Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0104

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2003000110021 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Элжигэн овогт Лүндэндоржийн Б /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 02 цаг 52 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Жавхлант” төвийн зүүн замд Тоёота Приус маркийн  УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 59 настай Л.Дыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шөнийн 03 цагт таксинд явж байсан. Гэнэт найгаад ороод ирсэн. Тэр даруй эмнэлэг, цагдаа ирээд аваад явсан. Хохирлыг төлсөн. Харагдах орчин бага байсан. Эсрэг урсгалын машины гэрлийн гялбаанд ороод хохирогч харагдаагүй. Машины баруун талаар мөргөсөн” гэв.

Эрүүгийн 2003000110021 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л.Дын: “2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 02 цаг өнгөрч байхад зам хөндлөн явган хүний гарцаар явж байгаад автомашинд мөргүүлсэн. Зүүн талын түнхний яс цуурсан, нүүр халцарч хавдсан. Жолооч Б эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардал бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.28-ны өдрийн 749 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Да-н биед зүүн ташааны дэлбэнгийн хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-39-40/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020.01.10-ны өдрийн 5 дугаар магадлагаанд: “1.Тoyota Prius маркийн  УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Л.Да нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-51/,

Шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар өгсөн: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Жавхлант төв”-ийн зүүн талын замаар зүүнээс баруун тийшээ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 цаг 52 минутын орчимд Toyota Prius маркийн  УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хоёрдугаар эгнээгээр явж байтал зүүн гар талаас хүн гараад  ирсэн. Уг хүн согтуу бололтой гуйваад ороод ирсэн. Тэр даруй тоормоз гишгээд зогссон боловч мөргөсөн. Мөргүүлсэн согтуу хүн маань явган хүний гарц руу дөхөх үед байгаагүй. Гэнэт л гараад ирсэн тул явган хүний гарц дээр мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-58-60/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-28/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-29/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-30/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-31, 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, хохирогчийн “...Л.Бт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх хүсэлт /хх-70/, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 02 цаг 52 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Жавхлант” төвийн зүүн замд “Тоёота Приус” маркийн  УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүйгээр уг гарцаар гарч байсан явган зорчигчид зогсож зам тавьж өгөлгүй 59 настай, иргэн Л.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Л.Дын “...зам хөндлөн явган хүний гарцаар явж байгаад автомашинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22/, шүүх эмнэлгийн 749 дүгээр “1.Л.Дын биед зүүн ташааны дэлбэнгийн хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх шинжилгээ /хх-39-40/, мөрдөгчийн 5 дугаар “1.Тoyota Prius маркийн  УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Л.Да нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-51/, шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар өгсөн “...автомашиныг жолоодон замын хоёрдугаар эгнээгээр явж байтал зүүн гар талаас хүн гараад ирсэн. Тэр даруй тоормоз гишгээд зогссон боловч мөргөсөн. Мөргүүлсэн согтуу хүн маань явган хүний гарц руу дөхөх үед байгаагүй ба гэнэт л гараад ирсэн тул явган хүний гарц дээр мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-58-60/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-12/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Бийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөн буюу явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчиж, явган зорчигч хохирогч Л.Дыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Жолооч Л.Б эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардал бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-21-22/, “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх хүсэлт /хх-70/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээх саналтай. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч, хохирогч харилцан эвлэрсэн байгаа” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас явган хүний гарцаар гарч явсан хохирогчийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан, тээврийн хэрэгслийн урд буфер баруун буландаа цуурч хагарсан, баруун урд их гэрэл хагарсан, салхины шил цацарч хагарсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид зүүн ташааны дэлбэнгийн хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, хохиролд 1.250.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Гэвч хэмжээний хувьд явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үедээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас явган зорчигч Л.Дыг явган хүний гарцан дээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болоод шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Л.Бийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Нэгүн дриллинг” ХХК-д жолооч ажилтай гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Л.Бийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Элжигэн овогт Лүндэндоржийн Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуу/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 2.500.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР