсайхан, арга зүйч Д.Энхмаа, туслах багш Элбэгжаргал бид нар эрхлэгчийн өрөөнд орж уусан. Архи дууссаны дараа Д.Энхмаа бид 2 гэр лүүгээ харьсан” /1-р хавтаст хэргийн 82-84-р хуудас/ гэрч жижүүр Б.Амартүвшин “би тухайн өдөр жижүүртэй байсан. Цагийг нь сайн санахгүй байна эрхлэгч орж ирээд 24-ийн бүлгийн багш Энхцэцэгийг орилж загнасан. Яг юу гэж загнасныг би мэдэхгүй. Ямар ч байсан уучихсан байсан би гэрт нь хүргэж өгсөн” /1-р хавтаст хэргийн 101-102-р хуудас/ гэх мөн гэрч Э.Төрбат “би 2015 оноос 2017 оны 11 дүгээр сар хүртэл Дулаанхаан тосгонд хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. 2017 оны 05 дугаар сарын 18-нд би 4 замын уулзвар дээр ажилтай явж байсан. Гэтэл Амарцэнгэл гэгч хүнээс цагийг нь сайн санахгүй байна ажлын цаг тараад бүрэнхий болж байхад цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайхан нь согтуу цэцэрлэг дээрээ орилж чарлаж бусдыг хэл амаар доромжлоод айлгаад байна гэх утгатай дуудлага миний 99554486 дугаарт ирсэн. Сум орон нутгийн нөхцөл байдлаас хамаараад дуудлага мэдээллийн дэвтэрт бүртгэсний дараа дуудлаганд явна гэсэн асуудал байхгүй дуудлагын дагуу түргэн шуурхай очих үүрэг, шаардлагатай байдаг. Намайг цэцэрлэг дээр очиход Х.Өлзийсайхан жижүүр Амартүвшингийн хамтаар гарч ирж байсан. Харагдах байдлаар бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Надад албан хэрэгцээнд согтуурлыг хэмжих багаж байхгүй учраас согтуурлын хэмжээг хэмжиж чадаагүй. Би дотор юу болсон талаар тодруулах зорилгоор цэцэрлэг лүү орох гэж явтал өөдөөс багш Чулуунцэцэг гарч ирээд дотор надаас өөр хүн байхгүй Х.Өлзийсайхан багш Элбэгжаргал, Энхцэцэг нарыг хэл амаар доромжлоод байхаар нь тэр 2 зугатаагаад явчихсан гээд яриад зогсож байхад цаанаас багш Элбэгжаргал, Энхцэцэг нар нь ар араасаа гарч ирээд эрхлэгч согтуу ирээд хэл амаар дайрч давшлаад байхаар нь айгаад зугатаад явсан гэж хэлж байсан” /1-р хавтаст хэргийн 124-126-р хуудас/ мөн  аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгээс багш, ажилчид, эцэг эхийн төлөөлөлтэй уулзсан уулзалтын тэмдэглэл дээр Х.Өлзийсайхан нь “Би Ерөө сумаас ирэхдээ архи үнэртүүлж ирсэн нь үнэн. Тэр өдөр бүх багш согтуу байсан. 5 дугаар сарын 18-ны өдөр би архи уусан нь үнэн, согтуу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэснээс үзэхэд албан ажил дээрээ ажлын өрөөндөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

            4.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.10-д “....хүүхдийн аюулгүй байх нөхцөлийг хангах гэж заасныг зөрчин албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 17-нд 10 цагаас 13 цагийн хооронд Алтанчимэг багштай ахлах бүлгийн ангийн хүүхдүүдийг өөр анги руу оруулж байгаад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэжээ.

            5.Өвчтэй байсан туслах тогооч Э.Оюун-Эрдэнэд тусламж болгон өгөхөөр багш, ажилтнууд болон тосгоны Үйлдвэрчний эвлэлээс өгсөн нийт 640.000 төгрөгнөөс 240.000 төгрөгийг Э.Оюун-Эрдэнэд өгч үлдэх 400.000 төгрөгийг  өөрийн “Хаан банк”-ны данс / 2-р Х.х-ийн 49-50 /-аар авч хувьдаа завьшсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна.

           Иймд хариуцагч аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.10, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэгч Х.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн 100131400941 тоот дансанд  хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.            

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.БУРМАА