Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 709

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

 2020        04         17                                  2020/ШЦТ/709

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Мөнхтуяа,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Хохирогч Б.Зоригоо,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2006 00968 0703 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.М,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүр горхи хотхоны 53А байрны 04 тоотод иргэн Б.Зоригоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүр хэсэгт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/         

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00968 0703 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М нь иргэн Б.Зоригоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Зоригоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гэртээ байхад Б.М гэх зүс таних залуу утсаар ярьж нэг шил архи авч өгье гэхээр нь бид хоёр манай гэрийн гадна уулзаж 0,5 литрийн Хараа нэртэй архи авч гадаа уусан. Би гадаа архи уугаад яахав гээд Тамираагийн гэрт очоод Тамираа, түүний эхнэр, Б.М бид 4 архиа ууж суусан. Тэгээд дахин 0,75 грамм Хараа архинаас Б.М бид 2 нэг нэгийг авч ууж байхад гаднаас Энхээ, Зоригоо, Тулгаа гэх хүмүүс архитай орж ирж байсан.

...Тэгээд би тасарсан байсан. Нэг ухаан ороход Тамираа зүүн шанаа луу, дараа нь ухаан ороход Б.М нүүр лүү олон удаа цохиж байсан ба хамарнаас цус гарч байсан. Миний биед хоёр нүдний гол хэсэг язарсан. хамар хугарсан, зүүн шанаа хоёр нүд хавдсан, гар хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Архи уусан байхдаа би зохимжгүй байдал гаргасан байж болно. Согтуу байсан ч намайг хэн зодож байгааг мэдэж байна. Б.М намайг зодож гэмтээсэн. Тэгэхээр нь би охиноо утсаар дуудаж, охин ирээд цагдаа дуудсан. Одоо хамар мурийсан байдалтай байна. Хамараа тэгшлүүлж хэвийн зүгээр болгож авмаар байна. Хагалгаанд орно гэсэн. Гарах зардалыг нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн нотлох баримтыг нь хэрэгт өгсөн 150.500 төгрөгийг авна. Гомдолтой зүйл одоо байхгүй гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эхнэр Лхагва бид хоёрыг гэртээ байхад Зоригоо нь Б.М гэх танихгүй залуутай 0,5 литрийн Хараа нэртэй тал архитай орж ирэхээр нь бид 4 архийг ууж дууссан. Тэгээд нэмээд Б.М, Зоригоо нар 0,75 литрийн 2 шил архи авч уусан. Сүүлийн 0,75 литрийн архи ууж байхад гаднаас манай найз Энхээ, Гантулга, Зоригоо нар орж ирж архинаас уусан.

...тэгээд архи дуусан тул Энхээ, Зоригоо, Гантулга нар гараад явсан. Тэгээд гэрт Зоригоо ах, Б.М бид 3 үлдсэн. Тэгэхэд Зоригоо ах унтлагын өрөөнд орж ирээд архины шил над руу шидхэд оноогүй. Тэгээд гал тогооны хэсэг рүү очиж жижиг маслын хутга авч над руу дайраад ирэхээр нь хутга барьсан гарнаас нь барьж байгаад Б.Мтай нийлж орон дээр хэвтүүлсэн. Тэгээд би салаад боссон ба орон дээр Б.М нь Зоригоо ахыг хүн алхаас чинь аварч байна гээд нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхэд Зоригоо ахын хамарнаас цус гарахаар нь би жижиг өрөө рүү явж алчуур авч ирээд унтлагын өрөөнд болсон цусыг арчсан. Тэгээд Зоригоо нь босож ирээд охин руугаа ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2088 дугаартай:

Б.Зоригоогийн биед хамар ясны далд хугарал, баруун хөмсөгт шарх, цох, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/,

 

Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зоригоо, Тамираа, түүний эхнэр бид дөрөв 2 ширхэг 0,5 литр, 1 ширхэг 0,75 литрийн Хараа нэртэй архи ууж байхад гаднаас үл таних 3 хүн архитай орж ирсэн. Жижиг өрөөнд Тамираатай даам тоглож байхад эхнэр нь орж ирээд Зоригоо чинь намайг татаж чангаагаад байна гэсэн. Тэгэхэд би хэсэг согтсон байсан. Нэг мэдэхэд Зоригоо нь архины шил барьж орж ирээд шилээ Тамираа руу шидхэд тэр бултаад оногдоогүй. Тэр үед Зоригоогийн  хамарнаас нь цус гарсан байсан. Зоригоо өрөөнөөс гарч яваад хутга авч ирээд Тамирааг ална гээд дайрхаар нь барилцаж аваад хутгыг нь тавиулсан. Дахиад хутга авна гээд дайраад байхаар нь араас нь тэвэрч байгаад газар унагаасан босох гээд байхаар нь дээрээс нь дараад сэргээчээ гээд зүүн талын хацар луу нь 2 удаа алгадсан.

...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.Зоригоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 41/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл /хх-ийн 4-6/,

-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 58-62/,

-дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 63/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалыг тодорхойлох бусад баримт /хх-ийн 45-51/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Мын иргэн Б.Зоригоогийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150.500 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Уг хохиролыг шүүгдэгч төлөх ёстой учир түүнээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг зургаан зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун далан таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 150.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Зоригоо /СУ67060172/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ