Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0119

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908055721848 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 1, оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 48 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилээр хянан харгалзсан, Жалайр айгар овогт Далхжавын Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Э 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт  УБР улсын дугаартай “Приус-30” маркийн автомашинаас П.агмын “Айфоне Икс Макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Утас нь голын хайрцагны тэнд хэвтэж байсан. Гэм буруугийн талаар маргахгүй. Дахиж ийм асуудал гаргахгүй” гэв.

Эрүүгийн 1908055721848 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.агмын: “...10 дугаар сарын 19-ний шөнө ...04 цагаас хаадаг гараарай гэхээр нь би найзуудынхаа хамт гарч машиндаа суугаад унтсан. Унтаж байгаад сэрсэн чинь миний машин дотор нэг эрэгтэй хүн орж ирээд суучихсан “машины чинь түлхүүр хаана байгаа вэ, машиныг чинь холдуулах гэсэн юм” гэхээр нь би цүнхээ машиныхаа хойд суудал дээрээс аваад түлхүүрээ хайсан чинь байхгүй байсан. Би тэр хүнд “энэ машин түлхүүргүй бол асахгүй” гэж хэлчихээд унтаад өгсөн. Нэг их удалгүй миний машины хаалгыг гаднаас хүн онгойлгохоор сэрсэн чинь цагдаа “та зүгээр үү” гэсэн. Тэгж байсан чинь Алтанчимэг надаас “20.000 төгрөг байна уу” гэж асуухаар нь би цүнхнээсээ мөнгө авах гээд цүнхээ үзсэн чинь миний гар утас байхгүй байхаар нь би тэр цагдаад “миний утас байхгүй байна” гээд цагдаа дээр ирсэн. Тэр үед цаг 05 цаг 20 минут болж байсан санагдаж байна. Би гар утсаа олоод авсан болохоор надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-18/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.12.07-ны өдрийн 1492 дугаар тайланд: ““I phone X max” маркийн гар утас 2.500.000 төгрөг” гэжээ /хх-10-13/,

Гэрч Б.Мягмаржаргалын: “2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 04 цагийн үед ...14 дүгээр байрны хажуугаар гараад явж байтал нэг танихгүй залуу “Приус-30” маркийн автомашины гадна зогсож байхаар нь би машины толь хулгай хийдэг хүн байж магадгүй гэж бодоод явж очоод “юу хийж байгаа” талаар асуусан чинь тэр залуу “машинаа зогсоол руу оруулах гэсэн чинь энэ машин гарц хаагаад зогссон байна, дугаар нь байхгүй юм” гэхээр нь би явж очоод нөгөө “Приус-30”-ийн цонхоор харсан чинь нэг хүн унтаж байгаа харагдсан. Машин дотроо паарандаа угаартсан байж магадгүй гэж нөгөө танихгүй залууд хандан “машины шилийг нь хагалах уу” гэж асуусан чинь нөгөө залуу “хэрэггүй ээ” гээд машины цонхыг тогшиж үзсэн чинь нөгөө унтаж байсан хүн сэрээд машинаа дотроос нь онгойлгосон. Нөгөө танихгүй залуу “Приус-30” маркийн автомашинд суугаад машинд унтаж байсан хүнтэй юм ярьж байгаад удалгүй бууж яваад өөрийнх нь машин бололтой бас нэг цагаан өнгийн “Приус-20” маркийн машинд суугаад Шөнийн захын харалдаа замын урд талд нэг ломбардны гадна зогсоолд машинаа байрлуулаад 14 дүгээр байр луу орсон. Удаагүй байсан чинь эргүүлийн хоёр цагдаа ирээд нөгөө зогсоолын гарц хаагаад зогссон байсан “Приус-30” маркийн машинд унтаж байсан эмэгтэйг сэрээгээд уулзсан чинь эмэгтэй “миний гар утас алга болсон байна” гэхээр нь би “сая тэр цагаан өнгийн “Приус-20” маркийн машины жолооч энэ машинд сууж энэ эмэгтэйтэй уулзаад буугаад, машинаа байрлуулчихаад 14 дүгээр байр луу орсон” гэж цагдаа нарт хэлсэн. Тэгээд цагдаа нөгөө залуугийн машин дээр очоод утасны дугаараар нь жолоочийг дуудахаар нь би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч Н.Чинзоригийн: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Дуулгат-112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Шөнийн дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах 14 дүгээр байрны машин зогсоолын гарцыг  УБР улсын дугаартай “Приус-30” маркийн автомашин хааж зогссон байхаар нь шалгахаар очсон чинь уг машины жолоочийн эсрэг талын суудал дээр нэг хүн унтаж байсан. Машины шилийг тогшсон чинь унтаж байсан эмэгтэй сэрээд хаалгаа нээхээр нь “бичиг баримтаа шалгуулна уу” гэсэн чинь тэр эмэгтэй цүнхээ уудлаж үзээд “миний гар утас алга болсон байна, бас мөнгө алга болсон байна” гэсэн. Тэр машины хажууханд байсан 30 орчим насны залуу “сая наад машинд чинь нэг залуу суугаад наад эмэгтэйтэй чинь уулзаж байгаад явсан. Цагаан өнгийн “Приус-20” маркийн машинаа замын урд талын ломбардны гадна зогсоолд байрлуулсан байгаа” гэж зааж өгсөн. Тэр залуугийн зааж өгсөн цагаан өнгийн “Приус-20” маркийн 83-09 УНЧ услын дугаартай машин дээр очоод урд шилэн дээрээ бичиж наасан байсан 89155149 дугаарын утас руу залгаж, уг машины эзэмшигч Д.Э гэх хүнийг дуудаж уулзан  УБР улсын дугаартай “Приус-30” маркийн автомашин дотроос хулгай хийсэн цагаан өнгийн гэртэй, “Айфоне Икс макс” маркийн гар утсыг тэмдэглэл үйлдэн хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-28/, 

Гэрч Б.Алтанчимэгийн: “...хамгийн сүүлд агма бид хоёр үлдээд, би гэртээ харьж гутал солих шаардлагатай байсан болохоор гэр лүүгээ 21 дүгээр хорооллын Шөнийн зах худалдааны төвийн хажууд байр луу ордог гарцыг хаагаад машинаа байрлуулчихаад, гутлаа сольж өмсөөд гараад ирсэн чинь агмын машины хажууд хоёр цагдаа, бас нэг танихгүй залуу ирсэн. агма “миний гар утас алга болсон байна” гээд зогсож байсан. агмын хулгайд алдсан гэх гар утас нь I phone X max маркийн, цагаан өнгийн гэртэй гар утас байсан” гэх мэдүүлэг /хх-24/,

Шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 04 цагийн үед ...зогсоолд машинаа зогсоох гэсэн чинь манай байрны зогсоол руу ордог хэсгийг цагаан өнгийн “Приус-30” маркийн машин хаагаад зогссон байхаар нь очоод “утасны дугаар байна уу” гээд хараад зогсож байтал нэг залуу ирээд “утасны дугаар нь байхгүй байна уу” гэж асуухаар нь “утасны дугаар байхгүй байна, зам таглаад зогссон байна, дотор нь нэг хүн байна” гэсэн чинь тэр залуу “машин дотроо угаартаж байгаа юм биш биз, цонхыг нь хагалъя” гэхээр нь би “хэрэггүй байх” гээд цонхыг тогшсон чинь унтаж байсан эмэгтэй хаалгаа онгойлгоод өгөхөөр нь “машинаа холдуулаарай, машин зогсоол руу оруулмаар байна” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “чи өөрөө энэ машиныг унаад холдуулчих” гэхээр нь би машинд суугаад асаах гэсэн чинь түлхүүр байхгүй байсан. “Машины чинь түлхүүр хаана байгаа юм” гэж асуусан чинь цүнхийг арын суудал дээрээсээ аваад цүнхэндээ хайгаад “түлхүүр байхгүй байна” гэхээр нь би машинаас буух үедээ уг машины режакны доод талын тавиур дээр нэг цагаан өнгийн гэртэй утас байхаар нь аваад буусан. Нөгөө цагаан өнгийн гэртэй гар утсаа өөрийн машиныхаа жолооч талын шалавч доогуур хийж үлдээгээд гэртээ орсон. Удаагүй цагдаа залгаад би гарч гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, шүүгдэгч Д.Эаас Айфоне Икс Макс загварын гар утас хураан авсан гэх гар бичвэр /хх-4/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54, 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-57/, хуулийн этгээд бүртгэгдээгүй лавлагаа /хх-59/, төрөл садангийн лавлагаа /хх-60, 61/, нийгмийн даатгал төлсөн тухай лавлагаа /хх-62/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Э 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 14 дүгээр байрны орчимд  УБР улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад буухдаа иргэн П.агмын “Iphone X max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.500 000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.агмын “...миний машин дотор нэг эрэгтэй хүн орж ирээд суучихсан ...цүнхээ үзсэн чинь миний гар утас байхгүй байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-18/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 1492 дугаар “I phone X max маркийн гар утас 2.500.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-10-13/, гэрч Б.Мягмаржаргалын “...танихгүй залуу тэр цагаан өнгийн “Приус-30” маркийн автомашинд суугаад тэр машинд унтаж байсан хүнтэй юм ярьж байгаад удалгүй бууж яваад ...машин дотор унтаж байсан эмэгтэй “миний гар утас алга болсон байна” гэж хэлэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Н.Чинзоригийн “...Д.Э гэх хүнийг дуудаж уулзан  УБР улсын дугаартай “Приус-30” маркийн автомашин дотроос хулгай хийсэн цагаан өнгийн гэртэй, “Айфоне Икс макс” маркийн гар утсыг тэмдэглэл үйлдэн хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-28/, шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн “...би машинаас буух үедээ цагаан өнгийн гэртэй утас байхаар нь аваад буусан...” гэх мэдүүлэг /хх-35-36/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, шүүгдэгчээс гар утас хураан авсан гэх гар бичвэр /хх-4/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Эын хохирогч С.агмын тээврийн хэрэгслээс буухдаа түүний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.агмад 2.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би гар утсаа олоод авсан болохоор надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-18/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд хохирогчийн тээврийн хэрэгслээс гар утсыг хулгайлан авсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрхэлсэн тодорхой ажилтай, сайн ажилласныхаа төлөө одоогийн амьдарч байгаа орон сууцаа зээлээр худалдаж авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Хугацааг 1 жил 6 сараар тогтооход татгалзах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /өөрийн эзэмшдэг гэх “Нокиа” загварын гар утсыг бусдын өмчлөлийн эд хөрөнгөөр солих гэсэн шунахай зорилгоор, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 2.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Жалайр айгар овогт Далхжавын Эыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Эд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР