| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0024/Э |
| Дугаар | 033 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 033
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т,
шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, У сумын 8 дугаар багт оршин суудаг, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М , регистрийн дугаар БГ98*******
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч М нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цаг 25 минутын үед Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Андууд” хүнсний дэлгүүрийн гадна хэрүүл маргааны улмаас Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Е ын ам руу гараараа нэг удаа зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч М мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013**********дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
2. Гэрч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
3. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмчийн 2020 оны 1 сарын 02-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
4. Шүүгдэгч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цаг 25 минутын үед БӨ аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Андууд” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна хэрүүл маргааны улмаас Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Е ын эрүү тус газар гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: - Хохирогч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед А ийн машин дотор найз Д тай цуг 2 ш пиво ууж дуусгаад гэртээ харих гээд “Андууд” дэлгүүрийн гадна машинаас буугаад дэлгүүр рүү тамхи авахаар ороод гарч ирэхэд манай найз З дэлгүүрийн гадна согтуу ирчихсэн 2 залуутай хэрэлдэж байхаар нь Д бид хоёр очоод “ахын дүү боль манай найз согтуу байна, ах нар нь аваад явчихъя” гээд таксинд суулгаад хөдлөөд явах гэж байхад таксины урд нөгөө хоёр залуугийн нэг нь машины урд зогсчхоод явуулахгүй байхаар нь бид гурав уг таксинаас буугаад тэр залууг “чи одоо яах гээд байгаа юм бэ” гээд хэрэлдээд гудамжны эхэнд зогсож байтал уг залуугийн гэрийнхэн нь бололтой 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирсэн юм.
Тэгээд би тэнд ирсэн эмэгтэй хүн миний ярьсныг ойлгох байх гээд “эгчээ манай хоёр найз согтуу байна, би найзуудаа аваад явчихъя, та хүүхдүүдээ аваад явчих” гэж хэлээд зогсож байтал цагаан ороолттой залуу нь миний шүд рүү гараараа нэг удаа цохих үед миний үүдэн 2 шүд хугарчихсан юм. Миний үүдэн 1, 2 дугаар шүдийг Улаанбаатар хотод хийлгэхээр болсон ба эмчилгээний мөнгө болох 1.200.000 төгрөгийг М надад өгч надаас уучлалт гуйсан ба би уучилж бид хоёр эвлэрсэн, надад хохирлын тал дээр ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн М надаас уучлалт гуйж миний хохирлыг бүрэн барагдуулсан болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
- Гэрч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Улаанбаатар хотод ажилладаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өлгий суманд амралтаараа эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шөнийн 21 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Андууд” хүнсний дэлгүүрт найз Е , З тэй цуг орчхоод буцаад гараад таксины зогсоолын урд явж байтал манай найз З тэй танихгүй 2 залуу хэрэлдэж байхаар нь би найзыгаа салгаж аваад таксинд суулгахад араас нэг цагаан куртиктэй залуу ирээд бид нарыг явуулахгүй хэрэлдээд байж байтал түүний хажууд явж байсан залуу нь гудамж руу гүйгээд гэрийнхнийгээ дуудаж ирсэн, тэгээд таксины зогсоол дээр тэр залуугийн гэрийнхэн нь бололтой хүмүүс ирж бөөн хэрүүл болж байтал цагаан хүзүүний ороолттой залуу Е ын шүд рүү гараараа 1 удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 1 сарын 02-ны өдрийн 49 дугаартай “1. Иргэн Е ын биед тархины доргилт, дээд эрүүний үүдэн 1, 2 шүд хагас хугарсан, дээд уруулд, доод уруулд шархтай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Е ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо ирмэг зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. 3. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. 4. Иргэн Е ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
- Шүүгдэгч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хамаатны дүү болох А ын хамт тэдний ангийнхантай уулзахаар 21 цагийн үед гэрээсээ гарч “Андууд” дэлгүүрт орж нэг том шоколад аваад гарах гэж байтал гаднаас З , Д , Е нар согтуу орж ирсэн. Би касснаас хариулт мөнгөө авчхаад дүү А тай хамт дэлгүүрээс гарах үед бид хоёрын араас З , Д , Е нар гарч ирсэн юм. Тэгээд А тай Д , З хэрэлдээд байхаар нь би тэд нарыг салгах гээд очиход согтуу байсан учраас салахгүй байхаар нь хамт явж байсан Е ыг “та энэ 2 найзыгаа аваад явчих, би дүүгээ аваад явъя” гэхэд тоохгүй байсан, тэгэхээр нь А намайг гэрийнхэнд очиж хэл гэхээр нь би эхлээд Б ахын гэрт очсон дараа нь К ахын гэрт очиж А ыг согтуу залуучууд зодох гээд байна гээд хэлчхээд буцаад А руу гүйж очиход тэр 3 залуу яваагүй байсан тэгээд би та нар одоо болиоч, согтуу байна, харьцгаа гэж хэлэхэд намайг тоохгүй байхаар нь би Е ын шүд рүү гараараа нэг удаа цохих үед түүний амнаас цус гарсан тэгээд бид нар хэрэлдээж байж байтал К , Б ах нар ирсэн юм. Би Е аас уучлал гуйж эвлэрсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би Е ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М нь иргэн Е ыг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч М ийн хохирогч Е ын эрүүл мэндэд “тархины доргилт, дээд эрүүний үүдэн 1, 2 шүд хагас хугарсан, дээд уруулд, доод уруулд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн зүй бус харилцаа нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М нь хохирогч М тэй сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлын улмаас үүсэн үр дагавар буюу хор уршиг болох 1.200.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч М нь хохирогч Е тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/08 дугаартай саналд яллагдагч М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч М т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч М нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч М т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т