| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0604/Э |
| Дугаар | 707 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 707
2020 04 17 2020/ШЦТ/707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00204 0176 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
О.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.А нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байрны үүдэнд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед иргэн Ч.Мөнхцэцэгийн Самсунг эс-7 маркийн гар утсыг яриад өгье хэмээн авч зугтаан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 140.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24б байрны орчим иргэн М.Ганбатын Самсунг нөөт-2 загварын гар утсыг яриад өгье хэмээн авч зугтаан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 90.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч О.А нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байрны үүдэнд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед иргэн Ч.Мөнхцэцэгийн Самсунг эс-7 маркийн гар утсыг яриад өгье хэмээн авч зугтаан 140.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24б байрны орчим иргэн М.Ганбатын Самсунг нөөт-2 загварын гар утсыг яриад өгье хэмээн авч зугтаан 90.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Ч.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаа дэлгүүр орох гээд явж байхад Хаш дэлгүүрийн үүдэнд хар куртиктэй, гонзгой царайтай, шар царайтай, 20 орчим насны эрэгтэй хүн ирээд утсаар яриулаач гэхээр нь гар утсаа өгтөл миний утсыг аваад хойд зүгт зугтаасан. Би аваад зугтана гэж бодоогүй. Тэгээд бөхийн өргөөний автобусны буудал руу гүйхэд нь хойноос нь орилоод гүйсэн боловч гүйцээгүй. Миний гар утас хүрэн өнгөтэй, кейс нь цулгуй бор өнгөтэй. Ард нь виза карт болон автобусны картаа хийсэн байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Утас авсан хүнээ харвал шууд танина гэх мэдүүлэг /хх 12-13/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БЗД2-20-101 дугаартай:
Samsung S7 маркийн, хэрэглэж байсан гар утас 140.000 төгрөгний үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 17-18/,
-гэмт хэргийн талаарх гомдолыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 4-5 тал/,
-2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан: ... бичгийн цаасан дээр наасан зурагнуудыг Ч.Мөнхцэцэгт харуулахад 3 дугаартай О.Аийн зургийг зааж энэ хүн “эгчээ гар утсаараа нэг яриулаач” гэж хэлээд миний хүрэн өнгийн Самсунг эс-7 маркийн гар утсыг авч зугтаасан залуу мөн байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,
-шүүгдэгчийн “Оюунбат овогтой О.А миний бие нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед хүмүүнлэгийн тэндээс самсунг эс7 марк гар утсыг худал хэлж авч зугтсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх хүсэлт /хх 49/,
Шүүгдэгч О.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн баруун талаас эмэгтэй хүн ганцаараа ирж байсан. Тухайн үед гар утсаараа яриад явж байхаар нь очоод “эгчээ утсаараа яриулаач” гэж хэлсэн. Тэгээд Самсунг эс-7 загварын гар утас өгсөн. Би гар утсыг нь аваад дурын нэг дугаар хийж залгаж байгаа болоод чихэн дээрээ байрлуулж байхдаа хажуугийн унтраах товчийг дараад унтраасан. Тэгээд эргэж хараад зугтаасан. ...
... надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсмээр байна. Би өөрөө бие даан ажил хийж хохирлын мөнгийг барагдуулмаар байна гэх мэдүүлэг /хх 35/,
Хохирогч М.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед би орцоо шүүрдээд явж байсан. Гэтэл 6 давхарт нэг залуу зогсож байсан. Манай гэр эзэнгүй байна, түлхүүр байддаггүй, та утсаараа нэг яриулаач гээд гуйхаар нь утсаараа яриулсан. Гэрийнхэн ирэх болоогүй гэнэ, иртэл нь танай өрөөнд сууж байя гэхээр нь тэг тэг гээд оруулсан. Улмаар би Нарантуул зах руу тамхинд явах гэтэл утсаар чинь тоглож байя гээд утас аваад үлдсэн. Тэгтэл зах яваад 15 цагийн үед ирэхэд урд талын “Нар” гэх газар эгч ирчихсэн гээд дагуулж яваад эгчтэй яриадхъя гэж хэлээд утсыг аваад зугтаагаад явсан гэх мэдүүлэг /хх 59-60/,
-Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БЗД2-20-100 дугаартай:
Samsung Note-2 маркийн, хэрэглэж байсан гар утас 90.000 төгрөгний үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 66-67/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 55-56/,
Шүүгдэгч О.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 24А байрны 2 дугаар орцны жижүүр эгчийн гар утсыг авч зугтаагаад Нарантуул зах дээр нэг хөгшин эгчид зарсан. Би зарсан хүнийхээ царайг бол санаж байна. Тухайн үед тэр эгч “Охиндоо авч өгнө” гээд 30.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хохирлын үнэлгээтэй санал нийлж байна. Би шүүхээр орохоосоо өмнө ар гэртэйгээ ярилцаж байгаад хохирлыг барагдуулах болно гэх мэдүүлэг /хх 74-75/,
Хавтаст хэргээс шүүгдэгч О.Аийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 52/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар байцаахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдлээр илэрхийлэгддэг.
Илээр авах гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөө хэлбэл, хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Шүүгдэгч өөрийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл учир гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч О.А нь хохирогч нарын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч нар нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрөө нэхэмжилж байна гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэн хохирогч Ч.Мөнхцэцэгт 140.000 төгрөг, хохирогч М.Ганбатад 90.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч О.Аийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулаагүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч О.Ад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, хорих ялыг эдлэж хорих байгууллагаас суллагдсаны дараагаар дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч хэргийн учир 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 87 хоног цагдан хоригдсон учир уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Аийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийн цагдан хоригдсон наян долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аээс 140.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Мөнхцэцэг /си00262801/-д, 90.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ганбат /хн75020714/-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ