Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 21

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун би Хэрлэн сумын 4 дүгээр баг Шаталсан сургалттай техник технологийн сургуулийн 3-р байранд оршин суух, Б.Эрдэнэчимэг, Б.Алтанзул, С.Мөнгөнцэцэг нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох “Аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/400 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, Б.Алтанзул, С.Мөнгөнцэцэг нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутагт байрлах ТМС-н 1, 2, 3 дугаар байранд нийт 32 айл өрх, ойролцоогоор 160-аад иргэн оршин суудаг. 2014 онд тус орон сууцнуудын 3 дугаар байрны хойд талд “Асралт үйлс” өрхийн эмнэлгийг хүүхдийн тоглоомын талбайг эзлэн барьсан. Үүнийг оршин суугчид бид орцны өөдөөс орон сууцанд хэт ойр бариулахгүй /барилга байгууламжийн стандартыг зөрчсөн/ орон сууцныхаа урд талбайд бариулъя гэж эсэргүүцсэн боловч Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, газрын албаны мэргэжилтэнгүүд “Танай урд талбайд барилга байгууламж баригдах боломжгүй, холбооны болон сантехникийн төв шугам ихтэй” гэсэн хариултыг өгсөн.

             Гэтэл өнөөдөр эдгээр хүмүүс ярьсан зүйлийнхээ эсрэг үйлдэл гаргаж Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нь иргэдийн төлөөлөгч П.Гэрэлбаатартай харилцан тохиролцож, нөхөн олговорт 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/400 дугаар захирамжаар Хэрлэн сум 4 дүгээр баг, орон сууцны 46 дугаар байрны баруун тал буюу ТМС-н 3 дугаар байрны урд талын 800 м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хашаа барьж эхэлсэн. Иргэд бид ямар учиртай хашаа барьж байгааг хашаа барьж байгаа хүмүүсээс асуухад бид зөвшөөрөлтэй хүмүүс ажлаа хийж байна гээд бичиг баримтаа үзүүлээгүй. Үүний дагуу  хэсэг  оршин  суугчид аймгийн захиргаанд очиж эзэмшлийн захирамжийг үзье гэхэд хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын дарга Аръяазул гэдэг хүн хүлээж авч захирамжийн талаар тайлбарлан /уг компани газраа захирамжийн дагуу эзэмшсэн боловч барилга барих зөвшөөрлөө одоогоор аваагүй байгаа мөн захирамжид заагдсан талбайгаа хэтрүүлэн хашаа барьсан байна. Бид төлөөлөгч П.Гэрэлбаатарт заасан талбайд хашаагаа барихыг сануулсан/ хуулбарыг өгсөн.

           Иргэдийн төлөөлөгч П.Гэрэлбаатар захиралтай “Ханшувалдай констракшн” ХХК нь барилгын зөвшөөрөл аваагүй байж зураг төслөө үзүүлэн /2017 оны 10 дугаар сарын 25-нд бидэнд бичиг баримтын хуулбар өгсөн/ орон сууцны хотхон барина гэж барилгын түр хашаагаа эзэмшиж байгаа талбайгаасаа хэтрүүлэн ТМС-н 3 дугаар байранд тулгах шахуу барьж байгаад оршин суугчид бид бухимдаж хашааг буулгасан боловч тус компанийн ажилчид ирж эсэргүүцэн маргаан үүсэхэд бид цагдаа дуудсан боловч эргүүлийн цагдаа ирж харчихаад яваад өгсөн. Маргааш өглөө нь манай оршин суугч Б.Алтанзулыг хашаа нураасан хэмээн цагдаад өгч хэрэг үүсгэсэн байсан.

           Энэхүү талбайд орон сууцны хотхон барьсанаар олон жил ургасан ногоон моднуудыг тайрч, оршин суугчдын амарч салхилдаг газар, хүүхдийн тоглож нааддаг талбай, ногоон байгууламжийг эвдэн сүйтгэх боломжийг бусдад олгож, оршин суугчид бид байгалийн гэрэл хаагдсан орон сууцанд амьдрах боллоо. Үүний улмаас орон сууцанд чийг үүсэн хөгцөрч, мөөгөнцөр үүсэх зэрэг бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Мөн иргэд бид хотынхоо А зэрэглэлийн газрыг дуудлага худалдаанд оруулахгүйгээр харилцан тохиролцож нөхөн олговроор шилжүүлэн эзэмшүүлэхийг эсэргүүцэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, Б.Алтанзул, С.Мөнгөнцэцэг нар нь “Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Иргэний эзэмшил газрыг чөлөөлж, байршил зориулалтыг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/400 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан болно.

             Дорнод аймгийн Засаг дарга нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/549 дүгээр захирамжаар дээрхи А/400 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, Б.Алтанзул, С.Мөнгөнцэцэг нар нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, “аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/400 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэг нарт олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татагалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ОЮУН