Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0121

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч, хохирогч Ө.Т, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Т, Э.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008000730035 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Вандан овогт Өлзийбатын Т /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхай, техник тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Энхжаргалын Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ө.Т нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын баруун талд байрлах “Хүсэл мөрөөдөл” хотхон нэртэй цэцэрлэгийн гадна машины зогсоол дээр иргэн Э.Этай маргалдаж нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Э.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын баруун талд байрлах “Хүсэл мөрөөдөл” хотхон нэртэй цэцэрлэгийн гадна машины зогсоол дээр иргэн Ө.Ттай маргалдаж, гарыг нь хазаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч, хохирогч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө машин хааж тавьсан байснаас болж Этай маргалдаж, би цохисон. Бид нар хоорондоо зодолдсон. Эвлэрсэн байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед цэцэрлэг орчихоод гараад ирсэн чинь маргалдаад, намайг цохисон. Хоёр биенийгээ уучилсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2008000730035 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.Эын: “2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг болох гэж байхад “Хүсэл мөрөөдөл хотхон” цэцэрлэгт охиноо хүргэж өгсөн. Би цэцэрлэгийн гадаа зогсоол дээр сул зогсоол байхгүй болохоор нь саарал машины ард машинаа байрлуулаад цэцэрлэг рүү ороод ...10 минут болсон байх. Намайг гарч ирээд машиндаа суух гэж байхад нэг залуу ирээд “чи цагаан машины жолооч уу” гэж надаас ууртай асуусан. Би “тийм байна” гэхэд Т намайг “пизда, лалар, гай” гэж хэл амаар хараасан. Би “Чи яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэхэд Т машин дээр ирээд жолооч талын хаалгыг нээгээд “гай минь” гээд машины хаалга хүчтэй савсан. Би машинаасаа буугаад “чиний машины хаалгыг хүчтэй савбал чи яах юм бэ” гээд машин руу нь очиход Т гараа атгаж байгаад миний нүүр лүү нэг удаа цохиод, цамцны захаар хоолой боосон. Би тавиулах гээд гартай нь зууралдаад дийлэхгүй болохоор гарын хурууг нь хазах үед миний цамцны захыг тавьсан. Би “Чи миний шүдийг хөдөлгөсөн байна” гээд цагдаад дуудлага өгсөн. ...“Буган халиун” шүдний эмнэлэгт үзүүлэхэд “угаараа хугарсан зүйл байхгүй, зөрөөтэй байна” гэсэн. Үрэвслийн эсрэг эм бичиж өгсөн. Эм 6000 төгрөг болсон. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Шүдний зураг 15.000 төгрөгөөр авахуулсан. Миний шүд унахвий гэхээс айж байна” гэх мэдүүлэг /хх-12/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.27-ны өдрийн 730 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Эын биед баруун доод үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-18-19/,

Хохирогч Ө.Тын: “2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагт Драгон орж аавыг орон нутгийн автобусанд суулгах ажилтай байсан. Миний машины ард цагаан өнгийн Приус-20 маркийн машин хаагаад тавьсан байсан. Би уг машины эзний дугаарыг хайгаад олоогүй. Авто тээврийн 19001234 гэсэн дугаар луу залгаж асуухад ...дуудаад утсаа авахгүй байсан. Би аавыгаа Драгон орж автобусны билет авч бай гээд явуулчихаад уг машины жолоочийг 15-20 минут хүлээсэн. Цагаан машины жолооч ирээд машиндаа суусан. Би “чи энэ машины жолооч мөн үү” гэж асуухад Э “мөн” гэж хариулсан. Би тухайн үед жоохон бухимдаад “пизда чинь машин дээрээ дугаараа тавьчихгүй яасан юм бэ” гээд машиндаа суугаад хөдлөх гэтэл уг жолооч машинаа хөдөлгөхгүй удаад байхаар нь би буухад Э надад “чи яагаад намайг пизда гэж хэлдэг юм бэ” гээд машинаасаа буугаад ирэхээр нь би очоод жолооч талын хаалгыг нь түлхээд хаасан. Э намайг хэл амаар доромжлоод дөхөөд ирэхээр нь би нүүр лүү нь нэг удаа цохих үед заамдахаар нь би зөрүүлээд заамдахад баруун гарын чигчий хурууг хазсан. Салаад байж байтал Эын амнаас цус гарсан байдалтай “надаас цус гарсан байна, хоёулаа эр хүн шиг үзье” гээд ирэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, би ажилтай яараад байна” гээд явах гэтэл “гомдолтой байна, цагдаа дуудна, шүд хөдөлсөн байна” гээд машинаа хөдөлгөхгүй байсан. Би шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Миний хурууны шарх одоо эдгэрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.27-ны өдрийн 724 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ө.Тын биед алганы ар, баруун чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21-22/,

Шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн: “...Би гарыг нь тавиулах гээд зууралдаад дийлэхгүй болохоор гарын хурууг нь хазах үед миний цамцны захыг тавьсан. Би Тын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Таас уучлалт гуйсан. Бид хоёр бие биенээ уучилсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/,

Шүүгдэгч Ө.Тын яллагдагчаар өгсөн: “...Э намайг хэл амаар доромжлоод дөхөөд ирэхээр нь би нүүр лүү нь нэг удаа цохисон. ...Эын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эаас уучлал гуйсан” гэх мэдүүлэг /хх-57-58/,

мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /хх-1/, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-61/, мөрдөгчийн “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай” тогтоол /хх-62/, шүүгдэгч Э.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-37/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-39/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-39-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, түүний “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх гар бичвэр /хх-77/, шүүгдэгч Ө.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-64/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-66/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73/, түүний “...Бид хоёр бие биенээсээ уучлалт гуйсан...” гэх гар бичвэр /хх-78/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ө.Т, Э.Э нар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын баруун талд байрлах “Хүсэл мөрөөдөл хотхон” цэцэрлэгийн гадна машины зогсоол дээр маргалдан, харилцан зодолдож Э.Эын биед баруун доод үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Ө.Тын биед алганы ар, баруун чигчий хуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.Эын “...Т гараа атгаж байгаад нүүр лүү нэг удаа цохиод, цамцны захаар хоолой боосон...” гэх мэдүүлэг /хх-12/, шүүх эмнэлгийн 730 дугаар “1.Э.Эын биед баруун доод үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18-19/, хохирогч Ө.Тын “...Э намайг хэл амаар доромжлоод дөхөөд ирэхээр нь би нүүр лүү нь нэг удаа цохих үед Э миний куртикний захаар заамдахаар нь би зөрүүлээд заамдах үед баруун гарын чигчий хурууг хазсан...” гэх мэдүүлэг /хх-16/, шүүх эмнэлгийн 724 дүгээр “1.Ө.Тын биед алганы ар, баруун чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-21-22/ зэрэг баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э, Ө.Т нарын харилцан зодолдож, бие биеийнхээ буюу шүүгдэгч Ө.Т хохирогч Э.Эыг гараараа цохиж, шүүгдэгч Э.Э хохирогч Ө.Тын гарын хурууг хазаж эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч тус бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Т, Э.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ө.Тын “...Миний хурууны шарх одоо эдгэрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-16/, хохирогч Э.Эын “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх гар бичвэр /хх-77/, мөн хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчим харилцан зодолдож, хөнгөн гэмт учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тус бүрт нь 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгч Ө.Т “Зөвшөөрч байна” гэж,

шүүгдэгч Э.Э “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус бүрт тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч Э.Эын тээврийн хэрэгслийн зогсоолд машин хааж тавьчихаад утасны дугаараа үлдээсэнгүй гэх маргаанаас шалтгаалан Ө.Т эхэлж цохиж, харилцан нэгнийхээ эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, Э.Э тус бүрийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /шүүгдэгч тус бүр хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Ө.Т, Э.Э нарыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Т, Э.Э нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Вандан овогт Өлзийбатын Т, Тайж овогт Энхжаргалын Э тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, Э.Э тус бүрийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, Э.Э тус бүрийг 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, Э.Э нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Т, Э.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.БААТАР