| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0303/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 319
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Гийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Гийн Ч нь Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 05-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Мтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж , хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 23-нд өгсөн:
“ Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нөхрийн дүү болох Оюунаагийнд очиж дээл оёлцоод өгөөч гээд байхаар нь би очсон. Тэгээд би тэндээ хоночхоод маргааш нь би өөрийнхөө өмсөж байсан куртикаа угааж, хатахыг нь хүлээгээд байж байтал орой манай нөхөр согтуу дүүгийндээ ирсэн. Манай нөхөр надаас машины түлхүүр өгөөдөх гээд нэхээд байсан. Тэгэхээр нь би өгөхгүй гээд хэлсэн чинь манай нөхөр миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би уурлаад эргүүлээд цохиод авсан. Тухайн үед миний хөмсөгний дээд тал сэтэрч хавдсан, нүд, хамарны хавиар хөхөрсөн байсан. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],
мөн түүний 2019 оны 03 дугаар сарын 03-нд дахин хохирогчоор өгсөн “... Ч уурлаж босож ирээд гараараа миний нүүр рүү нэг удаа цохиод урагшаа татаад унагасан. Тухайн үед би хэсэг ухаан алдчихсан байсан. Тэгээд сэргээд босоод ирсэн чинь баруун хөмсөгний дээд талаас цус гарч байсан. Ч бид хоёр 1994 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа. Гэр бүлээ батлуулсан бичиг баримт байгаа. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [2],
2. Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 04-нд өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би М эгч рүү залгаж та ирээд манай хүүхдэд цамц оёод өгөөч гэж хэлсэн чинь зөвшөөрч, манай гэрт ирсэн. Тэгээд М эгч манай гэрт хүүхдийн цамц оёод хоносон. Маргааш нь би ажилдаа яваад орой гэртээ ирсэн чинь М эгч би куртикээ угаачихлаа хатахаар нь гэрлүүгээ явна гэж хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас М эгчийн нөхөр Ч архи уучихсан согтуу ороод ирсэн. Тэгснээ тэр хоёр хоорондоо машины түлхүүрээс болж маргалдаад байх шиг байсан. Би нүүрс авахаар гэрээс гараад нүүрс авчихаад эргээд ороод ирсэн чинь М эгчийн хөмсөг хавиас нь цус гарсан, мөн хамар луу гараараа цохьчихсон гэж хэлж байсан. М эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. М эгч тэр өдөр архи уугаагүй эрүүл байсан. Тэр үед манай охин Нямгарав байсан, өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг [3],
3. Гэрч Ч.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 01-нд өгсөн “...Ч бол миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Ч, М нар нь нэг гэрт амьдраад 30 гаруй жил болж байгаа байх. Ч ах хааяа архи уучхаад байдаг юм...” гэх мэдүүлэг [4] ,
4. Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 23-нд өгсөн:
2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэр гэртээ хоноогүй. Маргааш нь 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ханын материалын эцэс орохоор явж байтал гудамжинд зүс таних залуу тааралдаад бид хоёр гудамжинд 0,75 литрийн хараа архи хувааж уусан. Тэгээд би гэртээ хариад унтаж байгаад орой сэрсэн чинь эхнэр ирээгүй байсан. Тэгээд би хамаатны дүү Бат-Эрдэнийн гэрт очиход манай эхнэр тэнд байсан. Би өчигдөр эднийд хүүхдийн цамц оёод хоночихлоо гэсэн. Би эхнэрээсээ машины түлхүүр нэхсэн чинь манай эхнэр өгөхгүй байхаар нь би уурандаа Мийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон, мөрнөөс нь гараараа татсан чинь М нүүрээрээ шал мөргөөд унасан. М бид хоёр нэг гэрт амьдраад 30 жил болж байна. Мийн биед учирсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна М бид хоёр шаргалжуутын төв дээр мал маллаж байгаад 2014 онд Улаанбаатар хотод ирсэн юм. Түүнээс хойш би хувиараа барилгын ажил хийдэг болсон...” гэх мэдүүлэг [5] ,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 1005 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд доод зовхи, баруун хацраар 6х6 см хэмжээтэй хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Зүүн хацарт 1х0.2 см хэмжээтэй улаан ягаан өнгийн зулгаралттай тойроод улайсан. Баруун хөмсөгний дээд хэсэгт 1.5х0.2 см хэмжээтэй зах ирмэг тэгш бус шархтай. Хамрын нурууны 2 талаар эмзэглэлтэй, хамрын зүүн угалзанд 0.2х0.2 см хэмжээтэй улаан ягаан өнгийн, хамрын үзүүрийн доод хэсэгт 0.2х0.2 см хэмжээтэй улаан ягаан, эрүүний доод хэсэгт 0.2х0.2 см улаан ягаан зулгаралттай. Эрүүний зүүн дээд хэсгээр эмзэглэлтэй, амны ангайлт хязгаарлагдсан.
ДҮГНЭЛТ:
- Д.Мийн биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, хамрын угалз үзүүрийн доод хэсэг, эрүүнд зулгаралт, баруун хөмсөгт өнгөц шарх, хамрын нуруу, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Д.Мийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
- Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /шинжээч эмч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт [6],
6. Цагдаагийн байгууллагын ажилтны хийсэн Аюулын зэргийн үнэлгээ /эрсдэл дунд/ [7], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [8],
7. Шүүгдэгч Г.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа[9], түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас[10], Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт[11], Г.Чын өмчлөлд эд хөрөнгийн талаарх лавлагаа[12], Г.Ч, Д.М нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[13], эвлэрлийн гэрээ[14], шүүгдэгч Г.Ч, хохирогч Д.М нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт[15], хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай тогтоол[16], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналыг яллагдагчид танилцуулж, Г.Ч зөвшөөрсөн тухай баримт [17] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Г.Ч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаар тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Чад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Г.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Мийн нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Ч, хохирогч Д.М нар нь 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэрлэгчид байх ба Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 69б дугаар гудамжны 05 тоотод оршин суудаг байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан тул шүүгдэгч Г.Ч, хохирогч Д.М нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр ... тоотод иргэн Бат-Эрдэнийн гэрт хохирогч Д.М, шүүгдэгч Г.Ч нар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, шүүгдэгч Г.Ч нь эхнэр Д.Мийг машины түлхүүр өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, биед нь баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацар, хамрын угалз үзүүрийн доод хэсэг, эрүүнд зулгаралт, баруун хөмсөгт өнгөц шарх, хамрын нуруу, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нөхрийн дүү болох Оюунаагийнд очиж дээл оёолцоод өгөөч гээд байхаар нь би очиж, тэндээ хоносон. Маргааш орой нь манай нөхөр согтуу дүүгийндээ ирсэн. Тэгээд манай нөхөр надаас машины түлхүүр өгөөдөх гээд нэхээд байсан. ...би өгөхгүй гээд хэлсэн чинь манай нөхөр миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон юм. ...Тухайн үед миний хөмсөгний дээд тал сэтэрч хавдсан, нүд, хамарны хавиар хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг [18],
- Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би М эгч рүү залгаж та ирээд манай хүүхдэд цамц оёод өгөөч гэж хэлсэн чинь зөвшөөрч, манай гэрт ирж, хүүхдийн цамц оёоод хоносон. Маргааш нь би ажилдаа яваад орой гэртээ ирээд ...байж байтал гаднаас М эгчийн нөхөр Ч архи уучихсан согтуу ороод ирсэн. ...тэр хоёр хоорондоо машины түлхүүрнээс болж маргалдаад байх шиг байсан, би гэрээс гараад нүүрс авчихаад эргээд ороод ирсэн чинь М эгчийн хөмсөг хавиас нь цус гарсан, мөн хамар луу гараараа цохьчихсон гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг [19],
- Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би хамаатны дүү Бат-Эрдэнийн гэрт очиход манай эхнэр тэнд байсан. Би өчигдөр эднийд хүүхдийн цамц оёод хоночихлоо гэсэн. Би эхнэрээсээ машины түлхүүр нэхсэн чинь манай эхнэр өгөхгүй байхаар нь би уурандаа Мийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон, мөрнөөс нь гараараа татсан чинь М нүүрээрээ шал мөргөөд унасан. ...Мийн биед учирсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг [20], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1005 дугаартай дүгнэлт[21], Аюулын зэргийн үнэлгээ[22], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан ба шүүгдэгч Г.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Мийн бие махбодид халдсан үйлдэл, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.Ч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Иймд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Мийн нүүрэн тус газар нь цохиж түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Г.Чын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Чыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Чын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.М нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ Г.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Ч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ч нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба шүүхээс шүүгдэгч Г.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Г.Ч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Г.Чад танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Г.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч Г.Чыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Чын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Гийн Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг 300 (гурван зуун цаг) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Г.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА