Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0377

 


“С и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, С.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, М.О, хариуцагч Усны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “С и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаанд хороо, Усны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр:

“...Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Гөлөөн манханы тойром”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл болон тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан “С и” ХХК-ийн “Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,” шийдвэрлэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, М.О нар давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч ийнхүү хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаж байна.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.30-д “усны тоо, бүртгэл” гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг”, 10.1.3-д “усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, усны хэрэглээний норм тогтоох, усны чанарыг бохирдлын индексээр үнэлэх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлах”, 17.1.4-д “усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А-86 дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх журам”-д тус тус заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам Сав газрын захиргаа болон тухайн нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн усан сан бүхий газарт тооцож, усны мэдээллийн санд бүртгэх бүрэн эрхтэй.

Энэ талаар анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч талын “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Гөлөөн манханы тойром”-ын 1669 га талбайг усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь: Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А-86 дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 зүйлийн 4.3-д зааснаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил заагийн холбогдох мэдээллийг улсын хэмжээний мэдээллийн санд төвлөрүүлэх нь хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамны үүрэг ... Гөлөөн манханы тойрмыг усны мэдээллийн санд бүртгэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, гадаргын аливаа ус, тухайлбал, нуур, цөөрөм, тойром нь талбайн хэмжээ болон хатаж ширгэдэг, эсхүл хур тунадаснаас хамааран бий болдог эсэхээс үл хамааран байгалийнхаа зүй тогтлын дагуу усны сан бүхий газарт хамаарах тул ... Иймд “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Гөлөөн манханы тойрмыг усны сан бүхий газарт тооцох талаарх эрх зүйн харилцаа үүсэхгүй тул уг усны сан бүхий газрын мэдээллийг мэдээллийн санд бүртгэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэх үндэстэй.” гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагч захиргааны байгууллага нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Гөлөөн манханы тойрмын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг усны мэдээллийн санд бүртгэхдээ гадаргын усны бүртгэлийг үндэслээгүйн зэрэгцээ уг тойрмын ус тогтох талбайн хэмжээ тодорхойгүй байхад усны сан бүхий газрын хилийн заагийг бодитойгоор, нарийвчлан тогтоолгүйгээр, тойрмын нийт талбайг бус, зөвхөн нэхэмжлэгч хуулийн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг улсын усны мэдээллийн санд хэсэгчлэн бүртгэсэн гэсэн энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар”-ыг “усны сан бүхий газар” гэж тодорхойлсон бөгөөд тойром нь усны сан бүхий газарт хамаарах юм. Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны А/786 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг уг дүгнэлтийг гаргахдаа зайнаас тандан судлал, хиймэл дагуулын сансрын зургаар боловсруулан усан сан бүхий газарт тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг. Мөн Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Усны тоо бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга жил бүр зохион байгуулж, улсын усны мэдээллийн санд оруулна”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д “усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах” гэж заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүр зохион байгуулж, улсын усны мэдээллийн санд оруулахаар хуульчилсан тул Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 1/2165 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, Галба Өөш долоодын сав газрын захиргааны саналыг үндэслэн усан сан бүхий газарт тооцох үндэслэлтэй юм. Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яам “С и” ХХК-ийн ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 1669 га газрыг усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг бүртгэсэн гэж андуу ташаа дүгнэж хэргийг шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/925 дугаар албан бичигт Дорноговь аймгийн Засаг даргад “ ... Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших “Гөлөөн манханы тойром”-ийг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу “Усан сан бүхий газар”-т тооцож 1669 га талбайг усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авлаа. ...” гэсэн хариуг хүргүүлсэн бөгөөд яам зөвхөн “Гөлөөн манханы тойром”-ыг усан сан бүхий газарт тооцож бүртгэсэн юм.

Усны тухай хуулийн 3.1.4-д “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг гэж заасан байхад анхан шатны шүүх “Гөлөөн манханы тойрмын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг усны мэдээллийн санд бүртгэхдээ гадаргын усны бүртгэлийг үндэслээгүйн зэрэгцээ уг тойрмын ус тогтох талбайн хэмжээ тодорхойгүй байхад усны сан бүхий газрын хилийн заагийг бодитойгоор, нарийвчлан тогтоолгүйгээр, тойрмын нийт талбайг бус, зөвхөн нэхэмжлэгч хуулийн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг улсын усны мэдээллийн санд хэсэгчлэн бүртгэсэн гэсэн” гэж ямар ч хуульд тусгаагүй асуудлыг оруулж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Усны тухай хуулиар тойром нь шууд усан сан бүхий газарт тооцогдохоор заасан байхад яг ямар хуульд гадаргын усны бүртгэлийг үндэслэж, усны сан бүхий газрын хилийн заагийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр улсын усны мэдээллийн санд усан сан бүхий газрыг бүртгэх талаар зохицуулсныг үндэслэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу хуульд тусгаагүй дүгнэлтийг хийж, хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны А/786 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлттэй маргадаггүй бөгөөд анхан шатны шүүх өөрөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг усан сан бүхий газарт тооцож, бүртгэх бүрэн эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн маргаагүй акт болох 1669 га газрыг усан сан бүхий газарт тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн ажлын хэсгийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С и” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Гөлөөн манханы тойром”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл болон тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот шийдвэр, “Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр “С и” ХХК-ийн “Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хэргийн оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул энэ талаар дүгнэх шаардлагагүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх нэхэмжлэгч “С и” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Дадын хар толгой-2 нэртэй газарт 4312.46 га талбай бүхий MV-020738 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2047 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар олгосон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06б/1349 албан бичигт тус ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “... Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй...” гэх лавлагааг ирүүлж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхлэх үед тухайн газрыг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл байгаагүй байна.

Гэтэл Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

А/786 дугаар захирамжаар байгуулагдсан “С и” ХХК-ийн Дадын хар толгой нэртэй MV-020738 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд “Усны тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан болон ойн сан бүхий газарт хамаарах байршлыг тогтоох” чиг үүрэг бүхий ажлын хэсгийн шийдвэр болон Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 дугаар албан бичгүүдэд үндэслэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Гөлөөн манханы тойром”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэж, улмаар Дорноговь аймгийн Засаг даргаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/272 албан бичгээр дээрх 1669 га талбайг чөлөөлөхийг нэхэмжлэгчид мэдэгджээ.

Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Улсын усны мэдээллийн сан нь гадаргын болон газрын доорх ус, рашааны төлөв байдал, орон зайн үзүүлэлт, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит хэмжээ, чанар, өөрчлөлт, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалт, хаягдал ус зайлуулахтай холбогдсон мэдээ, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч, ашиглагчийн тухай мэдээлэл, хайгуул, судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг мэдээллээс бүрдэнэ” гэж заажээ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх ус”-ыг усны нөөц гэж”, 3.1.4-д “Усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром..., тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг хэлнэ”, 3.1.9-д “Онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр..., тогтоосон зурвас газрыг хэлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1.17-д “Улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбогдолтой мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А-86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журмын 3.1.2-т “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, холбогдох мэдээлэл”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ журмын 3.1.2, ...-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны мэдээллийн санд төвлөрүүлнэ” гэж тус тус зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь усны сан бүхий газрыг бүртгэх хуульд заасан эрхтэй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Гэвч анхан шатны шүүх дээрх Усны тухай хууль болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А-86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журамд зааснаар “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Гөлөөн манханы тойрмын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг усны мэдээллийн санд бүртгэхдээ гадаргын усны бүртгэлийг үндэслээгүйн зэрэгцээ уг тойрмын ус тогтох талбайн хэмжээ тодорхойгүй байхад усны сан бүхий газрын хилийн заагийг бодитойгоор, нарийвчлан тогтоолгүйгээр, тойрмын нийт талбайг бус, зөвхөн нэхэмжлэгч хуулийн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг улсын усны мэдээллийн санд хэсэгчлэн бүртгэсэн” гэж үзэхээр байх тул маргаан бүхий актуудыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/2528 албан бичгээр ирүүлсэн лавлагаа бүхий зурагт болон Дорноговь аймгийн Засаг даргаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/236 албан бичгээр ирүүлсэн нотлох баримтад авагдсан зурагт Гөлөөн манханы тойром бүхий 1669 га газар нь нэхэмжлэгчийн MV-020738 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлдээ багтаж байгаа нь нотлогдох бөгөөд ашигт малтмалын талбайгаас илүү гарсан Гөлөөн манханы тойрмын хэсэг харагдахгүй байна.

Харин хариуцагч Улсын усны мэдээллийн санд бүртгэхдээ Дорноговь аймгийн Засаг даргаас байгуулсан ажлын хэсэг шалгалт хийж, тус ажлын хэсгийн дүгнэлтэд усны сан бүхий Гөлөөн манханы тойромыг 1669 м.кв хэмжээтэй гэж тодорхойлсон аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/2165 албан бичиг бүхий хүсэлтийг үндэслэн бүртгэл хийсэн байх тул энэ талаарх хариуцагчийг буруутгах боломжгүй.

Гэвч дээрх ажлын хэсэг нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар “С и” ХХК-ийн 4312.46 га талбайгаас 1669 га талбайд тойром давхцалтай гэж үзэн хасалт хийлгэж, Гөлөөн манханы тойромыг зураглалын дагуу кадастрын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж өгөх хүсэлтийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн атлаа 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин хуралдаж тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Гөлөөн манхан тойромд хамаарах усан сан бүхий 532.2 га талбайг хэсэгчлэн хасах саналыг дахин гаргаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1514 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлэхээр хүргүүлсэн байна.

Мөн Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот “...Гөлөөн манханы ус цуглах нийт талбай 9000 га орчим бөгөөд зүүн хойд, зүүн, зүүн урд, урд, баруун урд зүгээс 4-6 гол буюу сайрын хур борооны ус цугладаг тул тус талбайг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын хүрээнд “Усны сан” бүхий газар”-т тооцох үндэслэлтэй байна” гэх албан бичгийг ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл маргаан бүхий усны сан бүхий газрын талбайн хэмжээ тодорхойгүй ба хариуцагч мэдээллийн санд бүртгэхэд 1669 га, 532.2 га, 9000 га гэх эргэлзээтэй хэмжээг захиргааны байгууллагуудаас хүргүүлсэн нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.30-д “усны тоо, бүртгэл” гэж усны сан бүхий газар, ...-ын тооллого явуулж бүртгэх ажиллагааг ойлгоно”, 7 дугаар зүйлийн 7.3-д заасан Усан сан бүхий газрын тооллогыг аймаг... Засаг дарга жил бүр зохион байгуулж, улсын усны мэдээллийг санд оруулах ажиллагаа үнэн зөв, бодитой байдлаар хийгдэх болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг бүрэн хангалгүйгээр хариуцагчаас усны мэдээллийн санд бүртгэл хийх үндэслэлийг бүрдүүлж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” заалтын дагуу хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Гөлөөн манханы тойрмын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг усны мэдээллийн санд бүртгэхдээ уг тойрмын ус тогтох нийт талбайн хэмжээг үнэн зөв тодорхойлж, усны сан бүхий газрын хилийн заагийг бодитойгоор, нарийвчлан /бороо хур ихтэй эсхүл ган болсон жил ямар хэмжээнд байхыг цаг уурын нөхцөл байдлыг харгалзан гэх мэт/ тогтоохын зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг тогтоох, нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр маргаан бүхий актыг шүүх зөвтгөх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжгүй байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 10 дугаар зүйлийн 10.1.17-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Гөлөөн манханы тойром”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл болон тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот шийдвэрийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Гөлөөн манханы тойром”-ын газрын 1669 га талбайг Усны сан бүхий газарт тооцож усны сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл болон тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот шийдвэр тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Д.ОЮУМАА