| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0126/Э |
| Дугаар | 0136 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 0136
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908063740045 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Таван шарынхан овогт Баянмөнхийн Ц /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хаан банкны гадаа автомашины зогсоол дээр тавьсан байсан УНВ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Бг “чи бас гадуур гардаг биз дээ” гэх шалтгаанаар цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн уруул, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой танилцаад 5 жил болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо эвлэрээд цуг амьдарч байна. Дахиж ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг ойлголоо” гэв.
Эрүүгийн 1908063740045 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч М.Бгийн: “Би Цтэй танилцаад 3 жил, хамтран амьдраад 1 жил болж байна. Бид хоёр 3 настай нэг хүүхэдтэй. ...2019 оны 12 дугаар сарын 05-ны ...19 цагийн үед Ц ажил дээр ирээд, бид хоёр гараад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Хаан” банкны авто зогсоол дээр байсан миний 7318 УНВ улсын дугаартай “Приус-30” маркийн машинд суусан. Ц согтууруулах ундааны зүйл уучихсан байсан. Би “яагаад архи ууж байгаа юм” гэтэл “чи архи уудаггүй юм уу, найз нөхөдтэйгээ гардаггүй юм уу” гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр харааж, баруун бугуй хэсэг рүү гараараа нударч цохиод, нүүр лүү 2, 3 удаа алгадсан. Дараа нь нуруу хөндүүртэй болсон байсан. Гэхдээ Ц миний нуруу руу цохиж, зодоогүй санагдаж байна. ...Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-25-26, 30/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.11-ний өдрийн 14547 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Бгийн биед уруул, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-41/,
Шүүгдэгч Б.Цийн яллагдагчаар өгсөн: “Би М.Бтай 2015 онд танилцаж үерхээд, 2016 онд хүүхэдтэй болоод хамтран амьдарсан. ...2019 оны 12 дугаар сарын 05-ны 17 цагийн үед би найз Лхагвын гэрт нэг, нэг жижиг лаазтай пиво уучихаад 18 цаг өнгөрч байх үед гараад Бгийн лангуун дээр очоод удалгүй УНИ улсын дугаартай “Пруис-30” маркийн автомашинд суухад Б “чи лангуун дээр суугаад ч өгчихгүй байж архи уугаад, тэнээд яваад байх юм” гэж уурласан. Би аргадаад “хайраа хоёулаа гэртээ очъё, дэмий юман дээрээс болж хэрүүл хийгээд яах юм” гэхэд эхнэр “чи муу арчаагүй пизда” гээд уурлаад орилоод байхаар нь “явъя” гэж бодоод машинаас буух гэхэд араас Б хувцаснаас гараараа зуураад татахаар нь би эргэж хараад нүүр лүү нь гараараа мангасдаад түлхэхэд уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод, нүүр лүү нь бас 1, 2 удаа алгадчихаад “одоо больё” гэхэд Б уурлаад, намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд, хараагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-52-55/,
аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-9-11, 12-15/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-18/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-66/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-67/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-68/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-69/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-74/, хохирогчийн “Б.Цтэй эвлэрч, хохирлын тухай маргаангүй болсон” гэх хүсэлт /хх-78/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд,
шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ц согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Хаан” банкны гадна автомашины зогсоолд УНВ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд хамтран амьдрагч М.Бг үл ялих зүйлээр шалтаглан зодож, уруул, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.Бгийн “...Ц согтууруулах ундааны зүйл уучихсан ...баруун бугуй хэсэг рүү гараараа нударч цохиод, нүүр лүү гараараа 2, 3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүх эмнэлгийн 14547 дугаар “1. М.Бгийн биед уруул, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-41/, шүүгдэгч Б.Цийн яллагдагчаар өгсөн “би ...Бгийн нүүр лүү мангасдаад, ...уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод, нүүр лүү нь бас 1, 2 удаа алгадчихаад...” гэх мэдүүлэг /хх-52-55/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Цийн хамтран амьдрагч болох хохирогч М.Бтай маргалдан нүүрэнд нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-30/, “Б.Цтэй эвлэрч, хохирлын тухай маргаангүй болсон” гэх хүсэлт /хх-78/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хамтран амьдарч Бг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500.000 төгрөгөөр торгох саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй. Дахиж ийм асуудал гаргаж болохгүй гэдгийг ойлголоо” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч болох хохирогчийн эрх эрх чөлөөнд халдан нүүр лүү нь гараараа цохиж, алгадсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /“Жунсонконстракшн” ХХК-д цахилгаанчин ажилтай гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Жунсонконстракшн” ХХК-д цахилгаанчин ажилтай гэх /-ийг үндэслэн шүүгдэгч Б.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Таван шарынхан овогт Баянмөнхийн Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР