Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 683

 

 

 

 

 

 

 

 

 2020        04         14                                  2020/ШЦТ/683

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Б.Н, Н.Р, А.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бат овогт Адъяагийн А.Зыг холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Замбага овогт Баярхүүгийн Б.Н, Балдан овогт Насанбатын Н.Р нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07043 0779 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

А.З.

Б.Н.

Н.Р.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.З нь 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны орчим иргэн Э.Амгаланбаяртай маргалдаж улмаар хавирга хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  

Шүүгдэгч Н.Р, Б.Н нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны орчим иргэн Н.Мөнхдалайг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                     

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч А.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Н.Р, Б.Н нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

Тэр өдөр би найз Мөнхдалайгийн хамт “Генерал” бааранд орж архи ууж байгаад дүүгээ дуудаад ирчихээр нь гэртээ харихаар гарсан. Баарны үүдэнд хүнтэй андуурсан юмуу мэдэхгүй, ардаас өшиглөхөөр нь нөгөө хүмүүстэй уулзаад учраа олоод гар бариад салсан. Тэгээд дүү бид хоёр таксинд суух гээд зогсож байсан чинь нөгөө дөрвөн хүн ирээд Мөнхдалайг цэнхэр куртиктэй буюу Б.Н цохиж чирээд аваад явсан. Намайг машины хаалган дээр хар куртиктэй буюу А.З гэх хүн араас татахаар нь тавиулах гэж хойшоо дугтарч өөрөө хөл алдаад унасан чинь хойноос татдаг А.З гэх хүн хавирга руу 2 удаа өшиглөж эвгүй болгосон. Тэгээд босоод Мөнхдалайг хайгаад олоогүй учраас дүүгийн хамт такси бариад гэр рүү явж байсан чинь Мөнхдалай цагдаа дээр байна гээд утсаар дуудахаар нь цагдаа дээр ирэхэд зодуулсан байсан. Тухайн үед намайг хар куртиктэй А.З зодсон бөгөөд Мөнхдалайг цэнхэр куртиктэй хүн цохиж, цааш нь аваад явсан учраас хэнд яаж зодуулсаныг хараагүй. Машины хажууд аваачиж нийлж зодсон гэж хэлсэн.

Ингээд цагдаад шалгагдах явцдаа надад учирсан хохиролд 1.500.000 төгрөг төлж, би хохиролгүй болсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. А.Зтай сайн дураараа эвлэрсэн. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 22/,

 

Хохирогч Н.Мөнхдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэр өдөр би найз Амгаланбаярын хамт “Генерал” бааранд орж архи ууж байгаад гарахдаа хүмүүстэй маргалдаад гарсан. Энэ үед Амгаланбаярын дүү нь найз охиныхоо хамт бид хоёрыг авахаар такситай ирсэн учраас уг машинд суух гэж байсан чинь нөгөө хүмүүс араас ирээд Амгаланбаярыг хар куртиктэй А.З гэх хүн татаж гаргаж байсан. Яаж зодуулсаныг хараагүй. Тэгтэл хар куртиктэй нөгөө хэдээсээ намхан биетэй буюу Н.Р нүүрэнд мөргөчихөөр нь би тонгойгоод сууж байсан чинь цэнхэр куртиктэй буюу Б.Н гэх хүн нүүрэнд нэг удаа өшиглөхөд нэг нүд харанхуйлаад явсан. Ер нь Амгаланбаяр бид хоёр машины хоёр талд тэр хүмүүст зэрэг зодуулж цагдаа дуудсан. Тухайн үед таксины шил, толь хагарсан эсэхийг хараагүй.

Зодоон болсны дараа цагдаад шалгагдах явцад Б.Н надад учирсан эмчилгээний зардалд гарсан 2.000.000 төгрөгийг барагдуулж хохиролгүй болгосон учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сайн дуураараа эвлэрсэн гэх мэдүүлэг /хх 29/,

 

Гэрч Б.Түвшинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

Тэр хүмүүсийг миний машинд суух гэж байхад барнаас 5 залуу гарч ирээд намхан залууг нь нөгөө залуучуудын цэнхэр куртиктэй залуугын дүү гэх хар куртиктэй залуу нь алгадаад авсан чинь алгадуулсан намхан залуу болъё гээд алгадсан залууг түлхчээд машин руу явах гэсэн чинь араас нь цохиод авсан. Тэгээд нөгөө намхан залуу тэр залуутай зодолдох гээд очсон чинь хар куртиктэй залуутай хамт явсан залуучууд нь нийлээд тэр залууг зодоод эхэлсэн. Тэгээд тэр намхан залуу дийлэхгүй болоод ирсэнээ миний машинд хаалга татаад суух гэсэн чинь цэнхэр куртиктэй залуу хөлнөөс нь татаад хажуунаас нь хар куртикгэй залуу зодоод байсан. Тэр үед зодуулж байгаа залуу толгойгоо нуугаад цагдаа дууд гээд орилоод байсан. Намхан залууг зодож байхад миний машины хойд талд намхан залуутай хамт явсан өндөр залууг нөгөө таван залуугийн зарим нь хэдэн талаас нь зодоод байсан. Тэгээд зодож зодож байгаад салаад нөгөө таван залуу баарны үүд рүү явахад миний машинд 2 эрэгтэй, нэг эмэгтэй нь суугаад цагдаа дуудсан. Өндөр залуу нь миний машинд суугаагуй тэгээд бид нар тэр залуучуудыг араас нь машинтайгаа дагаж явсаар байгаад цагдаад барьж өгсөн гэх мэдүүлэг /хх 44-45/,

           

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14152 дугаартай:

Н.Мөнхдалайгийн биед зүүн талын хоншоор ясны нум, урд хана, арын хананд хугарал, зүүн ухархайн доод хананд хугарал, тархи доргилт, баруун хөмсөг, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 32/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14149 дугаартай:

Э.Амгаланбаярын биед зүүн талд 9 дүгээр хавирганы хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 39/,

 

Шүүгдэгч А.Зын мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 23-ны орой Б.Н ах Раднаа, Цогтбаатар, Буд нарын хамт миний төрсөн өдрийг тэмдэглэж Генерал бааранд орсон. Шөнө 00 цаг өнгөрч гэртээ харихаар цувраад би хамгийн сүүлд гарсан чинь Б.Н ах баарны үүдэнд Э.Амгаланбаяртай барьцалдсан, маргалдаж байхаар нь салгасан чинь намайг өшиглөж унагаахад хамт явж байсан Б.Н ах намайг татаж босгож хохирогч Э.Амагаланбаяр бид хоёр зодолдож байгаад уначихаар хавирга руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл нэг эмэгтэй хүн болиоч гэхээр нь больсон чинь машинд суугаад үлдсэн. Тэгтэл Б.Н ах Раднаа хоёр харагдахгүй болохоор нь хайж байгаад баарны урд талд явган хүний зам дээр тэр хоёртой таараад явж байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Тухайн үед Буд, Цогтбаатар хоёр зодоонд оролцоогүй бөгөөд бид нараас нилээн зайтай байхад зодоон болсоны дараа найз охин нь ирээд аваад явсан байсан. Буд, Цогтбаатар хоёр Онгон суманд байгаа гэсэн. Тухайн үед тэр хэд маргалдаж байхаар нь очсон учраас ямар шалтгаанаар маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Үүнээс хойш цагдаад шалгагдах үед хохирогч Э.Амгаланбаярт учирсан хохирол 1.500.000 төгрөг өгсөн. Нөгөө хохирогчид Б.Н, Н.Р хоёр 2.000,000 төгрөг өгч хохиролгүй болгож, учраа олж эвлэрсэн. ...

... Тухайн үед хохирогч Н.Мөнхдалай хэнд зодуулсан талаар хараагүй. Маргааш нь Раднаа, Б.Н нартай зодолдсон гэх яриа гарсан. Бид нар замын хажууд зодолдсон учраас машин байсан байж магадгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх 64-65/,

 

Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А.З дүүгийн төрсөн өдөр тэмдэглэж “Генерал” бааранд гурвуулаа орж архи уусан. Шөнө 00 цагийн үед баарны гадаа үл таних хохирогч Амгаланбаяр нь А.Зын хоёр найзад томроод байхаар нь би салгасан чинь нөгөө хоёр залуу нь цаашаа яваад өгсөн. Тэгээд гадаа байж байсан чинь хохирогч Амгаланбаяр намайг цохиж, бид хоёр зодолдож байхад А.З салгасан. Тэгтэл хохирогч Мөнхдалай орж ирээд бид хоёр зодолдож түүний нүүрэн тус газар цохисон. Тэр зөрүүлж миний нүүрэнд цохиж зодолдож байхад Н.Р хажуунаас орж ирээд Мөнхдалайгийн нүүрэнд цохиж зодолдсон. Тэгээд цагдаа ирээд А.З бид хоёр эрүүлжүүлэгдсэн. Зодоон болоход А.Зын хоёр найз нь явсан байсан. Зодоон болсоны маргааш нь миний хамар хавдсан байсан. Н.Ргийн гарных нь үе хавдсан байсан. Цагдаад шалгагдах явцдаа Н.Р бид хоёр Мөнхдалайд 2.000.000 төгрөг өгсөн. А.З, Амгаланбаярт 1.500.000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Би хохирогч Мөнхдалайг бүлэглэж цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...

... тухайн үед бид нар машины шил толийг санаатай өшиглөж устгаагүй, зодолдох явцад санамсаргүй хугалсан байж магадгүй. Машины эзэнд учирсан хохирлыг бид гурав нийлээд төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх 82-83/,

 

Шүүгдэгч Н.Ргийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 23-ны орой Б.Н, Цогтбаатар, Буд бид нар А.Зын төрсөн өдрийг тэмдэглэж “Генерал” бааранд орж архи уусан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч гэртээ харихаар цуварч гараад бөөндөө явж байхад Будын эхнэр ирээд Цогтбаатар, Буд хоёрыг аваад явсан. Тэгээд эргээд Б.Н ах дээр замын хажууд очсон чинь нэг хүнтэй зодолдож байхаар нь Б.Н ахыг өмөөрч хажуунаас орж тэр хүнийг гараараа 2-3 удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд маргалдаж байгаад салаад гурвуулаа доошоо явж байсан чинь Б.Н, А.З хоёрыг цагдаа аваад явсан. Би гэртээ хариж амарсан. Маргааш нь баруун гарны үе хүн цохисноос болж жоохон хавдсан байсан. Тэгээд удаагүй цагдаа дуудахаар нь очиж мэдүүлэг өгчихөөд хоорондоо ярилцаж цохисон хүмүүс болох Б.Н бид хоёр Н.Мөнхдалайд эмчилгээнд гарах зардал болох 2.000.000 төгрөг, А.З цохисон Э.Амгаланбаярт 1.500,000 төгрөг тус тус өгч хохиролгүй болгож учраа олж эвлэрсэн. Тухайн үед Цогтбаатар, Буд хоёр зодоонд оролцоогүй явсан байсан юм гэх мэдүүлэг /хх 100/,

 

Хавтаст хэргээс А.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, /хх 70, 72, 74/, Б.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /хх 87, 88, 92/, Н.Ргийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 105, 107, 109/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.З, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Н, Н.Р нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны орчим шүүгдэгч А.З нь иргэн Э.Амгаланбаяртай маргалдаж улмаар хавирга хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Н, Н.Р нар бүлэглэн хохирогч Н.Мөнхдалайгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлэгүүд, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч А.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Н, Н.Р нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нарын тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан, хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ялыг оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Э.Амгаланбаяр нь шүүгдэгч А.Заас хохиролд 1.500.000 төгрөг хүлээн авч гомдол саналгүй болсон гэх хүсэлт /хх 123/, хохирогч Н.Мөнхдалай нь шүүгдэгч Б.Н, Н.Р нараас хохиролд 2.000.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх 122/ хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, мөн бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч А.З, Б.Н, Н.Р нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Н, Н.Р нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н, Н.Р нарыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд, шүүгдэгч Б.Н, Н.Р нарт оногдуулсан торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.З, Б.Н, Н.Р нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З, Б.Н, Н.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ