Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 280

 

`Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Т.Ц,

шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:  

Х овогт Сгийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Сгийн О Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” цайны газарт 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Т.Цтай маргалдаж, улмаар түүний толгой, гаран тус газруудад цохиж дагз, зулайн хуйх, баруун гарын 4, 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, язарсан  шарх буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

           

            Шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 09-нд найз Ганбаттай тааралдаад нэг шил архи уусан. Тэгээд баруун туруунд байх гэртээ харихаар автобусанд суугаад явж байснаа хоол идэхээр автобуснаас буугаад Драгоны тэнд “...” гэх газар орж нэг цай, хоёр хуушуур аваад идэх гэтэл хажууд хүмүүс чанга чанга яриад байсан. Би тэр хүмүүст зөөлөн яриач, би хоол идчихмээр байна гэж хэлэхэд  “чи дуугүй бай, энэ хүн манай захирлын найз гэсэн. Энэ хохирогч текний тэнд хоол бичдэг хүүхэнтэй чанга чанга яриад байсан. Ингээд хохирогч хүрээд ирэхээр нь түүнийг намайг цохих гэж байна гэж бодоод айсандаа аягатай цайгаараа хоёр удаа толгойн тус газар нь цохисон. Хохирогчид 210.000 төгрөг төлсөн гэв.

 

            Хохирогч Т.Ц мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “...” гэдэг газарт дүүгээ хүлээгээд сууж байсан. Гэтэл энэ нөхөр гаднаас орж ирээд хуушуур аваад идэж байснаа чанга ярилаа гээд байхаар нь яагаад байгаан гэж хэлсэн чинь аягаар толгой руу цохиж, толгойноос цус гарсан. Ингээд цагдаа, түргэн дуудсан. Эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Нэг сарын 300.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Энэ хэргийн улмаас ажлаа хийж чадаагүй. Эм тарианы мөнгө, цалин хөлсөнд 600.000 төгрөг нэхсэн. 215.000 төгрөг авсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

1.Хохирогч Т.Цэрэннамидын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 08-нд өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгоны автобусны буудал дээр 13-14 цагийн үед ирсэн санагдаж байна, цагийг нь сайн санахгүй байна. Манай төрсөн эгчийн хүү болон Ууганбаяр Драгон автобусны буудлын ард “...” нэртэй цайны газар ажиллуулдаг юм. Би цайны газарт ирэхэд дүү Ууганбаяр эзгүй байхаар нь хүлээгээд тогооч, зөөгч нартай юм яриад байж байтал гаднаас нэг согтуу залуу ганцаараа орж ирээд цай, хуушуур захиалаад суусан. Тэгээд тэр залуу бид хэд рүү агсраад “би хоол идэж байна, та нар дуугүй бай, гөлөгнүүд минь” гэж хараагаад хэл амаар доромжилсон. Бид хэд эхэндээ дуугүй байхад бид нарыг хэл амаар доромжлоод дуугүй байгаарай гөлөгнүүд минь гээд байхаар нь би тэр залуу дээр явж очоод “чи дуугүй бай, хүн амьтан хоол идэж байна” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг пизда минь чамд ямар хамаатай юм гэхээр нь би нөгөө залууг “чи гар хүмүүс хоол идэж байна, юу гээд олон юм яриад байгаа юм” гэхэд уг залуу цай ууж байсан шаазан аягыг баруун гартаа барьж босож ирээд далайгаад цохих гэхээр нь би баруун гараараа толгойгоо хаатал миний баруун гарын чигчий хуруу, ядам хуруу хоёрыг ташраар нь аягатай гараараа цохиод залгуулаад дахиад аягатай гараараа нэг удаа миний толгой руу цохиод аяга нь хагараад миний толгой болон баруун гарнаас цус гарсан. Тэгэхэд цайны газрын тогооч, зөөгч нар хажууд ирээд нөгөө залууг болиоч гээд надаас холдуулаад цагдаа болон түргэн дуудаад удалгүй цагдаа, дараа нь түргэн ирсэн. Дээрх залуу миний баруун гар руу шаазан аягатай гараараа нэг удаа, толгой руу шаазан аягатай гараараа нэг удаа тус тус цохисон. Надад уг залууг эсэргүүцэж цохиж зодсон зүйл болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал байгаагүй. Гэмтлийн эмнэлэг дээр очоод баруун гарандаа 2 оёдол, толгойдоо 2 оёдол тус тус тавиулсан. Одоогоор надад эмчилгээний зардал гэвэл 8.000 төгрөгийн шүүх эмнэлэгт үзүүлсэн, 70.000 орчим төгрөгийн эм тариа, шархны боолт зэрэг зүйлс авсан, баримтуудын зарим нь байхгүй. Бас миний баруун гарын чигчий хуруу одоо идээтэй байгаа, цэвэрлүүлнэ. Мөн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш огт ажлаа хийгээгүй, “Арвин баян буудай” нэртэй хэрчсэн гурилын үйлдвэрт гурил хэрчигч ажилтай, өдрийн 20.000 буюу сарын 600.000 төгрөгийн цалинтай байсан. Тиймээс дээрх зардлуудыг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг [1]  ,

 

2. С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 2 дугаар сарын 05-нд яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудлын орчимд хуучны найз Ганбаатай таараад бид хоёр гудамжинд 0,75 литрийн нэг шил архи хувааж ууж дуусаад Ганбаагаас салаад 32-ын автобусны буудлаас Баруун турууны автобусанд суухад жаахан согтоод хоол идмээр санагдахаар нь автобуснаасаа Драгоны ар талын автобусны буудал дээр буугаад автобусны буудал дээр байрлах “...” нэртэй цайны газар ороод хоёр хуушуур, нэг аяга цайтай захиалаад сууж байсан юм. Тэгтэл цайны газрын текний хажууд үл таних нэг залуу буюу одоо энэ хэргийн хохирогч Ц цайны газрын нэг зөөгч эмэгтэйтэй чанга чанга дуугараад юм яриад байхаар нь надад төвөгтэй санагдаад Цад хандаж чимээгүй бай  л даа хүн хоол идэж байна, хоолоо  тайван идмээр байна гээд хараалын үг хэлсэн санагдаж байна. Тэгэхэд тэр Цтай хамт юм ярьж байсан зөөгч эмэгтэй Цыг энэ хүн манай боссын ах нь байгаа юм гэж хэлэхээр нь би хариуд нь тэр боссын ах байх нь надад ямар хамаатай юм, хоолоо идмээр байна гэхэд Ц миний хажууд хүрээд ирэхээр нь би Цыг намайг зодох гэж ирж байна гэж бодоод шууд босоод ширээн дээрээ байсан цайны шаазан аягыг баруун гартаа бариад Цын толгой руу нь хоёр удаа цохисон. Гэхдээ тийм ч хүчтэй цохиогүй, зөөлөн цохисон. Ц намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Тэгээд тэр цайны газарт байсан хүмүүс Ц бид хоёрыг больцгоо гээд хоёр тийш нь салгаад би Цын нэг харахад баруун гар нь цус болсон харагдсан.  ...” гэх мэдүүлэг [2] ,

 

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 144 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Дагзны зүүн дээд хэсэгт 0,5х5 см, зулайн баруун дээд хэсэгт 0,5х4 см зах ирмэг тэгш шарханд мэс заслын оёдол тавигдсан, баруун гарын 4, 5 дугаар хурууны үенд 0,5х1 см хүрэн өнгийн шарханд мэс заслын оёдол тавигдсан.

ДҮГНЭЛТ:

-Т.Цын биед дагз, зулайн хуйх, баруун гарын 4, 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.   

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ/ ...“ гэсэн дүгнэлт [3] ,

 

4. Шүүгдэгч С.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа [4], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас[5], С.Огийн өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 45 тоот орон сууц бүртгэлтэй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа [6], С.Огийн өмчлөлд тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй талаар Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [7], С.Огийн Хаан банкны депозит дансны хуулга[8], дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Огийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч С.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоодож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” цайны газарт 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Т.Цтай “чанга ярилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цай ууж байсан аягаараа түүний толгой, гаран тус газарт цохиж дагз, зулайн хуйх, баруун гарын 4, 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, язарсан  шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч Т.Цэрэннамидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “...” нэртэй цайны газар очсон. ...тогооч, зөөгч нартай юм яриад байж байтал гаднаас нэг согтуу залуу орж ирээд цай, хуушуур захиад суусан. Тэр залуу бид хэд рүү агсраад “би хоол идэж байна, та нар дуугүй бай, гөлөгнүүд минь” гэж хараагаад хэл амаар доромжилсон. ...би тэр залуу дээр явж очоод “чи дуугүй бай, хүн амьтан хоол идэж байна” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг “пизда минь чамд ямар хамаатай юм” гэхээр нь би нөгөө залууг “чи гар, хүмүүс хоол идэж байна, юу гээд олон юм яриад байгаа юм” гэхэд уг залуу цай ууж байсан шаазан аягыг баруун гартаа барьж босож ирээд далайгаад цохих гэхээр нь би баруун гараараа толгойгоо хаатал миний баруун гарын чигчий хуруу, ядам хуруу хоёрыг ташраар нь аягатай гараараа цохиод, гараараа нэг удаа миний толгой руу цохисон. ...аяга нь хагараад миний толгой, баруун гарнаас цус гарсан. ...Гэмтлийн эмнэлэг дээр очоод баруун гарандаа 2 оёдол, толгойдоо 2 оёдол тус тус тавиулсан. ...” гэх мэдүүлэг [9]  ,

- С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудлын орчимд хуучны найз Ганбаатай таараад гудамжинд 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан. ...хоол идмээр санагдахаар нь автобуснаасаа буугаад ...“...” нэртэй цайны газар ороод хуушуур, цайтай захиалаад суусан. ...тэгтэл цайны газрын текний хажууд ...хохирогч Ц цайны газрын нэг зөөгч эмэгтэйтээ чанга чанга дуугараад юм яриад байсан. Цад хандан чимээгүй бай  л даа хүн хоол идэж байна, хоолоо  тайван идмээр байна гээд хараалын үг хэлсэн санагдаж байна. ...Ц миний хажууд хүрээд ирэхээр нь би Цыг намайг зодох гэж ирж байна гэж бодоод ...цайны шаазан аягыг баруун гартаа бариад Цын толгой руу нь хоёр удаа цохисон. ...нэг харахад баруун гар нь цус болсон харагдсан.  ...” гэх мэдүүлэг [10], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 144 дугаартай дүгнэлт [11] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч С.О нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа боловч шууд санаатай үйлдлээр хүсч үйлдэн хохирогчийг цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.О нь хохирогч Т.Цын эрүүл мэндэд “биед дагз, зулайн хуйх, баруун гарын 4, 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Ог дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Цын бие махбодид хөнгөн хохирол учирч, хохирогч нь эмчилгээний зардал болон цалин хөлс зэрэгт 600.000 төгрөг нэхэмжилж, хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхэд төлсөн үзлэгийн 8000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.О нь хохирогч Т.Цад 215.000 төгрөг нөхөн төлсөн талаар талууд мэдүүлсэн ба, мөн энэ талаар Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн байна. Иймд энэ тогтоолоор шүүгдэгч С.О нь хохирогч Т.Цад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч нь цалин хөлс нэхэмжилж байх боловч энэ талаар баримтыг ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

            3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ял болгон солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний цалин хөлс, санхүүгийн орлогыг тодорхойлсон баримтгүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзэв.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Сгийн Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял болгон солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.О  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогч Т.Цад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардал гэх цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА