Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00233

 

З.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/00640 дүгээр  шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2017/00021 дүгээр магадлалтай,

З.О-ы нэхэмжлэлтэй,

Н.Б, Н.Б, Н.Энарт холбогдох,

Н.Б-аас 10.450.000 төгрөг, Н.Б-аас 8.170.000 төгрөг, Н.Э-гээс 380.000 төгрөг нийт 19.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч  З.О-, Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч З.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 8 сарын 16-нд төрсөн дүү З.О-тунгалагт 20.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссаны дараа 1.000.000 төгрөгийг өгсөн. Дүү З.О-тунгалаг 2014 онд ослоор нас барсан. Тухайн үед хүүхдүүдэд ээж нь мөнгө зээлсэн гэж хэлэхэд том хүү Н.Б нь барилгын ажил болохгүй байна, Н.Бтай уулз гэсэн. Н.Бтай уулзахад төлнө гэдэг байсан. Бид ярилцаад гэрээ хийсэн боловч 2015 он дуусахад нэг ч төгрөг төлөөгүй. Өв залгамжлалын дагуу өвлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр хүн тус бүрээс зохих хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Би дүүгийнхээ хүүхдүүдэд итгэж 2014 оноос хойш явж байна.  З.О-тунгалагийн хууль ёсны өв залгамжлагч буюу өвлөгч нараас 19.000.000 төгрөгийг гаргуулах буюу хүү Н.Баас 10.450.000 төгрөг, хүү Н.Баас 8.170.000 төгрөг, охин Н.Энхжинээс 380.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б, Н.Б, Н.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 04 сарын 02-ны өдөр ээж З.О-тунгалаг, аав Д.Нацагдорж нар авто ослоор нас барсан. Үүний дараахан ээжийн төрсөн эгч З.О- нь Хаан банкны 2013 оны 08 сарын 16-ны өдөр мөнгө шилжүүлсэн баримт харуулж, танай ээж надаас 2013 онд 20.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан, энэ мөнгийг өг гэж хэлсэн. Тухайн үед манай аав, ээж нас барсан, сэтгэл санааны хувьд дарамтад орсон байсан учир З.О- эгчийн гаргаж ирсэн баримт дээр “Нацагдорж овогтой Бадрал миний бие З.О-д 19.000.000 төгрөгийн өртэй бөгөөд энэ өрийг сар болгон 2.000.000 төгрөгийг төлөхөөр 2015 оны 03 дугаар сарын 04-нд тохиролцов” гэж бичиж өгсөн. Манай талийгаач ээж З.О-тунгалаг, эгч З.О- нарын хооронд өр зээлийн асуудал байсныг бид мэдэхгүй бөгөөд эгчдээ итгэсний үүднээс энэ баримтыг үйлдэж, гарын үсэг зурсан. Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандан 2016 оны 01 сарын 06-ны өдрийн 03 дугаар эвлэрлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж, шүүгчийн 2016 оны 02 сарын 01-ний өдрийн 410 дугаар захирамжаар баталгаажуулсан. Дээрх захирамжийн дагуу Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Н.Б миний өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 05 дугаар баг 19-37 тоот байрыг хураах хүртэл ажиллагааг явуулах гэж байсан учир шүүхэд хандаж, шүүгч өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт дээр Оюунаас 20.000.000 төгрөгийг З.О-тунгалагт гэж шилжүүлсэн байх бөгөөд мөнгө зээлдүүлэхээр шилжүүлж байгаа нь харагддаггүй. Дээрх мөнгөнүүдийг зээлж байгааг болон ямар зориулалтаар мөнгө шилжүүлж байгааг бид мэдэхгүй. Талийгаач аав Д.Нацагдорж, ээж З.О-тунгалаг нар нь том хүү Н.Б, охин Н.Энхжин, бага охин Н.Цацрал, хүү Н.Б гэсэн 4 хүүхэдтэй. Уг мөнгийг З.О- эгчээс зээлсэн эсэхийг бид мэдэхгүй, зээлсэн гэсэн баримт байхгүй, уг мөнгийг төлөх боломж бидэнд байхгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/00640 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 2-д тус тус заасныг баримтлан нийт 12.000.000 төгрөгийн Н.Баас 33,3% буюу 5.880.000 төгрөг, Н.Баас 5.880.000 төгрөг, Н.Энхжингээс 2% буюу 240.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 71.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252.950 төгрөгийг Төрийн сан-ийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 206.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.О-д олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2017/00021 дүгээр магадлалаар:  Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 151/ШШ2017/00640 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Дугаар 223/МА2017/0021 магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүх үүнийг буруу тайлбарлаж гэрээний аль нэг тал нь Нацагдорж биш байх тул түүний хөрөнгөнөөс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Шүүхэд талуудын зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд дунд хариуцагчдын буюу өвлөгчдийн Өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан байдаг. Өвлөгчдийн өвлөж авсан хөрөнгө буюу Улаанбаатар хот дахь 1 өрөө байр, “БОНН” ХХК-ны хувьцаа, Төв аймаг дахь 2 өрөө байр, ачааны машин нь бүгд талийгаач З.О-тунгалаг болон Д.Нацагдорж нарын дундын эд хөрөнгө байсан гэдэг нь харагддаг. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 он 06 сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/00640 дугаар шийдвэрт магадлалд дурдсаны адил бичигдсэн нь ноцтой алдаа гэж үзэх боломжгүй. Учир нь шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нарын хүлээх үүргийн хэмжээг буруу бичсэн боловч дүгнэх хэсгээс харвал агуулгын хувьд зөвхөн компанийн 33.3 хувийн хувьцаа бус бусад хөрөнгийн хэмжээг нэгтгэж тооцсон хувь хэмжээгээр хариуцагч нар хүлээлгэсэн нь тодорхой байдаг. Анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хэргийг удаашруулсан, нэхэмжлэгчид эдийн засгийн давхар хүндрэл учруулаад байна. Иймд Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  223/МА2017/00021 магадлалыг хүчингүй болгож, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан  давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  нь хариуцагч Н.Баас  10.450.000 төгрөг, Н.Баас 8.170.000 төгрөг, Н.Энхжингээс 380.000 төгрөг нийт 19.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...З.О-тунгалагийн төлөх 19.000.000 төгрөгийн зээлийн үүргийг хариуцагч нар өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцах ёстой гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчээс мөнгө зээлснийг мэдээгүй, ...ямар зориулалтаар мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй...” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

Д.Нацагдорж, З.О-тунгалаг нар нь гэр бүл  ба хоёул 2014 оны 4 дүгээр сарын 2-ний өдөр нас баржээ. Хариуцагч Н.Б, Н.Б, Н.Энар нь талийгаач нарын хүүхдүүд, нэхэмжлэгч  З.О- нь  З.О-тунгалагийн төрсөн эгч байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар хариуцагч нар Д.Нацагдорж, З.О-тунгалаг нарын хууль ёсны өвлөгч бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Харин талийгаач З.О-тунгалаг нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн эсэх, хариуцагч нар ямар эд хөрөнгө өвлөн авсан, өвлүүлэгчийн үүргийг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ. 

З.О- нь  З.О-тунгалагийн  эзэмшлийн  ХААН  банк дах 5723025326 тоот дансанд 2013 оны 8 дугаар сарын 16-ний өдөр 20.000.000 төгрөг шилжүүлсэн байх ба  2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 1 сая төгрөг буцааж авсан талаар тайлбар гаргасан, мөн З.О-тунгалаг нь  2014 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр З.О-ы ХААН банк дах 5077155948 тоот дансанд 6.000.000 төгрөг шилжүүлжээ /хэргийн 3, 101 дүгээр тал/.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийн “...З.О-тунгалаг 20.000.000 төгрөг зээлсэн” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд  талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нас барах хүртэл зээлийн зарим хэсгийг төлж, 13.000.000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгээгүй байсан ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлд  зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ба хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.

Д.Нацагдорж, З.О-тунгалаг нар нь “БОНН” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр 33.3 хувийн хувьцаа эзэмшиж байсны зэрэгцээ УБ хотод 1 өрөө, Төв аймаг 2 өрөө орон сууцыг хамтран өмчилж байжээ.

Хариуцагч Н.Б нь “БОНН” ХХК-ийн 3.300.000 төгрөгийн үнэ бүхий  33.3 хувийн хувьцаа, УБ хотод байрлах 60.000.000 төгрөгийн үнэтэй 1 өрөө орон сууц, 13.000.000 төгрөгийн хадгаламж, Н.Б нь Төв аймагт  байрлах 50.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, 10.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, Н.Энь “БОНН” ХХК-ийн 33.3 хувийн хувьцааг тус тус өвлөн авсан  нь Өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.  

Зээлдүүлэгч нь зээлдэгч З.О-тунгалагийг нас барсны дараа түүний хөрөнгийг өвлөн авсан хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан, харин талийгаач Д.Нацагдоржтой холбоотой ямар нэг шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх “...Д.Нацагдорж зээлийн гэрээний нэг тал болох болон хариуцлага хүлээх эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй” гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. 

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээс гадна, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг  шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд заалгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. дэх хэсэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй. 

Зээлдэгч З.О-тунгалаг нас барсан тул нэхэмжлэгч зээлдэгчийн хүүхдүүдийг өв залгамжлагчдын хувьд хариуцагчаар тодорхойлон зээлийн биелэгдээгүй үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 520, 535 дугаар зүйлд заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь зөв боловч Н.Энхжингээс төлбөр гаргуулахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу бичсэн алдаа гаргажээ.          

Хариуцагч Н.Б, Н.Б нар зээлдэгчийн өвийг хүлээн авсан, өвлөсөн хөрөнгийн хэмжээний талаар маргаагүй, шүүх тус бүрээс нь 5.880.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.  

Харин хариуцагч Н.Энь зээлдэгч З.О-тунгалагийн “БОНН” ХХК-ийн хувьцааг өвлөн авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2017/00021 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/00640 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-д  заасныг баримтлан хариуцагч Н.Б, Н.Б нараас тус бүр 5.880.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.О-д олгож, нэхэмжлэлээс 7.240.000 төгрөгийн болон хариуцагч  Н.Энхжинд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...хураамжийн...” гэсний дараа “тухай хуулийн” гэж нэмж, “...71.1.1...” гэснийг “7.1.1” гэж, “...хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 206.950 төгрөгийг гаргуулж...” гэснийг хариуцагч Н.Б, Н.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 109.030 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151/ШЗ2017/03489 дүгээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ