Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 281

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

иргэний нэхэмжлэгч Д.Доржсайхан,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн “ А-1 ” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:  

Д овогт Нийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Нийн Н нь Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 14-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эмээ, дүү нарын хамт амьдардаг, ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч ... тоотыг түрээслэн оршин суух, урьд ял шийтгэл:

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, (РД:ЕЦ90101491).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр):

Н.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны сааданд иргэн Ц.Цд “гар утсаар чинь яриад өгье” гэж “самсунг эс-8” маркийн гар утсыг буюу эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Н.Наас: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед би Сонгинохайрхан дүүрэгт байрлах нийтийн байрнаасаа гараад доошоо уруудаж явж байх замдаа нэг охинтой тааралдсан. Тэр охиныг нутгийн охинтой андуурч мэндэлж танилцсан. Тэгэхдээ “намайг Дашка гэдэг, би эх нялхаст ажилладаг, эмч хийдэг” гэж хэлж, тэр хүнтэй танилцсан. Бид “Эрдэнэ” нэртэй пабад орж хүний хоёр шил пиво авч уугаад мөнгийг нь би төлсөн. Тэгээд баарнаас гараад Сонгинохайрхан дүүргийн Цамбын хажуугийн арктай байрны тэнд байх сааданд хамт  юм ярьж сууж 10 гаруй минут болсон. Тэгээд тэр охиноос гар утсаар чинь ганц яриад өгье гэж хэлээд гар утсыг нь аваад ярьж байгаа юм болоод цаашаа гүйсэн. Би хэрэг үйлдсэндээ их харамсаж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Доржсайхан мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, худалдааны төвд байрладаг “Ар манхан” ломбардыг ажиллуулдаг бөгөөд, манайд энэ хүн “Самсунг эс-8” загварын  гар утсыг 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч Амармэнд гэх хүн ирж, надаас дээрх барьцаанд байгаа гар утсыг хурааж авсан. Н.Н надад 132.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Өнөөдөр 30.000 төгрөг бэлнээр, мөн өөрийн гар утсыг 70.000 төгрөгөөр тооцож надад шилжүүлсэн. Үлдэх 200.000 төгрөгийг Н.Н нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны дотор өгнө гэсэн. Үлдэх төлбөрийг төлчихвөл гомдолгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 27-нд өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21.00 цагийн үед ажлаа тараад гэрийн түлхүүргүй байсан болохоор Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны сааданд эгч Ц.Хорлоог хүлээгээд зогсож байхад 25-26 орчим насны 160 см орчим өндөр, хар өнгийн куртиктэй залуу ирээд “хоёулаа танилцъя, би эх нялхсын хүлээн авах тасагт ажилладаг, намайг Даашка гэдэг би 91 оных” гэж өөрийгөө танилцуулаад юм яриад байсан. Тэгээд бид хоёр гадаа ярилцаж байгаад нөгөө залуу ойролцоо пабад орж юм ярьж сууя, гадаа хүйтэн байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 8 дугаар байрны өргөтгөлд байрлах “Эрдэнэ” кафед орж хүний хоёр шил пиво захиалаад үйлчлүүлсэн юм. Уг кафегаас бид хоёр 30 орчим минутын дараа гараад 8 дугаар байрны сааданд нөгөө залуугийн хамт зогсож байх үед нөгөө залуу надад “гар утсаа өгч байгаач, би эгчтэйгээ ярьчихаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залууд гар утсаа өгөхөд миний гар утсаар хүн рүү залгаад ярьж байгаад шууд зүүн зүг рүү миний гар утсыг аваад гүйгээд явчихсан. Тухайн үед би гэнэт гүйгээд явчихаар нь гайхаад араас нь орилоогүй юм. Тэгээд би нөгөө залууг хүлээж байгаад хүний гар утаснаас өөрийнхөө дугаар руу залгахад дуудаж байсан. 10 минут орчмын дараа холбогдох боломжгүй болсон. Миний алдагдсан гар утас Самсунг эс-8 маркийн хар өнгөтэй, улаан өнгийн гэртэй гар утас байсан, уг гар утсыг 2018 оны 10 дугаар сард манай дүү 900.000 төгрөгөөр худалдаж авч надад бэлэглэж байсан. Би өөрийнхөө дугаарын биллийг авч үзэхэд нөгөө залуу 99124215 гэсэн дугаар руу залгасан байсан. Би тэр дугаар руу залгаад Дашка гэдэг хүнийг асуухад тийм хүн байхгүй гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг [1]  ,

- 2019 оны 01 дүгээр сарын 31-нд дахин хохирогчоор өгсөн:

“...Наад залуу чинь худлаа хэлсэн байна. Би тэр орой байрныхаа гадаа сааданд хүн хүлээгээд зогсож байтал хүрч ирээд надтай танилцъя гээд байсан юм. Миний гар утсыг авч зугтаасан залууг дахиж харвал танина. Онигордуу нүдтэй, шар дуу царайгаар нь хараад танина. Намайг цохиж зодоогүй, хүч хэрэглээгүй. Би гар утсаа хүлээж авсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

2. Иргэний нэхэмжлэгч Д.Доржсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-нд өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Ар манхан” барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн ажил дээрээ байж байтал танай цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Амармэнд гэж байцаагч прокурорын тогтоол танилцуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нийн Н гэж хүний барьцаанд тавьсан “Самсунг эс-8” маркийн гар утсыг хурааж аваад явсан. Уг гар утсыг Н.Н гэж хүн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манайх 1 сарын хугацаатай хүү нь 32000 төгрөгөөр бодож авсан. Одоогийн байдлаар  надад учирсан 432.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Би үүнийг нэхэмжилж байна. Би “Ар манхан” ХХК-ийн захирал нь байгаа юм. ...” гэх мэдүүлэг[3],

3. “Ар Манхан” ХХК-ийн иргэний нэхэмжлэгчээр Д.Доржсайхан оролцох тухай баримт [4], “Ар Манхан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ [5], 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Н.Наас Д.Доржсайханд 132.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг [6] ,

 

4. Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 13-нд гэрчээр өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21.00 цагийн үед нэгдүгээр хорооллын ард түрээслэж байгаа нийтийн байрнаасаа гараад байран дундуур явж байгаад ягаан өнгийн куртиктэй охинтой тааралдсан юм. Тэгээд би тэр охинд өөрийгөө Эх нялхсын эмч Ганаа гэж худлаа хэлж танилцаад яриа өдөж байгаад хамт 8 дугаар байрны ард байдаг “Эрдэнэ” нэртэй пабад орж үйлчлүүлсэн юм. Би хоёр хүний хоёр шил пиво захиалаад 30 минут орчим үйлчлүүлээд уг пабаас гараад 8 дугаар байрны сааданд байдаг сандал дээр очиж суусан юм. Тэгээд би нөгөө охиноос гар утсаа өгч байгаач би хүнтэй утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд зохиогоод дугаар бичээд залгаж байгаад Самсунг эс-8 маркийн гар утсыг нь аваад шууд зүүн зүг рүү зугтаачихсан юм. Тухайн үед би ямар дугаар руу залгаснаа одоо санахгүй байна. Тэгээд би уг гар утсыг маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” зах дотор “Ар манхан” ХХК нэртэй барьцаалан зээлдүүлэх газар гудамжинд явж байгаа хүнийг гуйгаад бичиг баримтаар нь 400.000 төгрөгөөр барьцаалсан юм. Надад уг барьцаалан зээлдүүлэх газар тавьсан баримт нь байгаа. ...” гэх мэдүүлэг [7],

 

5.  Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-нд яллагдагчаар өгсөн:

“...Надад танилцуулсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн Цамбагаравын арын дэнж дээр байдаг нийтийн байрнаасаа /гэрээсээ/ гараад доошоо уруудаад явж байтал замд нэг охин таарсан. Би тэр охиныг нутгийнхаа охинтой андуураад мэнд мэндэлсэн чинь манай нутгийн охин биш байсан. Тэгээд тэр охинтой доошоо зам руу уруудах явцдаа танилцсан. Тэгэхээр нь би түүний хоёулаа нэг газар орж юм ярьж суух уу гэсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Цамбагаравын зүүн талын 8 дугаар байрны “Эрдэнэ” пабад орж нэг шил пиво уугаад нээх удаагүй буцаад гарсан бөгөөд арын байрны сааданд орж 10-аад минут юм ярьж суусан. Би тэр охиноос гар утсаа өгч байгаач, нэг хүн рүү яриадахъя гээд утсыг нь аваад худлаа дугаар зохиож залгаад тэр чигтээ аваад зугтаасан. Тэгээд байрнуудын голоор гараад цаашаа Саппорогийн тэнд явж байтал над руу тэр охин өөр дугаараас залгаад ярьж, “миний утсыг аваад ирээч” гэхээр нь ямар нэгэн хариу хэлэлгүйгээр утсыг нь унтраагаад гэртээ шууд харьсан. Тэгээд маргааш нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нөгөө охиноос авсан гар утсыг Баянзүрх зах дотор байдаг “Ар манхан” гэдэг нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгөөрөө архи ууж, идэж уугаад үрээд дуусгасан. Намайг 2018 оны 12 дугаар сарын дундуур Цамбагаравын хажуугийн цайны газрын хажууд явж байхад Амармэнд гэж байцаагч саатуулсан. Тэгээд нөгөө охиноос авсан гар утсыг ломбарданд тавьсан талаараа хэлсэн. Би тэр охинд гар утсаар нь хүнтэй яриад өгье гэж худал хэлсэн. Надад тэр үед хүн рүү ярих шаардлага байгаагүй. Худлаа дугаар зохиож залгаад тэр охины анхаарлыг нь сарнингуут нь зугтаачихсан юм. Тэр охины гар утас нь гадуураа улаан өнгийн гэртэй, хар өнгийн “Самсунг галакси эс-8” маркийн гар утас байсан. Би тэр охиныг зодож, цохиж, хүч хэрэглээгүй. Би ломбардны хохирлыг ажил хийж байгаад удахгүй төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг [8]  ,

 

6. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө хохирогч Ц.Цд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч тухайн өдөр таны гар утсаар ярьчихаад өгье гэж хэлэн гар утсыг чинь авч зугтаасан гэх залууг та одоо зургаар нь харвал таних уу, хэрэв таних бол зүс царайных нь ямар содон шинж тэмдгээр таних вэ гэхэд би тэр залуугийн онигордуу нүд, шардуу царайгаар нь танина, царайны төрхөөр нь танина гэв. Хохирогч Ц.Цд Н.Нын фото зургийг түүнтэй ижил төсөөтэй 3 хүний фото зурагтай хамт дэлгэцэнд байршуулан Нын зургийг 2 дугаарт тавьж, бусад 3 хүний зургийг 1, 3, 4 дугаартай байрлуулан тавив. Ингээд хохирогч Ц.Цд үзүүлэхэд 2 дугаарт байрлуулан тавьсан яллагдагч Н.Нын зургийг зааж энэ залуу мөн байна гэв. Мөрдөгч би хохирогчоос та андуураагүй биз гэхэд би андуураагүй гэв. Ажиллагааны явцад мөрдөгч би Самсунг эс-7 гар утсаар нийт 3 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв. ...” гэсэн  тэмдэглэл, гэрэл зураг [9],

7. “Дамно” ХХК-ийн “Самсунг эс-8” загварын гар утсыг 850.000 төгрөгөөр үнэлсэн тайлан [10],

8. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “...”Самсунг эс-8” загварын хар өнгөтэй, улаан өнгийн гэртэй гар утсыг эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл [11], хохирогч Ц.Цгийн “...самсунг эс-8 загварын гар утас хүлээн авсан” гэх хүсэлт [12],

 

9. Шүүгдэгч Н.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа [13], түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас [14], Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын баталгаажуулсан  хуулбар [15], түүний нэр дээр  тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [16] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Нын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч Н.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 18-нд  иргэн Ц.Цд “гар утсаар чинь яриад өгье” гэж “самсунг эс-8” маркийн гар утсыг нь буюу эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Цгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Доржсайханы мэдүүлэг, зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ, яллагдагч Н.Нын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Хохирогч Ц.Цгийн мэдүүлгээр тухайн үед Н.Над гар утсыг ашиглах боломж олгосон боловч Н.Н авч зугтаасан байдаг. Иймд шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч Ц.Цд гар утсыг хүлээлгэн өгсөн. Харин иргэний нэхэмжлэгч Д.Доржсайхан нь гар утсыг 432.000 төгрөгөөр барьцаанд авсан. Түүнд шүүгдэгч Н.Н 232.000 төгрөг өгсөн. Иймд үлдэгдэл 200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгох гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Н нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Н.Ныг хохирогч Ц.Цгийн эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлий 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Хэргийн үйл баримтыг үзвэл шүүгдэгч Н.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой гэрээсээ гарч явах замдаа сааданд сууж байсан хохирогч Ц.Цтэй өөрийгөө Эх нялхсын эмнэлэгт эмчээр ажилладаг, Ганаа гэдэг гэж худал хэлж танилцсан, улмаар Ц.Цтэй ярилцаж сууж байгаад бааранд орж пиво уусан, гарч ирээд дахин сааданд сууж ярилцах зэргээр хохирогчтой харилцаа үүсгэжээ. Улмаар худал хэлж итгэлийг нь олж авсны дараа гар утсаар нь яриад өгье гэхэд хохирогч Ц.Ц нь өөрийн эд хөрөнгийг зөвшөөрч Н.Над шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрэмдэх гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхитэй үйлдлийг ойлгоно. Довтолсон гэдэг нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэх зэргээр буюу цохих, хоолой боох гэх мэт үйлдлээр хийгдэнэ. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг бөгөөд Н.Нын үйлдсэн гэмт хэргийн шинж дээрх дээрмийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэхээр байна. Харин шүүгдэгч Н.Н өөрийгөө эмч хийдэг гэж танилцуулж, нэрээ худал хэлж, улмаар бааранд хохирогчийг дагуулж орж пиво авч өгөх, төлбөрийг өөрөө төлөх, эгчтэйгээ яриад өгье гэж хохирогч Ц.Цгийн гар утсыг хуурч авч байгаа үйлдэл нь өөрөө залилан мэхлэх гэмт хэргийн хуурч мэхлэх шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Залилах гэмт хэргийн хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй, ажил эрхэлдэг болгож ярих, хохирогчийг эд юмсаа өөрөө өгөхөд хүргэх, хохирогчийн эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах гэх зэрэг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Нын үйлдсэн гэмт хэрэг нь энэхүү залилах гэмт хэргийг шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Н.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны сааданд иргэн Ц.Цд “гар утсаар чинь яриад өгье” гэж “самсунг эс-8” маркийн гар утсыг нь хуурч, залилан авч, хохирогчид 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны сааданд эгч Ц.Хоролоог хүлээгээд зогсож байхад 25-26 орчим насны 160 см орчим өндөр, хар өнгийн куртиктэй залуу ирээд “хоёулаа танилцъя, би эх нялхсын хүлээн авах тасагт ажилладаг, намайг Даашка гэдэг би 91 оных” гэж өөрийгөө танилцуулаад юм яриад байсан. Тэгээд бид хоёр гадаа ярилцаж байгаад нөгөө залуу ойролцоо пабад орж юм ярьж сууя, гадаа хүйтэн байна гэж хэлсэн.  бид хоёр ...“Эрдэнэ” кафед орж хүний хоёр шил пиво захиалаад үйлчлүүлсэн юм. ...бид хоёр 30 орчим минутын дараа гараад 8 дугаар байрны сааданд нөгөө залуугийн хамт зогсож байх үед нөгөө залуу надад “гар утсаа өгч байгаач, би эгчтэйгээ ярьчихаад өгье” гэж хэлсэн. ...би нөгөө залууд гар утсаа өгөхөд миний гар утсаар хүн рүү залгаад ярьж байгаад шууд зүүн зүг рүү миний гар утсыг аваад гүйгээд явчихсан. ...Самсунг эс-8 маркийн хар өнгөтэй, улаан өнгийн гэртэй гар утас байсан. ...” гэх мэдүүлэг [17] 

- Иргэний нэхэмжлэгч Д.Доржсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Ар манхан” барьцаалан зээлдүүлэх газартаа байж байтал эрүүгийн төлөөлөгч Амармэнд гэж байцаагч прокурорын тогтоол танилцуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний Нийн Н гэж хүний барьцаанд тавьсан “Самсунг эс-8” маркийн гар утсыг хурааж аваад явсан. Уг гар утсыг Н.Н гэж хүн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” гэх мэдүүлэг [18]

-Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн Цамбагаравын арын дэнж дээр байдаг нийтийн байрнаасаа /гэрээсээ/ гараад доошоо уруудаад явж байтал замд нэг охин таарсан. ...тэр охинтой доошоо зам руу уруудах явцдаа танилцаж, хоёулаа нэг газар орж юм ярьж суух уу гэсэн чинь зөвшөөрсөн. ...бид хоёр “Эрдэнэ” пабад орж нэг шил пиво уугаад нээх удаагүй буцаад гарсан, ...сааданд орж 10-аад минут юм ярьж суусан. Би тэр охиноос гар утсаа өгч байгаач, нэг хүн рүү яриадахъя гээд утсыг нь аваад худлаа дугаар зохиож залгаад тэр чигтээ аваад зугтаасан. ...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нөгөө охиноос авсан гар утсыг Баянзүрх дүүрэг Баянзүрх зах дотор байдаг “Ар манхан” гэдэг нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Би тэр охинд гар утсаар нь хүнтэй яриад өгье гэж худал хэлсэн. Надад тэр үед хүн рүү ярих шаардлага байгаагүй. Худлаа дугаар зохиож залгаад тэр охины анхаарлыг нь сарнингуут нь зугтаачихсан юм....” гэх мэдүүлэг [19],  Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг [20], “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан [21], “Ар Манхан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ [22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ныг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэстэй байна.

Шүүгдэгч Н.Н нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр тус гэмт хэргийг үйлджээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Ц.Цгийн “Самсунг эс-8” загварын гар утасны үнийг “Дамно” ХХК 850.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд, тус гар утсыг “Ар манхан” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Н.Н нь хохирогч Ц.Цд төлөх төлбөргүй байна.

Харин “Ар манхан” барьцаалан зээлдүүлэх газраас Н.Нын гар утас барьцаалж авсан 400.000 төгрөгийг тус газраас нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Доржсайхан иргэний нэхэмжлэгчээр оролцсон ба шүүгдэгч Н.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 132.000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн шүүх хурлын өмнө бэлэн 30.000 төгрөг, өөрийн гар утсыг 70.000 төгрөгөөр тооцож, 100.000 төгрөгийн төлбөрийг иргэний нэхэмжлэгч хүлээн авснаа мэдүүлсэн тул бүгд 232.000 төгрөг нөхөн төлөгдсөн байна. Харин үлдэх 200.000 төгрөгийг шүүгдэгч Н.Н нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцсон байна. Шүүгдэгч Н.Наас 200.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Доржсайханд олгохоор шийдвэрлэж, тогтоолд заах нь зүйтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “...Шүүхээс шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Н.Н нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан. Уг гэмт хэрэг болон 2012 онд ял шийтгүүлж байсан гэмт хэргүүдийн үйлдсэн арга барил нь адилхан, иргэн Ц.Цд итгэл төрүүлж хуурч мэхлэх замаар гар утсыг нь авсан. Тухайн гар утсыг буцааж өгөөгүй, харин эрэн сурвалжилсаны үндсэн дээр цагдаагийн байгууллага олсон. Мөн иргэний нэхэмжлэгч Д.Доржсайханд 200.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн учир анхны саналаа дэмжиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Н.Наас өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгүүлж байсан байна.

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, тус хэргийн шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Н.Нын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

4.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Нын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй зэргийг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д овогт Нийн Ныг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Над оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Цд төлөх төлбөргүйг тус тус  дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 200.000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Ар манхан” барьцаалан зээлдүүлэх газар (Д.Доржсайхан)-т олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА